| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 187/2017/0397/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Дагвадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 139
Б.Аэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Дагвадорж,
шүүгдэгч Б.А /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Ганбат, С.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат, С.Оюунцэцэг нарын давж заалдах гомдлуудаар Б.Аэд холбогдох эрүүгийн 201724000224 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б А, 1994 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжмийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгын .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд 58-83 УНҮ улсын дугаартай Toyota Prius загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Быг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Б.Аэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Аийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Аийн 2 жилийн хугацаатай эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 31-5 тоотод оршин суух иргэний хариуцагч Б.Батбилэгээс нийт 14 313 494 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 86Б байрны 4 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төвшинтөрд олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Өлзийт хороолол орох замд Айдсын даваа ороогоод уруудан үзэгдэх орчин хязгаарлагдмал замд Тоёота Приус 58-83 УНҮ загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байтал тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн чанх өөдөөс Г.Ганбагана нь тээврийн хэрэгслийн гэрэлд орж ирэнгүүт тээврийн хэрэгслийн хурдыг саартал Г.Ганбагана нь замын баруун тал руу гуувин түүнийг тойрч гарах маш богино хугацаанд зогсоох арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдалд Г.Ганбаганы араас гүйж явсан талийгаач Л.Быг мөргөн хүний амь насыг санамсар, болгоомжгүй хохироосондоо чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна. Шүүх хурал дээр 2 300 000 төгрөгийг хохирол өгөхөөр авч очсон боловч талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Д.Түвшинтөр нь аваагүй тул миний бие шүүх хурал дээр болох 14 313 494 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Би уг хэрэгт холбогдсондоо хамт амьдардаг өндөр настай өвөө, эмээгийнхээ сэтгэл санааг нь зовооно гэж бодоод хэлээгүй нууж явсан ба намайг хоригдсоноос хойш манай ар гэрийнхэн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлын 14 313 494 төгрөгийг бэлэн болгосон. Миний бие СУИС-ын Ардын хөгжмийн 2 дугаар курст сурдаг. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа ийм хэрэгт холбогдсондоо сэтгэл санаагаар унаж, гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хойшлуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Айдсын даваанаас Өлзийт орох замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэггүй эргэн тойрон 3-5 км радиуст замын төлбөр хураамж авдаг цэгээс өөр айл амьтан байхгүй орчинд, замын зорчих хэсгийн голоор өөрийн биеэ жолоодох чадваргүй, хүнд зэргийн согтолттой явсан Г.Ганбагана, талийгаач Д.Б нарын МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.9 Явган зорчигчид дор дурдсан заалтыг зөрчсөн. “Өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, 3.4 явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас 8.1 м зайнд 40 км.ц хурдтай явсан машины гэрэлд 8 метрийн зайд гэнэт огцом орж ирсэн эхний явган зорчигчийг Баатар овогтой А нь мөргөхгүйгээр гарсан боловч буцаж машинаа өөрийн урсгалд шилжүүлэхээр баруун гар тийш дарах агшинд талийгаач Д.Б нь Г.Ганбаганы араас хөөж гүйж явахдаа машины баруун урд талын гүперт мөргөгдөж улмаар копутан дээгүүр орж ирж машины урд талын салхины шилэнд цохигдон шидэгдсэнээс амь нас хохирсон. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд 8 м газарт 40 км цагийн хурдтай явсан машин гэнэт зогсох ямар ч боломжгүй 10м гаруй явж байж зогсоно гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн өөдөөс явган зорчигч гүйж орж ирсэн нь 8 м замыг 2-3 метрээр багасгах нь хэнд ч тодорхой байхад шүүхээс Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-т заасан гэм буруутайд тооцож, улмаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. А нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн эцсийн үг хэлэхдээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан гэм хорын хохирол 14 311 494 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Б.А нь урьд ял шйитгэл эдэлж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн үйлдлийн гэм бурууг ойлгож, гэмшиж байгаа, СУИС-ын 2 дугаар курсын ардын хөгжмийн ангийн оюутан, хохирогчид учруулсан гэм хорын хохиролд 14 313 494 төгрөгийг хохирогч талд бүрэн төлж барагдуулсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу ял шийтгэлийг хөнгөрүүлж хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх хангалттай үндэслэл байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Б.Аийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийтгэсэнийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед зогсох арга хэмжээ авч чадалгүй, явган зорчигч Б.Быг мөргөж амь насыг нь хохироосон гэх үйлдэл нь хохирогч Б.Бын хууль бус буюу өөрийгөө хянах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож Г.Ганбаганы араас хөөж гүйсэн үйлдлээс үүдэн гарсан болох нь гэрч Г.Ганбаганы мэдүүлэг, Шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 690 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 213, 319 тоот дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон байдаг.
Б.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ойрхон зайнд гэнэт гүйж гарч ирсэнд сандарсандаа зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэм буруугаа хүлээж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг.
Анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д утас руу залган “шийтгэх тогтоолоор тогтоогдсон 14 313 494 төгрөгний хохирлыг бүрэн төлье, мөнгөө бэлэн болгосон” гэхэд та нарын давж заалдах гомдолтой танилцаад дараа нь хохирлын мөнгөө авна гээд өнөөг хүртэл авахгүй байгаа болно. Мөн талийгаачийн ах Н утас руу холбогдон давж заалдах гомдлоо өгөхөөс өмнө хохирлын мөнгийг өгье гэхэд ах Д.Төвшинтөр мэднэ гээд аваагүй байна.
Б.А нь хувийн байдлын хувьд урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, өндөр настай өвөг эцэг, эмэг эх нарынхаа хамт амьдардаг. СУИС-ын Ардын хөгжмийн ангийн оюутан, морин хуур хөгжим чадварлаг эзэмшсэн залуу юм.
Шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн заалтын дагуу Б.А анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэлгүй хорих ял оноосонд гомдолтой байна.
Б.А нь гэм буруугаа хүлээж, хохирлоо бүрэн төлж барагдуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1.1 дэх “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэх заалтуудыг Б.Аэд хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Ийд дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянаж үзэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Дагвадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохиролыг бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй юм. Эд баримтын хохиролыг төлсөн гэж үзэж болно. Прокурорын шатнаас л хохирлоо төлөхөө илэрхийлж байсан. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь шинэ эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг юм. Тэнсэх боложтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Зүйлчлэл өөрчлөхгүйгээр шийдэж хөнгөрүүлэх боломжтой...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт хороолол явах чиглэлийн Айдсын давааны замд 58-83 УНҮ улсын дугаартай Toyota Prius загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Быг мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би Л.Бын ээжийнх нь төрсөн ах нь байгаа юм...Осол хэрэг гарсан тухай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өглөө Замын цагдаа дээр ирээд мэдсэн...Осол хэрэг гардаг өдрийн өглөө л гэрээсээ гарсан гэсэн...Гэр бүлтэй байж байгаад 2015 онд гэр бүлээ цуцлуулчихсан байсан...Оршуулгын зардалд ойролцоогоор 20 орчим сая төгрөг гаргаад байгаа. Би нарийвчилсан тооцоог гаргаж баримтаар өгнө...Энэ хэрэг гарахын өмнө мөн л Эрдэнэзаяа дуудаж авч явснаас уг хэрэг гарсан гэж үзэж байна. Маш сайн шалгах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн үед хэдэн төгрөгтэй явсан бүү мэд. Үнэхээр их гомдолтой байна...” /1хх-н 35-36/,
Иргэний хариуцагч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Toyota Prius загварын 58-83 УНҮ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм, гэхдээ надад мөнгөний хэрэг болоод Гуртын тавилан ББСБ-д 800 000 төгрөгөнд машинаа тавьсан, би зээлээ төлөөд дуусгаж байгаа, энэ сар сүүлийн сар нь юм. Тухайн үед А нь миний зөвшөөрлөөр уг автомашиныг унаад явж байсан, осол болох үед байгаагүй, автомашинд ямар нэгэн явах эд ангийн, мөр тоормосонд эвдрэл гэмтэл байхгүй байсан...Бид нар хохирогчийн ар гэртэй холбоотой байгаа, одоогийн байдлаар бид 3 000 000 төгрөг бэлдчихсэн байна. Ер нь бол төлж барагдуулна..."/1хх-н-115-116/,
Гэрч Л.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн: "...би хөдөө гадаа ажилтай явчихдаг учраас манай гэр бүл ээж бид нар ярьж байгаад ээжийн төрсөн ах Д.Төвшинтөр гэдэг хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон...Манай дүү бол дуугүй төлөв даруу хамт олонтой эвсэг тусархуу хүн байсан юм. Албан ёсоор 2015 онд нөхрөөсөө салаад хүү, ээжийн хамт амьдардаг байсан юм..."/1хх-н 70-71/,
Гэрч Э.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг болж байхад манай их сургуулийн найз Л.Б над руу залгаад би танайх руу очиж байна гэсэн. Тэгээд би гэртээ байж байсан ба хамтдаа Манзширийн хийд явъя гэхээр нь тэгье гэсэн. Манзшир ороод эргээд 18 цаг өнгөрч байхад...Өлзийт хороололд манай хадам аав Цогтийнд ирсэн ба би талийгаачийг ирэхэд хадмындаа байсан юм. Төв аймгаас наашаа Өлзийт хороолол руу гарахдаа дэлгүүрээс нэг шил 0.5 граммын архи, хоёр Нийслэл пиво аваад тэрийгээ манай хадмын гадаа машиндаа уусан. Энэ үед бид хоорондоо элдэв зүйл яриад 23 цаг хүртэл суугаад... гэрлүү орж унтахаар болоод би нялх хүүхэдтэй учраас түрүүлээд гэрлүүгээ орсон. Удалгүй манай нөхөр араас ороод ирсэн ба би машиных нь түлхүүрийг аваад гэрлүү орж ирээд байж байхад...талийгаачтай хамт явсан залуу нь хашаа даваад гүйгээд явчихлаа гэсэн. Тэрний дараа талийгаач хоёулаа хойноос нь яваад аваад ирье тэгэхгүй бол болохгүй гээд байхаар нь би машиныг тань бариад яваад очъё гээд Өлзийтийн пост хүрэх гээд зогсож байсан ба талийгаач буугаад эргээд суу гэсэн чинь нөгөөх нь салаавч гаргаад хоорондоо муудаад байсан. Тэгээд нөгөө залуу пост өнгөрөөд гүйгээд явчихсан. Талийгаач тухайн үед тэр залууг машиндаа суулгаад эргээд явъя гэсэн бодолтой байсан учраас дахин араас нь очоод гуйтал дахин гүйгээд явчихсан. Тэгэнгүүт нь би ер нь...найзыгаа аваад эргээд харъя гээд замын баруун гар тал руу замаа чөлөөлөөд зогсоод буух гэж байхад хот талаас нэг машины гэрэл гараад машины гэрэлд саарал өнгийн хувцастай хүн бултаж байгаа нь харагдаад удаагүй байхад тас хийх чимээ гараад би машинаасаа буугаад яанаа миний найз хааччихваа гээд хэлээд байж байхад хот талаасаа нэг том машин орж ирээд гэрэл гараад замын хажуу тал руу хартал талийгаач замын хажуу талд хэвтэж байсан. Ингээд бөөн юм болоод байж байхад нөгөө залуу эргэж ирээд талийгаачийн толгой дээр нь суучихсан би юу хийчихвээ миний хайраа босоод ирээчээ гээд хашгираад байсан...”/1хх-н 73-74/,
Гэрч Г.Ганбаганын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 28-ны орой талийгаач Б утсаар...маргааш өглөө Заяа гээд манай найзынд оччихоод Манзшир оръё гээд залгасан. Тэгээд өглөө 09 цаг болж байхад талийгаач өөрийнхөө 34-07 гэсэн дугаартай Т.Приус маркийн автомашинтай Хайлаастад ирээд тэндээсээ Өлзийт хороолол руу талийгаачийн найз Заяагийнд очсон. Тэндээсээ нөхөр хүүхдийг нь аваад машиндаа дөрвүүлээ Төв аймаг ороод...тэндээсээ Манзшир гээд нэг амралтын газарт очоод хэсэг зуур байгаад 18 цаг болж байхад хөдлөөд замаасаа нэг шил 0.5 граммын архи, хоёр лааз пиво аваад Өлзийт хороонд ирээд Заяагийн аавын гадаа нь очоод машин дотор нөгөө архийг би найзынх нь нөхөртэй ууж дуусангуут дахиж нэг архи аваад мөн хоёр лааз пиво аваад хашаан дотор нь орж байгаад ууцгаасан. Талийгаач бид хоёр нөгөө айлд ороод хоол идчихээд эргээд машиндаа хэсэг суугаад ярилцаж байгаад айлд орж хонох үгүйгээсээ болоод хоорондоо маргалдтал талийгаач намайг тэгвэл зайл п... минь гэсэн. Тэгэхээр нь би нөгөө айлын хашааг даваад хот орохоор гараад явсан. Тэгээд Өлзийт хорооллоос гараад хот руу салдаг пост өнгөрөөд явж байхад талийгаач машинаа найз Заяагаараа жолоодуулчихсан хажуугаар орж ирээд суучихаач гэхээр нь би чадахгүй гэж хэлчихээд хот тал руугаа эргэж ч харалгүй замын хажуугаар алхаад явж байхад гэнэт ард түс хийгээд явчихаар нь эргээд хартал нэг машин жаахан хөндлөн байрлалтай зогсож байхаар нь гүйгээд очтол замын хажууд талийгаач унасан машин гараад явсан...Би замын хажуу талын хэсгээр явж байсан...Замаар машин багатай байсан. Тас харанхуй байсан...”/1хх-ийн 76-77/
Гэрч Б.Бат-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 29-ний орой миний жолоодож явсан машин эвдрээд дүү Аийг ах Батбилэгийн машиныг аваад намайг ирээд аваач гэж дуудсан тэгээд 02 цагийн орчимд Улаанбаатар хотоос гараад Өлзийт хороонд байдаг гэрлүүгээ явсан. Би машины жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад дүү А машиныг жолоодоод ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт цайвар саарал өнгийн хувцастай хүн замын голд гараад ирсэн. Энэ үед би сандал дээр хойшоогоо налаад...суучихсан явж байсан тэгсэн дүү нөгөө хүнийг мөргөхгүйн тулд жолоогоо зүүн гар тийш дарсан тэгээд баруун гар тийш дартал түс тас хийгээд явчихсан. Би тухайн үед саарал хувцастай хүнийг яаж мөргөчихөөгүй юм бэ гэж бараг шахуу бодож амжаагүй байхад л тас хийгээд явчихсан. А өдөр болгон тэр замаар гэр лүүгээ яваг ба Айдсын даваагаар ер нь их болгоомжтой явдаг байсан. Ингээд тас хийсний дараа машинаас буугаад хартал эсрэг урсгалд хойшоогоо хараад зогсож байсан машин гэрэлд саарал өнгийн малгайтай бэлтгэлийн цамцтай эрэгтэй хүн зогсож байснаа өөдөөс алхсан. Тэгтэл өмнөөс хот тал руугаа хараад зогсож байсан машинаас нэг эмэгтэй бууж гарч ирээд наана чинь нэг эмэгтэй хүн байх ёстой гэж хэлсэн. Тэгээд эргэн тойронд хайгаад явж байхад хот талаас нэг том автомашин гарч ирээд нөгөө машины гэрэлд замын хажууд нэг хүн хэвтэж байгаа харагдсан...Би сэрүүн урагшаагаа хараад явж байсан...Осол хэрэг болох үед машины гэрэлд гялбасан зүйл байхгүй...Замын зорчих хэсгийн бараг шахуу голд явж байсан. Гэнэт л гуйваад гараад ирсэн...”/1 хх-ийн 86-87/,
Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би Т.Приус 10 маркийн 58-83 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон хүнсний 1 дүгээр дэлгүүрээс хамаатны ах Бат-Оршихыг аваад Өлзийт хороолол руу харих гээд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Төв аймаг руу явах замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 30-40 км/цагийн хурдтай Айдсын даваа уруудаад явж байхад замын голд буюу миний зорчин явсан эгнээнд саарал өнгийн хувцастай хүн замын голоор алхаад өөдөөс ирж байсан тэгэхээр нь би тэр хүнийг тойрч гарах гээд зүүн гар талруугаа буюу эсрэг урсгал руу дарж хурдыг сааруулаад буцаагаад баруун гар тал руугаа дартал гэнэт түс хийгээд явчихсан. Тэгтэл миний машины баруун урд хэсгийн салхины шилэнд хүн мөргүүлчих шиг болсон. Тэгээд буугаад гараад иртэл замын баруун талд нэг эмэгтэй хүн жалганд уначихсан хэвтэж байсан. Би тухайн үед сандрахдаа машиныхаа речак буюу араагаа дутуу түлхээд буучихсан юм шиг байсан түүнээс болоод манай машин өнхрөөд замынхаа зүүн гар тал руугаа буугаад...зогсчихсон байсан. Тэгээд манай хамаатны ах Бат-Орших нь осол хэргийн талаар дуудлага өгсөн. Тэгээд замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн..Замын хөдөлгөөн сийрэг, харанхуй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, тухайн зам нь бага зэрэг уруу тахир зам байсан....Би 2013 оны жолооч, В ангилалтай, жолоо бариад 3 орчим жил болж байна...Гэнэт хүн гарч ирсэн болохоор би их сандарсан байсан тийм болохоор тээврийн хэрэгсэлийг зогсоож чадаагүй юм...”/1 хх-ийн 128-129/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн №690 тоот дугаартай: "...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины орой болон суурь хэсгийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, цээжний зүүн талын 1, 2, 3-р хавирга, зүүн атгаал яс, баруун дунд чөмөгний далд хугаралууд, зүүн мөрний үений мултрал, дух, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, цээж, бүсэлхий нуруу, зүүн бугалга, сарвуу, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, өвдөг, шилбэнд шарх, цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Үүсэн дарааллыг тогтоох боломжгүй.
Талийгаачийн биед үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.
Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтыг харуулж байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээний стандарт ажлын заавар байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна.
Талийгаач А II дугаар бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 97-99/,
Техникийн шинжээчийн дүгнэлт №213: “...Toyota Prius маркийн 58-83 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Баатар овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Лхагвасүрэн овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 108-109/
Техникийн шинжээчийн №319 дугаар “...Toyota Prius маркийн 58-83 УНҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”, 3.4 “явган зочигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тйиш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.
30-40 км/цаг хурдтай суудлын автомашин нь бүрэн зогсолт хийхэд дундаж замын урт 10 м байх боломжтой гэх дүгнэлт...” /1 хх-ийн 196-197/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Аэд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэн уг зүйл ангиар хэргийг зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т 14 313 494 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.Ад ар гэрээс 16 313 500 төгрөг болгон төлж барагдуулсан, гомдол саналгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүхэд нотариатаар баталгаажуулсан баримт ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалттай байна.
Шүүгдэгч Б.А нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, анхан шатны шүүхээс тогтоосон материаллаг хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Харин энэ хэргийн улмаас хохирогч Л.Бын амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, уг хохирлыг арилгах боломжгүй байдлыг харгалзан Б.Адьяацэндэд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Д.Ганбат нарын “ хорих ял тэнсэж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн
1. “2” дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Баяуд овогт Баатарын Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б овогт Б Аийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,
“3” дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Аийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Аийн эдлэх 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ