Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00079

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр суманд байрлах “Э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбайд байршилтай “Э ү” ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэг 219435000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 142/2017/00131/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хураалдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1976 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, Б овогт М.Э

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1963 онд төрсөн, 55 настай, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Орхон аймгин Баян-Өндөр суманд оршин суух Бовогт Д.Г

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1976 онд төрсөн, 42 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон аймгин Баян-Өндөр суманд оршин суух З овогт Х.Б  нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь "Э ү" ХХК-тай 2015 оны 03 дугар сарын 13-ны өдөр 5/061-15 тоот арилжааны гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр "Э ү" ХХК-ний эзэмшилийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 2-55, Хурд хороололын 73 дугаар байрны хажууд байрлах 460,8м2 талбай бүхий бодибилдинг фитнес клубыг манай компаний эзэмшилийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-45 дугаар байрнаас 45,5м2-55,45м2 хүртэлх хэмжээтэй 10 ширхэг байруудыг "Далай ван Аудит" ХХК болон "Найдвар Од Аудит" ХХК-иудаар үнэлгээ гаргуулан солилцох болсон юм. Гэвч "Э Ү" ХХК-наас гэрээний дагуу 460,8м2 бүхий үл хөдлөх хөрөнгийг манай компаний эзэмшилд шилжүүлэх байтал 89,1 м2-аар дутуу обьект шилжүүлсэнийг бид барилгын засвар үйлчилгээ хийх явцад мэдэж энэ асуудлаар "Итгэлт-Эстимэйт" ХХК-иар хөрөнгийн үнэлгээ болон хэмжилт тогтоолгоход 371,7м2 болж 915420500 төгрөг болсон. Зөрүү талбайн хэмжээ 89,1м2-аар дутаж мөнгөн дүнгээр 219435000 төгрөгийн хохирол манай компанид үүсээд байна. Энэ асуудлаар "Э Ү" ХХК-д удаа дараа албан бичгээр хандсан боловч зөвхөн үл хөдлөхийн гэрчилгээн дээрх тоо хэмжээгээр гэрчилэгдсэн мэт үзэж байна. Гэрээ ёсоор 5.1 (маргаан шийдвэрлэх)-т зааснаар арилжааны гэрээг байгуулагч аль нэг тал эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний нөгөө тал гэрээнээс татгалзах саналыг бичгээр хүргүүлэх ба аливаа маргааныг хэлэлцэх замаар шийдвэрлэнэ гэж" заасан хэдий ч "Э Ү" ХХК асуудлыг хэлэлцэх замаар биш буруутгах байдлаар бидэнд хандаж байна. Энэхүү арилжааны гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр бөгөөд гэрээний 2.1 болон 2.2-т зааснаар энэхүү гэрээний үйлчлэх хугацаа нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хүчин төгөлдөр мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учируулсан хохиролыг буруутай тал бүрэн хариуцна гэж заасан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 10 ширхэг орон сууцаа "Э Ү" ХХК-ний нэр дээр ямар нэгэн талбайн хэмжээний зөрүүгүй доголдолгүй шилжүүлсэн. Иймд "Э ү" ХХК-наас гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас манай компанид үүсээд байгаа 219435000 төгрөгийг гаргуулж бидний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э г” ХХК нь “Э Ү” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Арилжааны гэрээ” байгуулсан. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг үндэслэн гэрээний нөхцлийг тохирсон. “Э Ү” ХХК-ийн өр барагдуулах албанд очоод удсан фитнес клубыг “Э Г” ХХК-ний барьсан 30 айлын орон сууцнаас 10 ширхэг орон сууцыг хүлээлгэж өгөөд Улаанбаатар хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг авсан. Тухайн “Арилжааны гэрээ” байгуулагдаад мэдэх боломжгүй нэг зүйл байсан. “Э Ү” ХХК нь Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Далай ван аудит” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байсан. Тухайн үнэлгээгээр ямар нэгэн байдлаар хэмжилт хийгээгүй. Шууд гэрчилгээнд байсан м2-ыг бичсэн. Үүний дагуу бид “Итгэлт Эстимэйтс” ХХК-нд хандаж үнэлгээ хийлгэхэд хэмжилт үнэлгээний тайлангаар 219435000 төгрөг буюу 89,1 м2 дутуу болох нь тогтоогдсон. Аудитын компаниар хоёр тал хоёулаа үнэлгээ хийлгэсэн. “Э Ү” ХХК нь “Далай ван аудит” ХХК-иар үнэлгээ хийлгэхдээ зөвхөн арилжих, худалдан борлуулах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үндэслэлээр үнэлгээ хийлгэсэн. “Э Г” ХХК нь гадна талын саравчийг өргөтгөл хийж, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр кофе шоп барих зорилгоор барилгын хүмүүсээр хэмжилт хийлгэхэд 89.1 м2 талбай дутуу байсан. Тухайн хөрөнгө шилжүүлсэн үнэлгээний зөрүүг бодуулахад “Танай байгууллагын хохирол 219435000 төгрөг болж байна” гэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан үүсгээд явахад “Э Ү” ХХК “Итгэлт Эстимэйтс“ компаний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Бидний зүгээс “Далай ван аудит” ХХК-ний үнэлгээний байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр үнэлгээний байгууллага томилуулаад хамгийн эцсийн байдлаар “Вэндо” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 360.617 м2 талбайтай байна, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн 460.8 м2 тайлбайн хэмжээнд хүрэхгүй гэдгийг тогтоосон. Тухайн үнэлгээний компани томилогдоход талуудаас оролцуулаагүй, шүүх өөрөө томилсон. Хэмжилтийн тусгай багажаар хананаас хананы хооронд, ойсноос ойсны хооронд нарийн хэмжиж гаргасан. Гэрээний 2 дугаар хэсэгт заасан гэрээний үйлчлэх хугацаа, хариуцлага гэдгийг үндэслэж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг буруутай тал бүрэн хариуцна гэж заасан. Гэрээг байгуулснаар эрх зүйн харилцаанд орсон, энэхүү гэрээний 2.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Гэрээний 5.1-д “Арилжааны гэрээ” байгуулагч аль нэг тал нь эрхийн доголдолгүй, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах саналыг бичгээр хүргүүлэх ба аливаа маргааныг хэлэлцэх замаар шийдвэрлэнэ гэж заасан. Нэгэнт хэлэлцэх замаар шийдвэрлэх боломжгүйд хүрвэл маргааныг харьяа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж заасан. “Э Ү” ХХК-нд удаа дараа албан бичиг өгсөн боловч албан бичгийг хүлээн авсан ерөнхий захирал болон хуулийн хэлтсийн дарга тухай бүр хариу өгч байгаагүй. Бид 2015 оны 06 дугаар сараас эхлээд албан бичиг өгч эхэлсэн. Албан бичгийн хариу 4,5 сарын дараа ирж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариу бичиг ирсэн. Гэрээний ерөнхий хугацаа 10 жил, арилжааны гэрээ хугацаа 3 жил, үл хөдлөхтэй холбоотой гэрээ 6 сар гэж яригдаад байгаа нь албан бичгүүдээр хугацаа нь байгаа гэдэг нь харагдана. Гэрээний талуудын эрх үүрэг хэсэгт “Э Ү” ХХК нь өөрийн эзэмшлийн объектын өмчлөх эрхийн гэрчилгээг “Э Г” ХХК-нд шилжүүлэн өгнө гэж заасан. Гэтэл дутуу м2 талбайтай объект шилжүүлсэн нь “Э Г” ХХК-ийн хууль ёсны эрх ашигийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.  “Э Ү” ХХК нь “Э Г” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. “Э Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зарим нэгэн үйлчлүүлэгчид таалагдахгүй байгаа байрыг сольж өгөх, нар руу харсан цонхтой байраар сольж өгч байсан. “Э Г” ХХК нь гэрээний дагуу бүх үүргээ биелүүлсэн. Иймд “Э Г” ХХК-ийн нэхэмжилж байгаа 219435000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Г” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд “Э Г” ХХК нь “Э Ү” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5/061-15 тоот Арилжааны гэрээний дагуу хүлээн авсан Улаанбаатар хотын 6 дугаар хороо, Их тойруу 2-55, Хурд хорооллын 73 дугаар байрны хажууд байрлах 460,8 м.кв талбай бүхий бодибилдинг фитнес клубын барилгын талбайн хэмжээнээс 89,1 м.кв дутсан учраас 219435000 төгрөгийг “Э Ү” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манай компани “Замбала” ХХК-иас авах авлагадаа фитнесс клубын барилга байгууламжийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Өр барагдуулах 5/024-13 тоот гэрээний дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан бөгөөд үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага “Далай ван аудит” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг барилга байгууламж эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхэд тоосгон барилга нь цутгамал бетонон суурьтай, нийт талбай нь 460,8 м.кв-аар тооцогдон үнэлэгдсэн. “Э Г” ХХК нь өөрийн эзэмшлийн /Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-45 дугаар байр/ 10 ширхэг орон сууцаар манай эзэмшлийн фитнес клубыг солилцож арилжих санал ирүүлснийг хүлээн авч судалж үзээд “Э Г” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Арилжааны 5/061-15 тоот гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр фитнес клубын барилга байгууламжийг эд хөрөнгийн хамт хүлээлгэж өгсөн. Манай компани дээрх барилга байгууламжийг 5/024-13 тоот Өр барагдуулах гэрээний дагуу шилжүүлэн авахад “Замбала” ХХК-ний эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000178334 дугаартай гэрчилгээгээр 460,8 м.кв талбайтай, “Э Ү” ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 0002813393 дугаартай гэрчилгээгээр 460,8 м.кв талбайтай, шилжүүлж өгсөн Э Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000401930 дугаартай гэрчилгээгээр 460,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох нь дээрх гэрчилгээнүүдээр батлагддаг юм. Монгол улсын Иргэний хуулийн 183.1 дүгээр зүйлд "эрх шилжүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд "эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчийн эрх үүргийг заасан бөгөөд 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаа тогтоосон бол энэ хугацаан дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй", мөн хоёр талын байгуулсан Арилжааны гэрээний 5.2 дугаарт заасны дагуу хоер тал солилцох объктуудыг бүрэн хүлээн авсанаас хойш тус тусын өмчлөлийн объектод ямарваа нэг эрсдэл гарвал талууд өөрсдөө бүрэн хариуцна гэсэн заасан тул манай компаниийг буруутгах үндэслэлгүй юм. “Э Г” ХХК нь Арилжааны 5/061-15 тоот гэрээ байгуулах үед үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг өөрсдөө хэмжиж авах ёстой, боломжтой байсан байхад эд хөрөнгийг шилжүүлж авсаны дараа буюу хууль, гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй хохирол гаргуулахаар хандаж байгаа нь хуульд заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгахад гарах зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах үндэслэлгүй юм. Иймд арилжааны гэрээнд заасны дагуу манай компани эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул “Э Ү” ХХК-иас нэхэмжилж байгаа 219435000 төгрөгийг эс зөвшөөрч байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Э Г” ХХК нь “Э Ү” ХХК-д холбогдуулан 219435000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Э Г” ХХК нь “Э Ү” ХХК-д холбогдуулан 460,8м2 бүхий үл хөдлөх хөрөнгийг манай компаний эзэмшилд шилжүүлэх байтал 89,1 м2-аар дутуу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид үүсээд байгаа 219435000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “Арилжааны гэрээ”-нд заасны дагуу манай компани эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Гэрээг 1 м2-ын үнээр тооцож тохиролцоогүй тул “Э Ү” ХХК-иас нэхэмжилж байгаа 219435000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Э Г” ХХК хариуцагч “Э Ү” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Арилжааны гэрээ” байгуулжээ.

Гэрээнд “Э Ү” ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо Их тойруу 2-55, Хурд хорооллын 73 дугаар байрны хажууд байрлах 460.8 м2 талбай бүхий 1352826700 төгрөгийн үнэлгээтэй фитнес клубыг “Э Г” ХХК-нд, “Э Г” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Хангайн бүс худалдааны төвийн зүүн талд байршилтай 30 айлын орон сууцнаас 46.8 м2 талбай бүхий 2 өрөө байр 5 ширхэг, 45.5 м2 талбай бүхий 2 өрөө байр 1 ширхэг, 53.6 м2 талбай бүхий 2 өрөө байр 3 ширхэг, 55.45 м2 талбай бүхий 2 өрөө байр 1 ширхэг, нийт 495.75 м2 талбай бүхий 1352826700 төгрөгийн үнэлгээтэй 10 ширхэг орон сууцыг “Э Ү” ХХК-нд харилцан шилжүүлэхээр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгчээс 460.8 м2 талбай талбайтай фитнес клуб хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 371.7 м2  талбайтай орон сууц хүлээлгэн өгсөн тул зөрүү 89.1 м2 талбайн үнэ 219435000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байх боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сард фитнес клубын талбайн хэмжилтийг хийлгэж зөрүүтэй болохыг тогтоосон гэж тайлбарласан. Иргэний хуулийн Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч шүүхийн хэлэлцүүлэгт орон сууцыг 2015 оны 03 дугаар сард хүлээлцсэн талаар маргаагүй.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэжээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 253 дүгээр зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой байвал худалдан авагч нь уг доголдлыг арилгуулах, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ижил төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, худалдагч дээр дурьдсан байдлаар доголдлыг арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч энэхүү эрхээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаанд гаргах эрхтэй боловч орон сууцыг 2015 оны 03 дугаар сард хүлээн авснаас хойш 8 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сард хариуцагч “Э Ү” ХХК-нд албан тоот хүргүүлсэн, 20 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаарджээ.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй нь фитнес клубын талбайн зөрүүг мөнгөн хэлбэрээр тооцож доголдлоо арилгуулахаар шаардах эрхээ алдсан тул 89.1 м2 талбайн үнэд илүү төлсөн 219435000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч фитнес клубыг хүлээн авсан даруй талбайг хэмжүүлээгүй байх ба 2015 оны 11 дүгээр сард хэмжилтийг хийлгэсэн нь фитнес клубын талбайн хэмжээ бага буюу эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжгүй, уг доголдол нь далд доголдол байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Фитнес клубын талбайн хэмжээний зөрүүтэй байдал барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш болно. Иймд нэхэмжлэгч “Э Г” ХХК-ийн авсан фитнес клуб талбайн зөрүүтэй эсэх талаар хүлээж авах үедээ доголдлыг тодорхойлуулах, хэмжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар авсан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд фитнес клубын нэг м2 талбайн хэмжээг тодорхойлоогүй, фитнес клубыг м2 -аар тооцож шилжүүлсэн гэж үзэх байдал гэрээгээр тогтоогдохгүй байна. Талууд 460.8 м2  талбай бүхий фитнес клубыг 1352826700 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн нэг м2  талбайн үнэ 2462794 төгрөг гэж тооцсон нь баримтаар нотлогдохгүй, гэрээний талууд энэ үнийг тогтоож, тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч “Эрдэнэт ” ХХК-нд холбогдуулан 219435000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “Э Ү” ХХК-иас 219435000 /хоёр зуун арван есөн сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай “Э Г” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1255125 /нэг сая хоёр зуун тавин таван мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн авж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          О.ОДОНЧИМЭГ