Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0100

 

 

“МИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч “МИ” ХХК

Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын “МИ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/01 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан атлаа байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлээгүй эс үйлдэхүй болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус албан бичиг болон түүний хавсралт төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд нөхөн бүртгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2021/0040/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МИ” ХХК нь Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын “МИ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/01 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан атлаа байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлээгүй эс үйлдэхүй болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тус албан бичиг болон түүний хавсралт төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд нөхөн бүртгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталж, нэхэмжлэгчид хүргүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр:

2.1. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийн 1/, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “МИ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 03/01 дүгээр албан бичиг, XV-017762 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлээгүй, төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн 2021 оны 03/01 дүгээр албан бичиг, XV-017762 дугаартай тусгай зөвшөөрлийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирсэн бичгийн бүртгэлд нөхөн бүртгэж, батлахыг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад даалгаж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Алдархаан сумын Засаг дарга болон сумын Засаг даргын Тамгын газарт хаяглан шуудангаар болон цахимаар хаягаар “МИ” ХХК-аас албан бичиг, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө одоог болтол ирүүлээгүй байгаа нь тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад шүүхээс хариуцагч Ю.Д-г хүсэлт, төлөвлөгөөг хүлээн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт: ...Хариуцагчаас өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар нэхэмжлэгч компанийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль бус байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасан хугацаанаас өмнө буюу нэг сарын өмнө Төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай бүрдүүлбэрт байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байхыг шаардаж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусах тул 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө сумын Засаг даргаар тухайн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байхаар байна.

Гэтэл тус компаниас 2021 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эх хувиар ирүүлээгүй бөгөөд хуулбарыг албан бичиггүйгээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн гэсэн тайлбараас харахад нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулинд заасан үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “МИ” ХХК нь Завхан аймгийн Алдархаан сумын Хашаат нэртэй газарт 4311.55 гектар талбай бүхий XV-017762 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалы газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 286 дугаар шийдвэрийн дагуу эзэмшиж эхэлсэн бөгөөд мөн даргын 2018 оны  04 дүгээр сарын 09-ний өдрийн 221 дугаар шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан байна.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, гэж тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргах үүрэгтэй.

3.3. Мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж зааснаар шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлж батлуулна.

3.4. Ийнхүү нэхэмжлэгчээс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/01 албан бичгээр Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах тухай” хүсэлтээ явуулсан боловч хариуцагчаас аливаа хариу өгч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байна.

3.5. Өөрөөр хэлбэл 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Үзлэг хийсэн тухай” баримтаас үзвэл хариуцагч Засаг даргын зүгээс “Өнөөдрийн байдлаар манайд эх хувь баримт ирүүлээгүй, Хуулбар хувиар ирүүлсэн төлөвлөгөөг Засаг дарга өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э өгсөн...” гэх тайлбар хийсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс удаа дараа биечлэн уулзаж байсныг хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаас үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүйг зөвтгөх боломжгүй байна.

3.6. Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно…”, 12 дугаар зүйлийн 12.6-д “Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно”, 12.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, … ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга цахим сүлжээгээр хүсэлт хүлээн авсан байх тул төрийн байгууллагад холбогдох журмын дагуу бүртгүүлж, хуульд заасан хугацаанд хариу өгөх үүргээ биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ... үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана” гэж зааснаар хэрэв менежментийн төлөвлөгөөг эх хувь биш хэмээн шаардлага тавьж байгаа тохиолдолд хүсэлтийг буцааж, засах боломж олгох байтал шийдвэрлэлгүй орхигдуулах хуулийн зохицуулалт байхгүй.

3.7. Зүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална.” 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг хүлээн авч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах ёстой бөгөөд хуульд төлөвлөгөө батлахгүй байх шаардлага нөхцлийг тусгаагүй.

3.8. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусах тул 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө сумын Засаг даргаар тухайн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байхаар байна...” гэх гомдлын тухайд хариуцагчийн тайлбарлаж буй 30 хоногийн өмнө хандах хуулийн зохицуулалт нь менежментийн төлөвлөгөө батлуулахтай холбоотой харилцаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА