Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0158

 

 

“ЖТЛ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Нэхэмжлэгч “ЖТЛ” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21201003144 дугаар Нөхөн ногдуулалтын актын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох, мөн Нөхөн ногдуулалтын актын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 143,815,226.33 төгрөгийн дүн бүхий торгууль, алдангийг хүчингүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 805 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б, Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0684/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЖТЛ” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21201003144 дугаар Нөхөн ногдуулалтын актын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох, мөн Нөхөн ногдуулалтын актын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 143,815,226.33 төгрөгийн дүн бүхий торгууль, алдангийг хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 805 дугаар шийдвэрээр:

2.1. “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ЖТЛ ХХК-ийн гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21201003144 дугаар Нөхөн ногдуулалтын актын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох, мөн Нөхөн ногдуулалтын актын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 143,815,226.33 төгрөгийн дүн бүхий торгууль, алдангийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг удирдлага болгон тайлбарлаж энэхүү зүйл заалтыг Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгож шийдвэрлэсэн хүртэлх үйл баримтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар дүгнэж нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

3.1.1. Татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21201003144 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-д Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг огт үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 47.1 дэх заалт "Нөхөн ногдуулалтын акт"-д огт дурьдагдаагүй болох нь илэрхий харагдаж байна.

3.1.2. Татварын улсын байцаагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхдээ татвар төлүүлэх үндэслэлээ тодорхой заагаагүй буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлтэй эсэхийг тодорхойлоогүй атлаа энэ төрлийн татварын харилцаа үүссэн талаар амаар тайлбарлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүйгээс буруу шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

3.1.3. Татварын улсын байцаагчид “ЖТЛ” ХХК-д татварын хяналт шалгалт хийж хариуцлага нөхөн ногдуулалтын актаар хүлээлгэхдээ татвар төлөх эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг хууль зүйн хувьд тодорхойлох ёстой. Гэтэл актад огт дурдагдаагүй заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгээр татварын улсын байцаагчид тайлбар хийсэн, шүүх уг тайлбарт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. Үүнд:

3.1.4. “ЖТЛ” ХХК-д холбогдох нөхөн ногдуулалтын акт нь хууль бус акт байх бөгөөд энэхүү хууль бус актыг үндэслэн татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх зүйн үндэслэл байхгүй юм.Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тогтоогоогүй.

3.1.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”, 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна.” 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж хуулиар тогтоосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн акт тогтоогдсон. Мөн хуулийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан нь эрх зүйн зөрчилтэй акт анхнаасаа хүчингүй байх нөхцлийг зааж өгчээ.

3.2. Татварын улсын байцаагчид Нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон зөрчилд алданги тооцохдоо ямар эрх зүйн үндэслэлээр буюу ямар хэм хэмжээний актыг үндэслэсэн болох нь тодорхойгүй. Хууль тогтоомжийг үндэслэхгүйгээр их хэмжээний татвар ногдуулж байгаа нь татварын улсын байцаагч хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, дураараа аашилсан үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

3.2.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож буй Татварын ерөнхий газрын даргын 2019 оны дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг ашиглах боломжтой байсан гэж дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. Мөн “... Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Тайлангийн маягт батлах тухай” А/23 дугаартай тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг батлан, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс шалтгаалахгүйгээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана...”-р хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр байжээ” гэсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

3.2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Татварын ерөнхий газрын даргын А/164 дүгээр тушаал, уг тушаалаар батлагдсан хэм хэмжээний акт нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

3.2.3. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, харин ч бүр эсрэгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, шүүхийн шийдвэрт “…захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс шалтгаалахгүйгээр...” гээд албан ёсоор нийтлэгдээгүй хэм хэмжээний актыг татвар төлөгч дагаж мөрдөх нь зүйтэй байна гэсэн агуулгаар дүгнэлт хийжээ. Зүй нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй”, 67.4-д “Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.” гэсэн хуулийг шүүх хэрэглэх ёстой байсан.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 805 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21201003144 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт"-ыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Татварын улсын байцаагч Г.Б, Б.Б нар нь ЖТЛ” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21201003144 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нийт 1,775,527,311.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “ЖТЛ” ХХК маргажээ.

3.2 Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон.

3.3. Нэхэмжлэгчээс дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт үндэслэлгүй хэмээн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор шийдвэрлэсэн, эрх зүйн үйлчлэлгүй учир ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж тооцогдохгүй байтал хариуцагч нар хуулийг буруу хэрэглэсэн хэмээн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсныг үгүйсгэж байна.

3.4. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургаадугаар зүйлийн 4-д “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн хуульд нийцээгүй хууль, ... хүчингүй болгосон нь тэрхүү хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй ...” гэж тус тус зааснаар дээрх хуулийн заалт нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэж үзэх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.5. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж нэр томъёоны тайлбарт тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулдаг этгээд байж татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, тайлан хүргүүлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нөхөн ногдуулалтын актаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

3.6. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс анхан шатны шүүх маргаан бүхий актад баримтлаагүй заалт болох 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тайлбарласан нь буруу хэмээн давж заалдах гомдолдоо тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч өөрөө маргаан бүхий актыг үгүйсгэх үндэслэлээ тус хуулийн хэрэглээний талаар тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

3.7. Давж заалдах гомдолд Татварын ерөнхий газрын даргын 2019 оны дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалаар батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тайлангийн маягт батлах тухай” А/23 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан”-г хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх маргааны үндэслэл бүрд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй хэмээн тайлбарлаж байна.

3.8. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэх хуулийн заалт уг тохиолдолд хамааралгүй буюу нэгэнт дээрх маягтууд нийтэд илэрхий цахим байдлаар хэн ч хэзээ мэдэх боломжтой байх бөгөөд татвар төлөгч нь татвараа тайлагнах үүргийн хүрээнд аль боломжит байдлаар шинэ маягт батлагдаагүй ч өмнөх батлагдсан маягтын дагуу орлогоо тайлагнах ёстой байжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЖТЛХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА