Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2018/0010/З |
Дугаар | 17 |
Огноо | 2018-09-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, ХБ ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох ************************ дугаартай Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Г.А, гуравдагч этгээд Н.А, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХБХХК нь орон нутгийн өмчийн газраас зарлагдсан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх ЗГХЭГ/201801013 дугаартай Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын тендерт бусад компаниудын хамт оролцсон. Гэвч тухайн тендерийн үнэлгээний хороо тендерийн шаардлага хангаагүй АГӨХХК-нийг сонгон шалгаруулсан нь хууль бус байна. Иймд тендерийн үнэлсэн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тул хорооны шйидвэрийг хүчингүй болгуулах, дахин тендерийн шалгаруулалтыг зохион байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: АГӨ компанитай манайх нэхэмжлэл гаргасан. 2018 оны байдлаар Өрхийн эмнэлгийн барилга, Шүтээний өндөрлөгийн засвар, Эрдэнэ сумын Засаг даргын барилга гэсэн 3 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тендерийн тухай хууль, Барилгын тухай хуулинд зааснаар Эрдэнэ сумын барилгын ажил дээр ерөнхий инженер 5 жил, талбайн инженер 5 жил, ХАБ-ын ажилтан 3 жил ажилласан дадлага туршлагыг хангасан инженерүүд томилогдох ёстой гэж заасан байдаг. Гүйцэтгэж байгаа объект тус бүр дээр ХАБ 3 жил ажилласан 30-50 хүнд 1 ХАБ байх ёстой гэж хуулинд заасан байдаг. Тэр хуулийг мөрдөж ажиллаагүй гэж үзсэн. Барилга тус бүрд инженер байна гэдэг нь 3 барилга дээр 3 талбайн инженер, 3 ХАБ-ын ажилтан, ерөнхий инженер 1 байх ёстой гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй. Эрдэнэ сумын барилгыг хүчингүй болгох үйл ажиллагааг хүсэж нэхэмжлэл гаргасан. Тоног төхөөрөмж байхгүй. Инженер техникийн ажилтан хуурамч бичиг баримт бүрдүүлж байна. Говь-Алтай аймгийн бүтээн байгуулалтад 2003 оноос гар бие оролцож байгаа учраас ямар инженер техникийн ажилчид ажилладаг гэдгийг мэдэж байгаа. ХАБ-ын ажилтан нь хуучнаар барилгын хөгжлийн төв одоогоор Монголын барилгачидын холбооноос эрх нь өгөгдсөн байгаа. Барилгын хөгжлийн төв 3 жилээр сертификат олгодог байсан. Одоо бусад сургалтын төвүүд 1 жилийн хугацаатай 20-30 хүн тутамд нэг хүн байх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр 3 объектод 3 хүн байх ёстой. Хэргийн материалтай танилцахад 2014 онд ХАБ-ын сертификат авсан байсан. Үүний хугацаа дууссан. 3 ХАБ-тай байх ёстой. Ерөнхий инженер У гэж хүн байгаа ерөнхий инженер 1 хүн байж болно. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр мэргэшсэн барилгын инженер талбайн даамал байна гэж заасан байгаа. Тэгэхээр 3 объект дээр 3 тушаал гарсан байх ёстой гэж үзэж байгаа. Хэргийн материалтай танилцахад Б инженер ХАБ давхар хариуцсан байгаа. Барилгын тухай хууль ХАБ-д давхар үүрэг гүйцэтгэх хууль дүрэм байдаггүй. Инженер техникийн ажилтнууд дээр ойролцоогоор 2017 оноос нийгмийн даатгал төлсөн байх ёстой гэсэн шалгуур нөхцөлүүд тавигдсан байх ёстой. Барилгын салбар орон нутагт 1 давхар 2 давхар гэдэг үүднээс манай худалдан авах ажиллагаа үл тоомсорлосон байдлаар хууль бус сонгон шалгаруулалт явагдаж байгаа. 3 талбайн инженер ажиллуулж тэр гурвыг хянаж байгаа ерөнхий инженер АГӨ компанид байхгүй байна гэдгийг шүүхээр нотлох гээд байгаа юм. Хоёрдугаар ХАБ-ын ажилтан хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан 30-50 хүн тутамд 1 ХАБ-ын ажилтан байх ёстой. Хэргийн материалтай танилцахаар талбайн инженер ХАБ-ын ажилтан 2 давхардаж байгаа нь харагдаж байгаа. Тендерийн тухай хуулийг хангахгүй байгаа юм бол яах гэж худалдан авах ажиллагааны үүрэг гүйцэтгээд тендер шалгаруулаад байгаа юм гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь ХБкомпанийг татгалзсан нь үндэслэлгүй гэсэн нэхэмжлэл гаргаагүй. Тухайн үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь өөрөө хууль бус учраас тухайн тендерийг хүчингүй болгож дахин сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарыг хэлэхгүй байна. Ийм үүднээс тухайн тендерийг зарласан тендерийн үнэлгээний хороог хариуцагчаар татаж оролцуулсан. Үүн дээр тухайн тендерийн үнэлгээний хороо шалгаруулахдаа хууль бусаар тендерийн бичигт ТОӨЗ 5.3-т заасан инженер техникийн ажилтны шаардлага хангаагүй байгаа. Өөрсдийнх нь хэлээд байгаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-т заасан хамгийн сайн болон тендерийн бичгийн шаардлага хангасан компанийг шалгаруулах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ шаардлагаа хангаагүй гэж нэхэмжлэл гаргасан. Барилга тус бүрд техник тоног төхөөрөмж байх шаардлагатай. Мөн ХАБ-ын инженер давхардсан. Шүтээний өндөрлөгийн барилга гээд Э гэдэг ХАБ-ын инженер Эрдэнэ сумын барилга дээр мөн Э гэдэг хүн байна. Анх тендер шалгаруулахдаа инженер техникийн ажилчдыг үнэлгээний хороо тухайн холбогдох материал нь хуульд нийцэж байна уу? гэдгийг шалгах ёстой. ХБкомпани нь тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 01013 дугаартай үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж дахин тендер сонгон шалгаруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тухайн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр яагаад хууль бус болсон талаар шүүхийн хэлэлцүүлэг тодорхой ярьсан. Тухайн тендерийн үнэлгээний хороо нь тендерийн шаардлага хангаагүй компанийг сонгон шалгаруулсан гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулиар 27.1 дүгээр зүйл, 28 дугаар зүйл, 11 дугаар зүйл, 12 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлүүдэд зааснаар тендерийн бичиг баримтаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгон шалгаруулах үндэслэлтэй байдаг. Инженер техникийн ажилчин тухайн барилгыг стандартын дагуу зураг төсвийн дагуу чанартай явж байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл бодит байдал дээр шаардлагаа хангаагүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн өртөгтэй Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ЗГХЭГ/201801013 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/94 дүгээр захирамжаар байгуулсан.Үнэлгээний хороо 2018.03.30-ны өдрийн 10 цаг 30 миниутанд Нутгийн удирдлагын ордны 208 Б тоот аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын өрөөнд гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж тендерийн баримт бичгийг боловсруулж батлуулан 2018.03.30-ны өдөр тендерийг зарласан. Тус тендерийг нээлтэй тендер шалгаруулалтаар 30 хоног зарлаж , 2018.04.30-ны өдрийн 10 цаг 10 минутад Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдийн 104 тоот өрөөнд нээлтийг хийсэн. Нээлтэнд оролцогч ХБХХК-ний төлөөлж О.Д оролцож нээлтийг танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нээлтийг үндэслэн үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын өрөөнд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Нийт оролцогч нарт үнэлгээний хорооны шийдвэрээр 2018.04.30-ны өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл, 2018.05.10-ны өдрийн үнэлгээний хорооны 13 дугаар зөвлөмж, Орон нутгийн өмчийн газрын 2018.05.15-ны өдрийн 194, 195 , 196 , 197 дугаар албан бичгээр оролцогч нарт мэдэгдлийг хүргүүлсэн. Оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэнээс хойш 5 хоногийн дотор ХБХХК-иас Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажилд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гарсан тухай Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын даргын 2018.05.16-ны өдрийн 6-1/2965 дугаартай Гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн тухай албан бичгээр түдгэлзүүлсэн. Албан бичигт 2018.05.21-ний өдрийн дотор тендерийн шалгаруулалттай холбоотой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр тендерийн урилга /сонинд зарласан хуулбар/, тендерийн баримт бичиг тендер оролцогч нарын ирүүлсэн тендерийн баримт бичиг, тендерийн нээлтийн тэмдэглэл , захиалагчийн үнэлгээний хороо байгуулсан шийдвэр, үнэлгээний хорооны гишүүдийн А3 гэрчилгээний хуулбар , үнэлгээний хороооны хурлын тэмдэглэл, шийдвэр, тендерт оролцогчид болон бусад байгууллагуудтай харилцсан бичиг, гэрээ байгуулах эрх олгосон болон шалгараагүй тухай мэдэгдлийг нотлох баримт , холбогдох бусад баримт бичиг , гэрээ байгуулах эрх олгосон оролцогчид гомдол гаргасан талаар мэдэгдэх, гомдлыг хянах явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 т заасны тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ажиллах талаар арга хэмжээ авч ажиллана уу гэсэн байсан. Дээрх албан бичигт дурдсан тендер шалгаруулалттай холбогдох баримт бичгийг Сангийн яаманд Орон нутгийн өмчийн газрын 2018.05.18-ны өдрийн 204 тоот албан бичгээр хүргүүлсэн. Сангийн яам тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу Гомдол хянасан тухай 2018.05.29-ний өдрийн 6-1/3311 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 т заасны дагуу гомдол хянасан тухайг дурдаж ХБХХК-ий ирүүлсэн саналаас Захиалагчийн тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн буюу ТОӨЗ 5.3 (3) Сүүлийн 2 жил буюу 2016,2017 он. Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт борлуулалтын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй сая төгрөг байна. гэж заасан шаардлага, барилга угсралтын ажлын тоо хэмжээ дутуу болгосон тул татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж хянасан байна. ХБХХК ий 2016 оны санхүүгийн тайланд борлуулалтын орлого 453.2 сая төгрөг , 2017 оны санхүүгийн тайланд 50.9 сая төгрөг , 2 жилийн борлуулалтын орлого нийт 504.1 сая төгрөг , дундаж нь 252.05 сая төгрөг байна. 252.02 сая төгрөгийг борлуулалтын дундаж нь төсөв өртгийн 50 хувь буюу 500сая төгрөг байх шаардлагад хүрэхгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.3 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй. Ашид Гэгээ өргөө ХХК болон оролцсон бусад компаниуд нь тус тендерийн материалын сонгон шалгаруулалтын материалын хүрээнд тендер сонгон шалгаруулах материалыг боловсруулж ирүүлсэн бөгөөд санал ирүүлсэн компаниудын материалыг тендер сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээний хорооны гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. АГӨХХК нь тендер зарласан шалгуур үзүүлэлтийн дагуу холбогдох материалыг ирүүлсэн бөгөөд шалгуурыг хангасан, холбогдох баримтуудаа ирүүлсэн учраас үнэлгээний хорооны шийдвэрээр сонгон шалгаруулсан болно . Тус үнэлгээний хороо нь шалгуур хангаагүй ямар нэг компаныг дэмжсэн ,давуу байдал олгосон , тендерт шалгаруулсан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бөгөөд хууль , холбогдох дүрэм журмын хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан болно. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн ХБХХК-ний тендерийн материалаас татгалзаж шийдвэр гаргасан болно.
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХБкомпаний тайлбарыг харахаар тендерийн үнэлгээний хороон дээр тендерийн баримт бичиг шалгуур үзүүлэлтэд заасан инженер техникийн ажилтан буюу ерөнхий инженер 5 жил, талбайн инженер 5 жил, ХАБ-ын ажилтан 3 жил ажилласан гэсэн шаардлага бид нар тавиад тендерээ үнэлсэн. Тухайн компани тендерт шалгараад 1 буюу 2 түүнээс дээш төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нөхцөлд дараагийн инженер техникийн ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр аваад талбай дээр томилуулж ажиллуулах боломжтой. Яг тендерт тавьсан шаардлагаа тухайн компани биелүүлсэн учраас шалгаруулсан. ХБкомпаний нэхэмжлэх гэж байгаа үндэслэл нь тендерийн үнэлгээний хороо татгалзсан 2 заалттай тулгуурлахгүй байна. Манай сөхөж гаргаагүй бусад заалтуудаар бид нарт нэхэмжлэл гаргаж байгаа учраас боломжгүй. Орон нутгийн компаниуд 1 юм уу 2 инженертэй гэр бүлийн гишүүдээс бүрдсэн компаниуд байдаг. Тухайн үедээ инженер техникийн ажилтнаа хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаад явдаг учраас үүн дээр бид нар хязгаарлалт тавих боломжгүй. Манайх тухайн тендерт оролцогчийн заасан инженер техникийн ажилтнаа үнэлнэ. Ерөнхий инженер У нь 5 жилийн шаардлагаа хангасан. Талбайн инженер шаардлага хангасан. ХАБ-ын мэргэжилтэн нь 2014 онд олгосон сертификат байгаа. Гэхдээ тэр сертификатад хугацаа байхгүй учраас үүнийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Инженер техникийн ажилтнуудыг нийтлэг зөрчил бүх компаниудад байгаа. Инженер техникийн асуудал дээр нэхэмжлэгч талаас маргаж байгаа бол орон нутагт байгаа компаниудын шалгуур үзүүлэлт хүрэхгүй гэдэг дээр бат илтгэлтэй байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ХБ ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. АГӨ ХХК нь орон нутгийн өмчийн газраас зарлагдсан Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын тендерт ХБ ХХК, С ХХК, А к ХХК-нуудтай хамт оролцоод тендер зарласан шалгуур үзүүлэлтийн дагуу холбогдох материалуудыг хүргүүлэн, тавигдах шалгууруудыг хангасан холбогдох баримтуудаа хүргүүлсэн учраас үнэлгээний хорооны шийдвэрээр АГӨ ХХК-нийг сонгон шалгаруулсан. Уг шүүхэд гаргасан нэхэмжлэлд тендерийн шаардлага хангаагүй байсан АГӨ ХХК-нийг сонгон шалгаруулсан нь хууль бус байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь АГӨ ХХК нь бүрдүүлсэн материалууд нь тендерийн үнэлгээний хорооны ямар хуулийн шаардлага хангаагүй талаар нэхэмжлэлд дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байх тул ХБХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ХБ ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага нь АГӨ ХХК-ийг тендерт сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь хууль бус байна, хуурамч бичиг баримт бүрдүүлээд тендер аваад байна гэж хэлээд байна. Хууль бус үйл ажиллагаа нь хавтаст хэргийн материалаа тодорхойгүй байгаа. Монгол Улсын сангийн яаманд өргөдөл гаргасан байдаг. Ингэхдээ баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, тендерт тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, дуусаагүй ажлынх нь талаар мөн өргөдөл гаргасан байдаг. Үүн дээр сангийн яамнаас тодорхой хариу өгсөн байгаа. Хавтаст хэрэгт ямар бичиг баримтыг АГӨ ХХК нь хуурамчаар үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэдэг нь үнэхээр АГӨ ХХК нь үйлдсэн бол энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эрүүгийн хэргээр ямар баримтыг яаж хуурамчаар үйлдсэн гэдэг нь тогтоогдоод орж ирэх ёстой. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой бичгийн нотлох баримтаа хангалттай гаргаж өгөөгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн Сангийн яаманд өргөдөл гаргаад инженер техникийн ажилтнуудын шаардлага тусгай зөвшөөрлийн шаардлага, дуусаагүй ажлынх нь талаар тайлбарыг ирүүлээд мөн борлуулалтын төсөвт өртөг нь 50 хувиас дээш байх шаардлага хангасан байна гээд хариу өгсөн байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар АГӨ ХХК нь хуурамчаар ийм ийм баримт үйлдсэн байна гэдэг зүйл байхгүй. Мөн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль бус явагдсан байна гэдэг нь хавтаст хэргийн материал ирээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, нотлох баримтыг үнэлэх үе шатууд байгаа. Үүн дээр АГӨ ХХК нь ямар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн юм гэдэг нь хавтаст хэргийн материалаас харагдахгүй байна. Мөн тендерийн үйл ажиллагаа яаж хууль бус явагдсан гэдэг нь хэргийн материалаас харагдахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байна. Мөн өнөөдрийн яригдаад байгаа хэрэгт Шүтээний өндөрлөгийн барилга, Марал-Алтай өрхийн эмнэлгийн барилга зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй зүйлүүд яригдаад байна гэдгийг дурдмаар байна гэжээ.
Гуравдагч этгээд Н.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тендерийн бичиг баримтад 2014 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд явж байгаа. Нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажуулсан. ХАБ-ын инженер 2014 оны ХАБ-ын сертификаттай ХАБ-ын ажилтнаар төгссөн байгаа. Талбайн инженер гэрээгээр орсон. 3 гүйцэтгэж байгаа ажил дээр нэгийг хүлээлгээд өгсөн. 2 ажил дээр тус тусдаа бүг дээр өөр өөр инженер томилогдоод ажиллаж байгаа. Ажил эхлүүлэх зөвшөөрөл авахдаа инженерүүдийг томилдог. Тэрийг газрын албанаас хавсралтаар өгсөн. ХАБ-ын инженерээр Э гэдэг залуу байгаа. Өрхийн эмнэлгийн барилга дээр ерөнхий инженер У, талбайн инженер Б гэж байгаа. Мөн ХАБ-аа давхар хийж байгаа. Эрдэнэ сумын тамгын газрын барилга дээр ерөнхий инженер У, талбайн инженер Ж, Э ХАБ-ын инженерээр ажиллаж байгаа. ХАБ-ын инженер 3 жил гэж заасан Э 4 жил ажиллаж байгаа. Талбайн инженер 2012 онд төгссөн. Шүтээний өндөрлөгийн засвар дээр шинэ инженер ажилласан. Эрдэнэ сумны Засаг даргын тамгын газрын барилга дээр Ж гэдэг залуу ажиллаж байгаа. Сая 7 сард талбайн инженерээр авсан. Шаардлага хангаж байгаа. 2012 онд төгссөн. Талбайн инженерийн ажилласан жилийн туршлага 5 жил гэж заасан. Х гд ажиллаж байхад нь аймаг орон нутагт ажиллаач гээд 2.500.000 төгрөгөөр цалинжуулахаар авсан. Энэ хүний надтай гол маргаж байгаа шалтгаан нь өмнө нь Баян тоорой тосгоны дотуур байрны барилга дээр хамт ороод шалгарсан байсан боловч У компани гомдол гаргаад ХБкомпани нь өмнөх барилга царцаасан гэдэг утгаар гомдол гаргаж тендер нь хүчингүй болоод шууд шилжсэн. Түүнийг өөр компани авсан. Үүнээс болоод маргаад байгаа болов уу? гэж бодоод байгаа юм. Манай ажлыг авдаг гэдэг байдлаар маргаад байгаа болов уу? гэж бодож байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон ЗГХЭГ/201801013 дугаар тендер шалгаруулалтад оролцсон ХБХХК-ий ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(а)-д заасан 2016, 2017 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлага, мөн ажлын тоо хэмжээнд заасан гадна бохир усны зарим ажил дутуу санал болгож шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэртэй нэхэмжлэгч ХБ ХХК маргаагүй. Харин уг тендерт шалгарсан АГӨ ХХК тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ 4.4(в)-д заасан тусгай зөвшөөрлийн заалтын инженер техникийн ажилтаныг хуурамчаар бүрдүүлсэн, ТОӨЗ 5.3 (а), ТОӨЗ 5.3 (г)-д заасан ажлын туршлага 5, 3 жил гэж заасан заалтыг хангаагүй, ТОӨЗ 5.3 (б) заасныг хангаагүй хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж ЗГХЭГ/201801013 дугаартай тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин сонгон шалгаруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 5.3 (г)-д Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа Ерөнхий инженер 1, таван жил ажилласан туршлагатай, мэргэжил барилгын инженер, талбайн даамал 1, таван жил ажилласан туршлагатай, мэргэжил барилгын инженер, ХАБЭА ажилтан 1, гурван жил ажилласан туршлагатай, ХАБЭА мэргэжлийн сертифакаттай байх шаардлага тавигдсан байна. АГӨ ХХК-ний тендерт ирүүлсэн баримт бичигт Ерөнхий инженер С.У мэргэжлээрээ 20 жил ажилласан /ажиллах хүчний тодорхойлолт хавтаст хэргийн 176 хуудас/, нийгмийн даатгалын дэвтэрт АГӨХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий инженерээр томилогдсон нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт /хх-178 хуудас/, боловсролын диплом, Тайлбан инженер А.П ажиллах хүчний тодорхойлолт /хх-182 хуудас/, Бакалаврын диплом /2008 онд иргэний ба үйлдвэрийн барилгын инженер хх-184 хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-186, 188/, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн хариуцсан инженер /ХАБЭА/ Н.Э ажиллах хүчний тодорхойлолт /хх-ийн 189 хуудас/, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн хариуцсан инженерийн 45 хоногийн мэргэшүүлсэн сургалтын сертификат /хх-ийн 191 хуудас/, АГӨХХК-д 2015 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр ХАБЭА хариуцсан инженерээр томилогдсон нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт /хх-ийн 193 хуудас/ зэрэг боловсон хүчний талаар ирүүлсэн тендерийн материал ТОӨЗ 5.3 (г)-д заасан шаардлагад нийцсэн байна.
Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ 5.3 (б)-д ажил гүйцэтгэх хугацаанд (өөрийн, түрээслэх, хөлслөн авах г,м) бэлэн байлгах шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг нотлох баримтын хамт /гэрчилгээ, түрээсийн гэрээний хуулбар/ ирүүлэх гэсэн шаардлага тавигдсан.
Хавтаст хэрэгт авагдсан АГӨ ХХК-ний тендерт ирүүлсэн баримт бичигт ажил гүйцэтгэх техник тоног төхөөрөмжийн жагсаалтыг ирүүлсэн ба тээврийн хэрэгсэл хүнд машин механизм Эксковатар, Автокран, Ковш түрээслэх гэрээ, В , Зил өрөө буулгагч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зураг зэргийг, технологийн тоног төхөөрөмжид бетон зуурагч, шавар зуурагч, угсардаг шат гэх мэт өөрийн тоног төхөөрөмжийн зургийг тендерийн материалд ирүүлсэн, нэхэмжлэгч талаас шүүх хуралд болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа яг ямар техник, тоног төхөөрөмж шаардлага хангаагүй, хуурамч материал бүрдүүлсэн талаар тодорхойлж чадахгүй байна.
ЗГХЭГ/201801013 дугаартай Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлын төсөвт өртөг 1,000,000,000 төгрөг, тухайн тендерт оролцогч компани ТОӨЗ 5.3 (а)-д борлуулалтын хэмжээ сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын нийт борлуулалтын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй буюу 500,000,000 сая төгрөгийн борлуулалтын дундаж орлоготой байх шаардлага тавигдсан.
АГӨ ХХК 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр А-Ө ХХК-тай ЗГХЭГ/201801013 дугаартай Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэхээр Хамтран ажиллах гэрээ байгуулж, тендерт оролцсоноор АГӨ ХХК болон А-Ө ХХК-ний санхүүгийн чадавх тухайн ТОӨЗ 5.3 (а)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан А-Ө ХХК-ний 2016, 2017 оны санхүүгийн тайлан, АГӨ ХХК-ний 2016, 2017 оны санхүүгийн тайлангаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 2 дугаар хавтас 4-40 хуудас/ Мөн Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 6.1 Хоёр буюу түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч /цаашид талуудыг хамтад нь түншлэл гэх, тус бүрийг нь түншлэлийн гишүүн гэх/ болж тендер шалгаруулалтад оролцож болох, 6.1 ( б)-д түншлэлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний шаардлага хангасан байна, ТОӨЗ 5.4-д Тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3(а), ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ гэж тендерт оролцогч түншлэлийн чадварын шаардлагыг тогтоож өгсөн байна.
АГӨХХК БУ48-97/17 дугаартай Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон барилга угсралтын тусгай зөвшөөрөл, А ХХК БУ12-957/17 дугаартай Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон барилга угсралтын тусгай зөвшөөрлийг тендерийн материалд хавсарган ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, хуулийн 27.4. Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу ЗГХЭГ/201801013 дугаартай Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын тендерийг шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ХБХХК-ний ЗГХЭГ/201801013 дугаартай Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин тендер сонгон шалгаруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ