Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1141

 

М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч М.Ш,

шүүгдэгчТ.Ө, Б.Б, Б.Ч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/665 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ш болон шүүгдэгч Т.Ө, Б.Б, Б.Ч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч  нарт холбогдох эрүүгийн 1811 02725 0639 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ө овгийн М-н Ш, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Э...” цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суудаг гэх, /РД: ........./,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

2. М овгийн Б-н Ч, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД: .........../;

3. Б овгийн Т-н Ө, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “И” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... тоотод оршин суудаг гэх, /РД: ........../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

4. С овгийн Б-ны Б, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “П” ХХК-д усан фааз бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

М.Ш, Б.Ч,Т.Ө, Б.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, хохирогч П.Э, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, П.Э-н “Samsung Note3” загварын гар утасны дэлгэцийг гэмтээн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өөлд овгийн М-н Ш, Монгол овгийн Б-н Ч, Боржигон овгийн Т-н Ө, Сааяа овгийн Б-ны Ч нарт холбогдох 1811 0272 50639 дугаартай хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Өөлд овгийн М-н Ш, Монгол овгийн Б-н Ч, Боржигон овгийн Т-н Ө, Сааяа овгийн Б-ны Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-д 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Б.Ч-т 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,Т.Ө-д 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Б.Б-д 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч М.Ш-с 532.625 төгрөг, Б.Ч-с 532.500 төгрөг, Т.Ө-с 532.500 төгрөг, Т.Ө-с 532.500 төгрөг, Б.Б-с 532.500 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч П.Э-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.181.500 төгрөг, хохирогч Б.Б-д 949.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөр, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч М.Ш, Б.Ч,Т.Ө, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч М.Ш, Б.Ч,Т.Ө, Б.Б нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 665 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч нар түрүүлж довтолсон, хохирогчийн зүй бус үйлдлээс болж маргаан үүссэн байхад уг асуудлыг огт шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хохирогч нар нь хэнд, хэрхэн зодуулж гэмтэл авсан талаараа мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, мөн яллагдагч нарын гэмт хэргийн оролцоог нарийвчлан тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өнгөрсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Б.Ч, Т.Ө, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон зүйл, хэсэг бүхий хэргийн нотолгоо нь зөвхөн хохирогч нарын мэдүүлэг дээр тулгуурласан байх бөгөөд хохирогч нарын мэдүүлэг нь илтэд зөрүүтэй хэнд, хэрхэн яаж зодуулж гэмтэл авсан талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Өөрөөр хэлбэл, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж, шүүгдэгч нарт ял хүндрүүлж оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагыг зөрчсөн байна.

Яллагдагч нарын энэ гэмт хэргийн үйлдэлд хэн, хэрхэн яаж оролцсон оролцоог нарийвчлан тогтоохгүйгээр хэлбэрийн төдий буюу бүлэглэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хэт дордуулаад зогсохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр яллаж буй атлаа хавтас хэрэгт авагдсан гэрч нарын “хохирогч нар М.Ш лүү түрүүлж довтолсон, харилцан довтолсон” гэх мэдүүлгийг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Уг гэмт хэрэг нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж заасан. Мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Шийтгэх тогтоолыг уншиж танилцуулснаар хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ...” гэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан гэж үзнэ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч  нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараах зүйлийг тусгана.” гээд  мөн хэсгийн 1.5 дахь заалтад “шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, ... хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл;” зэргийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох;”-ыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгч нарын биеийн байцаалт, тогтоох хэсгийн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох заалт, мөн шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох заалтдаа шүүгдэгч нарын нэрсийг Монгол овгийн Б-н Ч, Сааяа овгийн Б-ны Ч гэж бичиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг ноцтой зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, аль шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэн хэнийг гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

 Мөн шүүх М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг аль хуулийн, ямар заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой бичээгүйг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

  Анхан шатны шүүх шүүгдэгч нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн атлаа дээрх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “... нэг гэмт хэргийн шинжийг нэг үйлдлээр хангасан байхад ... хуулийг төсөөтэй хэрэглэсэн...” гэж харилцан эсрэг утгатай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

 Үүнээс гадна анхан шатны шүүх М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцдаа дараах алдаа зөрчлийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Үүнд:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ЕШЗ/784 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжид “...11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэхийг “...11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар...” гэж, “... М-н Ч ...” гэхийг “... М-н Ч ...” гэж буруу бичсэн,

2. Тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЗ/1132 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай”, 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ШЗ/1133 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжуудад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл, заалтаар шийдвэр гаргасан. Мөн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “... өсвөр насны яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, ...-г оролцуулан хаалттай явуулахаар тогтоосугай.” гэж хэрэгт оролцогчийн хуулийн нэр томъёог буруу бичсэн. Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан атлаа “хаалттай” явуулахаар тогтоосон,

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 532.625 төгрөгийг гаргуулах ёстой атал 532.500 төгрөг гэж, шүүгдэгч Т.Ө-с 2 удаа 532.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн мэтээр алдаатай бичигдсэн,

4. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дугааргүй, хохирогч нарын биеийн байцаалтыг сольсон, шүүгдэгч Б.Б-н нэрийг “Ө.Б” гэж, “...Зөрчлийн тухай хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг...” гэх зэргээр алдаа зөрчилтэй байдлаар тэмдэглэгдсэнийг дурдаж байна.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хуралдааны тэмдэглэл түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ... нотлох баримт болно” гэж, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгалгүйгээр шийтгэх тогтоолын алдаатай хэсгийг шууд хуулбарлах байдлаар бичигдсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх байдлуудаар шүүхээс гарч буй аливаа шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, түүний дотор шийтгэх тогтоол боловсруулахдаа Монгол Улсын Дээд шүүхээс Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан “Шүүхийн шийдвэр бичих аргачлал, журам”-ыг сайтар судалж, шийтгэх тогтоолыг хэлбэр, бүтэц, утга найруулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцүүлж бичиж байхыг давж заалдах шатны шүүхээс анхааруулж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч  нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.