Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ө-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Ө

Нэхэмжлэгч Ч.Ө

Хариуцагч Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай болон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Б.Б

Хариуцагч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 117/2020/0019/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Ө нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай болон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-аар маргасан байна.

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр:

2.1. “Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ө-ын Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 тоот Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 тоот Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Халамжийн сан сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9940817 /есөн сая есөн зуун дөчин мянга найман зуун арван долоо/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн Ч.Ө дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлээгүй

3.1.1. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Ч.Ө намайг Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд томилж, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/53 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн.. “Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын орон тоо хасагдсан ...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

3.1.2. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/40 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар баталж өгсөн. Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний 2018 оны ажлын байрны тодорхойлолт нь “халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ийн албан тушаалын тодорхойлолт, “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ийн албан тушаалын тодорхойлолт, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт зэргийг харьцуулан харахад нэхэмжлэгч миний хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг бусад тушаалын чиг үүрэгтэй давхцуулан заасан хангалттай нотлох баримтуудыг үнэлээгүй.

3.1.3. Энэ гурван албан тушаалын тодорхойлолтыг төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар тогтоолын 32 дугаар хавсралтаар баталсан. Албан тушаалын тодорхойлолтууд хавтаст хэргийн материалд байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/40 дугаартай бүтэн орон тоог шинэчлэн баталсан тушаалыг гаргасан Т.Б нь шүүхэд мэдүүлэхдээ “Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар албан бичгийг үндэслэн баталсан, өөрөөр хэлбэл аймгаас бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн баталсан” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгсөн байна.

3.1.4. Дээрх байдалтай холбогдуулан нэхэмжлэгч миний зүгээс Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 254 дүгээр албан бичгүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хүсэлт гаргаж Т.Б, С.Н нарыг гэрчээс асуулгасан боловч шүүхээс энэхүү баримтүүдад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

3.1.5. Мөн хариуцагч Г.Х нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 254 дүгээр албан бичигт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хариу албан бичиг ирүүлээгүй тухай 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот албан бичгээр шүүхэд тайлбар ирүүлсэн энэ хавтаст хэргийн 171 хуудаст байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтуудыг зөрчсөн.

3.2. Гуравдагч этгээдийн томилгоог хууль ёсны дагуу явагдсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.2.1. Шүүх шийдвэртээ “нэхэмжлэгчийн томилуулахыг хүссэн ТЗ-6-2 зэрэглэл, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал нь түүний өмнө эрхэлж байсан албан тушаалд Ө.Т, С.Г Ч.Ө нарын дунд шалгаруулалт явуулжээ” хэмээн хавтаст хэрэгт байхгүй баримтыг дүгнэж бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэнэ” гэж заасныг зөрчсөн. Ө.Т, С.Г нарыг томилсон гэх тайлбар, нотлох баримтыг хариуцагч ирүүлдэг ч хэрэгт эдгээр хүмүүсийг хэрхэн, ямар зарчимаар шалгаруулаад томилсон нь тодорхойгүй, хангалттай баримтыг ирүүлээгүй.

3.2.2. Мөн нэхэмжлэгч миний ажил албан тушаалыг хариуцан ажилладаг Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Н “шалгаруулалт явуулаагүй” талаар мэдүүлдэг. Үүнээс гадна хариуцагч Г.Х нь хэнийг ямар албан тушаалд томилж байгааг нийт албан хаагчдад танилцуулдаггүй, Ө.Т, С.Г нарыг хэзээ, ямар албан тушаалд томилогдсон эсэхийг ч мэдээгүй байсан. Хавтаст хэргийн материалтай танилцаж мэдсэн. Мөн сум хариуцаж байгаад 2018 оны 10 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт “Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон. Миний хагас ажиллаж байгаад ирсэн Өлзийт сум хариуцсан мэргэжилтний “Үр дүнгийн гэрээний хэрэгжилт”-ийг энэ гомдолд ямарч хамаагүй баримтыг хариуцагч ирүүлсэн боловч 2018 оны Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний “Үр дүнгийн гэрээний хэрэгжилт”-ийг ирүүлээгүй. Мөн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд үзүүлэлт бүрийн ард үнэлгээ тавилгүй шууд 67D тавьж дүгнэсэн./Энэ хавтаст хэргийн 48 дахь хуудаст бий/ Ө.Т-ын 2019 оны гүйцэтгэлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт үргэлжлүүлээд 76 хуудаст зохих журмын дагуу үзүүлэлт бүрээр дүгнэсэн байгаа. Иймд хариуцагч Г.Х-гийн харцуулсан үнэлгээг шалгаруулалт хийсэн гэж нэхэмжлэгч миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй хангалтгүй гэж үзэж байна.

3.2.3. Мөн хариуцагч Г.Х нь намайг ажлаа хүлээлгэн өгөхгүй бол ажлаа өгтөл чинь цалингаас чинь хасна гэж бүтэн жил дарамталсан. Хариуцагч нь Ө.Т-ыг Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэрэгжилтнээр дэвшүүлэн томилсон 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 дугаар тушаал нь хууль бус буюу ажилд томилохоос 2 сарын өмнө албан тушаалын тодорхойлолтыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Г.Х баталсан томилгооны зөрчил илт харагдаж байна.

3.2.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч намайг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлж 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Ө.Т нь шүүх хуралдаанд намайг өвчтэй байхад халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлыг хариуцан хийсэн гэх худал тайлбар хэлдэг. Миний хариуцан ажиллаж байсан Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн нь “wais” программ-д тусгай эрхтэй байдаг. Ажил хүлээлгэн өгсний дараа Ө.Т-д халамжийн сангийн олголтын программын эрхийг нээж өгсөн.

3.2.5. 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шинэ орон тоон дээрээ хүн томилчоод намайг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлж буй энэ үйлдэл нь төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны байх процессийн зөрчлийг ил гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8 аас доошгүй жил үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх үндсэн шаардлагатай.

3.2.6. Гэтэл тухайн томилгоог хийхэд Ө.Т 7 жил 6 сар төрийн албан ажилласан. Миний бие 9 жил 1 сар төрийн албанд ажилласан. Гэтэл хавтаст хэрэгт Ө.Т-ыг хэрхэн яаж, ямар арга замаар сонгон шалгаруулалт хийж 2 хүнээс нэгийг сонгосон талаар нотлох баримтгүй байхад шүүх зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна ил тод, ашиг сонирхлоос ангид байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн.

3.2.7. Мөн шүүх шийдвэртээ шүүхийн шийдвэрийн 14 дэх хуудаст “2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ө.Т-ыг дэвшүүлэн томилсон атлаа намайг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь томилгооны алдаатай гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар түүнийг 8 дугаар сарын 3-ны өдөр бус ээлжийн амралтыг эдлүүсний дараа ажлаас чөлөөлсөнд байгууллагыг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгч миний бие ээлжийн амралт эдэлсний дараа ажлаас чөлөөлөгдөөгүй. Би 2020 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 13-ны хооронд ээлжийн амралт эдэлсэн. Гэтэл шүүх дахин ийнхүү хавтаст хэрэгт авагдсан баримтаа сайн судлалгүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд хуралдаанд хэлсэн аман тайлбарыг үндэслэж шийдвэр гаргаж буй нь шүүгч хууль ёсны дагуу ажиллах гэсэн зарчимтай нийцэх үү?. Яагаад хариуцагчийн шүүх хуралдаанд хэлсэн үг өгүүлбэр бүрийг шийдвэрийн үндэслэл болгож буйд гайхаж байна.

3.2.8. Учир нь хариуцагч, гуравдагч этгээд нар хоорондоо хуйвалдаж худал тайлбар хэлж байхад шүүхийн шийдвэрт үндэслэл болгож буйд гомдолтой байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч н.А гурван мэргэжилтэнг ажлын хэсэг байгуулан гурван хэлтсийн даргатай шалгаруулалт хийж томилсон тухай ярьсан. Энэ үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч миний ажиллаж байсан Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Н нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө сонгон шалгаруулал явуулаагүй, яаж томилгоо хийснийг мэдээгүй тухай мэдүүлэг өгсөн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад 2012-2017 оныг дуустал ажиллахад А,В үнэлгээгээр дүгнэгдэн ажиллаж ирсэн. Хариуцагч Г.Х нь аль болох муу гэх шалтгаан гаргах үүднээс харцуулалт хийсэн бух зүйлд муу гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй юм.

3.3. Анхан шатны шүүх "шүүх" чиг үүргээ хэрэгжүүлсэн шүүхийн шийдвэр гаргаагүй "зөвлөх" үйлчилгээний чиг үүргээр хандаж захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдийг өөрчилсөн.

3.3.1. Ч.Ө-ын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан үндэслэлээр Б/53 тоот тушаалыг гаргасан нь үндэслэлгүй, орон тоо хасагдаагүй. Миний ажлын чиг үүрэг бүрэн бүтнээрээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хадгалагдан үлдсэн хэвээр байна. Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага анх үүсэн цагаасаа эхлэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэн бүрт нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг үзүүлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн үйлчилгээг олгож ирсэн. Энэ ажил огт үгүй болох учир шалтгаангүй.

3.3.2. Хариуцагч Г.Х нь санаатайгаар намайг ажлын байргүй болох үүднээс ажлаас чөлөөлсөн. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд тайлбар хийж дүгнэлт хийх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг үндэслэсэн ба 62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тоо хасагдсан тохиолдолд ..” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актаар 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг үндэслэсэн байхад шүүх 62.1.3-д заасныг үндэслэж хэмээн дүгнэж болохгүй. Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл зөв эсэхийг, гаргах болсон шалтгаан нөхцлийг нотлох баримтуудын үндсэн дээр дүгнэж хэн хэний эрх ашгийг зөрчсөн эсэхийг шүүн тунгаан шийдвэр гаргах ёстой байтал төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг залруулж, чиглүүлж, өөрчилсөн нь шүүх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн захиргааны байгууллагыг өмгөөлсөн мэт харагдаж байна.

Шүүх бол чиглэл, даалгавар өгч төрийн байгууллагын шийдвэрийг зөвтгөдөг, өмгөөлдөг байгууллага биш. Хэрэг маргааныг нотлох баримтын үндсэн дээр хууль ёсны зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй болов уу.

Иймд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг баримталж гаргаагүй, шүүхийн үндсэн чиг үүргээс гажиж төрийн захиргааны байгууллагын өмгөөлөл, хамгааллын үйлчилгээний зөвлөмж мэт гаргасанд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/53 тоот “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай”, 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/49 тоот Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажлын чиг үүргийн ажил болох Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, 2020 оны 8 сарын 31-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.074.400 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх нэхэмжлэгч Ч.Ө-ын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо.

2.1. Нэхэмжлэгч Ч.Ө нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай болон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, Халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-аар маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзлээ.

2.2. Нэхэмжлэгчийн анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлээгүй гэх гомдлын тухайд:

2.2.1. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/54 тушаалаар нэхэмжлэгч Ч.Ө-ыг Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажилд томилсон боловч 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/53 тушаалаар “Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын орон тоо хасагдсан ...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

2.2.2. Төрийн албаны тухай хуулийн  62 дугаар зүйлийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж заасан баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах хуулийн зохицуулалттай.

2.2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан үүрэг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан “Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/40 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар нэхэмжлэгч Ч.Ө-ын өмнө эрхэлж байсан орон тоо хасагдсан байна.

2.2.4. Хэдийгээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдолдоо өмнө эрхэлж байсан орон тоо хасагдаагүй, өмнө эрхэлж байсан орон тоо хэвээр хадгалагдаж байгаа буюу гүйцэтгэж байсан ажлын чиг үүргийг бусад тушаалын чиг үүрэгтэй давхцуулан заасан гэж тайлбарлаж байх боловч уг гомдлыг хангах боломжгүй.

2.2.5. Учир нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 8 сарын 15-ны А/180 тоот тушаалын хавсралтаар батлагдсан тус аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын орон тоо 44 байсан ба шинээр батлагдсан орон тоо мөн 44 албан хаагч ажиллахаар зохицуулсан боловч  нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ТЗ-5 шатлал бүхий халамжийн сан хариуцсан мэргэжилтний орон тоог “халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн”, “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ийн албан тушаалын чиг үүрэгт салган хуваарилсан бөгөөд халамжийн сан хариуцсан мэргэжилтэн, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн 2-ыг нэгтгэж ТЗ-6 шатлал бүхий халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтэн болгон өөрчилсөн байгаагаас үзвэл өмнөх албан тушаалыг өөрчлөн, өөр чиг үүргийг олгож, тухайн албан тушаалын ажлын байрыг үргэлжлүүлэн хаших боломжгүй болсон байна.

2.2.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж зааснаар хэрэгт цугласан нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох нөхцөл байдлыг нотолсон баримтуудыг шүүх харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнэлт гаргаа бөгөөд дээрх нотлох баримтуудын хүрээнд маргаан бүхий нөхцөл байдлыг үнэлж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхилоо.

2.3. Гуравдагч этгээдийн томилгоог хууль ёсны дагуу явагдсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх гомдлын тухайд:

2.3.1. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай” Б/49 дугаар тушаалаар Ө.Т-ыг тус газрын халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилсонд нэхэмжлэгчээс эс зөвшөөрөн маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

2.3.2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын орон тоо өөрчлөгдсөн тул халамжийн сан, сангийн олголт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд тухайн албан тушаалд томилогдох боломжтой Ч.Ө, Ө.Т, С.Г нарыг харьцуулан шалгаруулж Ө.Т-ыг албан тушаалд томилсонг буруутгах боломжгүй.

2.3.3. Тодруулбал нэгэнт Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалыг цаашид эрхлэх боломжгүй болсон тул түүнд хамгийн ойр халамжийн сан, сангийн олголт хариуцсан мэргэжилтны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үндэслэлээр өмнө урьд албан тушаалыг эрхэлж байсан Ө.Т-ыг томилсон нь хуульд харшлахгүй байна.

2.3.4. Хэрэгт авагдсан “Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулсан харьцуулалтын жагсаалт”-аас үзвэл Ө.Т нь бусад өрсөлдөгчдөөс илүү албан тушаалын шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдож байх ба хэдийгээр нэхэмжлэгчээс дээрх шалгуур үзүүлэлтэд үнэлэгдсэн нотлох баримтуудыг шүүх бүрэн цуглуулаагүй хэмээн тайлбарлаж байх боловч тухайн шалгаруулалтад үндэслэл болсон 2018, 2019 онуудын жилийн үр дүнгийн гэрээний дүнгээр гуравдагч этгээд Ө.Т нь нэхэмжлэгч Ч.Ө-аас өндөр оноогоор дүгнэгдсэн, энэ талаарх “Гэрээний биелэлтийн үнэлгээ, хэрэгжүүлэх арга хэмжээ” бүхий дүгнэсэн хуудас, “Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний хуудас” зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

2.3.5. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо дээрх үнэлгээний хуудсаар Ө.Т, Ч.Ө нарыг харьцангуй, ялгаварлаж дүгнэсэн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь 2018, 2019 оны дээрх үнэлгээг зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаар гомдол гаргасан зүйл байхгүй байх тул тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

2.3.6. Мөн Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай” Б/49 дугаар тушаалаар Ө.Т-ыг томилоход 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/53 тоот тушаалаас хойш гарсан нь буруу гэх гомдлын тухайд Ө.Т нь Ч.Ө-ын эрхэлж байсан албан тушаалд томилогдоогүй учир зайлшгүй Ч.Ө ажлаас чөлөөлөгдсөний дараагаар Ө.Т ажилд томилогдох шаардлагагүй бөгөөд, харин Ч.Ө-ыг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/40 дүгээр тушаал батлагдсанаас хойш ажлаас чөлөөлөгдөх үндэслэл бүрдсэн байсан болохыг дурдах нь зүйтэй.

2.4. Анхан шатны шүүх "шүүх" чиг үүргээ хэрэгжүүлсэн шүүхийн шийдвэр гаргаагүй "зөвлөх" үйлчилгээний чиг үүргээр хандаж захиргааны актын хууль зүйн үндэслэлүүдийг өөрчилсөн гэх гомдлын тухайд:

2.4.1. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх маргаан бүхий актыг дүгнэхдээ түүнд үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 бус 62.1.3-д заасан үндэслэлийг тайлбарлан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгөсөн, зассан хэмээн давж заалдах гомдолдоо тайлбарлаж байх боловч энэхүү гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

2.4.2. Нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай “Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай” болон 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/53 дугаартай “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянавал /53 дугаартай “Ч.Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хууль зүйн үндэслэлийг түүнд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг тайлбарласан ба харин Б/49 дугаартай “Ө.Т-ыг дэвшүүлэн томилох тухай” захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан зохицуулалтыг тайлбарлажээ. Үүгээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй бөгөөд анхан шатны шүүх зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ө-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.Мөнхжаргал

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА