Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01148

 

М.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2018/00022 дугаар шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0006 дугаар магадлалтай,

М.Мын нэхэмжлэлтэй

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Зулбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 1988 оны 9 дүгээр сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эвлэлийн хороонд пионерын зөвлөлийн зааварлагч, аймгийн бага сургуульд пионерын удирдагч, бага ангийн багш, Төмөр замын 8 жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч, Замын-Үүд сумын сургуульд нийгмийн ажилтан, бага ангийн багш, Сайншанд сумын 2 дугаар сургуульд нийгмийн ажилтан, 1 дүгээр сургуульд нийгмийн ажилтнаар тус тус ажиллаж, боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил ажилласан. Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуультай 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Гэтэл тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж ажлаас чөлөөлсөн. 2017-2018 оны хичээлийн жил эхлээд дөнгөж 2 сар болж байхад дээрх тушаалд дурдсан нөхцөл байдал бодитоор бий болоогүй байхад, түүнчлэн боловсролын байгууллагад 29 жил тогтвор суурьшилтай ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажиллаж байсан ажлын үр дүн, үзүүлэлт, үнэлгээ хангалттай байсныг харгалзаагүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх хууль ёсны шаардлагыг хангалгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Зоригт-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: ...нийгмийн ажилтан М.М нь сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг байнга зөрчдөг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай гүйцэтгэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хамт олонд худал, сөрөг ойлголт өгдөг зэрэг зөрчлүүдийг гаргасан тул удаа дараа сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдсан юм. Тухайлбал, ажлын байранд согтуугаар зодоон хийж угаагуурын цорго, крант эвдсэн, хүн зодсон тул 2017 оны 01 дүгээр сарын 16-нд захирлын Б/09 дүгээр тушаалаар 3 сарын хугацаагаар, үндсэн цалинг 19 хувь  бууруулах арга хэмжээ авагдсан. Мөн ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс захирлын 2017 оны 5 сарын 23-ны өдрийн Б/35 тоот тушаалаар 2 сарын хугацаагаар, үндсэн цалинг 19 хувь  бууруулах арга хэмжээ авагдсан.  Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Засаг даргад гомдол гарган шалгуулж Аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгийн дүгнэлтээр буруутай нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 2.5.1-д “Хөдөлмөрийн тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ” гэж заасан атал ажлын байрны тодорхойлолтын гэнэтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнгын бэлэн байдалд зохион байгуулах гэсэн чиг үүргийнх нь дагуу тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Үүнийг 2017 оны 10 сарын 19-ний өдрийн А/20 тоот захирлын тушаал, 2017 оны 10 дугаар сарын 30-ны 265 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн шуурхай цуглааны тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөн хурлын тэмдэглэл зэргээр нотолж байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9.00-11.30 цагийн хооронд Аймгийн онцгой байдлын албанаас газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт дадлага явуулах ажлыг зохион байгуулаагүй ажил тасалсан. Сургуулийн дотуур байрны зарим сурагчид архи уух, тамхи татах, багш үйлчлэгчидтэй харьцах харьцаа хандлага зөрчилтэй, байрны дотоод журам биелүүлдэггүй зэрэг зөрчлүүд гарах нь тасрахгүй байгааг мэдсээр байж нэр бүхий сурагчтай уулзаж зөвлөгөө өгөөгүй. Үүнийг дотуур байрны багшийн мэдэгдэл, архи уусан сурагчидтай байрны багшийн ярилцсан тэмдэглэл зэргээр нотолж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.2-н нийгмийн ажилтны үүрэг хэсгийн 9-д “Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүүхэд бүрт хавтас нээж үйл явцын тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гарган мөрдөх” гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс байгууллагын нийгмийн ажлын үр дүн буурч байгаа нь зөрчил юм. Хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлын байрны тодорхойлолтод нийгмийн ажилтан гэнэтийн гамшиг ослын зүйлийг хариуцахаар тусгагдсан, орон нутагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үед үүргийнхээ дагуу штабын даргын ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Үүнийг нь би тушаалаар баталгаажуулж өгсөн. Энэ ажлыг мөн хийгээгүй. Мөн багийн “Зөв цагт нь, зөв хүнд нь зөв тус”-ыг аяны хүрээнд хэрэглэгдэхгүй байгаа эд зүйлээр боломжгүй ядуу амьдралтай хүмүүст туслах ёстой байсан. Үүнийг нийгмийн ажилтанд хариуцуулсан боловч уг ажлыг мөн хийгээгүй. Боловсролын яамнаас судалгаа ирүүлэх тухай албан бичиг ирүүлснийг нийгмийн ажилтанд хариуцуулсан бөгөөд уг бичгийн хариуг нийгмийн ажилтан файлаар явуулсан боловч хангалтгүй хийсэн байсан. Эдгээр өгсөн үүрэг даалгавар, хийх ёстой ажлаа хийгээгүй учраас хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэж М.Мыг ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан. Боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирал нь ажилтаныг томилно, чөлөөлнө гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл удаа дараа гаргасан бол хэрхэх талаар зохицуулсан байгаа гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2018/00022 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мыг Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар буруу халсан үеийн олговорт 1.521.141 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгч М.Мт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Мын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 109488 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0006 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2018/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Зоригт-Эрдэнийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Зоригтбаатар, өмгөөлөгч Н.Ууганцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагчаас нэхэмжлэгчид 2017 оны 10 сарын 19-ний А/20 тушаалаар Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж ажиллахыг, мөн оны 10 сарын 30-ны өдрийн 265 тоот албан бичгээр бэлэн байдлын улсын үзлэг сургуулилтад бэлтгэх хэрэгжилтийг хангаж ажиллах төлөвлөгөө гарган, штабын ажлыг зохион байгуулахыг мэдэгдэж, ажлын төлөвлөгөөг 2017 оны 10 сарын 31-ний өдрийн дотор батлуулахыг үүрэг болгосон. Хариуцагч дээрх төлөвлөгөө болон штабын ажлыг зохион байгуулах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй талаар маргадаг бөгөөд шүүхээс 2017 оны 10 сарын 30-ны 265 тоот албан бичигт “....байгууллагын гамшгийн төлөвлөгөөг тодотгож бэлэн болгосон...” гэснээс үзэхэд ажил олгогчийн 10 сарын 19-ний тушаалаар өгсөн байгууллагын гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулах ажлыг хийж гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Гэтэл хариуцагчийн А/20 дугаартай тушаал болон 265 дугаартай албан бичигт зааснаар гамшгаас хамгаалах ажлын 2 төрлийн төлөвлөгөө болон штабын ажлыг зохион байгуулах чиг үүрэг тус тус хамаарч байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хэргийн материалд авагдсан төлөвлөгөөг бичиг хэргийн ажилтан Э.Түвшинтунгалаг хийсэн гэх бөгөөд нэхэмжлэгч М.М үүнийг хийсэн гэж маргадаггүй, хэрэв нэхэмжлэгч уг төлөвлөгөөг хийсэн бол түүнд төлөвлөгөө бэлэн болсон талаар албан бичгээр мэдэгдэх шаардлагагүй, мөн гэрч А.Алтанзаяа, гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэгт М.Мыг ажлаас халсан учир уг ажлыг хариуцан хийсэн гэж мэдүүлсэнээс үзвэл нэхэмжлэгч М.М ажлаас халагдах хүртэл хугацаандаа өөрт тушаалаар хариуцуулсан үүрэг даалгаврыг хийгээгүй болох нь нотлогдоно. Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг  шүүх нотлох баримтыг үнэлэхдээ зөв тайлбарлаж хэрэглээгүй. Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багаас ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 2679 тоот албан бичгийн дагуу хариуцагч байгууллагын удирдлагаас нэхэмжлэгч М.Мт хугацаатай үүрэг даалгавар өгч, цохолт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар хариуцагч маргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү ажлын гүйцэтгэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс уг даалгаврыг хугацаанд нь хийсэн эсэх нь тогтоогдоогүй болно гэжээ. Нэхэмжлэгч М.М уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу ажил хийгдээгүй учир хариуцагч талаас энэхүү ажлын талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй. Харин нэхэмжлэгч уг үүрэг даалгаврыг хийсэн, тайлан мэдээг нь хугацаанд нь гаргасан талаараа маргаж байгаа тохиолдолд нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлэх боломжтой байсан боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна шүүхэд гаргасан тайлбартаа “...Энэ аяныг би хийгээд бэлэн болгочихсон байсан. Ажлаас халагдахын урд өдрүүд амралтын өдрүүд байсан учраас амжиж гаргаж чадаагүй...” гэж тухайн ажлыг хийж гүйцэтгээгүй талаараа мэдүүлсээр байхад шүүх зохигчдын нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх үүргийг зөв хуваарилж чадаагүй хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэнгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан Зорилтот бүлгийн сурагчдын судалгаа, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын судалгаа, гэмт хэрэг зөрчилд орсон сурагчдын судалгаа хийгээгүй, судалгааг зохих газарт хугацаанд хүргүүлээгүй зөрчил гаргасан талаар маргаанд хамааралтай үйл баримтыг нотлоогүй гэжээ. Хэрэгт авагдсан гэрч Э.Түвшинтунгалагийн мэдүүлэг, нэхэмжлэгч М.М нарын мэдүүлгээс үзвэл дээрхи судалгааг бүрэн гүйцэд хугацаанд нь өгөөгүй болох нь тогтоогддог ба нэхэмжлэгч энэхүү үйл баримтад маргаангүй ба шүүхэд гаргасан тайлбартаа “...үүнийг нарийн бичиг хийчихнэ, би нарийн бичигт өгчихсөн байгаа гэж хэлсэн...”-ээр тогтоогдоно.

Дээрхи зөрчлүүд тус бүрдээ нь Хөдөлмөрийн гэрээний 4.2 дах хэсэгт заасан үндэслэл буюу 2.5.1 дэх хэсэгт заасан Сургуулийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргийг гүйцэтгэнэ гэснийг, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2, 11.2.7 дах хэсэгт заасан хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээний хугацаа хожимдуулах, Ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийг биелүүлээгүй зэрэг зөрчил нь Хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдож байна. Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0006 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.М Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 1.521.141 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “...М.М сахилгын зөрчлийг  давтан гаргасан тул  ажлаас халсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/89 тоот тушаал гаргаж, нийгмийн ажилтан М.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний холбогдох зохицуулалтыг баримталж, “хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” үндэслэл заажээ.

Нэхэмжлэгч М.М өмнө нь сахилгын зөрчил гаргасны улмаас тус сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар цалинг 19 хувиар, 3 сарын хугацаатай бууруулах, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар цалинг 19 хувиар, 2 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эдгээр шийтгэлийн талаар нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргаагүй, гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн  нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хуульд нийцээгүй гэж үзсэн нь буруу байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

М.М урьд нь 2 удаагийн сахилгын шийтгэл хүлээсний дараа 2017 оны 10 дугаар сард дахин сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан байх бөгөөд ажил олгогч үүнд дараахь үйлдлийг хамааруулжээ.

М.М нь Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан гэнэтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнгын бэлэн байдалд зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж төлөвлөгөө гаргаагүй, штабын өрөөг тохижуулаагүй, сургалт явуулаагүй, газар хөдлөлтөөс урьдчилөн сэргийлэх сургалт, дадлага явуулах ажлыг зохион байгуулаагүй, ажил тасалсан, дотуур байрны хүүхдүүдэд мэргэжил, арга зүйн хувьд зөвлөгөө өгч, ажиллагаагүйгээс хүүхдүүд зөрчил гаргасан, ..зорилтот бүлгийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, гэмт хэрэг зөрчилд орсон хүүхдийн судалгааг хийж зохих байгууллагад хүргүүлээгүй, “Зөв тусыг, зөв цагт, зөв хүнд” аяныг зохион байгуулах хугацаатай үүрэг биелүүлээгүй гэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн тайлбарт дурдсан зөрчлийг нэхэмжлэгч М.М гаргасан нь  тогтоогдоогүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцжээ.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн...” талаархи гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2018/00022 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202/МА2018/0006 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ