Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0259/З |
Дугаар | 221/МА2022/0147 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0147
2022 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2022/0147 | Улаанбаатар хот |
“Т.Ж.К.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,
Нэхэмжлэгч: “Т.Ж.К.Э” ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Т.Ж.К.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2021/0259/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т.Ж.К.Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Т.Ж.К.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Т.Ж.К.Э” ХХК-д холбогдох хэсгийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ...”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ...”, 35.3.3-д “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “ ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...”, 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж заасныг удирдлага болгосон.
3.2. “Т.Ж.К.Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын “Хүрхрээ”-гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,65 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон.
3.3. “Т.Ж.К.Э” ХХК-ийн газар ашигласны төлбөр огт төлөөгүй бөгөөд төлөөгүй гэдгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн буюу хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь газрын төлбөрийн хэдий хэмжээний, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нарийвчлан, тодорхой тогтоох шаардлагатай байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тооцоо нийлсэн акт, төлбөрийн үлдэгдэл зэргийг нягтлах байсан. Гэтэл шүүх “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн баримтад төлбөрийн үлдэгдэл “0” гэж харагдаж байгаа нь маргаан бүхий тушаалтай зөрүүтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгч өөрөө нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлсөн эсэхийг асуухад “нэхэмжлэгчээс төлөөгүй” гэж хариулж байхад “эргэлзээтэй баримт цугларсан” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.
3.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж тус тус заасан.
3.5. Гэтэл “Т.Ж.К.Э” ХХК нь гурвалсан гэрээ байгуулаагүй ба гурвалсан гэрээ байгуулах талаар нэхэмжлэгч компани нь холбогдох захиргааны байгууллагуудад 5 жил 7 сарын турш хандаж байгаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш. Өөрөөр хэлбэл, газар ашиглагч нь Газрын тухай хуульд заасан гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй харин ч газар ашиглагчийн үүргээ үндэслэлгүйгээр зөрчиж, хууль зөрчсөн. Мөн гэрч н.Бандийн шүүхэд гаргасан мэдүүлгээр “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тухайн газарт очиж, газар дээр нь байшингийн суурь ухсан гэх этгээдүүдийг шалгаж тогтоох талаар цагдаагийн байгууллагад шийдвэрлүүлэхээр хандсан” гэж мэдүүлдэг. Хамгаалалтын захиргаа холбогдох арга хэмжээг авч цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд 2016, 2017 оны агаар сансрын зурагт ямар нэгэн барилгын суурь байдаггүй, 2018 оны 08 дугаар сарын агаар сансрын зурагт барилгын суурийн зураг гарсан. Хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт нэхэмжлэгч нь 2 жил дараалан газраа ашиглаагүйн дээр Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, газраа ашиглахыг оролдоогүй нь хангалттай нотлогддог.
3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Т.Ж.К.Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан, уг тушаалаар ““Т.Ж.К.Э” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзээд тус компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.
2.2. “Т.Ж.К.Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын “Хүрхрээ”-гийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,65 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон, тус компани хариуцагчтай газар ашиглах гурвалсан гэрээг байгуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй бөгөөд талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.
2.3. Анхан шатны шүүх “...“Т.Ж.К.Э” ХХК-д ашиглах эрх олгосон байсан газарт буюу маргаан бүхий газарт баригдсан байшингийн сууриудыг хэн, ямар хуулийн этгээд барьсныг шалган тогтоох, маргаан бүхий газартай зэргэлдээ газар ашиглах эрх авсан компани нь “Т.Ж.К.Э” ХХК-ийн орц, гарцыг хааж хашаа, байшин барьсан эсэх, нэхэмжлэгчийн газар дээр байшингийн сууриуд цутгасны улмаас “Т.Ж.К.Э” ХХК газраа зориулалтын дагуу ашиглах боломж, бололцоо олдоогүй эсэх, нэхэмжлэгч нь газрын төлбөрийн хэдий хэмжээний үлдэгдэлтэй байгааг нарийвчлан, тодорхой тогтоох зэрэг асуудал нь хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх дүгнэлтийг хийж маргаан бүхий актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах үүрэгтэй.
2.5. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13/35 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанийн газрын төлбөр төлсөн талаарх мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар ирүүлэхдээ төлбөрийн үлдэгдэл “0” гэж ирүүлсэн, нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлийг үгүйсгэж маргаагүй, шүүх хуралдаанд “... төлбөр төлөх боломж бүрдээгүй тул төлбөр төлөөгүй, ... газрыг зориулалтын дагуу ашиглах нөхцөл байгаагүй” гэж тайлбарласан. Мөн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгч нь газар ашиглах гурвалсан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан эсэх, маргаан бүхий газрын орц, гарцыг хаасан талаар бичгээр мэдэгдэж, энэ талаар хариуцагчид хандаж байсан эсэх, хариуцагчаас энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн, чухам ямар үндэслэлээр гэрээ байгуулаагүй, тухайн газар дээр үйл ажиллагаа явуулаагүй болох, эдгээр үндэслэл нь газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх, мөн газрын “орц, гарцыг хаасан” гэх асуудал нь бодит байдалд хэзээнээс үүссэн болон хэрхэн нотлогдож байгаа, хариуцагч орц, гарцын асуудлыг шийдвэрлэх үүргээ хэрхэн биелүүлсэн, энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх, товчхондоо хариуцагч маргаан бүхий актыг гаргасан үндэслэлүүдэд холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрийг харьцуулан маргааны үйл баримтад холбогдуулан хууль зүйн дүгнэлтийг хийж, уг акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг тогтоож, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байна.
Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийгээгүй, уг маргааны хувьд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН