Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0805

 

    

 

 

 

        2021 оны 12 сары  01 өдөр                    Дуга128/ШШ2021/0805                    

                                                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120100314* дугаар Нөхөн ногдуулалтын актын-ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох, мөн Нөхөн ногдуулалтын актын-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 143,815,226.33 төгрөгийн дүн бүхий торгууль, алдангийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа тодорхой хэм хэмжээнд үндэслэх бөгөөд тэр нь актад тодорхой заагдах ёстой. Тус зарчмын үндэс нь Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 3 хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 3 заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчим юм.

Татварын улсын байцаагчийн 2120100314* дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” нь хуульд үндэслэх зарчмыг хангаагүй зөрчилтэй байна. Тухайлбал, актын агуулга нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хамаарч байгаа нь тодорхой байхад актын аль ч хэсэгт энэ хэм хэмжээг үндэслээгүй. Актад тодорхой заагдах ёстой хуулийн үндэслэлээ Татварын маргаан таслах зөвлөлд тайлбар байдлаар хүргүүлсэн, Татварын маргаан таслах зөвлөл нь захиргааны актыг бус, татварын улсын байцаагчийн тайлбарыг үндэслэн маргааныг шийдвэрлэжээ.

... Нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны хуулийг үндэслэн, нэхэмжлэгчийн 2019.10.30 хүртэлх хугацаанд экспортолсон 70,514.7 тонн нүүрсний орлого болон дотоодод борлуулсан нүүрсний 152,9 сая төгрөгийн дүн бүхий орлогод нийт 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.

Татварын улсын байцаагч төлбөр ногдуулсан үндэслэлээ “Ж” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон юм.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь “...Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоол гарсан өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалт нь хүчингүйд тооцогдох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарснаар батлагдсан хууль хүчингүй гэж үзэхгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр ...” гэж хууль тайлбарлан, татварын улсын байцаагчийн үйлдлийг зөвтгөжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татварын улсын байцаагчийн тайлбар, Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн эхний шаардлагын үндэслэл нь дан ганц 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн заалт болно.

Тодруулбал, Татварын улсын байцаагч энэ хуулийн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөнө, татвар төлөгч хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа болно.

2. Татварын улсын байцаагчийн акт үйлдэхдээ үндэслэсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 заалт нь Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэж хянагдан, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн суудлын хуралдаанаар “Үндсэн хуульд нийцээгүй” нь тогтоогдож эцэслэн шийдвэрлэгдсэн. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дугаартай тогтоолд “...1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт ... нь Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай...” гэжээ.

3. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр нь дээд эрэмбийн хэм хэмжээ тул төрийн байгууллага үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой. Энэ зарчим нь Үндсэн хуулийн далдугаар зүйлийн 1 хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино”, жаран зургаадугаар зүйлийн 4 хэсэгт “Хууль, зарлиг ... нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно”, тавьдугаар зүйлийн 3 хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж хуульчилснаар баталгаажна.

Татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ Үндсэн хуульд нийцээгүй буюу хүчин төгөлдөр бус хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримталж ногдуулсан 1,282,320,151.71 төгрөгийн дүн бүхий төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

...Нөхөн ногдуулалтын актаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд экспортолсон 26,854.1 тонн нүүрсний экспортын орлогод 342,401,953.96 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, уг нөхөн татварт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.3 заалт, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1 заалтыг үндэслэн 41,094,640.15 төгрөгийн алданги, 102,720,586.18 төгрөгийн торгууль, нийт 143,815,226.33 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

Хуулиар ногдуулсан 342,401,953.96 төгрөгийн нөхөн татварыг татвар төлөгч төлөх үүрэгтэйгээ ухамсарлаж байгаа, харин 143,815,266.33 төгрөгийн торгууль, алдангийг төлөх үүрэггүй талаар дараах үндэслэл байна. Үүнд:

1. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоол гарч, уг тогтоолын заалт 3-т “Энэ тогтоолоор баталсан журамд нийцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгасугай” гэжээ.

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Тайлангийн маягт батлах тухай” А/23 дугаартай тушаал гарч, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №6-д нийтлэгджээ. Энэ тайлангийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс дагаж мөрдөхөөр хугацаа тогтоожээ.

3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч энэ төрлийн татварыг ногдуулах, төлөх харилцааг хуульд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д “энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ.” гэжээ. Хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтаар “Ж” ХХК нь 2019 оны 4-р улиралд борлуулсан нүүрсэнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны дотор Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу ирүүлэх ёстой байсан.

5. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг хэрэгжүүлэх хэм хэмжээний акт нь хуульд заасан хугацаанаас хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн учир “Ж” ХХК нь тухайн төрлийн татварыг тайлагнаж, төлж чадаагүй болно.

“Ж” ХХК нь 2019 оны 4-р улиралд борлуулсан нүүрсний орлогод ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хугацаандаа гаргаагүй нь тухайн татвар төлөгчөөс шалтгаалаагүй. Тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж мөрдөгдөөгүй байсантай холбоотой.

Энэ үндэслэлийг энгийн үгээр илэрхийлбэл, татвар төлөгч ямар ч төрлийн тайланг цаасаар гаргахаа болиод олон жил өнгөрч байна. Иймээс тухайн тайлангийн маягт татварын албаны цахим системд бүртгэгдэж баталгаажаагүй үед тайлагнах ямар ч боломжгүй юм.

Татварын улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж татвар төлөгчид торгууль алданги оногдуулсан нь хууль бус байна. Иймээс хууль бусаар оногдуулсан 41,094,640.15 төгрөгийн алданги, 102,720,586.18 төгрөгийн торгууль, нийт 143,815,226.33 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.

... Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үндсэн үүргээ биелүүлж 342,401,953.96 төгрөгийн дүн бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж зөрчсөнд ногдуулсан 6,989,979.73 төгрөг, нийт 349,391,933.70 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрнө.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус компани нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 29 удаагийн тээвэрлэлтээр нийт 1450 ачааны вагонд 97,368.80 тонн нүүрсийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-руу төмөр замаар экспортод гаргаж борлуулалт хийсэн. Энэ үйл ажиллагааг явуулах үедээ “Ж” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байсан бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон юм.

Харин татвар төлөгч гомдолдоо 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон тул хүчингүй болсон хуулийг баримтлан төлбөр ногдуулсан, өөрөөр хэлбэл 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл экспортолсон болон дотоодод борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээнээс АМНАТ төлөхгүй талаар дурджээ.

Гэтэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмал ашиглаж буй аж ахуйн нэгж нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн/дагаж мөрдөх хугацаа/ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд, харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаанд тус тус хугацааны хувьд тасалдалгүй дагаж мөрдөж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, төсөвт төлөхөөр заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд экспортод гаргасан нийт 97,368.80 тонн боловсруулаагүй нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцож тус хуулийг хэрэгжүүлж ажилласан.

Иймд бид хүчингүй болсон хуулийг хэрэглээгүй хуулийн дагуу төлбөл зохих татварын тооцооллыг хийж, хариуцлагыг ногдуулсан гэдгийг энэ тайлбарт онцолж байна.

Тус компани нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт экспортод гаргаж борлуулсан 97,368.80 тонн боловсруулаагүй нүүрсний 17,735,635,853.00 төгрөгийн борлуулалтын орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” гэж заасны дагуу борлуулалтын үнэлгээг тооцож тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь.”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.17-д “Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно:” 47.17.1-д “Зах зээлийн үнийн түвшин 50-75 ам.доллар байхад үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь 2 байна.” гэж заасны дагуу 1-р хэсэгт тооцсон борлуулалтын үнэлгээ болох 17,735,635,853.00 төгрөгийн борлуулалтын орлогод 2 хувиар нэмэгдэл хувь тооцож 1,241,494,509.74 төгрөгийн нөхөн татвар, мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “С” ХХК-д борлуулсан 100,752,000.00 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Х” ХХК-д борлуулсан 52,158,720.00 төгрөгийн нийт 152,910,720.00 төгрөгийн нүүрсний борлуулалтад Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д “олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодод худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь;” гэж заасны дагуу 3,822,768.00 төгрөгийн нөхөн татвар тус тус ногдуулж, нийт 1,245,317,277.74 төгрөгийн нөхөн татвар, 373,595,183.32 төгрөгийн торгууль, 149,624,870.92 төгрөгийн алданги нийт дүнгээр 1,768,537,331.98 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

“Ж” ХХК нь Дорноговь аймагт байрлах “Ш” ХХК-ийн уурхайгаас олборлосон нүүрсийг худалдан авдаг бөгөөд тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн тайланд “Ж” ХХК-д борлуулсан нүүрсний хэмжээ болон борлуулсан үнийн дүн тусгагдаагүй байсныг дурдаж байна. Иймд энэ тайлангаас дотоодын зах зээлээс худалдан авсан нүүрсний үнийн дүнд ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг нэмж төлөөгүй болохыг харж болно. Мөн Ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцсон үнийн эх сурвалжийг Сангийн яам, гадаад валютын ханшийн сурвалжийг Монголбанк тус тус сайтуудаас авсан болно.

Татвар төлөгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан торгууль алданги төлөхгүй байх асуудал байсан. Татварын улсын байцаагч хяналт шалгалт хийсний үр дүнд Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын акт үйлддэг. Нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт холбогдох татварын хуулийг зөрчсөн зөрчилд хариуцлага хүлээлгэдэг. Хариуцлагыг хүлээлгэхдээ 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар.” торгохоор заасан заалт нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байсан тул Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд  “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1 болон 11.19.3 дахь заалтыг хэрэглэж хариуцлага хүлээлгэсэн болно. Мөн нэхэмжлэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн журам болон тайлангийн маягт батлагдаагүй байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнаж, төлөөгүй талаар дурдсан байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаас үзэхэд хуулийг мэдээгүй, хуулийг хэрэглэхгүй байх нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Иймд холбогдогч  “Ж”  ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120100314* тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 1,250,058,979.56 төгрөгийн нөхөн татвар, 375,017,692.87 төгрөгийн торгууль, 150,450,638.30 төгрөгийн алданги нийт 1,775,527,311.73 төгрөгийн төлбөрөөс 349,391,933.70 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч үлдэх 1,426,135,378.0 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа талаарх татвар төлөгчийн нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэг: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120100314* дугаар Нөхөн ногдуулалтын актын-ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэх ёсгүй...” тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр “...өмнө зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ...ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна...” гэж дүгнэснийг  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “...03 дугаар дүгнэлт үндэслэлтэй...”гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө..."[1] гэснийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон.

 Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургаадугаар зүйлийн 4-т “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нийцээгүй хууль,...Улсын Их Хурал,...хүчингүй болгосон нь тэрхүү хууль...улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй...” гэж, харин энэ зүйлийн  2-т “Үндсэн хуульд нийцээгүй хууль,...улмаас улс, иргэд, байгууллагад учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан... тохиолдолд гэрээ байгуулж соёрхон баталсан байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу тухайн үед нь хянан шийдвэрлэнэ” гэжээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д орсон 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол гармагц хүчингүй болсноор энэ хооронд үйлчилж байсан Үндсэн хуульд нийцээгүй хуулиас үүдэн бий болсон үр дагаврыг хэрхэн арилгах талаар төрийн эрх барих дээд байгууллага буюу Улсын их хурлаас тусгайлан хууль батлаагүй.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэх хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4-т” Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авах боломжийг бий болгосон ...” нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосон ч өмнө үйлчилж байсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч”-тэй холбоотой хуулийн заалтын концепц хэвээр хэрэгжихээр байх тул нэхэмжлэгч хуулиар ногдуулсан татвараа төлөх нь зүй ёсны юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  “Ж” ХХК Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 3-д “хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, үндсэн үүргээ ёсчлон биелүүлж, Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлөхөөр байна.

Хоёр: Нөхөн ногдуулалтын актын-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 143,815,226.33 төгрөгийн дүн бүхий торгууль, алдангийг хүчингүй болгох” шаардлагын тухайд

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль[2] батлагдсантай холбогдуулан  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 465 дугаар тогтоол гарч, уг тогтоолын заалт 3-т "Энэ тогтоолоор баталсан журамд нийцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Татварын ерөнхий газарт” даалгажээ[3].

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Тайлангийн маягт батлах тухай" А/23 дугаартай тушаал гарч[4], энэхүү тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг батлан[5], Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4712 дугаарт бүртгүүлснээр "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-ийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №6-д нийтлэгдсэн байна.[6]

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримттай холбогдуулан  “...тайлангийн маягт хугацаандаа гараагүй...тухайн тайлангийн маягт татварын албаны цахим системд бүртгэгдэж баталгаажаагүй үед татвараа тайлагнах боломжгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д зааснаар хуулиар ногдуулсан 342,401,953.96 төгрөгийн нөхөн татварыг татвар төлөгч төлөх үүрэгтэйгээ ухамсарлаж байraa, харин 143,815,266,33 төгрөгийн торгууль, алдангийг төлөх үүрэг хүлээхгүй...” гэж тайлбарлан маргасан.

Энэхүү маргааны үйл баримттай холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалтаас үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө” гэж.

Aшигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч энэ төрлийн татварыг ногдуулах, төлөх харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д "Энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ" гэж.

Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Санхүүгийн тайлангийн жил, санхүүгийн тайлан гаргах хугацааг зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн 10.3.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь ...жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч "Ж " ХХК-аас дээрх хуулиар тогтоосон хугацааны дотор санхүүгийн тайлангаа гаргах боломжгүй нөхцөл байдал буюу Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" байхгүй тохиолдолд Татварын ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “тайлангийн маягт батлах тухай” А/164 дүгээр тушаалаар батлагдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг ашиглах боломж байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "Ж " ХХК нь 2019 оны 4-р улиралд борлуулсан нүүрсэнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр "Тайлангийн маягт батлах тухай" А/23 дугаартай тушаалаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг батлан, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэхээс шалтгаалахгүйгээр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.”Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1.Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана....”, 29.1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд татварын албанд хүргүүлэх; 29.1.3.суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;-р  хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр байжээ.

Иймд дээрх дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч "Ж " ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тус компаниас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2120100314* дугаар Нөхөн ногдуулалтын актын-ын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 1,282,320,151.71 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох, мөн Нөхөн ногдуулалтын актын-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах 143,815,226.33 төгрөгийн дүн бүхий торгууль, алдангийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

          ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

[2] https://legalinfo.mn/mn/detail?lawId=14816

[3] Хавтас хэргийн 91 хуудас

[4] Хавтас хэргийн 68 хуудас

[5] Хавтас хэргийн 69-71 хуудас

[6] Хавтас хэргийн 67 хуудас