Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2017/00981

 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2017/00981

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* / нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******т холбогдох

Гэм хорын хохирол 13,755,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 1 цаг 15 минутад Орхон аймгийн******* Рашаант баг 23-13 тоотод оршин суугч *******ийн байшинд цахилгааны улмаас гал гарч шатаж, эхэлсэн бөгөөд энэ үед галын дуудлага үл таних иргэн өгч Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж, галыг унтраагаад явсан боловч галыг дутуу унтрааснаас болж, гал дахин гарч өглөөний 6 цаг гэхэд бүгд шатаж дууссан байсан.Хэрвээ Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн үүрэгт ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр манай гэр бүл эд хөрөнгө, сэтгэл санааны гүн их гарз хохирол учрахгүй байх байсан.Иймд бидний хохирол болох 13,7550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******,*******, Рашаантын 23-13 тоот хашаа байшинд 2016 оны 6 дугаар сарын 30 өдөр шөнө 01 цагт гал гарсан. Би өөрөө хөдөө байсан. Тэгээд Онцгой байдлынхан галыг унтраагаад явсан. Араас нь өглөө 04 болж байхад дахиж гал гараад 06 цагт Онцгой байдлын газрынхан ирсэн. Сая дүгнэлтээс харахад өглөө 06 цагт гал эхэлж ассан гэж байна. Манай байшингаас одоо юу ч үлдээгүй шатсан байгаа. Тиймээс аудитын дүнгээр гарсан 13,000,0000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 сарын 30-ний шөнө 01 цаг 27 минутанд Орхон аймгийн*******ын Рашаант багийн 23-11 тоотод гал гарч байсан гэсэн дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ, гал унтраах машины жолооч, ахлагч Б.Лхагвасүрэн, ахлах ахлагч П.Даваадорж, ахлагч М.Лхагвадорж нар гал унтраах шуурхай албаны Камаз маркын машинтай 2,5 км замыг 3 минутын хугацаанд туулан очиход 11.5x5.5 харьцаатай шавар байшин шатаж байсан. Төв шугам 20 метр ажлын шугам тус бүр 20 метр, РСБ хушуу, эвхдэг шаттай байлдааны тархалт хийж гал түймрийг унтраах ажиллагаа явагдсан. Галын хайгуулаар тус обьектын дээврийн хөндий болон барилга дотор утаажилт ихтэй, гал барилгын баруун хэсэгт тархсан байдалтай байсныг олж тогтоон гал унтраах удирдагчаас ахлах ахлагч Б.Эрдэнэбаярт цахилгаан хүчдэлийг таслах үүрэг өгч цахилгааныг таслуулан байшингийн урд хэсэгт буюу хаалган талаас эхний цонхыг хагалж эхний хошуугаар гал унтраах бодисыг бөөнөөр болон цацруулсан хэлбэрээр ойр ойрхон өгснөөр гал түймрийн тархалт зогссон байна. Байшингийн үүд цоожтой байсныг ахлах ахлагч П.Даваадорж цоожийг царил ашиглан эвдэж ороход утаажилт ихтэй гал тархаагүй байсан ба галын хайгуулыг байшингийн баруун талын хэсэгт хийхэд утаажилт ихтэй галын дөл харагдаагүй боловч өрөөний хойд хананы хэсэг болон таазны хэсэг цогшсон дулааны температур их байсан тул цацруулсан хэлбэрээр гал унтраах бодис өгч хөргөлт хийж хойд хэсэгт шатсан ор,хөргөгч,эд зүйл байсныг хананаас урагш зайлуулан,хананд цогшиж гүн шатлага явагдсан хэсэгт задаргаа хийж гал унтраах бодисыг бөөнөөр болон цацруулсан хэлбэрэрээ өгч ажилласан.Гал дээврийн хөндий рүү орсон байсан тул ...дээврийн хөндийд галын хайгуулыг үргэлжлүүлэн хийлгэж задаргаа хийлгэж гал тархан дэлгэрэх бололцоогүй болгож унтрааж байшингийн зүүн тал болон үүдний хэсэгт хураагдсан эд зүйлийг гал түймэрт өртөхөөс авран хамгаалсан байна.Нийт 51 минут насосыг тасралтгүй ажиллуулж 3 тн ус зарцуулж 02 цаг 23 минутад галыг бүрэн унтраасан ба Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ононтал гал унтраах удирдагч О.Бат-Эрдэний хамт гал бүрэн унтарсан эсэхэд үзлэг хийж,SD250маркийн дулаан мэдрэгч камераар нягтлан шалгахад гал түймэр бүрэн унтарсан байсан тул гал унтраах бүрэлдэхүүнд буцахыг зөвшөөрсөн.Тухайн айл эзэнгүй байсан тул холбоо барих утасны дугаарыг хойд гудамжны хүн гэх 45 орчим насны хүнээс авч залгахад холбогдох боломжгүй байсан тул Цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд мэдэгдэж байшингийн хаалгыг модоор дарж хашааны хаалгыг дотроос нь түгжээд үзлэгийн тэмдэглэлийг 3 цаг 00 минутад хөтлөж дуусгаад хөдөлсөн.Рашаант багийн 20 дугаар гудамжны орчим эргүүлийн цагдаатай таарч эзэнгүй айл үлдсэн талаар давхар мэдэгдсэн.

Хоёр дахь галын дуудлага тухайн өдрийн өглөө 5 цаг 58 минутад ирж гал унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ, гал унтраах машны жолооч О.Гантөгс, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Б.Эрдэнэбаяр, Б.Лхагвасүрэн, П.Даваадорж, ахлагч М.Лхагвадорж нар очиход 11.5х5.5 харьцаатай байшингийн шатаагүй үлдсэн зүүн хэсэг галд өртөж зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсэг нурсан,дотор эд зүйл бүхэлдээ галд өртөж шатсан гал зүүнээсээ баруун тийш чиглэсэн байдалтай байсан.Байшингийн урд хэсэгт Ниссан PXAHA маркийн 2977ОРХ дугаарын машин байсан ба хажуу хэсгээрээ дулааны үйлчлэлээр хаалга,толь,гупер зэрэг хайрагдсан байсан.Гал унтраах бүрэлдэхүүн ...гал унтраах ажиллагаа явуулсан.

Гал түймэрийн хэргийн материалд үндэслэн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтооход эхний шатлагад өртсөн баруун талын хэсэг нь 5.5х6 хэмжээтэй,модоор барьж гаднаас нь шавардсан хийц бүтэцтэй байсан ба хөргөгчний ард цахилгааны залгуураас шалтлага явагдаж улмаар дээврийн хөндий рүү орсон байгаа нь цахилгаан ашиглалтын дүрэм зөрчигдсөний улмаас үүсвэрлэн гарсан байна.5.5х5.5 хэмжээтэй дараагийн шатлагад өртсөн зүүн талын хэсэг нь банзаар сунгалт хийж баригдаж,гэрийн эд зүйлс хураасан байсан.Эхний шалтага явагдсан газраас 4-5 метрийн зайд шатлага явагдаагүй газарт шинээр үүсвэрлэн гарсан, дотогш цөмөрч нурсан зүүн урд хэсгийн дээвэр болон үүдний хэсгийн шатлагын байдлаас үзэхэд байшингийн зүүн урд хэсгээс буюу байшингийн шатаагүй үлдсэн үүдний хэсгээс галын голомт үүсвэрлэн гарсан байгаа нь эхний шатлагаас үүссэн байх үндэслэлгүй юм.

Гал түймэрийг бүрэн унтраасны дараа байшин доторхи шатаагүй үлдсэн эд зүйлс хараа хяналтгүй цоож цуургагүй үлдсэн нь гадны нөлөөтэй гал түймэр гарсан байх магадлалтай акт тогтоогдсон байна.Учир нь тус байшингийн цахилгааны утсыг байшин руу орсон хэсгээр нь тасалж аюулгүй болгосон.Эхний галыг унтраасны дараа үзлэг хийж байхад байшин дотор 5см ус тогтсон байсан.Галыг бүрэн унтрааж дуусаад ажлын байрандаа ирсэний дараа салааны захирагч дэслэгч О.Бат-Эрдэнэ холбооны гар станцаа гал унтраах явцад хэргийн газар орхисон тухай мэдэгдэж ахлах ахлагч Л.Энх-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарыг 04 цагийн орчимд явуулж гар станцаа авахуулахад гал түймэр бүрэн унтарч утаажилгүй болсон байсан байна.Иргэд орон байр эд хөрөнгөө удаан хугацаагаар хараа хяналтгүй орхиж, галын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохиролоо Онцгой байдлын байгууллагаар барагдуулах сонирхолтой байдаг. Иймд иргэн Энэбишийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхний дуудлага Онцгой байдлыг газарт 01 цаг 27 минутад ирсэн. Дараагийн дуудлага 06 цаг 01 минутад ирсэн. Эхний дуудлагаар галыг бүрэн унтрааж дуусаад, гал түймрийн удирдагч байцаагчид мэдэгдээд байцаагч хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгэхэд цахилгаанаас болсон гэмт хэргийн шинжгүй байсан учраас цагдаагийн газарт мэдэгдсэн. Тухайн үед мэдэгдсэн байдал нь жижүүрийн работаас харагдаж байгаа. Хойшлуулшгүй ажиллагааг гэмт хэргийн шинжтэй, шалтгаан нөхцөл нь тодорхойгүй тохиолдолд явуулна гэж заасан байдаг. Тухайн үеийн нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй, шалтгаан нь тодорхой байсан учраас хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй. Хэрэг бүртгэлээ өглөө хийе гэсэн тохиролцоонд хүрээд явсан. Бид нар галыг бүрэн унтраасан талаар 3 нотлох баримт байгаа. Хэргийн газар үзлэг хийж, дулааны багажаар хэмжиж, манай байцаагч тус газар станцаа хаяад 4 цагийн үед хүн явуулахад утаажилт байхгүй, ус шагайгаар татсан байсан гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Ингээд галыг бүрэн унтраасан нь нотлох баримтаар тогтоогдож байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Орхон аймгийн Онцгой байдлын газраас гэм хорын хохирол 13.755.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Орхон аймгийн Баян-өндөр сумын Рашаант багийн 23-13 тоотод байршилтай нэхэмжлэгч *******ийн байшинд цахилгааны улмаас гал гарсан байх бөгөөд Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж галыг унтраагаад явсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гал түймрийг дутуу унтрааж явсанаас болж гал дахин гарч өглөөний 06 цаг гэхэд бүгд шатаж дуусаж гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн 13.755.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 01 цаг 15 минутанд гал гарсан, үл таних хүний өгсөн галын дуудлагын дагуу Онцгой байдлын бие бүрэлдэхүүн ирж галыг унтраасан гэдэг дээр маргахгүй байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг галыг дутуу унтрааж явсаны улмаас гал дахин гарч эд зүйл нь шатаж хохирол учирсан гэж үзэж байна.

Дээрх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж,Орхон аймгийн Прокурорын газрын 2016-08-11-ний өдрийн 5/289 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. / хх-3-р тал/,

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн № 92,93/22 дугаартай актанд гал түймэр гарсан шалтгааныг хэргийн газрын үзлэг, гэрч холбогдогчоос авсан тайлбар, гал түймэр гарсан газрын шатлагын байдал зэргийг нэгтгэн үзэхэд гал анх байшингийн баруун хэсэгт гарсан ба энэ нь цахилгаан угсралтын журам зөрчигдсөнөөс, дахин гал гарсан нь байшингийн зүүн хэсэгт гарсан байх ба энэ нь гаднын нөлөөтэй гарсан байх магадлалтай байна, гал түймрийн улмаас 13.755.000 төгрөгийн хохирол учирсныг Далай ван аудит ХХК-ны ******* салбар үнэлгээний байгууллага тогтоосон байна.

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаартай шүүхийн тогтоолоор шинжээчээр томилогдсон шинжээч Гамшиг судлалын хүрээлэн, Гамшиг туршилт шинжилгэний төвийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9/217 тоот дүгнэлтэнд : 1. Орхон аймгийн Онцгой байдлын газрын байцаагч Ш.Ононталын 2016-07-08-ны өдрийн 93/22 дугаартай Гал түймэр гарсан тухай актын гал түймэр гарсан шалтгааныг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна 2. Гал унтраасан нотломжийн гал унтраасан схемд гал түймрийн голомт 2 өөр тусдаа газар тэмдэглэгдсэн байна.Тиймээс Орхон аймгийн онцгой байдлын байцаагч Ш.Ононталын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 93/22 дугаартай гал түймэр гарсан тухай актын гал түймэр гарсан шалтгаан хэсэгт тусгагдсан гал түймрийн голомтыг зөв тогтоосон гэж үзэж байна 3. Дуудлага ирсэн 06 цаг 02 минутаас дуудлага өгөхөөс өмнөх чөлөөт шаталтын хугацаа болох 10 минутыг хасвал 05 цаг 52 минут гарч байна. Өөрөөр хэлбэл анхны дуудлагаар ажиллаж гал түймрийг унтраасан гал унтраах салааны буцсан 02 цаг 36 минутаас хойш 3 цаг 16 минутын дараа өөрөө асах боломжгүй юм.Учир нь гал түймэр унтраах үед усны хөргөлт байшин дотор бүрэн хийгддэг учраас дахин асах боломж хязгаарлагддаг. 4.5. Хавтас хэрэгт авагдсан баримтаар гал түймрийн нөхцөл байдлыг тодорхойлох хайгуулын ажиллагааг бүрэн хийж дуусгасан гэж шинжээчийн зүгээс үзэж байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй галыг бүрэн унтраасан 2 дахь гал өөр эх үүсвэрээс болж гарсан, эхний галыг дутуу унтрааснаас дараагийн гал гарсан гэж үзэх үндэсгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлаа нотлох баримтаар няцааж чадахгүй байна. Мөн үүрэгт ажилдаа хайнга хандаж, галыг унтраасны дараа нэгэнт эзэнгүй айл үлдсэн үед зохих журмын дагуу холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэж өгөөгүй.

Онцгой байдлын газар 2016 оны 7 дугаар сарын 08-нд 92,93/22 дугаартай гал түймэр гарсан тухай акт үйлдэхдээ гал түймэр гарсан шалтгааныг ...гал анх байшингийн баруун хэсэгт гарсан ба энэ нь цахилгааны угсралтын дүрэм зөрчигдсөнөөс, дахин гарсан гал нь байшингийн зүүн хэсэгт гарсан байх ба энэ нь гадны нөлөөтэй гарсан байх магадлалтай байна гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч анх гарсан галыг цахилгааны угсралтын дүрэм зөрчигдсөнөөс гарсан гэх дүгнэлтийг зөвшөөрсөн, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.-д иргэн, аж ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүйгээс гал гарсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Шинжээч нь гал түймэр унтраах үед усны хөргөлт байшин дотор бүрэн хийгддэг учраас дахин асах боломж хязгаарлагддаг, гал түймрийн нөхцөл байдлыг тодорхойлох хайгуулын ажиллагааг бүрэн хийж дуусгасан байна гэж дүгнэсэн байх боловч гал түймэр гарсан газар Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах салаа анхны дуудлагаар ажиллаж гал түймрийг унтраасан, дараа нь дахин гал гарсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч гал дутуу унтрааснаас болж, дахин гал гарч, байшин бүрэн шатаж дууссан гэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд эд хөрөнгийн хохирол 13.755.000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч түүний галын аюулгүй байдлыг хангаагүй буруутай байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж нэхэмжлэгчид учирсан хохирол болох 13,755,000 төгрөгний 50 хувьтай тэнцэх төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Онцгой байдлын газраас 6.877.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 6.877.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасаныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 226.700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 124.990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА