Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 557

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

   

2020        07          09                                2020/ШЦТ/557

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,

Шүүгдэгч Т.Ө,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгч Б.Ч, тэдгээрийн өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сааяа овогт Баярсайханы Б, Өөлд овогт Мөнхөөгийн Ш, Монгол овогт Баяраагийн Ч, Боржигон овогт Түмэннасангийн Ө нарт холбогдох эрүүгийн 1811 02725 0639 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09- ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Эко гэр цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 14 дүгээр байрны 4 тоотод түр оршин суух хаягтай,

урьд 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Өөлд овогтой Мөнхөөгийн Ш, /РД: УЗ-_____/                                  

 Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороо 24-8 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамбадаржаагийн 34-80 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Монгол овогтой Баяраагийн Ч, /РД:УЗ-____/,

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 7-147 тоотод оршин суух хаягтай,

Урьд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан Боржигон овогтой Түмэннасангийн Ө, /РД: УИ-____/,

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Пласт ХХК-нд усан фааз бэлтгэгч ажилтай, ам бүл 4 эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 10 дугаар гудамжны 226 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Сааяа овогтой Баярсайханы Б, /РД:УШ-_____/,

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар 2018 оны 09 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин бусдад хүч хэрэглэн хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан П.Эрдэнболдын Самсунг Нөт-3 гар утасны дэлгэцийг гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь   

Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Манай найз аав болоод бид уулзсан бөгөөд эрүүл байсан. М.Ш хөдөө ажиллаж байгаа халамцуу ирэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа хүргэж өгөөд баяртай гээд явж байтал орцноос том биетэй залуу гарч ирээд М.Шийг шууд цохисон. Бид бөөндөө машинаас буугаад машиныг холдуулхад М.Шийн аваад зугтсан. Зодоонд оролцоогүй. хяналтын камерын бичлэгт тодорхой байгаа байх муудалцах хугацаа болоогүй ...” гэв.

Шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... М.Шийг гэрт нь буулгачихаад хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа эхнэрийг нь хүлээж байхад орцноос гарч ирсэн залуу үгийн зөрүүгүй М.Шийг цохиж унахад машинаас Ч, Б араас нь би буусан. 10-20 секунтын хугацаанд уг үйл явдал болсон ...” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр би машинаас хамгийн эхэлж буусан. Манай найз М.Ш машины гадаад цонхон дээр гэрлүүгээ орох гээд эхнэртэйгээ зогсож байсан. Бид машинтайгаа хөдлөх гээд байж байсан. Орцноос махлаг залуу, араас нь өндөр залуу гарч ирсэн. Хүрч ирээд үг дуугүй М.Шийг цохиж унагасан. Машинаас би буугаад тэр залууг тэврээд хойшлуулсан. Манай найзыг доор унагачихаад өшиглөж байсан. Тэр залуу гараа надаас сугалж аваад намайг цохисон ...” гэв.

Шүүгдэгч М.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би Өмнөговь аймагт ажиллаж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. Уг өдөр манай ажлын залуу тушаал дэвшсэн гээд нарны гүүрний орчимд зочид буудалд орж пиво ууцгаасан. Орой 20-21 цагийн орчимд би найзууд болох Эрдэнэцогт, Ө, Б, Ч нартай хотод ирсэн талаараа утсаар ярьсан ба тэд нар уулзалдаад намайг авахаар ирсэн. Манай найзуудаас Эрдэнэцогт машин барьсан бусад нь машинд нь суучихсан ирсэн бөгөөд намайг авсан. Би машин сууж байхдаа замдаа ядарчихсан, дээрээс нь пиво уучихсан байсан учраас унтаад явтал манай найзууд намайг гэрт хүргээд өгчихье гээд шууд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14-р байр руу манай гэр рүү явсан. 22-23 цагийн орчимд манай гэрийн гадаа ирсэн. Би машинаас буухад манай эхнэр урдаас гарч ирсэн. Би эхнэртээ хандаж тамхи татчихаад оръё гэж хэлээд найзуудынхаа машины хажууд налаад зогсож байтал, манай орцноос үл таних өндөр биерхүү, махлаг залуу гарч ирээд надад хандаж чи яасан том дуутай пизда вэ гэж хэлээд намайг заамдсан. Тэгэхээр нь би түүнийг яаж байнаа гэтэл тэр залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан. Би газар уначихаад толгой манараад сууж байгаад бостол, манай найзууд машинаас буучихсан намайг цохисон залуу болон өөр нэг залуутай хоёр хэсэг газарт  бужигналдаад байсан. Эхнэр маань тэд нарт хандаж та нар болиочээ гээд бужигнаад болж байгаа асуудлыг салгах гээд явж байсан. Би тэд нар дээр юу болоод байгаа юм бэ гээд яваад очтол, хэн нэгэн нь намайг дахиж цохиж унагаасан. Энэ үед намайг Ө, Ч хоёрын аль нэг нь ирээд машин руу явсан. Уг хэрэг маргаан эхлэх үед машинаас Б, Ө, Ч нарыг буухад Эрдэнэцогт нь машинаа холдуулаад өөр газар тавьчихсан байсан юм. Намайг машинд хүргэхэд миний хамарнаас цус гарчихсан өмсөж явсан цамц, майкны зах урагдчихсан байсан. Машиндаа сууж байтал араас Ө, Ч хоёрын нэг нь 1 ирсэн. Яг хэн нь байсныг мэдэхгүй байна. Тэгээд бид нар уг залуучуудтай манай эхнэр болон Б хоёрыг хоёулахнаа үлдчихсэн байгааг мэдээд Бтэй утсаар ярьтал Шийн эхнэр нь гэр рүүгээ орчихсон, би Тэнгис кино театрын ард явж байна гэхээр нь очиж авсан. Тэгээд бид нар төв бассейны орчимд дэлгүүр ороод ус аваад цусаа угаагаад зогсож байтал цагдаагийн алаг машин ирээд бид нарыг бүгдийг нь авч явсан. Ийм л хэрэг болсон....” гэх / 1-р хх-ийн 77-78х/,

Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн үед би машины хажууд зогсож байсан Шийн талын хойд талд бол Б сууж байгаад хамгийн түрүүнд машинаас буусан. Би нөгөө талаар нь буух гэтэл хаалга нь нээгдэхгүй байхаар нь Бгийн хойноос машинаас буусан. Тэгээд намайг буугаад очиход Б, Ш хоёр уначихсан байхаар нь би Шийг цамцнаас нь татаад холдуулж аваад Эрдэнэцогтын машины зүг рүү явсан. Би зодоон цохионд бол оролцоогүй. Зодоон болоход хэн нь хэнийг яаж цохисон талаар мэдэхгүй байна....  Би машин дотор байсан болохоор сайн мэдээгүй. Ш машины гадаа байж байхад нэг харахад л Шийг цохиод унагааж байсан. Тэр хоёр зодолдохоосоо өмнө хоорондоо хэрэлдэж маргалдсан талаар би сонсоогүй. Намайг машинаас буухад л нэг нь ирээд л цохисон. Би тэр залууг зөрүүлж цохисон зүйл байхгүй, Ш нэлээд согтуу зодоон үргэлжлүүлэх гээд байхаар нь би аваад явсан юм....” гэх / 1-р хх-ийн 112-113х/,

Шүүгдэгч Т.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн орчимд би багын найзууд болох Эрдэнэцогт, Б, Ч нартай уулзсан. Бид дөрөв уулзчихаад мөн найз болох Ш нь тээврийн товчооны орчимд зочид буудалд ажпыхантай архи ууж байна, ирээд авчих гэсний дагуу очиж авсан. Тухайн үед Ш архи уугаад нэлээд согтчихсон байсан учир бид нар түүнийг гэрт нь хүргээд өгчихье гэж бодоод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 14-р байрны гадна машинтайгаа ирцгээгээд Шийн эхнэрийг нь дуудсан. Шийн эхнэр гарч ирмэгц Ш нь машинаас гараад бид нартай хамт явна, гэрлүүгээ орохгүй гээд чанга чанга орилж хашгичаад ярьж байтал Шийн орцноос үл таних хоёр залуу гарч ирээд, арай махлаг биетэй намхан нуруутай залуу нь бид нар руу зүглэж ирээд Шийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь бид нар машинаас буугаад уг залуу дээр очтол тэр залуу манай найз Чийг мөн адил цохиж байсан. Тэр үед цаанаас нь дахин нэг өндөр залуу ирэхээр нь би цээж рүү нь хойш түлхэж холдуулаад эргээд хартал Б газар уначихсан босч байсан, Ч нь нөгөө махлаг залуутай заамдалцчихсан зууралдаад Оюунчулуу тэр хоёрыг салгах гээд дундуур нь орчихсон, цаана Ш газар хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь би очоод нөгөө залууг нь цамцных нь захнаас хойш татаад Чоос салгаад, Чийг явъя гэтэл тэр явахгүй байхаар нь би Эрдэнэцогт руу гүйгээд очсон. Тэгээд Эрдэнэцогт дээр очоод Ч, Б, Ш нар руу утсаар иь залгаад дуудсан. Ч Шийг авчирж байсан. Бг Баянбүрдийн орчимоос очиж аваад хөгжим бүжгийн коллежийн орчимд дэлгүүр ороод байж байтал цагдаа нар ирээд бид нарыг авч яваад Шийг эрүүлжүүлсэн. / 1-р хх-ийн 123-124х/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай багын найзууд уулзалдаж Эрдэнэцогтыгоо аав болсоныг тэмдэглэхээр ярьж тохиролцсон байсан юм. Уг өдрөө 21-22 цагийн орчимд найзууд болох Эрдэнэцогт, Ө, Ч бид дөрөв уулзчихаад Шийг авахаар Нарны гүүрний орчимд байх зочид буудалд очсон. Ш гарч ирэхдээ их согтуу байсан учир Шийг гэрт хүргэж өгөхөөр болсон. Тухайн үед Эрдэнэцогт машин унаж явж байсан бөгөөд орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Шийн гэрийн гадна ирцгээсэн. Шийн гадаа ирээд түүнийг эхнэр Оюунчулуу руу залгаж дуудсан. Удалгүй Шийн эхнэр нь гарч ирээд машины гадна гэр рүүгээ оръё гээд л Ш би тийм согтуу биш байна гаръя. би зүгээрээ гээд ярьж байх хооронд Шийн байрны орцноос нь үл тани хоёр том биерхүү залуу гарч ирээд нэг нь Ш дээр ирээд шууд нүүр рүү нь цохьчихсон. Энэ үед бид нар машин дотор сууж байсан бөгөөд машинаасаа буугаад Шийг цохисон залууг нь хойш нь түлхээд хоёр гарыг нь баглаад тэвэрсэн. Тэгтэл уг залуу их том биетэй байсан учир гараа амархан мултлаад миний баруун шанаас руу шанаадсан. Би энэ үед газарт унаад манарчихсан байж байгаад босч иртэл Ч намайг босгосон. Би. босоод иртэл Ч, Оюунчулуу бид гурав, нөгөө муудалцсан хоёр залуутай үлдчихсэн, манай нөгөө хэдэн найзууд байхгүй болчихсон байсан. Би тэр залуучуудад хандаж та нар яагаад зүгээр байж байхад ингэж байгаа юм бэ? Зүгээр байж байхад цохиж зодоод гээд хэрэлдээд ярилцаж байхад манай найз Ч явчихсан байсан. Тэгээд би зодуулчих юм шиг санагдаад байхаар нь би Оюунчулуунийг гэртээ ор гэж толгойгоороо дохьчихоод өөрөө зугтаасан. Би зугтаагаад Баянбүрд орчим руу гүйж байгаад найзуудтайгаа холбогдоод тэд нар намайг ирж авсан. Тухайн үед Ш чх согтуу бөөлжөөд байхаар нь машинаа зогсоогоод нуруун дээр нь дараад бөөлжүүлж байх үед цагдаа нар ирсэн.....” гэх / 1-р хх-ийн 141-142х/,

 Хохирогч П.Эрдэнэболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний 23 цагийн үед Буянжаргал бид хоёр манай гэрт хоол идээд Буянжаргал гэр лүүгээ явах гээд ахыгаа дуудсан. Тэгээд ах ирчихлээ гээд гэрээ түрүүлээд гарахаар нь ах нь гаргаж өгье гээд хувцасаа өмсөөд хойноос нь гартал 14 дүгээр байрны машин зогсоол дээр хэсэг залуучууд Буянжаргалыг зодож байсан. Тэгэхээр нь больцгоо гээд очтол хажуунаас 3-4 залуу намайг цохихоор нь тонгойх үед нөгөө залуучууд зугтаагаад явсан. Нэг эмэгтэй нэг эрэгтэй нь үлдсэн. ...тал талаас миний толгой нүүр гар руу цохьсон. Хөл рүү өшиглөсөн...” гэх /1-р хх-ийн 23-24х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11211 дугаартай дүгнэлтэд.

П.Эрдэнэболдын биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ...” гэх /1-р хх-ийн 26х/,

Хохирогч Б.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуурай ах Эрдэнэболдтой уулзаад гадуур хамт ажил хөөцөлдөж явж байгаад 22 цагийн үед Эрдэнэболд ахын гэрт нь очсон. Эрдэнэболд ахын гэрт 30 орчим минут болоод Эрхэмбаяр ах байрны гадаа ирчихсэн гэж утсаар залгахаар нь би гарсан. Орцны үүдэнд өөдөс гэрэл нь асаалттай нэг машин зогсож байхаар нь Эрхэмбаяр ахыг байна гэж бодоод машин дээр очоод жолоочийн талын цонх руу тонгойгоод хартал Эрхэмбаяр ах биш байсан. Машины хажууд 5-6 залуучууд зогсчихсон яах гээд байгаа пизда вэ? гэхээр нь би юун сүртэй юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь надруу дайраад намайг заамдаж авсан. Би зөрүүлээд тэр залууг заамдаж авахад хойноос нэг залуу гараараа миний хоолойг боосон. Тэгээд тал талаас нөгөө залуучууд цохьсон. Би хэсэг ухаан алдаад босоод ирэхэд машинтай залуучууд байхгүй нэг эмэгтэй нэг эрэгтэй үлсдэн байсан. Тухайн үед Эрдэнэболд, Эрхэмбаяр ах ,нар хажууд ирчихсэн байсан...” гэх /1-р хх-ийн 41-43х/,

Хүнии биед хийсэн шүүх эмнэлгийн 11148 дугаартай дүгнэлтэд:

Б.Буянжаргалын биед баруун дээд доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун зүүн нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /1-р хх-ийн 45х/,

Гэрч Э.Оюунчулуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнийн 23 цагийн үед гэртээ ирж байна аа гадаа ирлээ чи гараад ирээч гэхээр нь би гэрээсээ гараад ирсэн чинь манай нөхөр орцны үүдэнд нэг жижиг тэрэгний хажууд зогсож байсан. Би очоод орох уу гэсэн чинь хоёулаа тамхи татаад оръё гэхээр нь хоёулаа тамхи татаад зогсож байсан чинь хажуудах машин дотор нөхрийн найзууд нь болох Эрдэнэцогт, Б, Ч, Ө нар байсан тэр үед манай нэгдүгээр орцноос нэг өндөр махлагдуу залуу гараад ирсэн тэр үед нь манай нөхөр найзуудтайгаа чанга чангаар яриад байсан манай нөхрийг гэртээ үлд гээд байсан харин манай нөхөр тэд нартай хамт явцгаан гээд байсан юм байна лээ тэр үед нөгөө махлаг залуу гарч ирж таараад манай нөхрийг чи ямар том дуутай залуу вэ гэж хэлээд хоёулаа эхлээд заамдалцаад авсан тэгж байгаад тэр залуу манай нөхрийг цохиод унагаасан тул би очиж нөгөө залууг цааш нь түлхсэн тэгээд нөхрөө босгоод машин тойруулаад цаашаа яв гэж хэлсэн. Харин машин дотроос хамгийн түрүүнд Б бууж ирээд нөгөө манай нөхрийг цохисон залуутай барьцалдаж авсан тэгж байтал манай орцноос нөгөө залуугийн араас нь өндөр ах гарч ирээд бас хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэр хоёр хүн өөрсдөө бас согтуу байж байсан. Тэгтэл машин дотроос Ө, Ч хоёр бууж ирээд нөгөө хоёр хүнтэй зодолдсон би наанаас нь очоод та нар больцгоо гэж хэлээд салгах гэж оролдсон хамгийн түрүүнд би Бтэй таарсан түүний хамраас нь цус гарсан байдалтай байсан...” гэх /1-р хх-ийн 55-56х/,

Гэрч Т.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.Ш орохгүй байсан тэр үед нь М.Шийн орцноос хоёр эрэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд тэр хоёр залуу М.Шийг чи яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь өөдөөс нь М.Ш нь чамд ямар хамаатай юм бэ гэ хэлтэл хоёр залуугийн намхан залуу нь М.Шийг цохиод унагаасан. Тэгтэл манай найзууд бүгдээрээ миний машинаас буугаад яаж байна гээд тэд нар бүгдээрээ хоорондоо зодолдоод эхэлсэн би хөөе гэж хэлээд машинаас холдоцгоо гэж хэлээд өөрийнхөө унаж явсан машинаа цааш нь холдуулсан ертөнцийн зүгээр хойшоо жаахан явж байгаад машинаа байрнуудын голд байрлуулж зогсоосон. Тэгээд машинаасаа буусан чинь өөдөөс М.Ш, Ч хоёр ирж байсан яасан бэ гэж асуутал тэд нар ярилцаад үлдсэн явъя гэж хэлэхээр нь би тэр хоёрыг машиндаа суулгаад хөдөлсөн хойшоо нэгдүгээр дэлгүүрийн хажуугаар нь гараад явсан..” гэх /1-р хх-ийн 62-64х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.    

Иймд М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар 2018 оны 09 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин бусдад хүч хэрэглэн хохирогч П.Эрдэнэболд, Б.Буянжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан П.Эрдэнболдын Самсунг Нөт-3 гар утасны дэлгэцийг гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хуульд заасан 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдав. /цагаатгана гээд байсан билүү/

Шүүх, шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Ч, Т.Ө, Б.Б нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч нарыг мөн хугацаагаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар нь хохирогч Б.Буянжаргал, П.Эрдэнэболд нарын хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогтой Мөнхөөгийн Ш, Монгол овогтой Баяраагийн Ч, Боржигон овогтой Түмэннасангийн Ө, Сааяа овогтой Баярсайханы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгож ирүүлсэн шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Шд 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Ч, Т.Ө, Б.Б нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хугацаагаар тус тус тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           4. Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД