Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 745

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00040 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “П-” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн үлдэгдэл 72 224 476 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

54 850 624 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э-” ХХК нь “П-” ХХК-тай орон сууцны барилга худалдах-худалдан авах 4 гэрээ байгуул, Маршал хотхоны 112 дугаар байрны 6-17 тоот 2 өрөө, мөн байрны 6-20 тоот 4 өрөө, автомашины 2 гарааш, 104 дүгээр байрны 4-17 тоот, тус байрны 4-13 тоот орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 ам.доллараар тооцох, 105 дугаар байрны 6-24 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 ам.доллараар тооцож худалдахаар, төлбөрийг бартераар буюу тоосго, Хөтөлийн цементээр төлөхөөр тус тус тохиролцсон.

Дээрх 4 гэрээний 3.3, НӨАТатварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2-т заасны дагуу улсад төлөх татварын үнийн дүнг бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцохоор гэрээнд тухайлан зааж орон сууцны үнэ болон НӨАТатварын үнийн нийлбэр дүнг худалдан авагч “П-” ХХК гүйцэтгэх үүрэгтэй. Хариуцагч “П-” ХХК нь 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр орон сууц, гараашийн хамт нийт 286 224 000 төгрөг гэрээний 3.3-т заасан НӨАТатвар 28 622 400 төгрөг, нийт 314 846 400 төгрөгийг бүрэн төлсөн.

2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 105 дугаар байрны 6-24 тоот орон сууцны төлбөр, гараашийн хамт 205 920 000 төгрөг, гэрээний 3.3-т заасан НӨАТатвар 20 592 000 төгрөг, нийт 226 512 000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан бөгөөд хариуцагчийн компанийн хүсэлтээр 000185 тоот орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээг иргэн Ц.Солонгын нэр дээр шилжүүлсэн.

2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний төлбөр 52 480 000 төгрөг, гэрээний 3.3-т заасан НӨАТатвар 5 248 000 төгрөг, нийт 57 728 000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.

Харин 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний төлбөр 195 750 000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу НӨАТатвар 19 575 000 төгрөг, нийт 215 325 000 төгрөг төлөхөөс 101 900 524 төгрөг төлж үлдэгдэл 113 424 476 төгрөгийг төлөөгүй байна.

Хоёр талын байгуулсан орон сууцны барилга худалдах-худалдан авах 4 гэрээнд улсад татвар гэхээс илүү орон сууцны нийт үнийг тодорхойлсон зохицуулалтта бгөөд орон сууцны талбайн үнэ болон түүнд ногдох НӨАТ хоёрын нийлбэр дүнгээр тодорхойлохоор талууд тохиролцсон. Өөрөөр хэлбэл НӨАТ-ыг бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцохоор гэрээнд тухайн зааж, орон сууцны үнэ болон НӨАТ-ын үнийн нийлбэр дүнг гэрэнэийүнэ буюу худалдан авагч тал болох хариуцагч компанийн гүйцэтгэх үүгийн хэмжээ байхаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.3, 198 дугаар зүйлийн 198.2-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан.

Талууд үлдэгдэл 113 424 476 төгрөгийн төлбөрт тооцоо нийлсэн бөгөөд манай компани ба хариуцагч компанийн ерөнхий захирал Т.Батсайхан, гүйцэтгэх захирал Н.Оюунчимэг нарын хоёр талын эрх бүхий хүмүүс албан ёсоор баталгаажуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани 41 200 000 төгрөг төлсөн тул үлдэгдлээс хасч тооцон “Пено-Андууд” ХХК-иас 72 224 476 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “П-” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “П-” ХХК нь 2009 оны 7 сарын 20-ны өдөр “Э-” ХХК-иас Маршал хотхоны 112 дугаар байрны 6-17 тоот 2 өрөө, 6- 20 тоот 4 өрөө орон сууцуудыг 1 м.кв-ыг нь 1 000 ам.доллараар тооцож 185 000 ам.доллар, автомашины 2 гараашийг 16 000 ам доллар нийт 201 000 ам.доллар буюу НӨАТ багтсан үнэ болох 286 224 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д байрны үнэ ба төлбөр хэсэгт 100 хувь тоосгоны бартераар төлөх бөгөөд 1 ширхэг тоосгоны тээвэр, НӨАТ багтсан үнэ болох 160 төгрөгт тооцож нийт 1 788 900 ширхэг тоосгыг нийлүүлэхээр заасан.

2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Маршал хотхоны 112 дугаар байрны 17-20 тоот 185 м.кв 6 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 424 000 төгрөгт тооцон 263 440 000 төгрөг болон автомашины дулаан зогсоол 2 ширхэгийг 22 784 000 төгрөг нийт төлбөр 286 224 000 төгрөгийн төлбөрийг 1 ширхэг нь 160 төгрөгийн үнэтэй тоосго 1 788 900 ширхэгийг нийлүүлж дээрхи орон сууцыг бараа солилцоогоор авахаар заасан бөгөөд манай компани 1 788 900 ширхэг тоосгыг нийлүүлж тооцоо дууссан.

2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Маршал хотхоны 104 дүгээр байрны 4-13 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 ам.доллараар тооцож 135 000 ам.доллар буюу НӨАТ багтсан үнэ болох 195 750 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 100 хувь цементний бартераар төлөхөөр гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөрт нийт 40 618 000 төгрөгийн цемент, нэг бүр нь 160 төгрөгөөр тооцож 969 575 ширхэг тоосго нийлүүлж нийт 195 750 000 төгрөгийн үнэтэй цемент болон тоосгыг нийлүүлж тооцоо дууссан. Энэ талаар 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн бараа нийлүүлэх гэрээнд тодорхой заасан. 

2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Маршал хотхоны 105 дугаар байрны 6-24 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв-г нь 1 000 ам доллараар тооцож 136 000 ам.доллар, автомашины гарааш 8 000 ам.доллар нийт 144 000 ам.доллар буюу НӨАТ багтсан үнэ 205 920 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д төлбөрийг тоосгоны бартераар төлөхөөр тохиролцож 1 ширхэг тоосгыг тээвэр, НӨАТ багтаад 160 төгрөгт тооцож нийт 1 287 000 ширхэг тоосгыг нийлүүлж тооцоо дууссан.

Ингээд нийт 2009 онд 4 байр худалдан авсан бөгөөд хамгийн сүүлд худалдан авсан байр болох 105-6-24 тоотын төлбөр тооцоо дууссаны дараа “Э-” ХХК нь төлбөр тооцоо дууссаныг нотолсон албан бичиг хийж өгсөн.

Үүний дараа 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Маршал хотхоны 106 дугаар байрны 4-15 тоот 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 000 доллар, 1 ам.долларыг 1 280 төгрөгт тооцож НӨАТ багтсан үнэ нийт 52 480 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг орон сууцны төлбөрийг тоосгоны бартераар буюу нийт 52 480 000 төгрөгний тоосго нийлүүлэхээс 39 387 076 төгрөгийн тоосго нийлүүлээгүй үлдэгдэлтэй.

Ингээд нийт 497 м.кв талбайтай, НӨАТ багтсан дүнгээр 740 374 000 төгрөгийн үнэтэй 5 орон сууцыг 100 хувь бартераар худалдах-худалдан авах гэрээгээр авсан бөгөөд орон сууцнуудын төлбөрт нийт 700 986 924 төгрөгийн тоосгыг нийлүүлсэн.

Гэтэл “Э-” ХХК нь дээрх орон сууцнуудын гэрээг тухайн үед НӨАТ багтсан дүн гэж гэрээний нийт үнийн дүнд гараар тодотгон бичиж хийсэн. Манай компанийн нийлүүлсэн дээрх тоосгоны дүн болох 700,986,924 төгрөгийн үнийн дүнд 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нийлүүлсэн 8 500 ширхэг тоосго буюу 1 147 500 төгрөг, 105 дугаар байрны 24 тоотын обой плитаг манай компани гаргасан бөгөөд “Э-” ХХК-ийн үнэлгээгээр 1 281 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сард нийлүүлсэн 30 000 ширхэг тоосго буюу 4 050 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн 8 500 тоосго буюу 1 360 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нийлүүлсэн 10 000 тоосго буюу 2 200 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлсэн 5000 ширхэг тоосго буюу 1 100 000 төгрөг нийт 11 138 500 төгрөгийн тоосго нийлүүлсэн дүн тооцогдоогүй нь баримтаар нотлогдсон тул “Э-” ХХК хүлээн зөвшөөрч дээрх нийлүүлсэн 700 986 924 төгрөгийн тоосгоны тооцоонд нэмж нийт 712 125 424 төгрөгийн тоосго нийлүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцсон боловч уг гэрээ нь манай компанид илт хохиролтой байснаас гадна манайд худалдсан байр нь биет байдлын доголдолтой хэмжээ дутуу зэргээс шалтгаалан эвлэрэхээс татгалзсан. Энэ үед манай компани нийт 41 200 000 төгрөгийн тоосгыг нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл 28 248 576 төгрөгийн тоосго нийлүүлэхээс 41 200 000 төгрөгний тоосго нийлүүлж 12 951 424 төгрөгийн тоосго илүү нийлүүлсэн.

Манай худалдан авсан 5 байр НӨАТ багтсан дүнгээр 740 374 ,000 төгрөгний үнэтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “П-” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Манай компани Маршал хотхоны 112 дугаар байрны 6-17 тоот, 6-20 тоот, 104 дүгээр байрны 4-13 тоот, 105 дугаар байрны 6-24 тоот, 106 дугаар байрны 4-15 тоот орон сууцнуудын үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

“Э-” ХХК-тай бараа солилцооны гэрээгээр Маршал хотхоноос 5 орон сууцыг авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэхээр яригдаж байх үед манай компани 41 200 000 төгрөгийн тоосго нийлүүлж, 28 248 576 төгрөгийн үүргийн гүйцэтгэлээсээ 12 951 424 төгрөгийн үүргийг илүү гүйцэтгэсэн.

Мөн ”Э-” ХХК-иас авсан Маршал хотхоны дараах орон сууцнуудын талбай гэрээнд заасан хэмжээнээс дутсан. Үүнд:

112 дугаар байрны 6-17 тоот орон сууцнаас 2.8 м.кв талбай дутсан үнэ 3 987 200 төгрөг /3х1000 ам.долларЧ1424/,  6-20 тоот орон сууцнаас дутсан 8 м.кв талбайн үнэ 11 392 000 төгрөг /8х1000 ам.долларЧ1424/, 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцнаас дутсан 8 м.кв талбайн үнэ 11 600 000 төгрөг, /8х1,000 ам.долларЧ1450/, 105 дугаар байрны 6-24 тоот орон сууцнаас дутсан 8 м.кв тапбайн үнэ 11 440 000 төгрөг /8х1,000 ам.долларЧ1430/, 106 дугаар байрны 4-15 тоот орон сууцнаас дутсан 3 м.кв талбайн үнэ 3 840 000 төгрөг /3х1,000 ам.долларЧ1280/, нийт 42 259 200 төгрөгийн зөрүү гарч байна.

            Иймд илүү нийлүүлсэн тоосгоны үнэ 12 591 424 төгрөг, талбайн зөрүүд нийт 54 850 624 төгрөгийг “Э-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК сөрөг шаардлагад гаргасан тайлбартаа: “П-” ХХК нь өмнөх худалдаж авсан 4 байрны төлбөрийг НӨАТ-ын хамт бүрэн төлж дуусгасан. 2011 оны 11-р сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт, мөн тухайн үед хариуцагч “П-” ХХК-ийн захирал байсан Т.Батсайхантай байгуулсан №09/2012 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн актанд хариуцагч “П-” ХХК нэхэмжлэгч “Э-” ХХК-д 113 424 476 төгрөгийг үл маргах хурмаар төлөхөөр тохиролцож, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Маршал хотхоны 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцны төлбөрөөс 113 424 476 төгрөгийн үлдэгдэлтэйг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Тооцоо нийлсэн актаас хойш хариуцагч нь 38 500 000 төгрөгийн тоосго нийлүүлсэн тул нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцох боломжтой.

Хариуцагч “П-” ХХК-ийн захиалсан 5 ширхэг орон сууцанд компанийн эрх бүхий хүмүүс 2009 оноос хойш амьдарч байгаа боловч 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр болох 74 924 476 төгрөгийн тоосгыг нийлүүлээгүй тул 104 дүгээр байрны 4-13 тоот орон сууцнаас бусад орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “П-” ХХК-иас 122 824 476 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлээс 72 224 476 төгрөгийг, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 51 529 024 төгрөгийн нэхэмжлэлээс 49 716 100 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Э-” ХХК-иас 1 812 924 төгрөг гаргуулж хариуцагч “П-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э-” ХХК нь 50 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1 136 080 төгрөг, хариуцагчийн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 406 530 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 43 957 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “Пено-Андууд” ХХК-тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.3-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн орон сууцны барилга худалдах-худалдан авах 4 гэрээгээр 5 ширхэг орон сууцыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2009 оны 7 дугаар сарын 20, 2009 оны 12 дугаар сарын 10, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний төлбөрийг гэрээний 3.3-т заасан НӨАТатварын хамт тус тус бүрэн төлж барагдуулсан.

              2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний төлбөр 195 750 000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу НӨАТатвар 19 575 000 төгрөг нийт 215 325 000 төгрөгөөс нэхэмжлэл гаргах үед 101 900 524 төгрөгийг төлж үлдэгдэл 113 424 476 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч "Пено-андууд" ХХК нь нэхэмжлэгч "Э-" ХХК-д нийт 113 424 476 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хариу тайлбартаа тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнө нийт 700 986 924 төгрөгийн тоосго нийлүүлсэн гэсэн хариу тайлбар гаргасныг анхаарна уу.

Хоёр талын байгуулсан орон сууцны барилга худалдах- худалдан авах 4 гэрээнд орон сууцны нийт үнийг тодорхойлсон зохицуулалттай бөгөөд орон сууцны талбайн үнэ болон түүнд ногдох НӨАТатвар хоёрын нийлбэр дүнгээр тодорхойлохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл НӨАТатварыг бараа, үйлчилгээний үнэ дээр нэмж тооцохоор гэрээнд тухайлан зааж орон сууцны үнэ болон НӨАТатварын үнийн нийлбэр дүнг гэрээний үнэ буюу худалдан авагч тал болох хариуцагч "П-" ХХК-ийн гүйцэтгэх үүргийн хэмжээ байхаар талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 195 дугаар зүйлийн 195.3, 198.2-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж талууд эрх бүхий этгээд гарын үсэг тамга тэмдгээ дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Хариуцагч "П-" ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8.1.2, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 тоот Сангийн сайдын тушаалын 2-р хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах журмын 2.1-т заасны дагуу орон сууцны барилга худалдах, худалдан аеах гэрээний дагуу НӨАТатварыг төлөх үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулсан 4 ширхэг орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хариуцагч "П-" ХХК-ийг төлөөлж тухайн үед захирлаар ажиллаж байсан Т.Батсайхан нь гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч талын эрх бүхий этгээдүүд 2011 оны 11-р сарын 05-ны өдөр №09/2012 дугаартай тооцоо нийлсэн актыг үйлдсэн бөгөөд тус тооцоо нийлсэн акт үйлдэх өдрийн байдлаар өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу хариуцагч "П-" ХХК нь нэхэмжлэгч "Э-" ХХК-д нийт 113 424 476 төгрөгийг үл маргах журмаар төлөхөөр харилцан тохиролцож тооцоо нийлсэн актыг үйлдсэн. /2хх 117-118/ №09/2012 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн 2011 оны 11-р сарын 05-ны өдрийн байдлаар хариуцагч "П-" ХХК-ийн захирлаар Т.Батсайхан нь ажиллаж байсан бөгөөд анхан шатны шүүх дээр тооцоо нийлсэн актын №09/2012 гэсэн дугаарын ар талын "2012" тоог 2012 он гэж дүгнэсэн байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна. Тооцоо нийлж гарын үсэг зурсан өдрөөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тооцоо нийлж гарын үсэг зурсан болохоос жилийн дараа буюу 2012 онд тооцоо нийлсэн актыг үйлдэнэ гэж байхгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагч компанийн захирал Н.Оюунчимэг нь тухайн үед ерөнхий нягтлангаар ажиллаж байхад буюу 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөн нэхэмжлэгч "Э-" ХХК-тай тооцоо нийлж нэхэмжлэгч "Э-" ХХК-д 113 424 476 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан байдаг./2хх117-118/

Хоёр талын 09/2012 дугаартай тооцоо нийлсэн актнаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "П-" ХХК нь 41 200 000 тегрөгийг үнэ бүхий тоосго нэхэмжлэгч "Э-" ХХК-д нийлүүлсэн тул 113 424 476 төгрөгийн үнийн дүнгээс 41 200 000 төгрөгийг хасч тооцож үлдэгдэл 72 224 476 төгрөгийг төлөөгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д "...72 224 476 төгрөг хэрэгсэхгүй болгож гэсэн хэсэг..., ....нэхэмжлэгч "Э-" ХХК-иас 1 812 924 төгрөг гаргуулж хариуцагч "П-" ХХК-д олгосугай..." гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэвээр үлдээн "Э-" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Пено-Андууд" ХХК-ийн захирал Н.Оюунчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн "сөрөг нэхэмжлэлээс 49 716 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон" хэсгийг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шагны шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.  Манай компани нь нэхэмжлэгчид илүү төлсөн тоосгоны үнэ 12 951 424 төгрөгийг, худалдан авсан орон сууцны биет байдлын доголдол болох орон сууцны талбайн зөрүү 38 577 600 төгрөг, нийт 51 529 024 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлд дурдагдсан илүү нийлүүлсэн тоосго, обой, плитаны үнэ болох 11 138 500 төгрөгийн хэсгийг орхигдуулсан. Мөн худалдан авсан орон сууцнуудын талбайн дутуу хэмжээний төлбөрийн хэсгийг шаардах эрхийн хугацаа хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талбайн хэмжээ дутуу байсныг нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн баримтуудаас мэдсэн бөгөөд тэр үеэс шаардсан тул шаардах эрхийн хугацаа хэтрүүлсэн, шаардах эрхээ алдсан гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шагны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч "Э-" ХХК шүүхэд хандан, хариуцагч "П-" ХХК-иас 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үүрэг үлдэгдэл төлбөр 113 424 476 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1188 тоот гэрээний үүрэгт 50 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1188 тоот орон сууцны гэрээний үүрэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 72 224 476 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч тал эс зөвшөөрч үүрэг дуусгавар болсон гэж марган, харин илүү тоосго нийлүүлсэн, нэхэмжлэгч доголдолтой орон сууц нийлүүлсэн гэх үндэслэлээр 51 529 024 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Талуудын хооронд “орон сууцны барилга худалдах-худалдан авах” нэртэй 5 гэрээ байгуулж, гэрээгээр худалдан авагч "Пено-Андууд" ХХК нь худалдагч "Э-" ХХК-иас Маршал хотхоны 112 дугаар байрны 6-17 тоот 2 өрөө, 6-20 тоот 4 өрөө орон сууцнуудыг 1 м.кв талбайг 1000 ам.доллараар тооцож, мөн 2 автомашины зогсоолын хамт 201 000 ам.доллараар буюу 286 224 000 төгрөгөөр /1 ам.долларыг 1424 төгрөгт хөрвүүлж/, 105 дугаар байрны 6-24 тоот 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1000 ам.доллараар тооцон 136 000 ам.доллар, автозогсоолыг 8 000 ам.доллараар, нийт 144 000 ам.доллар буюу 205 920 000 төгрөг /1 ам.долларыг 1430 төгрөг/,  106 дугаар байрны 4-15 тоот 1 өрөө орон сууцыг 52 480 000 төгрөгөөр, 104 дүгээр байрны 4-13 /4-17/ тоот 3 өрөө орон сууцыг 135 000 ам.доллар буюу 195 750 000 төгрөг /1 ам.доллар 1450 төгрөг/-өөр тооцон худалдан авахаар,  төлбөрийг 100 хувь бартераар буюу орон сууцны үнийн дүнд тэнцэх хэмжээний тоосго болон Хөтөлийн цемент нийлүүлж төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /2хх-45-56/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргаангүй бөгөөд дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 247.1 дэх хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

Хариуцагчаас дээрх 5 гэрээний үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн, үүрэг дуусгавар болсон эсэх талаар марган, мэтгэлцдэг.

Зохигчид 2009 оны 7 дугаар сарын 20, 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр орон сууцны төлбөрт нийлүүлэх тоосгоны нэг бүрийн үнэд тээвэрлэлтийн хөлс, нэмэгдсэн өртгийн албан татварыг багтаан 160 төгрөгөөр, 2009 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр 1 ширхэг тоосгыг 135 төгрөгөөр тус тус тооцон гэрээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний тоосго нийлүүлэх, мөн сарын 18-ны өдрийн гэрээгээр орон сууцны үнийн дүнгийн хэмжээгээр Хөтөлийн цемент нийлүүлэх /1 тн-ыг 110 000 төгрөгөөр/-ээр,  мөн 5 гэрээний 3.3 дахь заалтаар орон сууцны барилгын талбайн нийт үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдоогүй, худалдан авагч тал зохих татварыг төлөхөөр тус тус тохиролцжээ. /2хх 45-56 дахь тал/

Дээрхээс дүгнэвэл, хариуцагч нь гэрээгээр орон сууцны үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөхөөр үүрэг хүлээж тохиролцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 , Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцжээ. Өөрөөр хэлбэл талууд гэрээний зүйлийн үнийг орон сууцны талбайн үнэ болон шууд ногдох НӨАТ хоёрын нийлбэр дүнгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Дээрх арилжааны гэрээний оролцогчид аль аль нь НӨАТ төлөгч байх ба хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч НӨАТ төлөхгүй байхаар тохиолдол байх боломжгүй юм.

Түүнчлэн 2 дахь хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн туслах журнал гэх бичгийн баримтад маргааны зүйл болох 104-013 тоот орон сууцны борлуулалтын цэвэр дүнг 195 750 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 19 575 000 төгрөг, нийт 215 325 000 төгрөг, харилцагч “Пено-Андууд” гэж тусгагдсан байх тул хариуцагчийн “195 750 000 төгрөгийн гэрээний үнэд НӨАТ шингэсэн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа 09/2012 гэх баримтад талууд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацааны өгч, авалцсан зүйлээ харилцан тооцоо нийлж хариуцагч “Пено-Андууд” ХХК нь 113 424 476 төгрөгийн үлдэгдэлтэйг батлан, уг төлбөрийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон баримтад нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч Н.Буянхишиг, хариуцагч компанийг төлөөлж захирал Г.Батсайхан нар гарын үсгээ зуржээ. Мөн нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолсон албан бичигт “талуудын тооцоо нийлсэн талаар болон Маршал хотхоны 105-24 тоот байрны үлдэгдэл 113 424 476 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар дурдсан байх бөгөөд уг бичгийг хариуцагч “Пено-Андууд” ХХК-ийн нягтлан хүлээн авч гарын үсгээ зурж, компанийн тамгыг дарж баталгаажуулсан байна. /1хх 130 дахь тал/ Хариуцагч “Пено-Андууд” ХХК-ийн захирал Н.Оюунчимэг нь 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагчийн, гэрээний үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн, арилжааны гэрээний үүрэг дуусгавар болсон гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин талуудын гэрээний агуулга, мөн Иргэний болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “нэхэмжлэгчийг гэрээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар тооцон нийт гэрээний үнийг тодорхойлсон гэх үйл баримтаа баримтаар нотолж чадаагүй, гэрээний үнэд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцон суутгасан нь үндэслэлгүй, мөн тооцооны үлдэгдлийн баталгааг төлөөлөх эрх бүхий этгээд үйлдсэн гэж үзэх боломжгүй” гэж буруу дүгнэсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Пено-Андууд” ХХК нь нэхэмжлэгч компанид 700 986 924 төгрөгийн үнийн дүн бүхий тоосго, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 200 000 төгрөгийн үнэд дүйцэх хэмжээний тоосгыг нийлүүлж, нийт 742 186 924 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, бараа материал нийлүүлсэн орлого, зарлагын баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. Нэхэмжлэгч компани хариуцагчийн шилжүүлсэн тоосгыг 4 гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцон, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үүрэг болох 215 325 000  төгрөгөөс 101 900 524 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 41 200 000 төгрөг, нийт 143 100 524 төгрөг төлж, үлдэх 72 224 476 төгрөгт дүйцэх хэмжээний хөрөнгө нийлүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлээр шаардаж буй нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт нийцэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “П-” ХХК-аас арилжааны гэрээний үүрэгт 72 224 476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “П-” ХХК нь нэхэмжлэгч "Э-" ХХК-д холбогдуулан орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчлөн 51 529 024 төгрөг гаргуулахаар шаардан, үндэслэлээ “...гэрээний үүргийн гүйцэтгэлээсээ 12 951 424 төгрөгийн тоосго илүү нийлүүлсэн, … худалдан авсан байрнуудаас нийтдээ 26.79 м.кв дутуу байсныг 1 м.кв-ыг 1 480 000 төгрөгөөр тооцоход 38 576 000 төгрөг болсон ...” гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь 12 951 424 төгрөгийн тоосго илүү шилжүүлсэн гэх тайлбараа бичгийн баримтаар нотлоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг үндэслэлгүй гэж үзнэ.  Түүнчлэн хариуцагч нь 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Маршал хотхоны 112 дугаар байрны 6-17 тоот 2 өрөө орон сууц, мөн байрны 6-20 тоот 4 өрөө орон сууц, 2 гарааш, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр Маршал хотхоны 105 дугаар байр 6-24 тоот 4 өрөө орон сууц, 1 гарааш, 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр Маршал хотхоны 106 дугаар байрны 4-15 тоот 1 өрөө орон сууц, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр Маршал хотхоны 104 дүгээр байрны 4-13 тоот 3 өрөө орон сууцыг тус тус шилжүүлэн авсан үйл баримтад маргадаггүй.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 245.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлөх үүрэгтэй” гэжээ. Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хэдий ч эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч тухайн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна. Хариуцагч “Пено-Андууд” ХХК нь орон сууцнуудыг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлыг мэдэж илрүүлэх боломжтой байжээ. Орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх доголдол биш тул хариуцагчийг доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин хариуцагч нь хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08872 дугаар захирамжаар 14 хоног хойшлуулсан байна. /1хх-206-208, 221 дэх тал/ Хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үеэр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дутуу төлсөн 363 803 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар заагаагүй нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00040 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Пено-Андууд” ХХК-иас 72 224 476 /далан хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Пено-Андууд” ХХК-ийн, нэхэмжлэгчээс 51 529 024 /тавин нэгэн сая таван зуун хорин есөн мянга хорин дөрвөн/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1 136 080 төгрөг, хариуцагчийн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 519 072 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э-” ХХК-д 432 203 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, 3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3” гэж өөрчлөн дугаарласугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                  

                              ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД