Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01133

 

Р К Ж /R K J/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00087 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 619 дүгээр магадлалтай,

Бүгд найрамдах Сингапур улсын иргэн Р К Ж /R K J/-ийн нэхэмжлэлтэй

Ч.Ш-т холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Р К Ж- гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Баяжих цогцолборын А блок 2 дугаар орц, 8 давхрын 115 тоотод байрлах 67,6 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Гэтэл тус орон сууцыг хэсэг хугацаанд эзэмшиж байсан Ч.Ш- нь сууцыг суллаж өгөхгүй өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх хаягт байрлах 115 тоот орон сууцыг Ч.Ш-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: "Цахим гал" ХХК 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр БАГ-2014/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай "Хуур магнай" ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 166 айлын орон сууц болон үйлчилгээний зориулалттай 16 давхар бүрэн цутгамал бетонон хийцтэй Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. "Цахим гал" ХХК гэрээнд заасан хугацаанд, тогтоосон төсөвт багтаан барилгын ажлыг чанартай гүйцэтгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулан комисст хүлээлгэн өгсөн. "Цахим гал" ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд "Хуурмагнай" ХХК-ийн ерөнхий захирал нэхэмжлэгч Р К Ж-  талархаж, Цахим гал ХХК, Баяжих зууч ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүл тус бүрт 2016 оны 02 дугаар сард Баяжих цогцолбороос орон сууц бэлэглэсэн. Энэ 5 ажилтны нэг нь хариуцагч Ч.Ш- юм. Улмаар Цахим гал ХХК, Хуур магнай ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар Vision express Ltd компанитай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Хуур магнай ХХК уг орон сууцыг захиалан бариулсан боловч Монгол улсад төлөх татвараас зайлсхийхийн тулд оффшор бүсэд байрлах Vision express Ltd компаниас авсан хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрт шилжүүлж, захиалагч, худалдан авагч нар нь Vision express Ltd компанитай гэрээ байгуулж байсан. Ч.Ш-ын орон сууц захиалан бариулах гэрээний эх хувийг Хуур магнай ХХК авсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч нь орон сууцыг Ч.Ш-т бэлэглэх болсон шалтгаан нь Ч.Ш-ын ажилладаг Цахим гал ХХК болон Баяжих зууч ХХК нь Баяжих цогцолборын барилгын ажлыг тогтоосон хугацаанд зохих чанар стандартын шаардлага хангаж, баталсан төсөвт багтаан барьж ашиглалтад оруулсан үйл явдалд баярлаж, дээрх компаниудын хамаарал бүхий 5 гэр бүлд орон сууцыг бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээ нь тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хүчин төгөлдөр болдог. Орон сууцны эзэмшлийг Ч.Ш-т бодитоор шилжүүлж хариуцагч нь уг сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нэхэмжлэгч нь татвараас зайлсхийж, орон сууцуудын гэрчилгээг захиалан бариулсан Хуур магнай ХХК-ийн нэр дээр бус оффшор бүсэд орших Vision express Ltd, Zenith Ltd гэх 2 компанид хуваан гаргуулахаар болж, Баяжих цогцолборын байр, зогсоолыг дээрх 2 компанид хуваан бүртгүүлсэн. Орон сууцыг бэлэглэх үед маргаан бүхий орон сууцны гэрчилгээ гараагүй байсан бөгөөд гэрчилгээг Vision express Ltd, Zenith Ltd гэх хоёр компанийн аль компанийн нэр дээр гаргах нь тодорхойгүй байсан тул бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах боломж, нөхцөл байхгүй байсан. Нэгэнт орон сууцыг бэлэглэж, бодитоор шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан зэрэг нөхцөл шалтгаануудыг харьцуулан харахад нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг Ч.Ш-т бэлэглэсэн нөхцөл байдал нь бүрэн тогтоогдоно. Өмчлөх эрх нь бэлэглэлийн гэрээгээр Ч.Ш-т шилжсэн. Р К Ж-  нь нэгэнт бэлэглэлийн гэрээгээр Ч.Ш-т бэлэглэсэн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан өөртөө худалдаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцэхгүй. Мөн хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Маргаан бүхий орон сууцыг хариуцагчид бэлэглэснээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, Баяжих цогцолборын барилгын ажлыг амжилттай дуусгасан учир бэлэглэсэн, гэвч дараа нь хариуцагч мөнгө завшсан нь илэрсэн тул бэлгээ буцаасан гэсэн тайлбар гаргасан байдаг. Гэвч бодит байдалд Ч.Ш- нь мөнгө завшсан ямар нэг үйлдэл гаргаагүй, нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор заасан байдаг. Ч.Ш- нь Р К Ж- г гомдоосон үйлдэл гаргаагүй, хуульд заасан бэлэглэлийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй. Бэлэглэсэн орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Ч.Ш-ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь К.Рави болох нь хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогддог. Хариуцагчид бэлэглэсэн зүйл байхгүй. Хэрэв бэлэглэхээр байсан бол бичгээр гэрээ байгуулах байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.Ш-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 байр, 115 тоотод байрлах 67.6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Р К Ж- н нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Р К Ж- д холбогдуулан гаргасан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Ш-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 619 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 байр, 115 тоотод байрлах 67.6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Ч.Ш-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Ш-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж хариуцагч Ч.Ш-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р К Ж-  /Ravi Krishnadas jagasia/-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д-ы төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь, үнэн зөв үнэлээгүйгээс гадна хууль хэрэглээний алдаа гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч Ч.Ш-т нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг нэхэмжлэгч Р К Ж-  нь бэлэглэсэн бөгөөд энэ тухай нотлох баримт болох гэрэл зураг болон гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Нэхэмжлэгч нь орон сууцыг Ч.Ш- болон бусад 5 айлд бэлэглэхээр амлаагүй бөгөөд харин тухайн орон сууцыг бэлэглэж, түлхүүрийг гардуулан өгсөн бодит үйлдэл хийсэн нь орон сууцыг бэлэглэсэн гэж үзэх хангалттай баримт бөгөөд давж заалдах шатны шүүхийн “Орон сууцыг бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд бэлэглэх үүрэг үүснэ”, “тухайн орон сууцыг бэлэглэх амлалтыг нотариатаар гэрчлүүлээгүй учраас бэлэглэсэн гэж үзэхгүй" гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хэт явцууруулан, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч Ч.Ш- нь “Vision express Ltd” компанитай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г бичгээр байгуулсан. Гэрээнд “Vision express Ltd” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу гэрээ байгуулах эрх олгогдсон этгээд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээг цуцалсан эсхүл гэрээнээс татгалзсан үйл баримт хэргийн материалд байхгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ тул уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй. Нэхэмжлэгч “Vision express Ltd” компанитай 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр гэрээ байгуулж, улмаар уг орон сууцыг өмчлөх эрхээ төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн. Эндээс хариуцагч нэхэмжпэгчээс 6-н сарын өмнө Vision express Ltd компанитай гэрээ байгуулсан болохыг харж болно. Нэхэмжлэгч болон “Vision express Ltd” компанийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг худалдагч хүлээдэг. Улмаар Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу нэхэмжлэгч худалдагчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй. Анхан шатны шүүх энэхүү харилцааг хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дотоод итгэлээрээ үнэлж, дүгнэсэн гэж итгэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “Хэргийн үйл баримтыг цаг хугацааны дарааллаар авч үзэхэд, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 рны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан, хариуцагч нь маргааны зүйл болох 115 тоот орон сууцны захиалгын гэрээг “Vision express Ltd” гэх компанитай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулжээ. Уг гэрээний тал биш этгээд болох иргэн Р К Ж-  нь “Vision express Ltd” гэх хуулийн этгээдэд холбогдуулах гэрээний үүргийн хариуцах боломжгүй” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хууль бус эзэмшлээс гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан орон сууц амьдрах зөвшөөрлийг нэхэмжпэгч өөрөө өгсөн. Мөн тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдтэй хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г бичгээр байгуулсан байдаг. Энэ бүх нөхцөл байдал нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болохыг нотлох илэрхийлж байна.

Иймд хэт нэг талыг барьж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 619 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн Р К Ж /R K J/ хариуцагч Ч.Ш-т холбогдуулан хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны 115 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл, хариуцагч тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг, хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх Ч.Ш-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх Р К Ж /R K J/-н нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгов.

Давж заалдах шатны шүүх маргааны зүйл болсон орон сууцыг нэхэмжлэгч Р К Ж /R K J/-н өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Гадаадын хуулийн этгээд гэх Вишн экспресс компани, Ч.Ш- нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...115 тоот “орон сууц захиалан бариулах” гэрээ, Вишн экспресс компани, Р К Ж /R K J/ нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр уг “орон сууцыг захиалан бариулах” гэрээ тус тус байгуулагдсан нь хэргийн баримтад авагдсан, хариуцагч орон сууцыг эзэмшиж байгаа нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэйг заажээ. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэгдсэн ч Ч.Ш-ын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

Рави Крашнадас Жагашиа /Ravi Krashnadas Jagasia/ орон сууцны өмчлөх эрхийг Вишн экспресс компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авсан байх ба шаардлагаа гэрээний эсрэг талд бус Ч.Ш-т холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Иймд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Ч.Ш-ын нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлдээ, “...бэлэглэхээр амлаж, түлхүүр гардуулснаар эзэмшилдээ авсан...”  гэх үндэслэл зааж буй хэдий ч энэ үйл баримт орон сууцны өмчлөх эрхийг үүсгээгүй байна.

Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой эд хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг ба хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийхийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т заасан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаархи Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэжээ.

Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэх үндэслэлгүй учир орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 619 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ