Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00073

 

                               Д.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00131 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-д холбогдох

“Захирлын Б/96 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч У.Уламнэмэх, Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө ээлжтэй байсан ба хөдөө явах яаралтай ажил гарсан тул ажлын байр руу нэвтрэн чөлөө аваад буцахаар ажилдаа очиход Бамбай-Уул ХХК-ийн харуул саатуулж, миний өврөөс 1 шил архи гарсан шалтгаанаар намайг дотогшоо нэвтрүүлэхгүй гэсэн тул би гадаа үүднээс ашиглалтын инженер 99043481 дугаартай Лхагвасүрэнд энэ тухай хэлж чөлөө аваад машин дуудаж буцсан. Гэтэл энэ шалтгаанаар намайг ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалд: 11 дүгээр сарын 03-ны оройн ээлжинд гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрээт харуул хамгаалалтын Бамбай-Уул ХХК-ний актаар тогтоогдсон тул гэх шалтгаанаар Д.Эрдэнэбаатар намайг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа тул дээрх тушаал хууль бус үндэслэлгүй гэж үзэж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захирлын Б/96 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Д.Эрдэнэбаатар намайг Түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн ажилд эгүүлэн тогтоох. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин олговорыг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-наас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Уламнэмэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Эрдэнэбаатар нь ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ЭДЦС ТӨХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/8 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл авагдаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны оройн ээлжийн ажилд ирэхдээ өөрөө согтууруулах ундаа хэрэглэн мөн согтууруулах ундаа /архи/ авч ирэн ажлын байранд нэвтрэх үөд Бамбай-Уул ХХК-ны харуул хамгаалалтын ээлжийн ахлагч Э.Будрагчаа, хамгаалалтын албан хаагч Э.Баттулга нар зогсоож архийг нь актаар хураан авч, согтууруулах ундаа хэрэглэсэн учир ажилд нь гаргалгүй буцаан явуулсан. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.11 дүгээр заалтанд: Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис үл хэрэглэн согтуурлын буюу мансуурлын байдалтай ажлын байранд ирэхгүй байх, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т: Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтыг мөрдөхөөс гадна дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлана гэсэн заалттай, 9.2.11 заалтанд: Урт богино хугацаагаар ажил таслах, согтуурлын буюу мансуурлын байдалтай үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэвтрэх, өвчний акт худал мэдүүлэх, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй мэдээллийн журам зөрчих зэрэг нь сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно. Д.Эрдэнэбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №А/8 тоот тушаалаар зөрчил гарган Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 2-р заалтыг үндэслэн үндсэн цалинг 2 сар 30 хувиар бууруулах арга хэмжээ авагдсан боловч Хөдөлмөрийн хуулийн 131.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан нь ЭДЦСтанц ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 2-р заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 6.5.3-т Станцын нутаг дэвсгэрт хөдөлмөрлөж байхдаа болон ажилд гараагүй үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар нэвтэрч орсон согтууруулах ундаа зарж борлуулсан зэрэг заалтыг зөрчсөн нь ажил олгогчын санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00131 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/96 дугаартай тушаалын Д.Эрдэнэбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Эрдэнэбаатарыг түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн туслах машинчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 3 448 158 төгрөгийг хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-с гаргуулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Эрдэнэбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-с улсын тэмдэгтийн хураамжинд 140 320 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч У.Уламнэмэх, Д.Отгонбат нар давж заалдсан гомдолдоо:

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.11 дүгээр заалтанд: Ажпын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис үл хэрэглэн согтуурлын буюу мансуурлын байдалтай ажпын байранд ирэхгүй байх, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т: Хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг мөрдөхөөс гадна дараах тохиолдолд ажил олгогчын санаачилгаар шууд цуцлана гэсэн заалттай, 9.2.11-д: Урт, богино хугацаагаар ажил таслах, соггуурлын буюу мансуурлын байдалтай үйлдвэрийн нутаг дэвсгэрт нэвтрэх, өвчний акт худал бүрдүүлэх, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй мэдээллийн журам зөрчих зэрэг нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж тусгагдсан. Гэтэл Д.Эрдэнэбаатар нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн ирсэн тухай тус байгууллагатай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан “Бамбай-Уул” ХХК-ийн тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан харуул хамгаалалтын ээлжийн ахлагч Э.Будрагчаа, О.Мөнхбаяр, хамгаалалтын албан хаагч Э.Баттулга нарын тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот акт мөн 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Д.Эрдэнэбаатар нь өөрийн гаргасан тайлбартаа “Ажилдаа халамцуу орж ирсэн” гэсэн нь нотолгоо болж байна.

Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны №142/ШШ2016/00131 тоот шийдвэрт ажилтан Д.Эрдэнэбаатарын согтуурлыг хэмжих багаж ашиглан согтуурлын зэргийг тодорхойлоогүй, үлээхгүй гэж эсэргуүцсэн тохиолдолд холбогдох байгууллагад хүргүүлж арга хэмжээ аваагүй, зөвхөн үнэрлэх мэдэрхүйгээ ашиглан согтуу байсан гэсэн дүгнэлт акт үйлдсэн нь хангалтгүй байна гэжээ. Энэ нь шүүх зөвхөн багаж ашиглан согтуурлын зэрэг тогтоогоогүй гэдэг нэг талыг барьсан шийдвэр болжээ. Д.Эрдэнэбаатар нь архи, согтууруулах ундаа уугаагүй бол яагаад үнэрлүүлэхгүй гэж эсэргүүцсэн юм бэ? Зүгээр байсан бол бусдын адил шалгуулаад ажилдаа орж болох байсан биш үү. Гэтэл энэ үйл явцад харуул хамгаалалтын ажилтнууд Эрдэнэбаатарыг согтолттой байсан гэсэн акт дүгнэлт, биедээ архи авч орох гэсэн оролдлого, маргааш нь өөрийнх нь гаргаж өгсөн “Ажилдаа халамцуу ирсэн, дахин ажлын байранд ийм дутагдал гаргахгүй, буруугаа хүлээн зөвшөөрч, алдаагаа давтахгүй” гэсэн тайлбарыг яагаад нотолгоо гэж үзэхгүй байгаа тухай.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар нь “...Хөдөө идшиндээ явах гээд архи авч явсан...” гэж тайлбарлаж байгаа боловч Цехийн дарга, ашиглалтын инженерт утсаар мэдэгдэж чөлөө авах боломжтой, өөр унаа, машинаар ажлын байранд ирж болох байсан ажиллагсад болон бусдаар дамжуулан чөлөөний өргөдөл хүсэлтээ гаргах боломжтой байтал заавал ажилчдын унаагаар согтуурлын байдалтай өвөртөө архи авч орж баригдахаараа “Чөлөө авах гэж явсан юм” гэж хэлээд өөрийгөө зөв гэсэн ойлголт төрүүлэх гэж байгаа нь энэ компанийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа Эрдэнэбаатар болон сахилгын ийм зөрчил гаргасан ажилтнуудад цаашид ямар муу үр дагавар үүсч болохыг шүүгч шийдвэртээ харгалзан үзсэнгүй ээ.

Архидан согтуурах асуудалтай холбогдуулан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг олон талаас нь харж үзэж Шүүх шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. Шүүх хуралд нэхэмжлэгч талын хэлж, ярьж байгаа тайлбар нь анх гаргаж өгсөн бичиг баримтын тайлбараасаа зөрүүтэй, тайлбарын шаардлага хангахгүй байгаа нь эргэлзээгүй талаас нь үнэлэхийн оронд ИХШХШТХ-ийн 40.2-т заасан ... Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №142/ШШ2016/00131 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/96 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус байгуулагын түлш дамжуулах цехийн вагон хөмрөгчийн туслах машинчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.448.158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь туслах машинч Д.Эрдэнэбаатар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатарыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны шөнө ээлжинд гарахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрээт харуул хамгаалалтын Бамбай-Уул ХХКомпаний актаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  нэхэмжлэгчийг вагон хөмрөгчийн туслах машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг хариуцагч байгууллагаас олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн байна.

Хэдийгээр тус байгууллагын гэрээт харуул хамгаалалтын Бамбай-Уул ХХКомпаний албан хаагч зохих журмын дагуу шалгахад нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар согтуу, 0.5 литрийн Ерөөл архи авч ирсэн  зөрчил гаргасан учир түүнийг тухайн өдрийн ээлжинд гаргуулахгүйгээр буцаасан болох нь хэрэгт авагдсан  тус байгууллагын харуул хамгаалалтын хэсгийн 2016 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд ажилласан талаарх илтгэх хуудас, 11 дүгээр сарын 03-ны өдрийн № 4 тоот “Харуул хамгаалалтын объектод гарсан зөрчил, түүнтэй холбоотой эд зүйлийг цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн акт”-аар тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар тухайн өдрийн ээлжинд согтуу ирж  Хөдөлмөрийн гэрээний 6.5.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.11-д  сахилгын ноцтой зөрчилд  “ үйлдвэрийн нутаг дэвсгэрт согтуугаар нэвтрэх, нэвтэрч орсон”-ыг тооцохоор зохицуулагдсан ба нэхэмжлэгчийг тухайн өдрийн шөнийн ээлжинд ирэхдээ согтуу ирсэн гэдгийг ажил олгогч нотолж чадаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Эрдэнэбаатар нь шөнийн ээлжинд гарахаар ирэхдээ архитай ирсэн боловч согтуу ирснийг тогтоогоогүйгээс гадна үйлдвэрийн бүсэд нэвтэрч ороогүй байхад тус байгууллагын харуул хамгаалалтын гаргасан актаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан  сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан агуулгад нийцээгүй болно.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул  шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...шүүх согтуурлын зэрэг тогтоогоогүй гэсэн нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Уламнэмэх, Д.Отгонбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ЭДЦС ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.320 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.УРАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                     Б.БАТТӨР

                                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ