Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0162

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0162

Улаанбаатар хот

 

 

 

                          “А.З.К” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Гомдол гаргагч: “А.З.К” ХХК,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Г,

Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Гийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0006619 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 841 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0728/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “А.З.К” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Гт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Гийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0006619 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 841 дүгээр шийдвэрээр: “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “А.З.К” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Гийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0006619 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Манай компанийн гаргасан зөрчил нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэж маргасан боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд энэ нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн атлаа хавтаст хэргийн материалд цугларсан ямар бичгийн нотлох баримтад тулгуурлан дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.

3.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Г.Г” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21/30 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ болон гэрээний урьдчилгаа төлбөр төлсөн баримт банкны шилжүүлгийн баримт зэргээр нотлогддог. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин байгуулсан гэрээ нь “Д.Ө” орон сууцны хотхоны 1А, Б блокийн барилга угсралтын талбайд хийгдэх ажил биш бөгөөд “Д.Ө” орон сууцны хотхоны 2 ээлжийн барилгын барилга угсралтын талбайд хийгдэх ажлын гэрээ болохыг тайлбарласан байдаг. Иймд “нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн болох нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна” гэж заасан. Эрх бүхий албан тушаалтны зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэр нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас хойш хүчин төгөлдөр болсон. Иймд дээрх хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд хуульд заасан хугацаанаас хойш тогтоогдсон байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэжээ.

3.4. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал “эрх бүхий албан тушаалтны шийдвэр 2021 оны 06 дугаар сарын 24-ний 00 цагаас хойш хүчин төгөлдөр болсон” гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 841 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т заасныг журамлан мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Гийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр оногдуулсан 0006619 дугаартай шийтгэлийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.Үүнд:

3.1. “А.З.К” ХХК нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Гийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0006619 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах”-аар маргаж байх бөгөөд тус шийтгэлийн хуудсаар “гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн” гэж үзээд 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.2. Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо “... Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар манай компанийн гаргасан зөрчил нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэнд тооцно,  ... нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал эрх бүхий албан тушаалтны шийдвэр мөн хугацаанаас хойш хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэж тус тус дурдсанаас үзвэл тэрээр гаргасан зөрчлийн тухайд маргаагүй, харин “уг зөрчил нь Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэлтэй” гэж маргажээ.

3.3. “А.З.К” ХХК-ийн Н.Нтай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоон байгууламжийн ажил гүйцэтгүүлэхээр байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03/2020 дугаартай, “Г.Г” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл барилгын авто зам тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 06–ны өдрийн 21/47 дугаартай гэрээнүүдийн цаг хугацаа болоод уг гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 01, 09, 26-ны өдрүүдэд тодорхой ажил явуулж байсан болох нь ажлын фото зураг, гадна зам талбай, тохижилт хийсэн акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, бусдын эзэмшил газар руу оруулан авто зогсоол, ногоон байгууламж барьсан зөрчил нь арилаагүй үргэлжилж байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.  

3.4. Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол өршөөлд хамрагдахаар, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, ... шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлөхөөр, 12 дугаар зүйлийн 12.1-д энэ хуулийн ... 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байхаар хуульчилсан бөгөөд хариуцагч нь гомдол гаргагчийн үргэлжилсэн зөрчилд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 0006619 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан тул мөн хуулийн үйлчлэлд хамаарахгүй, энэ тохиолдолд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН