Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01132

 

Э К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00040 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 745 дугаар магадлалтай,

Э К ХХК-ийн нэхэмжлэлтэй

П А ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн үлдэгдэл 72.224.476 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 54.850.624 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Э КХ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: П А ХХК-тай 2009-2010 онуудад орон сууцны барилга худалдах-худалдан авах 4 гэрээ байгуулж, Маршал хотхоны 112 дугаар байрны 6-17 тоот 2 өрөө, мөн байрны 6-20 тоот 4 өрөө, автомашины 2 гарааш, 104 дүгээр байрны 4-17 тоот, тус байрны 4-13 тоот орон сууц, 105 дугаар байрны 6-24 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.000 ам.доллараар тооцож худалдахаар, төлбөрийг бартераар буюу тоосго, Хөтөлийн цементээр төлөхөөр тус тус тохиролцсон. Дээрх 4 гэрээний 3.3, НӨАТатварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2-т заасны дагуу улсад төлөх татварын үнийн дүнг бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцохоор гэрээнд тухайлан зааж орон сууцны үнэ болон НӨАТатварын үнийн нийлбэр дүнг худалдан авагч П А ХХК гүйцэтгэх үүрэгтэй. Хариуцагч П А ХХК нь 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр орон сууц, гараашийн хамт нийт 286.224.000 төгрөг гэрээний 3.3-т заасан НӨАТатвар 28.622.400 төгрөг, нийт 314.846.400 төгрөгийг бүрэн төлсөн. 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 105 дугаар байрны 6-24 тоот орон сууцны төлбөр, гараашийн хамт 205.920.000 төгрөг, гэрээний 3.3-т заасан НӨАТатвар 20.592.000 төгрөг, нийт 226.512.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан бөгөөд хариуцагч компанийн хүсэлтээр 000185 тоот орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээг иргэн Ц.Солонгын нэр дээр шилжүүлсэн. 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний төлбөр 52.480.000 төгрөг, гэрээний 3.3-т заасан НӨАТатвар 5.248.000 төгрөг, нийт 57.728.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Харин 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний төлбөр 195.750.000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу НӨАТатвар 19.575.000 төгрөг, нийт 215.325.000 төгрөг төлөхөөс 101.900.524 төгрөг төлж үлдэгдэл 113.424.476 төгрөгийг төлөөгүй байна. НӨАТ-ыг бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцохоор гэрээнд тухайн зааж, орон сууцны үнэ болон НӨАТ-ын үнийн нийлбэр дүнг гэрээний үнэ буюу худалдан авагч тал болох хариуцагч компанийн гүйцэтгэх үүргийн хэмжээ байхаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.3, 198 дугаар зүйлийн 198.2-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан. Талууд үлдэгдэл 113.424.476 төгрөгийн төлбөрт тооцоо нийлсэн бөгөөд манай компани ба хариуцагч компанийн ерөнхий захирал Т.Батсайхан, гүйцэтгэх захирал Н.Оюунчимэг нарын хоёр талын эрх бүхий хүмүүс албан ёсоор баталгаажуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани 41.200.000 төгрөг төлсөн тул үлдэгдлээс хасч тооцон П А  ХХК-иас 72.224.476 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П А ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д байрны үнэ ба төлбөр хэсэгт 100 хувь тоосгоны бартераар төлөх бөгөөд 1 ширхэг тоосгоны тээвэр, НӨАТ багтсан үнэ болох 160 төгрөгт тооцож нийт 1.788.900 ширхэг тоосгыг нийлүүлэхээр заасан. 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Маршал хотхоны 112 дугаар байрны 17-20 тоот 185 м.кв 6 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1.424.000 төгрөгт тооцон 263.440.000 төгрөг болон автомашины дулаан зогсоол 2 ширхэгийг 22.784.000 төгрөг нийт төлбөр 286.224.000 төгрөгийн төлбөрийг 1 ширхэг нь 160 төгрөгийн үнэтэй тоосго 1.788.900 ширхэгийг нийлүүлж дээрхи орон сууцыг бараа солилцоогоор авахаар заасан бөгөөд манай компани 1.788.900 ширхэг тоосгыг нийлүүлж тооцоо дууссан. 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Маршал хотхоны 104 дүгээр байрны 4-13 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 ам.доллараар тооцож 135.000 ам.доллар буюу НӨАТ багтсан үнэ болох 195.750.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 100 хувь цементний бартераар төлөхөөр гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөрт нийт 40.618.000 төгрөгийн цемент, нэг бүр нь 160 төгрөгөөр тооцож 969.575 ширхэг тоосго нийлүүлж нийт 195.750.000 төгрөгийн үнэтэй цемент болон тоосгыг нийлүүлж тооцоо дууссан. Энэ талаар 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бараа нийлүүлэх гэрээнд тодорхой заасан. 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Маршал хотхоны 105 дугаар байрны 6-24 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв-г нь 1.000 ам доллараар тооцож 136.000 ам.доллар, автомашины гарааш 8.000 ам.доллар нийт 144.000 ам.доллар буюу НӨАТ багтсан үнэ 205.920.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д төлбөрийг тоосгоны бартераар төлөхөөр тохиролцож 1 ширхэг тоосгыг тээвэр, НӨАТ багтаад 160 төгрөгт тооцож нийт 1.287.000 ширхэг тоосгыг нийлүүлж тооцоо дууссан. Ингээд нийт 2009 онд 4 байр худалдан авсан бөгөөд хамгийн сүүлд худалдан авсан байр болох 105-6-24 тоотын төлбөр тооцоо дууссаны дараа Э КХХК нь төлбөр тооцоо дууссаныг нотолсон албан бичиг хийж өгсөн. Үүний дараа 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Маршал хотхоны 106 дугаар байрны 4-15 тоот 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.000 доллар, 1 ам.долларыг 1.280 төгрөгт тооцож НӨАТ багтсан үнэ нийт 52.480.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрийг тоосгоны бартераар буюу нийт 52.480.000 төгрөгний тоосго нийлүүлэхээс 39.387.076 төгрөгийн тоосго нийлүүлээгүй үлдэгдэлтэй. Ингээд нийт 497 м.кв талбайтай, НӨАТ багтсан дүнгээр 740.374.000 төгрөгийн үнэтэй 5 орон сууцыг 100 хувь бартераар худалдах-худалдан авах гэрээгээр авсан бөгөөд орон сууцнуудын төлбөрт нийт 700.986.924 төгрөгийн тоосгыг нийлүүлсэн.

Гэтэл Э К ХХК нь дээрх орон сууцнуудын гэрээг тухайн үед НӨАТ багтсан дүн гэж гэрээний нийт үнийн дүнд гараар тодотгон бичиж хийсэн. Манай компанийн нийлүүлсэн дээрх тоосгоны дүн болох 700.986.924 төгрөгийн үнийн дүнд 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нийлүүлсэн 8.500 ширхэг тоосго буюу 1.147.500 төгрөг, 105 дугаар байрны 24 тоотын обой плитаг манай компани гаргасан бөгөөд Э КХХК-ийн үнэлгээгээр 1.281.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сард нийлүүлсэн 30.000 ширхэг тоосго буюу 4.050.000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн 8.500 тоосго буюу 1.360.000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нийлүүлсэн 10.000 тоосго буюу 2.200.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлсэн 5000 ширхэг тоосго буюу 1.100.000 төгрөг нийт 11.138.500 төгрөгийн тоосго нийлүүлсэн дүн тооцогдоогүй нь баримтаар нотлогдсон тул Э КХХК хүлээн зөвшөөрч дээрх нийлүүлсэн 700.986.924 төгрөгийн тоосгоны тооцоонд нэмж нийт 712.125.424 төгрөгийн тоосго нийлүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нийт 41.200.000 төгрөгийн тоосгыг нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл 28.248.576 төгрөгийн тоосго нийлүүлэхээс 41.200.000 төгрөгний тоосго нийлүүлж 12.951.424 төгрөгийн тоосго илүү нийлүүлсэн. Иймд худалдан авсан 5 байр НӨАТ багтсан дүнгээр 740.374.000 төгрөгний үнэтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П А ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд:  Э КХХК-тай бараа солилцооны гэрээгээр Маршал хотхоноос 5 орон сууцыг авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэхээр яригдаж байх үед манай компани 41.200.000 төгрөгийн тоосго нийлүүлж, 28.248.576 төгрөгийн үүргийн гүйцэтгэлээсээ 12.951.424 төгрөгийн үүргийг илүү гүйцэтгэсэн. Мөн Э К ХХК-иас авсан Маршал хотхоны дараах орон сууцнуудын талбай гэрээнд заасан хэмжээнээс дутсан. Үүнд: 112 дугаар байрны 6-17 тоот орон сууцнаас 2.8 м.кв талбай дутсан үнэ 3.987.200 төгрөг /3х1000 ам.доллар1424/, 6-20 тоот орон сууцнаас дутсан 8 м.кв талбайн үнэ 11.392.000 төгрөг /8х1000 ам.доллар1424/, 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцнаас дутсан 8 м.кв талбайн үнэ 11.600.000 төгрөг, /8х1,000 ам.доллар1450/, 105 дугаар байрны 6-24 тоот орон сууцнаас дутсан 8 м.кв тапбайн үнэ 11.440.000 төгрөг /8х1000 ам.доллар 1430/, 106 дугаар байрны 4-15 тоот орон сууцнаас дутсан 3 м.кв талбайн үнэ 3.840.000 төгрөг /3х1,000 ам.доллар 1280/, нийт 42.259.200 төгрөгийн зөрүү гарч байна.

            Иймд илүү нийлүүлсэн тоосгоны үнэ 12.591.424 төгрөг, талбайн зөрүүд нийт 54.850.624 төгрөгийг Э К ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э К ХХК-ийн сөрөг шаардлагад гаргасан тайлбарт: П А ХХК нь өмнөх худалдаж авсан 4 байрны төлбөрийг НӨАТ-ын хамт бүрэн төлж дуусгасан. 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт, мөн тухайн үед хариуцагч П А ХХК-ийн захирал байсан Т.Батсайхантай байгуулсан №09/2012 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актанд хариуцагч П А ХХК нэхэмжлэгч Э КХХК-д 113.424.476 төгрөгийг үл маргах хурмаар төлөхөөр тохиролцож, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Маршал хотхоны 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцны төлбөрөөс 113.424.476 төгрөгийн үлдэгдэлтэйг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Тооцоо нийлсэн актаас хойш хариуцагч нь 38.500.000 төгрөгийн тоосго нийлүүлсэн тул нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцох боломжтой. Хариуцагч П А ХХК-ийн захиалсан 5 ширхэг орон сууцанд компанийн эрх бүхий хүмүүс 2009 оноос хойш амьдарч байгаа боловч 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр болох 74.924.476 төгрөгийн тоосгыг нийлүүлээгүй тул 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцнаас бусад орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00040 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П А ХХК-иас 122.824.476 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э К ХХК-ийн нэхэмжлэлээс 72.224.476 төгрөгийг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 51.529.024 төгрөгийн нэхэмжлэлээс 49.716.100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э КХХК-иас 1.812.924 төгрөг гаргуулж хариуцагч П А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э КХХК нь 50.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1.136.080 төгрөг, хариуцагчийн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 406.530 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 43.957 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 745 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00040 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П А  ХХК-иас 72.224.476 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э КХХК-д олгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч П А  ХХК-ийн, нэхэмжлэгчээс 51.529.024 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1.136.080 төгрөг, хариуцагчийн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 519.072 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э КХХК-д 432.203 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406.530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч талуудын хооронд Арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч хариуцагчийг нэхэмжлэгчид НӨАТ төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь арилжааны гэрээгээр авсан нийт 4 байрны 1 м.кв үнэ 1000 ам доллар байсан бөгөөд энэ нь хамгийн сүүлд худалдан авсан 105 дугаар байрны 6-24 тоот байрны гэрээний 2.1 заалтад НӨАТ багтсан дүн гэж нэмэлт оруулсан заалтаар нотлогдоно. Уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэдэг боловч нэхэмжлэгч тал уг нэмэлтийг хийсэн болохыг нотолсон баримт хэргийн 235 дахь талд авагдсан. Дээрх орон сууцны төлбөр тооцоо дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах албан бичигтээ нэхэмжлэгч нь төлбөр тооцоо дууссан гэж бичиж байсан бөгөөд улмаар батламж гардуулж өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэж үгүйсгэж байгаагаа магадлалдаа дурьдаагүй нь үндэслэлгүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх талууд өр төлбөрөө баталгаажуулж “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт үйлдсэн. Уг баримт хууль ёсны баримт мэтээр дүгнэжээ. Гэтэл тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтанд манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарагдаагүй, уг баримт нь хүчин төгөлдөр баримт болж чадахгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн өрийн талаарх албан бичигт хариуцагч тал гарын үсэг зурж байсан нь өрийг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Учир нь уг албан бичгийн хувийг хүлээн авсанаа илэрхийлж гарын үсэг зурсанаас бус өрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй юм. Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан бодит байдлаас тэс өөр дүгнэлт хийж хариуцагчид илтэд хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч арилжааны гэрээгээр нэхэмжлэгчээс орон сууц авахдаа өөрийн нийлүүлсэн бүтээгдэхүүний НӨАТ-ыг хариуцах нь хууль ёсны бөгөөд харин нэхэмжлэгчийн төлөх ёстой орон сууцны НӨАТ-ыг хариуцагч төлөх нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд бодит байдалд талууд ийм тохиролцоо хийгээгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсныг давж заалдах шатны шүүх зөв дүгнээгүй.

Манай компани нь нэхэмжлэгчид илүү төлсөн тоосгоны үнэ буюу 12.951.424 төгрөгийг, худалдан авсан орон сууцны биет байдлын доголдол болох орон сууцны талбайн зөрүү болох 28.576.000 төгрөг, нийт 51.529.024 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан илүү нийлүүлсэн тоосго, обой, плитаны үнэ болох 11.138.500 төгрөгийн хэсгийг орхигдуулсан. Мөн худалдан авсан орон сууцнуудын талбайн дутуу хэмжээний төлбөрийн хэсгийг шаардах эрхийн хугацаа хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэж үзэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компани талбайн хэмжээ дутуу байсныг нэхэмжлэгчийн өөрийнх нь үйлдсэн баримтуудаас мэдсэн бөгөөд энэ үеэс шаардсан тул анхан шатны шүүхийн шаардах эрхийн хугацаа хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар мөн л бодит дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг тус тус оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Э К ХХК, П А ХХК-д холбогдуулж, худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 72.224.476 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч илүү нийлүүлсэн материалын үнэ 12.951.424 төгрөг, худалдан авсан эд хөрөнгө доголдолтой буюу талбайн хэмжээ дутуугаас 41.899.200 төгрөг, нийт  51.529.024 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг, зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Зохигчийн хооронд 2009, 2010 онд 4 удаагийн гэрээ байгуулагдаж, нийт 5 орон сууц, 2 гарааш Э К ХХК нь П А ХХК-д худалдаж, үнийг барилгын материал буюу тоосго, цементээр төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Эдгээр гэрээний дагуу хариуцагч нийт 742.186.924 төгрөгийн төлбөр төлснийг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч, 4 удаагийн гэрээний 3.3-т зааснаар худалдсан эд хөрөнгийн үнэд НӨАТ тооцож төлөх үүргийг хариуцагч хүлээсэн, төлөгдвөл зохих 814.411.400 төгрөгөөс төлснийг хасч зөрүүг нэхэмжилнэ, НӨАТ-г оруулж, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан гэсэн бол, хариуцагч, гэрээний 2.1, 3.1-р үнийг тохиролцсон, НӨАТ нэмж төлөх үүргийг хүлээгээгүй..., тооцоо нийлсэн гэх актад компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж маргажээ.

Зохигч НӨАТ-г хариуцагч төлөх эсэхэд маргасан байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар шүүх гэрээг тайлбарлана.

Гэрээний 3.3-т “энэхүү орон сууцны барилгын талбайн нийт үнэд НӨАТ тооцогдохгүй бөгөөд худалдан авагч тал Монгол улсын Татварын хуулийн дагуу зохих татварыг төлнө” гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх гэрээний энэхүү заалтыг бусад нөхцлийн агуулгатай харьцуулан тодорхойлж чадаагүй, НӨАТ-г хариуцагч төлөхөөр гэрээгээр тохиролцоогүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ.

Талууд гэрээний 2.1-р тухайн худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлж, гэрээний 3.3-т зааснаар НӨАТ-г худалдан авагч төлөх нэмэлт үүргийг хүлээлгэсэн нь тогтоогдсон байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулийн дагуу худалдаж буй бараандаа 10 хувиар НӨАТ тооцож татварын байгууллагад тайлагнаж, төлөх үүргийг худалдагч тал хүлээж, уг татварыг шингэсэн үнээр барааг худалдахаар худалдагчтай  гэрээгээр тохиролцох нь иргэний эрх зүйн зарчимд харшлахгүй. Талууд НӨАТ тооцож гэрээний үлдэгдлийн талаар тооцоо хийж баталгаажуулсан, нэхэмжлэгч хуулийн дагуу дээрх худалдан авалтад НӨАТ-г татварын байгууллагад тайлагнаж, төлсөн нь тогтоогдсон  талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд талбайн хэмжээ буюу худалдсан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ хариуцагч алдсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 254 дүгээр зүйлийн 254.4 заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч тоосго илүү нийлүүлсэн нь нотлогдоогүй тул 12.951.424 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 745 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 519.072 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ