Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00619

 

Р / R /-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00087 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ргийн / R / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Шт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Баяжих цогцолборын А блок 2 дугаар орц, 8 давхрын 115 тоотод байрлах 67,6 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Р юм. Гэтэл  тус орон сууцыг хэсэг хугацаанд эзэмшиж байсан Ч.Ш нь сууцыг суллаж  өгөхгүй  өмчлөх эрхэд ноцтой халдаж байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн, дээрх хаягт байрлах  115 тоот  орон сууцыг Ч.Ш-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  "Ц" ХХК 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БАГ-2014/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай "Х" ХХК-тай байгуулсан байдаг. Уг гэрээгээр  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 166 айлын орон сууц болон үйлчилгээний зориулалттай 16 давхар бүрэн цутгамал бетонон хийцтэй Баяжих цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. "Ц" ХХК гэрээнд заасан хугацаанд, тогтоосон төсөвт багтаан барилгын ажлыг чанартай гүйцэтгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулан комисст хүлээлгэн өгсөн. "Ц" ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд "Хуурмагнай" ХХК-ийн ерөнхий захирал нэхэмжлэгч Р талархаж, Ц ХХК, Б ХХК-ийн нэр бүхий 5 ажилтан, тэдгээрийн гэр бүл тус бүрт 2016 оны 02 дугаар сард Баяжих цогцолбороос орон сууц бэлэглэсэн. Энэ 5 ажилтны нэг нь хариуцагч Ч.Ш болно. Улмаар Ц ХХК, Х ХХК-ийн мэдэгдэл, шаардлагаар V компанитай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн. Х ХХК уг орон сууцыг захиалан бариулсан боловч Монгол улсад төлөх татвараас зайлсхийхийн тулд оффшор бүсэд байрлах V компаниас авсан хөрөнгө оруулалтын зээлийн төлбөрт шилжүүлж, захиалагч, худалдан авагч нар нь V компанитай гэрээ байгуулж байсан. Ч.Шын орон сууц захиалан бариулах гэрээний эх хувийг Х ХХК авсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй.  Х ХХК-ийн ерөнхий захирал Р хариуцагч Ч.Шт бэлэглэсэн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээрээ бүртгүүлж, улмаар орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Ч.Ш нь Р Жийн 115 тоот орон сууцны өмчлөх эрхийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагад хэрхэн бүртгүүлсэн асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдол гаргахаар бэлдэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй  гэжээ.

Хариуцагч Ч.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь орон сууцыг Ч.Шт бэлэглэх болсон шалтгаан нь Ч.Шын ажилладаг Ц ХХК болон Б ХХК нь Баяжих цогцолборын барилгын ажлыг тогтоосон хугацаанд зохих чанар стандартын шаардлага хангаж, баталсан төсөвт багтаан барьж ашиглалтад оруулсан үйл явдалд  баярлаж, дээрх компаниудын хамаарал бүхий 5 гэр бүлд орон сууцыг бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээ нь тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хүчин төгөлдөр болдог. Орон сууцны эзэмшлийг Ч.Шт бодитоор шилжүүлж хариуцагч нь уг сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед нэхэмжлэгч нь татвараас зайлсхийж, орон сууцуудын гэрчилгээг захиалан бариулсан Х ХХК-ийн нэр дээр бус оффшор бүсэд орших V, Z гэх 2 компанид хуваан гаргуулахаар болж, Баяжих цогцолборын байр, зогсоолыг дээрх 2 компанид хуваан бүртгүүлсэн. Орон сууцыг бэлэглэх үед маргаан бүхий орон сууцны гэрчилгээ гараагүй байсан бөгөөд гэрчилгээг V, Z гэх хоёр компанийн аль компанийн нэр дээр гаргах нь тодорхойгүй байсан тул бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах боломж, нөхцөл байхгүй байсан. Нэгэнт орон сууцыг бэлэглэж, бодитоор шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан зэрэг нөхцөл шалтгаануудыг харьцуулан харахад нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг Ч.Шт бэлэглэсэн нөхцөл байдал нь бүрэн тогтоогдоно. Өмчлөх эрх нь бэлэглэлийн гэрээгээр  Ч.Шт шилжсэн. Р нь нэгэнт бэлэглэлийн гэрээгээр Ч.Шт бэлэглэсэн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан өөртөө худалдаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцэхгүй. Мөн хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Жиа болон V компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах юм. Маргаан бүхий орон сууцыг хариуцагчид бэлэглэснээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, Баяжих цогцолборын барилгын ажлыг амжилттай дуусгасан учир бэлэглэсэн, гэвч дараа нь хариуцагч мөнгө завшсан нь илэрсэн тул бэлгээ буцаасан гэсэн тайлбар гаргасан байдаг. Гэвч бодит байдалд  Ч.Ш нь мөнгө завшсан ямар нэг үйлдэл гаргаагүй,нотлох баримт байхгүй. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор заасан байдаг. Ч.Ш нь Рг гомдоосон үйлдэл гаргаагүй,  хуульд заасан бэлэглэлийг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй. Бэлэглэсэн орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Ч.Ш-ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.Шт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 байр, 115 тоотод байрлах 67.6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Рн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Рд холбогдуулан гаргасан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Шын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмчлөгчөөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Шүүхийн тогтоол нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасныг зөрчсөн, шүүх аль хуульд заасан үндэслэлээр Ргийн өмчлөх эрхийг хязгаарлаж байгаагаа тогтоолдоо заагаагүй. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхүүдийг нь зөрчин гадаад улсын иргэн гэдгээр нь өмчлөх эрхэд нь ноцтой халдсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор энэ хүний өмчлөлийн байранд Ч.Ш  хэзээ болтол амьдрах нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Шүүхийн шийдвэр нь маргааныг эцэслэлгүй, нэхэмжлэгч ямар хуулийн дагуу, хаана хандаж, өмчлөх эрхээ сэргээлгэх нь тодорхойгүйгээр, эцэс төгсгөлгүй маргалдах нөхцөл байдлыг үүсгэснээрээ шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талууд бүрэн мэтгэлцсэн тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Р / R / нь хариуцагч Ч.Шын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 дугаар байр 115 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан” гэж маргаж, уг сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 дугаар байр 115 тоот хаягт байрлах 67,6 м.кв байр нь Сингапур улсын иргэн Р / R / -ийн өмч болох нь Улсын бүртгэлийн Ү-2204089236 дугаартай, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээгээр нотлогджээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч Ч.Ш эзэмшиж, оршин сууж байгаа үйл баримт тогтоогдсон. Уг орон сууцыг эзэмших болсон үндэслэлээ хариуцагч нь бэлэглэлийн гэрээтэй холбон тайлбарласан.  

 

Хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгчээс байрны түлхүүр бэлэглэж байгаа гэх фото зураг нь үүрэг үүссэнийг нотлох баримт, үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд үүрэг үүсэхээс гадна мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ байгуулсан тохиолдол өмчлөх эрх үүсдэг эд хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр байгуулна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох юм.

 

Дээрх хуулийн заалтуудад нийцсэн хэлцэл, нотариатаар гэрчлүүлсэн бичгийн хэлбэртэй амлалт зэрэг баримтыг байхгүй нөхцөлд хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй.

 

Хэргийн үйл баримтыг цаг хугацааны дарааллаар авч үзэхэд, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан, хариуцагч нь маргааны зүйл болох 115 тоот орон сууцны захиалгын гэрээг “V” гэх компанитай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулжээ. Уг гэрээний тал биш этгээд болох иргэн Р нь “V” гэх хуулийн этгээдэд холбогдуулах гэрээний үүргийг хариуцах боломжгүй.

 

Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй өмчлөгч Р / R /-ийн эрхийг хязгаарлах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч нь өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Иймд орон сууцыг хууль, гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж буй хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой бусаас гадна маргааныг эцэслээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй болжээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуаран гудамж, 18 байр, 115 тоотод байрлах 67.6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Ч.Шын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ч.Шын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч Ч.Шаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р / R /-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ды төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Ч.ЦЭНД

 

                                                                          Ш.ОЮУНХАНД