Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0143

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0143

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

              “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл,                     

                   Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, татварын хяналт шалгалтын дарга нар 006375397 дугаартай “Ц” ХХК-иас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 767 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, З.О, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, Б.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2020/0750/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, татварын хяналт шалгалтын дарга нар 006375397 дугаартай “Ц” ХХК-иас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 767 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, татварын хяналт шалгалтын дарга нар 006375397 дугаартай “Ц” ХХК-иас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж”,

3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, хяналт шалгалтын тасгийн дарга н.Г нар 006375397 дугаартай “Ц” ХХК-аас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан падааныг хуурамч гэж үзсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

            3.2. 2008 оны Татварын ерөнхий хуулиар падааныг “хуурамч” гэж шинжлэх, дүгнэх эрхийг татварын улсын байцаагчид олгоогүй. Падаан хуурамчаар үйлдсэн бол Татварын албанаас цагдаагийн байгууллага руу шилжүүлж шалган тогтоодог. “ “Ц” ХХК-иас хуурамч падаан бичүүлэн авсан” гэх асуудлаар цагдаа, прокурорын болон шүүхийн шийдвэр гараагүй. “Ц” ХХК нь “хуурамч падаан бичдэг эрсдэлтэй аж ахуйн нэгж биш” гэдэг талаар Татварын ерөнхий газраас нотлох баримт ирүүлсэн. “Ц” ХХК болон “А” ХХК аль аль нь татварын тайлангаа илгээсэн. “Ц” ХХК-иас 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авч түүгээрээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 48 айлын 6 давхар орон сууц, 90 айлын 6 давхар 2 орон сууцыг тус тус барьж улсын комиссод хүлээлгэн өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан буюу бодит нүдээр үзэж, гарт баригдахуйц бодит худалдан авалт хийсэн нь нотлогдсон. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” гэж заасан буюу 2,879,090,909 төгрөгийн падаан бол анхан шатны баримт мөн. Маргаан таслах зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий 49 дүгээр тогтоолыг гаргахдаа ямар баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь тодорхойгүй. “А” ХХК нь бараа материал бодитоор худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж тайлагнасан, бараа материал худалдсан “Ц” ХХК ч мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж татварын албанд тайлангаа хүргүүлснээр зогсохгүй “хуурамч падаан бичдэг эрсдэл бүхий аж ахуйн нэгж” биш.

3.3.  Бодит байдалд нийцэхгүй гарсан Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгох ёстой байтал “А” ХХК-ийг хууль зөрчсөн мэтээр дүгнэсэн хэвээр буюу агуулгын хувьд адилхан 49 дүгээр тогтоолыг гаргасан байна. Маргаан таслах зөвлөл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг мөн буруу хэрэглэсэн. Учир нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасныг хэрэглэх гэж байгаа бол бүрэн өршөөн хэлтрүүлэхээр байна. Хэсэгчилж өршөөх талаар хуульд заагаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нараас гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, татварын хяналт шалгалтын дарга нар 006375397 дугаартай “Ц” ХХК-иас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. 

            3.3. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны акт” гэж ойлгохоор заасан бөгөөд маргаан бүхий 49 дугаартай тогтоолын хувьд нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 72 дугаар зүйлийн 72.1.3-д “Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргана” гэж зааснаар гомдол гаргасны дагуу 350016048  дугаар актыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн, энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

            3.4. Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, татварын хяналт шалгалтын дарга нар 006375397 дугаартай “Ц” ХХК-иас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “... “А” ХХК нь тухайн үед “Ц” ХХК-иас бодитоор худалдан авалт хийгээгүй болох нь тогтоогдож байна, уг падааныг хуурамч гэж үзсэн хариуцагч нарын үйлдэл нь захиргааны актын илт хууль бус байх шинжүүдийг агуулаагүй” гэх дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.  

            3.5. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б нар нь “А” ХХК-ийн 2011-2013 оны жилийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус компанийн санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, аж ахуйн нэгжийн орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, гаалийн мэдээ, баримт материал зэрэгт үндэслэн хяналт шалгалт хийж маргаан бүхий 350016048 дугаар актаар “2011 онд 2,879,090,900.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Худалдан авалт” хэсэгт тусган татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан” зөрчилд 287,909,090.0 төгрөгийн нөхөн татвар, 86,372,727.0 төгрөгийн торгууль, 123,138,717.0 төгрөгийн алданги, “хүн амын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 2012 оны 844,000 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй” зөрчилд 81,024 төгрөгийн торгууль, 38,081.0 төгрөгийн алданги, нийт 497,539,639.0 төгрөгийн төлбөр ногдуулсан, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор 86,453,751.00 төгрөгийн торгууль, 123,176,798.00 төгрөгийн алданги, нийт 209,630,549.00 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, 2,879,934,900.00 төгрөгийн зөрчилд 287,909,090.00 төгрөгийн нөхөн татвар, нийт 287,909,090 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагч нарын актыг өөрчилжээ.

3.6. Нэхэмжлэгчээс “... “Ц” ХХК болон “А” ХХК нар нь уг үнийн дүнгээр татварын тайлангаа илгээсэн, нэхэмжлэгч нь мөн падаанаар авсан бараа материалаар орон сууцны барилгуудыг барьсан” гэж тайлбарлан маргаж байх ба “Ц” ХХК-иас 2011 онд 006375397 дугаартай падаанаар 2,879,090,900.0 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Худалдан авалт” гэх хэсэгт тайлагнасан боловч нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад “... “Ц” ХХК-ийн худалдан авалт 2 тэрбум төгрөгийг сайн мэдэхгүй, манай компани юу ч худалдан аваагүй, мэдэхгүй” гэж мэдүүлсэн, актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, бусад тооцоо нийлсэн актуудад нэхэмжлэгч зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, бодит худалдан авалт хийсэн болох нь уг падаанаас өөр худалдан авалттай холбоотой ажил, үйлчилгээ хийгдсэн гэрээ,  нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт, дансны хуулга зэрэг санхүүгийн бусад анхан шатны баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг татварын хяналт шалгалтын үед болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлээгүй, падаанд “барааны үнэ” гэж тэмдэглэсэн боловч чухам ямар төрлийн бараа материалыг хэдий хэмжээтэй худалдан авсан болох нь тодорхойгүй бөгөөд үүгээр уг бараа материалыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд барьсан орон сууцны барилгуудад зарцуулсан болохыг нотлох боломжгүй байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 07/969 дугаартай албан бичигт “... “Ц” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан тараагч эрсдэлтэй татвар төлөгчийн жагсаалтад ороогүй” гэж бичсэнээр дээр дурдсан анхан шатны санхүүгийн баримт нь байхгүй зөвхөн 006375397 дугаартай падаанаар 2,879,090,900.0 төгрөгийн бодит худалдан авалт хийсэн гэж үзэх боломжгүй.

3.7. Мөн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “А” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1987 дугаар “Томилолт өөрчлөх боломжгүй тухай” албан бичигт “...танай компанид хийж буй шалгалт дуусаж байгаа бөгөөд шалгалтын үр дүнгээр “Дүгнэлт” бичих үндэслэл үүсэхэд танай компанийн зүгээс акт бичүүлэх хүсэлт тавихад хүлээн авч Татварын ерөнхий газрын 2013 оны 7/3171 дүгээр албан бичигт “...татвар төлөгчдийн зүгээс хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн хэмжээ Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан их хэмжээтэй байгаа хэдий ч эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр “Дүгнэлт” бичихгүйгээр “акт” үйлдүүлж, актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг татварын албаны дансанд шууд төлөх хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд төсвийн орлогыг цаг алдахгүйгээр бүрдүүлэх үүднээс татварын байцаагчийн акт үйлдэж” гэсний дагуу акт үйлдэж болох тухай, мөн хүсэлт гаргах тухай танилцуулсан. Танай компанийн зүгээс татварын хяналт шалгалтын ажил дуусах шатанд ийм хүсэлт гаргаж байгаа нь хяналт шалгалтаас зугтсан үйлдэл гэж үзэж байна. Иймд ... татварын хяналт шалгалтын ажлыг яаралтай дуусгахыг мэдэгдье” гэснээс үзвэл татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн “дүгнэлт” бус “акт” бичүүлэх хүсэлт гаргасан, улмаар улсын байцаагч нараас эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй гэж ойлгож болохоор байх тул нэхэмжлэгчийн “...2008 оны Татварын ерөнхий хуулиар падааныг “хуурамч” гэж шинжлэх, дүгнэх эрхийг татварын байцаагчид олгоогүй, падаан хуурамчаар үйлдсэн бол Татварын албанаас Цагдаагийн байгууллага руу шилжүүлж шалган тогтоодог,  “ “Ц” ХХК-иас хуурамч падаан бичүүлэн авсан” гэх асуудлаар цагдаа, прокурорын болон шүүхийн шийдвэр гараагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.8. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй байхаар хуульчилсан, өөрөөр хэлбэл, уг маргааны хувьд “А” ХХК нь “Ц” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн анхан шатны баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул 2,879,090,900.00 төгрөгийн зөрчилд 287,909,090.0 төгрөгийн нөхөн татвар, 86,372,727.0 төгрөгийн торгууль, 123,138,717.0 төгрөгийн алданги ногдуулсан татварын улсын байцаагч нарын актыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.9. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд “... актаар ногдуулсан хувь хүний орлогын албан татвар дээр төлөх ёстой байсан дүнг маргаан таслах зөвлөл өршөөсөнтэй маргаагүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал дээр маргасан” гэж тайлбарлаж, маргаан бүхий актаар ногдуулсан хүн амын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар болох 2012 оны 844,000 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийг гаргаагүй гэж тухайлан маргаагүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тодорхойлсон.

3.10. Тус компанийн хүн ам, хувь хүний орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн болон бусад тайлан, баримтуудаар 2012 оны 844,000 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй, 96 хоног саатуулж Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг тус тус зөрчсөн байх тул 844,000 төгрөгийн зөрчилд 81,024 төгрөгийн торгууль, 38,081 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлтэй.

3.11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хуульд зааснаар өршөөлд хамруулаагүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус зааснаар маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс, нэхэмжлэгчийн хуульд заасан дээрх хугацаанд буюу 2011 оны зөрчилд хамаарах 86,453,751.00 төгрөгийн торгууль,123,176,798.00 төгрөгийн алданги, нийт 209,630,549.00 төгрөгийн төлбөрийг өршөөлийн хуульд хамруулж, 2,879,934,900.00 төгрөгийн зөрчилд 287,909,090.00 төгрөгийн нөхөн татвар, нийт 287,909,090.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй байна.

3.12. Харин дээрх хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон нөхөн татвар нь татвар төлөгчийн улсад төлөх ёстой үндсэн татвар тул актаар ногдуулсан торгууль, алданги төлөх хариуцлагаас чөлөөлж, өршөөлд хамруулахаар байна. Иймд нэхэмжлэгчийн “...бүрэн өршөөн хэлтрүүлэх ёстой. Хэсэгчилж өршөөх талаар хуульд заагаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 140400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 767 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг тус тус өөрчилж, 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.О, Н.Б, татварын хяналт шалгалтын дарга нар 006375397 дугаартай “Ц” ХХК-иас “А” ХХК-д олгосон 2,879,090,909 төгрөгийн бараа материал худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзсэн үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасанНийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350016048 дугаартай актаар нэхэмжлэгч “А” ХХК-д ногдуулсан төлбөрөөс хуульд заасан хугацаанд хамаарах буюу 2011 оны зөрчилд хамаарах торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж, мөн Тогтоох хэсэгт “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

          ШҮҮГЧ                                   Д.ОЮУМАА   

          ШҮҮГЧ                                     Н.ХОНИНХҮҮ

          ШҮҮГЧ                                     Н.ДОЛГОРСҮРЭН