Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01325

 

Х.Жын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00302 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 931 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Х.Ж

         Хариуцагч: Б.Мад холбогдох

         Үндсэн нэхэмжлэл: 4.147.500 төгрөг гаргуулах,

         Сөрөг нэхэмжлэл: Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг

         Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мтай 2015-01-31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2сая төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Би өөрийн Хаан банкны данснаас 2сая төгрөгийг Б.Мын Хаан банкны дансанд 2015-01- 31-ний өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 340,000 төгрөгийг надад  төлсөн бөгөөд  үндсэн зээл 2 сая төгрөг, алданги 1 сая төгрөг, нийт 3сая төгрөг төлөх дутуу байгаа. Гэрээ дуусах үед  дахин 2 сая төгрөг зээлээч гэхээр нь  би итгэж  2015-03-26-ны өдөр гэрээ байгуулан 2 сая төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.Өөрийн данснаас өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60,000 төгрөг надад өгөх байсныг хасаж, үлдэх 1,940,000 төгрөгийг Б.Мын  дансанд 2015-03-26-ны өдөр шилжүүлсэн. Б.Мын ээж н.Дашжаргалд 7 сая зээлсэн бөгөөд  Дашжаргал илүү мөнгө төлсөн гэвэл шаардах эрх нь нээлттэй байгаа. 2015-08-25-ны өдөр тооцоо нийлэхэд 3,050,000 төгрөг байсан гэж ойлгож болно. Улмаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1,946,000 төгрөгийг Б.М миний дансанд шилжүүлсэн. Шилжүүлсэн төлбөрийг хасч үндсэн зээл 365,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 382,500 төгрөг, нийт 1,147,500 төгрөг надад өгөх ёстой. Иймд 2015-01-31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2 сая төгрөг, алданги 1сая төгрөг, нийт 3сая төгрөг., 2015-03- 26-ны өдрийн  365,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 382,500 төгрөг, нийт 1,147,500 төгрөг байна. Иймд нийт 4,147,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015-01-31-ний өдөр 2 сая төгрөг, 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40,000 төгрөгийг 2015-03-25-ны өдрийг хүртэл нийт 2,160,000 төгрөг төлсөн. Х.Жаас дахин 2 сая төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлээс 60,000 төгрөг үлдсэн байна, зээл авч болно гэхээр нь 2015-03-26-ны өдөр дахин 2сая төгрөг зээлэхээр  болж 2015-01-31-ний өдөр 60,000 төгрөгийг хасаад 1,940,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн 2 сая төгрөгийг  2015-03-26-ны өдөр 260,000 төгрөг шилжүүлж, 60,000 төгрөг өгөөд 2015-01-31-ний өдрийн зээл бүрэн дууссан. 2015 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн хувьд миний бие 2015-03-26-ны өдрөөс 2015-05-05-ны өдрийг хүртэл 1,560,000 төгрөг төлсөн. 2015-03-26-нд 260,000 төгрөг 60,000 төгрөг нь урьдах зээлийн үлдэгдэл төлсөн. 2015-03-28-ны өдрөөс 2015-05-05-ны өдөр хүртэл нийт 1,560,000 төгрөгийг төлсөн. Мөн 2015-11-05-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Х.Жын дансанд шилжүүлсэн болно. Үндсэн зээл 2сая төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 2,2 сая төгрөг төлөх байснаас 2,060,000 төгрөг төлсөн.  Одоо үндсэн мөнгө, хүү нийлээд 140,000 төгрөг төлөх ёстой. Мөн 2015-08-05-ны өдөр 3,050,000 төгрөг зээлсэн мэт бодит бус зээлийн гэрээ байгуулж, миний газар өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар барьцаалсан. Х.Жын нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй байна гэжээ.

         Хариуцагч  сөрөг нэхэмжлэлдээ: 2015-08 -05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, миний өмчлөлийн 500 м.кв талбайтай, газрын гэрчилгээг Х.Ж  мөнгө огт аваагүй байхад  гэрээ дээр гарын үсэг зуруулан авсан. Уг газрыг хууль зөрчин барьцаалсан тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-р хүчин төгөлдөр бусад тооцож, газар өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд маргахгүй. Уг гэрээний дагуу мөнгө бодитоор шилжүүлээгүй тул барьцааны зүйлийг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00302 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Маас 655,000 төгрөг гаргуулан Х.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,492,500 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь заалтад заасныг баримтлан 2015 оны  2265 тоот зээлийн гэрээ,  БГ/2265 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Х.Жаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31-р гудамж, 720 тоотод байрлах, 500 м.кв талбайтай, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан Б.Мад олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан Х.Жаас төлсөн 90 255 төгрөг, Б.Маас  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Б.Маас  20,270 төгрөг гаргуулан  Х.Жд,  Х.Жаас 70 200 төгрөг гаргуулан Б.Мад тус тус олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 931 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “655 000 төгрөг” гэснийг “4 039 500 төгрөг” гэж, “3 492 500 төгрөг” гэснийг “108 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч Х.Жаас” гэснийг хасч, “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Б.Мад олгосугай” гэснийг “газрыг барьцаанаас чөлөөлсүгэй” гэж, 3 дахь заалтын “20 270 төгрөг” гэснийг “79 582 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа хяналтын гомдолдоо: Х.Ж, Б.Мад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 2015-08-25-ны өдрийн 2265 дугаартай зээлийн гэрээнд Х.Ж нь Б.Мад 3,050,000 төгрөгийг 2015-08-25-ны өдрөөс, 2015-09-25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн хоногт 0,5 хувийн алданги тооцохоор 3,050,000 төгрөгийг зээлүүлж гэрээг нотариатаар гэрчлүүлж, 500 м.кв талбай газрын гэрчилгээг барьцаалж 3,050,000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 3,555,000 төгрөгийг  Б.Маас барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад Б.М нь “...би Х.Жаас 2015-08-25-ны өдөр 3,050,000 төгрөг аваагүй..” гэсний дагуу Х.Ж би тус өдөр Б.Мад 3,050,000 төгрөг өгөөгүй гэж тайлбарласан. Тухайн өдөр зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй нь тогтоогдож, нэхэмжлэгч  шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж Б.Мад 2015-01-31-ны өдөр 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор байгуулсан. Зээлийн гэрээний явцад 340,000 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээл 2 сая төгрөг, алданги 1сая төгрөг нийт 3 сая төгрөг. Мөн  дахин 2сая төгрөг зээлүүлэхийг хүссэн  ч 2015-03-26-ны өдөр 2сая төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60,000 төгрөг өгөх байсныг хасч 1,940,000 төгрөгийг Б.Мын дансанд шилжүүлсэн. 2015-03-26-ны өдрийн үндсэн зээл 365,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 382,500 төгрөг, нийт 1,147,500 төгрөг. Дээрх 2 гэрээний нийт төлбөрт 4,147,500 төгрөгийг Б.Маас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Б.М нь өөрийн ээж н.Дашжаргалын хамт авто машины моторын тосны худалдаа хийдэг. 2015-12-30-ны өдөр 1 сарын хугацаатай 1сая төгрөгийг 10 хувийн хүүтэй. 2015-01-23-ны өдөр нэг   сарын хугацаатай 1сая төгрөгийг 10 хувийн хүүтэй. 2015-01-31-ны өдөр 2 сарын хугацаатай 2сая төгрөгийг 10 хувийн хүүтэй. 2015-03-12-ны өдөр 2 сарын хугацаатай 2сая төгрөгийг 10 хувийн хүүтэй. 2015-03-26-ны өдөр 2 сарын хугацаатай 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй. 2015-05-04-ны өдөр 2 сарын хугацаатай 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй. Нийт 6 удаа зээл авсан ба Б.Мын ээж н.Дашжаргал нь 4 удаа зээл авахдаа нийт 6сая төгрөгийн зээл авсан. Хариуцагч Б.М нь 2 удаа 2 000 000 төгрөгийн зээл буюу нийт 4 сая төгрөгийн зээл авсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогддог. Анхан шатны шүүхэд нотлох баримтаар авагдсан Х.Жын Хаан банкны дансны хуулгаар 2015-03-26-ны өдрөөс 2015-11-05-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Б.Маас гэж шилжүүлсэн зээлийн төлбөрт нийт 1,946,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дансанд Ц.Дашжаргалын данснаас зээлийн эргэн төлөлтөд төлбөр шилжүүлсэн төлөлтийг тооцож үзэхэд: 2014-12-30-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 20/-ний дагуу Х.Жаас Ц.Дашжаргалд 1сая төгрөг шилжүүлсэн ба 2015-01-23-ны өдөр хүүгийн хамт 1,1сая төгрөг болгож хугацаанаасаа өмнө төлсөн. 2015-01-23-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 21/-ний дагуу 1сая төгрөгийг Х.Жаас Ц.Дашжаргалд шилжүүлсэн ба 2015-02-15-ны өдөр 1,620,000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээл 1сая төгрөг, хүү 100,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба 520,000 төгрөгийг илүү төлөлт хийсэн. /Мөн хугацаанаасаа өмнө 1 100 000 төгрөг төлсөн ба илүү төлөгдсөн 520,000 төгрөг нь Б.Мын зээлийн төлбөр болно./ 2015-02-17-ны өдөр 1сая төгрөгийг Х.Жаас Ц.Дашжаргалд шилжүүлсэн ба 2015-03-12-ны өдөр 2,020,000 төгрөг төлсөн. 1 сарын 10 хувийн хүүтэйгээр тооцоход 920,000 төгрөгийг илүү төлөлт хийсэн. 2015-03-12-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 22/-ний дагуу 2сая төгрөгийг Х.Жаас Ц.Дашжаргалд шилжүүлсэн ба 2015-04-05-ны өдөр 3,360,000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу үндсэн зээл 2сая төгрөг, хүү 400,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ба 960,000 төгрөгийг илүү төлөлт хийсэн. Ц.Дашжаргал болон Б.М нарын зээлийн гэрээний харилцаа тусдаа, хамтатгах нь үндэслэлгүй, Ц.Дашжаргал илүү төлсөн мөнгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч шүүх нэхэмжлэлээс хальж Ц.Дашжаргалын зээлийн харилцааг дүгнээгүй ба Х.Ж болон Ц.Дашжаргалын эзэмшлийн дансаар Б.Мын төлсөн зээлийн төлбөрийг ялгаж тооцож гаргасан нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Х.Ж нь Ц.Дашжаргалын зээлийн гэрээний үүрэг дууссан, зээлээ хугацаандаа төлж байсан гэж тайлбарласан. Мөн Ц.Дашжаргалаас алданги тооцсон тухай ямар нэгэн бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй болно. Б.М нь өөрийн нэрээр зээлийн төлбөрт нийт 1,946,000 төгрөг төлсөн. Мөн зээлийн төлбөрийг ээж Ц.Дашжаргалын Хаан банкны  дамжуулан Х.Жд 2,4сая төгрөг төлсөн нь Х.Жын  дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч нь нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 төгрөг төлөх байснаас нийт 4,364,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзсэнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул ИХШХШТХ-ийн 176.2.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

         Х.Ж 2016-06-16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.Маас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,147,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-н 1, 57/

        Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргахдаа “...Мэндбат...2015-08-05-ны өдөр 3,050,000 төгрөгийг бодитойгоор зээлж аваагүй...2015-01-31-ний өдрийн 2 сая  төгрөгийг төлж дуусгасан...2015-03-26-ны өдрийн 2 сая төгрөгийг зээлүүлэхдээ өмнөх зээлийн үлдэгдлийг нэмж 3,050,000 төгрөг болгосон...одоо мөнгө төлөх үндэслэлгүй...” гэсэн тайлбар өгсөн /хх 1-н 38, 39, 69/ байна. Б.М сөрөг нэхэмжлэл гаргаж “...3,050,000 төгрөг би аваагүй...энэ гэрээний үүрэгт газар барьцаалсан гэрээг хүчин төгөлдөр бус юм иймд газар өмчлөх эрхийг сэргээж өгнө үү ...” гэжээ. /хх 1-н 124/

       Анхан шатны шүүх хариуцагчаас 655,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,492,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... 2015-01-31-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна...2015-03-26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 170,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, анз 85,000 төгрөг төлөх үүрэгтэй байна...сөрөг нэхэмжлэлийн хувьд  улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй...” гэжээ. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 4,039,500 төгрөгийн шаардлагыг хангахдаа “... 2015-01-31-ний өдрийн  гэрээний үүрэгт  үндсэн төлбөр 2 сая төгрөг, алданги 1 сая төгрөг нийт 3 сая төгрөг гаргуулна... 2015-03-26-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл 305,000 төгрөг, хүү 388,000 төгрөг, алданги 346,500 төгрөг нийт 1,039,500 төгрөг төлөх үүрэгтэй байна... шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу...” гэжээ. 

      Хариуцагч хяналтын гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн байна. 

       Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Нэхэмжлэгч  хариуцагчид 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 0.4 хувиар алданги тооцох тухай 2015-01-31-ний өдрийн, 2,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 0.5 хувиар алданги тооцох тухай 2015-03-26-ны өдрийн гэрээг шаардлагын үндэслэл болгожээ.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үүргийг Х.Ж шаардахад зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт өгөх нь Иргэний хуульд нийцнэ. 

      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4-т зааснаар зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр явуулна.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...өдрийн зээл олгодог гэх Уранчимэг түүний охин Х.Жаас мөнгө зээлдэг байсан...” гэх тайлбарыг /хх 39, 69/ гаргасан бөгөөд үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй, “Трансвест монголия” ХХК-ийн 2018-02-01-ний өдрийн 180201/50 дугаартай албан бичиг нь /хх 220/  хариуцагчийн гаргасан уг тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна. Түүнчлэн, Х.Жын дансны хуулга /хх 7-28, 107-117/, Ц.Дашжаргалтай байгуулсан гэрээ /хх 20-43-45/ -с үзвэл  иргэн Х.Ж нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнэхээр байна.

        Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс  авсан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

        Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заажээ. Иймд нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015-01-31-ний болон 2015-03-26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

          2. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлнө гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заажээ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нийт 4,000,000 төгрөг зээлж, 1,975,000 төгрөг буцааж төлсөн нь тогтоогдож байна. 

        Б.М 2,025,000 төгрөгийг Х.Жд төлөх үүрэгтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй болно.  

       Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 2,025,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах өөрчлөлтийг шийдвэр болон магадлалд оруулав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 931 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-т заасныг баримтлан Б.Маас 2,025,000 төгрөг гаргуулан Х.Жд олгож, нэхэмжлэлээс 2,122,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015-08-05-ны өдрийн 2265 дугаартай зээлийн гэрээ, БГ/2265 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоотод байрлах 500 кв.м. талбайтай, газрын 000321426 дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанаас чөлөөлсүгэй...” гэж, 3 дахь заалтын “...20,270 төгрөгийг...” гэснийг “...46,810 төгрөгийг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 81.310 төгрөгийг хариуцагч Б.Мад захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ