Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00069

 

 

 

 

 

 

 

 

                               Ч.Энэбишийн нэхэмжлэлтэй

                                   иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00121 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Энэбишийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Онцгой байдлын газарт холбогдох

“Гэм хорын хохирол 13.755.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ш.Ононтал, Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энэбиш, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ононтал, Л.Анхбаяр, прокурор Б.Бүжинлхам, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Энэбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016-06-30-ны шөнө 1 цаг 15 минутад Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг 23-13 тоотод оршин суугч Ч.Энэбишийн байшин цахилгааны улмаас гал гарч шатаж, эхэлсэн бөгөөд энэ үед галын дуудлага үл таних иргэн өгч Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж, галыг унтраагаад явсан боловч галыг дутуу унтрааснаас болж, гал дахин гарч өглөөний 6 цаг гэхэд бүгд шатаж дууссан байсан. Хэрвээ Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн үүрэгт ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр манай гэр бүл эд хөрөнгө, сэтгэл санааны гүн их гарз хохирол учрахгүй байх байсан. Иймд бидний хохирол болох 13.7550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “2016 оны 06 сарын 30-ний шөнө 01 цаг 27 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 23-11 тоотод гал гарч байсан гэсэн дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ, гал унтраах машины жолооч, ахлагч Б.Лхагвасүрэн, ахлах ахлагч П.Даваадорж, ахлагч М.Лхагвадорж нар гал унтраах шуурхай албаны Камаз маркын машинтай 2,5 км замыг 3 минутын хугацаанд туулан очиход 11.5x5.5 харьцаатай шавар байшин шатаж байсан. Нийт 51 минут насосыг тасралтгүй ажиллуулж 3тн ус зарцуулж 02 цаг 23 минутад галыг бүрэн унтраасан ба Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ононтал гал унтраах удирдагч О.Бат-Эрдэний хамт гал бүрэн унтарсан эсэхэд үзлэг хийж, SD250 маркийн дулаан мэдрэгч камераар нягтлан шалгахад гал түймэр бүрэн унтарсан байсан тул гал унтраах бүрэлдэхүүнд буцахыг зөвшөөрсөн.

Хоёр дахь галын дуудлага тухайн өдрийн өглөө 5цаг58 минутад ирсэн ба 11.5х5.5 харьцаатай байшингийн шатаагүй үлдсэн зүүн хэсэг галд өртөж зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсэг нурсан, дотор эд зүйл бүхэлдээ галд өртөж шатсан гал зүүнээсээ баруун тийш чиглэсэн байдалтай байсан. Байшингийн урд хэсэгт Ниссан PXAHA маркийн 2977ОРХ дугаарын машин байсан ба хажуу хэсгээрээ дулааны үйлчлэлээр хаалга, толь, гупер зэрэг хайрагдсан байсан. Гал унтраах бүрэлдэхүүн гал унтраах ажиллагаа явуулсан. Гал гарсан шалтгаан нь цахилгаан ашиглалтын дүрэм зөрчигдсөний улмаас үүсвэрлэн гарсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00121 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.498 дугаар зүйлийн 498.1,1,510 дугаар зүйлийн 510.1,514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Онцгой байдлын газраас 6,877,500 төгрөг гаргуулан Ч.Энэбишд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.498 дугаар зүйлийн 498.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,877,500 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсыг тэмдэгтийн хураамжаар төлсөн 226,700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 124,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ононтал, Л.Анхбаяр нар давж заалдсан гомдолдоо: Эхний галын дүгнэлт Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03-ын 2.1-д заасан цахилгаан угсралтын дүрэм зөрчсөний улмаас болж гарсан болох нь тогтоогдсон. Хоёр дахь галын дүгнэлт гадны нөлөөний улмаас гарсан байх магадлалтай гэж гарсан. Гал гарах үед гэрийн эзэд байхгүй холбоо барих гэсэн боловч утас холбогдох боломжгүйн улмаас холбоо барьж чадаагүй тул эхний галыг унтраагаад аймгийн Цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд дэд ахлагч Баттулгад мэдэгдсэнийг аймгийн Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээж авах бүртгэлийн дэвтрийн 43 дугаарт бүртгэгдсэн байгаа. Мөн тус багийн нутаг дэвсгэрт дуудлагаар ажиллаж байсан 2 цагдаагийн албан хаагчид мэдэгдээд явсан. Нэхэмжпэгч Ч.Энэбиш нь 2016.07.08-ны өдрийн 92,93/22 дугаартай гал түймэр гарсан тухай актын эхний галын дүгнэлтийг өөрөө хүлээн зөвшөөрдөг.

ЭБШХуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т “Гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа бол тохиолдолд ... эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд дараах хойшлуулшгүй ажиллагааг явуулна” гэж заасан ба 2016.06.30-ны шөнө 02-цагаас ОЗ10 цагийн хооронд гал гарсан нөхцөл байдалд үзлэг хийхэд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03-ын 2.1-д заасан цахилгаан угсралтын дүрэм зөрчсөний улмаас гал гарсан болох нь урьдчилсан үзлэгээр илэрсэн ба дахин гал гарч болзошгүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй гадны нөлөө байхгүй байсан учир хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагагүй юм. Мөн нэхэмжпэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэтэл аймгийн Онцгой байдлын газар галыг дутуу унтрааснаас болж дахин гал гарсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байхад хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрвээ шүүх дахин гарсан гал түймрийг гадны нөлөөгөөр гарсан уу эсвэл дутуу унтраасан гэж үзэж байгаа нь тодорхой баримтаар тогтоогдохгүй эргэлзээтэй байвал түүнийг үнэлэхгүй байх ёстой. Уг нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв бодит талаас нь шүүх үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00121 дугаартай шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгч Д.Ариунцэцэг даргалан, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Бямбасүрэн нарыг (үг үсгийн алдаатай) бүрэлдэхүүнтэй... шийдвэрийн гарын үсэг зурж ёслох хэсэгт даргалагч, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарыг гарын үсэг зурж баталгаажуулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 “шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж үл болох” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүн шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00121 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Энэбиш гэм хорын хохирол 13.755.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...гал түймрийг зохих журмын дагуу бүрэн унтраасан, дахин гал гарсан нь гадны нөлөөтэй байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан тул хохирлыг хариуцахгүй...” гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч тус сумын Рашаант багийн 23 дугаар гудамжны 13 тоотод суух нэхэмжлэгч Ч.Энэбишийн байшинд 2016 оны 6 дугаар сарын 30-ны шөнө 1 цаг 27 минутын үед гал гарсан ба хариуцагч Онцгой байдлын алба гал түймрийн унтраасан боловч уг байшинд шөнийн 05 цаг 58 минутын үед дахин гал гарч нэхэмжлэгчийн байшин болон 13.755.000 төгрөгийн эд хөрөнгө шатаж устсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ононтал нэхэмжлэгч Ч.Энэбишийн байшинд гал гарсан талаар 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 93/22 дугаартай Гал түймэр гарсан тухай акт тогтоож гаргасан байтал хариуцагч тус аймгийн Онцгой байдлын газраас түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Энэбиш гал гарсны улмаас 13.755.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь Далайван аудит ХХКомпаний гаргасан шинжээчийн дүгнэлээр тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад шүүх хохирлын 50 хувь буюу 6.877.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/00121 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ