Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00065

 

 

 

 

 

 

 

 

                                  Ч.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

“Эд хөрөнгө битүүмжлэх акт, эд хөрөнгө хураах акт хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ц.Бямбасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Дамшигбизьяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Эрдэнэсайхан нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол, Г-2 тоотод нөхөр болон 3 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Гантуяа нь манай хувийн сууц болон газар, грашийг хураахаар ирж ийнхүү битүүмжлэгдсэнийг мэдсэн юм. Гэтэл манай хувийн сууц, газар, грашийг тус тус 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилсэн байх ба үүнийг миний бие мэдээгүй. Энэхүү хашаа байшингийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртэлийн гэрчилгээг хэдийгээр нөхөр М.Болор-Эрдэнийн нэр дээр биртгүүлсэн ч энэ нь Иргэний хуулиар манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм. Ийм байтал манай нөхөр М.Болор-Эрдэнэ нь ганцхан эзэн мэтээр үзэж түүнд холбогдох төлбөрт битүүмжилж, хурааж цаашид дуудлага худалдаа явуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний хувьд өөрийн эзэмшлийн орон сууцаа хураалгаад дараа нь 3 хүүхдийн хамт гудамжинд гарна гэж үзэхгүй байна. Нөгөө талаас эд хөрөнгө хураасан акт гэх актаа хууль бусаар үйлдэж миний болон хүүхдүүдийн маань өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Иймээс Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016-09-08-ны өдрийн 52/49 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх акт, 2016-09-15-ны өдрийн 013094 дугаартай эд хөрөнгө хураах актыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шцйдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/Ш32016/00825 тоот шүүгчийн захирамжаар Мижиддоржийн Болор-Эрдэнээс 140375950 төгрөг гаргуулж Жалав овогтой Даншигбизъяад олгохоор шийдвэрлэсэн дагуу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 142/Ш32016/04173 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 584 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай ахлах гүйцэтгэгчийн тогтоол гаран шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч М.Болор-Эрдэнэд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардуулан өгсөн боловч биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч М.Болор-Эрдэнийн нэр дээрхи бүртгэлтэй Ү- 2101020229 дугаартай Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол Г хэсэг 02 тоот граж, Ү-2101017043 дээрхи хаягт байрлах 200 метр квадрат хувийн орон сууц, Г-2101013123 дугаартай дээрхи хаягт байрлах 0,7 га газрын хамт битүүмжлэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаа өссөн байна. Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөгдөөгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн дугаартай 36.5 дахь заалтын дагуу битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авах акт үйлдэн хураан авах ажиллагаа хийгдсэн нь хуулийн дагуу явагдсан байх тул шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж эрх, ашиг нь зөрчигдсөн төлбөр авагчийн эрх ашгийг бодитой эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түргэн шуурхай явагдах зарчмын ханган ажиллах бололцоог олгож нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4,36 дугаар зүйлийн 36.1, 36.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайханаас гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх акт,эд хөрөнгө хураах актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомолтой байна. Миний бие нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг ба Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол, Г-2 тоот хувийн орон сууц нь бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч билээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 09 сарын 08-ны өдөр уг орон сууцыг битүүмжилсэн ба үүнийг надад тухайн үед мэдэгдээгүй бөгөөд 2016 оны 09 сарын 15- ны өдөр орон сууц, газар, грашийг хураахаар ирэхдээ мэдэгдсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх .духай хуулийн 34.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байтал ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 24 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, улсын тэмдэгийн хураамжийг буцаан олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №52/49 тоот битүүмжилсэн акт, 9 дүгээр сарын 15-ны өдрийн №013094 дугаартай эд хөрөнгө хураах актыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд төлбөр төлөгч М.Болор-Эрдэнэ 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн № 825 дугаар захирамжаар төлбөр авагч Ж.Даншигбизъяад хашаа, газар, граж хувийн орон сууцны үнэ 140.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсний үндсэн дээр 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хариуцагчийн өмчлөлийн тус сумын Хүрэнбулаг багийн  11 дүгээр хороолол, Г-2 тоотод байрлалтай 270 м/кв талбай бүхий газар, 200 м/кв 2 давхар хувийн орон сууц, 2 машины тоосгон граж зэрэг эд хөрөнгийг  битүүмжилж төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 013094 дугаартай актаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон байх тул  тэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг мэдээгүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм.  

Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаарх гомдлоо төлбөр төлөгч М.Болор-Эрдэнэ 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацааны дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах түүний гаргасан тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байхаар хуульчилсан ба дээрх хугацаа дуусаагүй байхад төлбөр төлөгч биш нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрүүлэх талаарх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ч.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх № 52/49 дугаартай акт, №013094 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө хураах актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ч.Эрдэнэсайханы нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Эд хөрөнгө битүүмжлэх акт, эд хөрөнгө хураах акт хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ