Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 06

 

 

М.М-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2018/00022 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Д М-ийн М -ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын ..... дүгээр сургуульд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын ...... дүгээр сургуулийн захирал С.З-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн төлөөлөгч С.З, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1988 оны 09 дүгээр сараас эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эвлэлийн хороонд Пионерын зөвлөлийн зааварлагч, Дорноговь аймгийн бага сургуульд Пионерын удирдагч, бага ангийн багш, Төмөр замын 8 жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч, Замын-Үүд сумын сургуульд нийгмийн ажилтан, бага ангийн багш, Сайншанд сумын 2 дугаар сургуульд нийгмийн ажилтан, 1 дүгээр сургуульд нийгмийн ажилтнаар /2006 оны 01 дүгээр сараас/ тус тус ажиллаж, боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаагүй байгуулахаар ажил олгогчтой харилцан тохирсон. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж ажлаас чөлөөлсөн. 2017-2018 оны хичээлийн жил эхлээд дөнгөж 2 сар болж байхад дээрх тушаалд дурдсан нөхцөл байдал бодитоор бий болоогүй, түүнчлэн боловсролын байгууллагад 29 жил тогтвор суурьшилтай ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажиллаж байсан ажлын үр дүн, үзүүлэлт, үнэлгээ хангалттай байсныг хамт ажиллаж байсан багш нар, хамт олон бүгд мэднэ. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх” хууль ёсны шаардлагыг хангалгүйгээр үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч С.З шүүхэд гаргасан тайлбартаа:   Ерөнхий боловсролын ... сургуулийн нийгмийн ажилтан М.М-ыг захирлын 2017 оны 11 сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь  үндэслэлтэй. Тэрээр сургуулийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг байнга зөрчдөг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг чанартай гүйцэтгэдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хамт олонд худал сөрөг ойлголт өгдөг зэрэг зөрчлүүдийг гаргасан тул удаа дараа сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдсан юм. Тухайлбал ажлын байранд согтуугаар зодоон хийж угаагуурын цорго, крант эвдсэн, хүн зодсон тул 2017 оны 01 дүгээр сарын 16-нд захирлын Б/09 дүгээр тушаалаар 3 сарын хугацаагаар үндсэн цалинг 19% бууруулах арга хэмжээ авагдсан. Мөн ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 2017 оны 05 сарын 23-ны өдрийн захирлын Б/35 тоот тушаалаар 2 сарын хугацаатайгаар үндсэн цалинг 19% бууруулах арга хэмжээ авагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Засаг даргад гомдол гарган шалгуулж Аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгийн дүгнэлтээр буруутай нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 2.5.1-д Хөдөлмөрийн тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ гэж заасан атал ажлын байрны тодорхойлолтын гэнэтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнгын бэлэн байдалд зохион байгуулах гэсэн чиг үүргийнх нь дагуу тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Үүнийг 2017 оны 10 сарын 19-ний өдрийн А/20 тоот захирлын тушаал, 2017оны 10 дугаар сарын 30-ний дугаар 265 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн шуурхай цуглааны тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн мөн хурлын тэмдэглэл зэргээр нотолж байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9.00-11.30 цагийн хооронд Аймгийн онцгой байдлын албанаас газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт дадлага явуулах ажлыг зохион байгуулаагүй ажил тасалсан. Үүнийг цагийн бүртгэлийн хуудсаар нотолж байна. Сургуулийн дотуур байрны зарим сурагчид архи уух, тамхи татах, багш үйлчлэгчидтэй харьцах харьцаа хандлага зөрчилтэй, байрны дотоод журам биелүүлдэггүй зэрэг зөрчлүүд гарах нь тасрахгүй байгааг мэдсээр байж нэр бүхий сурагчтай уулзаж зөвлөгөө өгөөгүй. Үүнийг дотуур байрны багшийн мэдэгдэл, архи уусан сурагчидтай байрны багшийн ярилцсан тэмдэглэл зэргээр нотолж байна. Дотоод журмын 10.6.2 Нийгмийн ажилтны үүрэг хэсгийн 9-д Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүүхэд бүрт хавтас нээж үйл явцын тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гарган мөрдөх гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс байгууллагын нийгмийн ажлын үр дүн буурч байгаа нь зөрчил юм. Хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлын байрны тодорхойлолтод нийгмийн ажилтан гэнэтийн гамшиг ослын зүйлийг хариуцахаар тусгагдсан, орон нутагт зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үед үүргийнхээ дагуу штабын даргын ажлыг гүйцэтгэх ёстой байсан. Үүнийг нь би тушаалаар баталгаажуулж өгсөн. Энэ ажлыг мөн хийгээгүй. Мөн багийн “Зөв цагт нь, зөв хүнд нь зөв тусыг” аяны хүрээнд хэрэглэгдэхгүй байгаа эд зүйлээр боломжгүй ядуу амьдралтай хүмүүст туслах ёстой байсан. Үүнийг нийгмийн ажилтанд хариуцуулсан боловч уг ажлыг мөн хийгээгүй. Боловсролын яамнаас судалгаа ирүүлэх тухай албан бичиг ирүүлснийг нийгмийн ажилтанд хариуцуулсан бөгөөд уг бичгийн хариуг нийгмийн ажилтан файлаар явуулсан боловч хангалтгүй хийсэн байсан. Эдгээр өгсөн үүрэг даалгавар, хийх ёстой ажлаа хийгээгүй учраас хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэж М.Мыг ажлаас чөлөөлөх шийтгэл ногдуулсан. Боловсролын тухай хуульд зааснаар сургуулийн захирал нь ажилчныг томилно, чөлөөлнө гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн сахилгын шийтгэл удаа дараа гаргасан бол хэрхэх талаар зохицуулсан байгаа гэв. 

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-ыг Сайншанд сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар буруу халсан үеийн олговорт 1521141 төгрөгийг хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгч М.М-т олгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Мын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 109488 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч С.З давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийг хэтэрхий нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг хангалттай судлаагүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.М-ын хувьд 1 дүгээр сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2017.01.16-ны өдөр ажлын байранд согтуу ирж, багш ажилчидтай муудалцан, байгууллагын эд хогшил эвдэж, хүн зодсон тул 2017.01.16-нд захирлын Б/09 дүгээр тушаалаар 3 сарын үндсэн цалинг 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба өөрөө хүлээн зөвшөөрдөг. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул захирлын 2017.05.23-ны Б/35 дугаар тушаалаар М.Мт дахин сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнд: 

2017.05.08-ны өдөр энэ сарын 12-ны дотор сургуулийн гамшгаас хамгаалах жилийн төлөвлөгөөг хийх тухай ирсэн бичгийг нийгмийн ажилтанд цохож өгсөн боловч хийгээгүй. Үүнийг удаа дараагийн хурлаар яригдсан тэмдэглэл, хавтаст хэрэгт байгаа Мын хийсэн гэх баталгаажуулаагүй гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд 2016 онд ажлаас гарсан сургалтын менежер байсан Цэндмаа, шилжсэн багш Цээсүрэн, Сийлэгмаа, Алимаа нарын нэрс ажил үүрэгт томилогдсон байгаа зэрэг нь нотолж байна.  Сумын тамгын газар, аймгийн Онцгой байдлын газар хамтран 2017.05.09-нд шинэчилсэн гамшгаас хамгаалах тухай хуулийн болон байгууллагын гамшаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлалын тухай сургалтанд суух үүрэг өгсөн боловч сургалтанд суугаагүй. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан дотоод журмын 9.2.1-т “ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдах” гэснийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэсэн заалт байна. Хөдөлмөрийн гэрээний 2.5.8-д “үйл ажиллагаагаа жилээр болон 14 хоногоор ажлын байрны тодорхойлолтын дагуу төлөвлөж үр дүнг тайлагнана” гэж заасан атал 4, 5 дугаар сарын ажлын төлөвлөгөө хийгээгүй, 2017.04.25-наас 28-ны хооронд Солонгос улсад аялах бичиг баримт хөөцөлдөх ажлаар хот явж нэг өдрийн ажил тасалсан.  2017.05.21-ний орой 18 цагийн үед ажил дээр согтуу ирсэн ба үүнийг сахилгын зөрчилд тооцохыг заасан байгаа.  Хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан тул Захирлын 2017.11.03-ны өдрийн Б/89 тоот тушаал М.Мт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнд: 1. Аймгийн Засаг даргын шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Дорноговь аймагт 2017 оны 10, 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт” дадлагын ажлын хүрээнд Аймгийн онцгой байдлын газраас 2017.10.13-ны өдрийн 09 цагаас “Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх” дадлага сургалт хийсэн ба үүнийг нийгмийн ажилтан М.М зохион байгуулалгүй ажил тасалж энэ өдөр 11 цагийн орчимд ирсэн нь  Хөдөлмөрийн гэрээний 2.5.1-д “Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ”, 5.7-д “Ажил таслах, ажлын цагийг бүрэн ашиглаагүй” нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдгийг тус тус заасан байна. 

2. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын хүрээнд байгууллагад “гамшгаас хамгаалах орон тооны бус штаб” байгуулж М.Мыг штабын даргаар томилсон. Мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 265 тоот албан бичгээр “штабын ажлыг зохион байгуулах”-ыг мэдэгдэж штабын ажлын төлөвлөгөөг 2017.10.31-ний дотор хийж  батлуулах хугацаатай үүрэг өгсөн. Үүрэг даалгаврыг 11 дүгээр сарын 03-ныг хүртэл гүйцэтгээгүй. Хөдөлмөрийн гэрээний 5.2-т “хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээний хугацаа хожимдуулах”-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэдгийг, 2.5.1-д “Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна. 

3. Сургуулийн дотоод журмын 10.6.2 нийгмийн ажилтны үүрэг хэсгийн 3-т “Сургууль, дотуур байранд хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг биелүүлэхэд хамтрах” гэж заасан атал дотуур байрны сурагчид архи, тамхины хортой хэрэглээнд өртөж байхад нийгмийн ажилтан үйл ажиллагаа зохион байгуулаагүйг дотуур байрны багшийн 2017.11.01-ний өдрийн мэдэгдэлд дурдсан нь хавтаст хэрэгт байгаа. 

4. БСУГ-т нэгтгэж яаманд явуулах сурагчдын судалгааны тайланг 2017.11.01-ний өдрийн 12 цагийн өмнө гаргаж өгөх ажлыг хугацаанд нь гүйцэт хийгээгүй. Үүнийг гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч М.М-ын хэлсэн үгээр нотолж байна. Хөдөлмөрийн гэрээний 5.2-т “Хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээний хугацаа хожимдуулах” нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэдгийг заасан байна. 

5. Сайншанд сумын 3-р багийн Засаг даргын 2017.10.27-ны өдрийн 2679 тоот албан бичигт тусгасан ажлын тайланг 2017.11.02-нд өгөхөөр нийгмийн ажилтанд цохсон боловч гүйцэтгээгүй. Үүнийг шүүх хуралдааны явцад “амралтын өдрүүд таарсан учир амжаагүй” гэсэн нэхэмжлэгчийн үгээр нотолж байна. Мөн 2017.10.30, 31, 12 дугаар сарын 01 дараалсан ажлын өдрүүд байсан. М.Мын хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд нь баримтаар нотлогдож байгаа тул захирлын сахилгын шийтгэл ногдуулсан 2017.11.03-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Энэ нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Анхан шатны шүүхээс 2017.05.23-ны өдрийн Б/35 гэсэн тушаалын үйл баримт буюу хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол нь шүүхийн харьяаллын маргаан бөгөөд ажилтан тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу шүүхэд гомдлоо гаргах эрхтэй. Харин 2017.05.23-ны өдрийн Б/35 дугаар тушаалд ажилтны зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй. Харин 2017.01.13-ны өдөр нэхэмжлэгч ажлын байран дээр бусадтай зодолдож байгууллагын эд хөрөнгийг эвдэлсэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогддог, үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Ажил олгогч болон ажилтны зүгээс байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.5 буюу хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээний хугацаа хожимдуулах, 5.1 буюу ажил гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдахыг сахилгын зөрчилд тооцно гэсэн, үүнийгээ зөрчсөн. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т заасан хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээний хугацаа хожимдуулах, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй, 11.2.8-д ажлын цаг таслах, ажлаас хоцрох, ажлын цагийг үр ашиггүй өнгөрөөх эдгээр зөрчлийг сахилгын зөрчилд тооцно гээд заачихсан. Тэгэхээр ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалдаа энэ үндэслэлүүдийг нэг бүрчлэн заагаад өгчихсөн. Гэтэл ямар зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр өөрөө үндэслэлгүй болсон. 2017.11.03-ны өдрийн Б/89 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухайд хэдийгээр зөрчил гаргасан гэж ярьж байгаа боловч энэ нь тогтоогдоогүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Сахилгын зөрчил гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаас үзвэл хөдөлмөрийн сахилгын шийтгэл, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй хамаарах ёстой. Ажилтан буюу нэхэмжлэгч М ямар зөрчлүүдийг гаргасан бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хангалттай тодорхой харагддаг. Ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаа хэвийн хийгээд явж байсан хүнийг ажлаас халсан үндэслэл байхгүй. Зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээндээ хугацаандаа үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэлд тооцно гээд заачихсан. Нийт 3 удаагийн сахилгын зөрчил гаргасан. 2 ба түүнээс дээш сахилгын зөрчил гаргасан бол ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болдог. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлах нь зүйтэй. Нэгэнт тогтоогдсон байгаа үйл баримт, нэгэнт гаргасан зөрчилд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг юм. Нийт 3 удаагийн сахилгын зөрчил байдаг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн 22 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Яагаад гэхээр хариуцагч талаас М-ыг сахилгын шийтгэл гаргасан, ажлаа хийгээгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй мэтээр ярьдаг боловч яг шүүхээс хөндлөнгийн байр суурьнаас харахад сахилгын зөрчил гаргасан бол тушаалд заагдсан зөрчлийн материал, хуралдааны тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг ач холбогдолтой баримтуудыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаал шийдвэрийн үндэслэл, тайлбарыг бүрэн нотлохгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 3 удаагийн сахилгын зөрчил гаргасан гэдэг боловч 2 удаагийн сахилгын зөрчил гаргасан тушаал нь нэгийг нь бөөндүүлж гаргасан, 2017.05.23-ны өдөр гаргасан тушаалаа нэхэмжлэгчид 2017 оны 07 сард 

гардуулж өгсөн байдаг. 2017.11.03-ны өдрийн зөрчлийн хувьд хэзээ ямар тушаал гарсан, нэхэмжлэгчээс хэзээ тайлбар авч энэ сахилгын шийтгэл ногдуулсан талаар хавтаст хэрэгт нэг ч материал байхгүй. Харин Онцгой байдлын газрын төлөвлөгөө батлуулах, хугацаа хэтрүүлсэн гэдэг дээр голлож ярьдаг. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс юу гэж үздэг вэ гэхээр Шадар сайдын 2017 оны 70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар мэргэжлийн ангийн дарга боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Хууль журмаар хүлээсэн үүрэг нь байгаа. Мэргэжлийн ангийн дүрэмд гамшгийн голомт, цаашдаа мэргэжлийн ангийн тактикийн төлөвлөгөө батлах, холбох хэрэгжүүлэх гэсэн үүрэг нь мэргэжлийн ангийн даргад байдаг. Ажлын 3 хоногт хугацаатай үүрэг даалгаврыг манай үйлчлүүлэгчид өгсөн байдаг. Энэ хугацаанд гамшгийн тактикийн төлөвлөгөөг хийгээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дүгээр сургуульд холбогдуулан ажлаас буруу халсан тухай гомдол гаргаж, ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин буюу буруу халсан үеийн олговорт  1521141 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагчийн төлөөлөгч С.З эс зөвшөөрч нэхэмжлэгч М.М-ыг сахилгын зөрчил давтан гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.М-ыг урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтны ажилд эргүүлэн тогтоосныг хариуцагчийн төлөөлөгч С.З эс зөвшөөрч“...хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хангалттай судлаагүй ... тул шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэх” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 

 

Уг гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч М.М-ыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/89 тоот тушаалаар Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.2.1, 11.2.2, 11.2.7, Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байна. 

 

Эндээс үзвэл ажил олгогч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захиргаа нь ажилтан буюу нэхэмжлэгч М.М-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажилтан  хөдөлмөрийн гэрээ  болон хөдөлмөрийн  дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохын зэрэгцээ ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох, ажилтан ийнхүү сахилгын зөрчил гаргасан нь нотлогдон тогтоогдсон байх учиртай.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.М-т Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар үндсэн цалинг 19 хувиар, 3 сарын хугацаатай бууруулах /хх-28/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар /хх-27/ мөн үндсэн цалинг 19 хувиар 2 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, энэхүү шийдвэрүүдэд нэхэмжлэгч М.М шүүхэд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр үйлчилсэн энэ талаар талууд маргаагүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын маргаагүй, ажилтан буюу нэхэмжлэгч гомдол гаргаагүй 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалын үндэслэлд дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх боловч нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзэв.

 

Учир нь ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тухай шийдвэртээ Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон энэхүү гэрээний 2.5 дахь заалтыг удаа дараа зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээг цуцална”, Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1-д заасан “ажил гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдах /төлөвлөлт зохион байгуулалтгүйгээс ажлын үр дүн буурах, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хөрөнгө, санхүүгийн хувьд хохирол учруулах, бусдын ажил үүргээ гүйцэтгэхэд саад болох зэргийг тооцно/ “ 11.2.2-д заасан “Хугацаатай үүрэг даалгавар тайлан мэдээний хугацаа хожимдуулах”, 11.2.7-д заасан “Ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэснийг тус тус үндэслэж, шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах зөрчлийг гаргасан гэж мэтгэлцсэн байх боловч нэхэмжлэгч С.М нь  дурдсан сахилгын зөрчлийг гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдсонгүй. 

 

Энэ нь 1. Ажлын байрны тодорхойлолтод заасан “гэнэтийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг байнгын бэлэн байдалд зохион байгуулах” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, энэ талаарх төлөвлөгөө гаргаагүй, бэлэн байдлын штабын өрөөг тохижуулж хийгээгүй, сургалт явуулаагүй зөрчил гаргасан гэжээ.

 

Хариуцагч талаас энэхүү үйл баримтыг нотлохоор 2017.10.19-ний өдрийн А/20 тоот тушаал /хх-20/, 2017.10.30-ны №265 албан бичиг /хх-22/, 2017.10.30-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн яаралтай цуглааны тэмдэглэл /хх-23/, 2017.11.06-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн яаралтай цуглааны тэмдэглэл зэргийг ирүүлж, гэрч Ц.Оюунчимэг /хх-112-114/, А.Алтанзаяа /хх-120-121/ нараас мэдүүлэг авсан байна.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд гэнэтийн гамшиг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт, ажиллагаа зохион байгуулагдаж, улмаар Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, мэргэжлийн анги байгуулж оролцохоор тус сургуулийн захирал 2017.10.19-ний өдөр А/20 дугаартай тушаал гаргаж, уг тушаалаар М.М-т байгууллагын гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулах, 2017.10.30-ны өдрийн №265 тоот албан бичгээр бэлэн байдлын улсын үзлэг сургуулилтад бэлтгэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын төлөвлөгөө  гарган, штабын ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон, энэ нь түүний ажлын байрны чиг үүрэгт хамааралтай болох нь ажлын байрны тодорхойлолтоор /хх-39-41/ тогтоогдсон тул ажил олгогчийг ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг хариуцуулсан гэж үзэх үндэслэлгүй. 

 

Харин уг ажлыг хэрхэн яаж гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргасан байх ба Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирлын 2017.10.30-ны өдрийн №265 тоот албан бичигт “... байгууллагын гамшгийн төлөвлөгөөг тодотгож бэлэн болгосон ...” гэснээс үзэхэд ажил олгогчийн 2017.10.19-ний өдөр А/20 дугаартай тушаалаар өгсөн “байгууллагын гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулах”  ажлыг хийж гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, 

 

мөн 2017.10.30-ны өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн яаралтай цуглааны тэмдэглэл /хх-23/ болон 2017.10.30-ны өдрийн №265 тоот албан бичгээр /хх-22/ өгсөн бэлэн байдлын улсын үзлэг сургуулилтад бэлтгэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын төлөвлөгөө  гарган,  штабын ажлыг зохион байгуулж ажиллах үүргийн тухайд энэхүү ажлыг гэрч Ц.Оюунчимэг хариуцан хийсэн байх боловч тэрээр мэдүүлэгтээ /хх-112/ М.Мыг ажлаас халсан учир уг ажлыг хариуцан хийсэн талаараа мэдүүлсэн, 

 

мөн хэрэгт авагдсан “Гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн бэлэн байдлын ажлын төлөвлөгөө” /хх-245-246/ баримтаас үзэхэд төлөвлөгөө боловсруулсан нийгмийн ажилтан М.М гэж гарын үсэг зурсан, 2017.11.06-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн яаралтай цуглаан нь нэхэмжлэгч М.М-ыг ажлаас халагдсаны дараа хийгдсэн тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан болохыг нотлохгүй ба уг цуглааны тэмдэглэл нь  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримт болж чадахгүй юм.

 

Улмаар 2017.10.30-ны өдрийн Захирлын дэргэдэх зөвлөлийн яаралтай цуглааны тэмдэглэл болон гэрч А.Алтанзаяагийн мэдүүлгээс үзэхэд “байгууллагын гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулах” ажлыг архив бичиг хэргийн ажилтан Э.Түвшинтунгалаг хийсэн талаар тэмдэгдэгдсэн байх боловч гэрч Э.Түвшинтунгалагийн мэдүүлэг /хх-115-117/ болон хариуцагчийн төлөөлөгч С.З-ийн гэрчийг асуух ажиллагаанд оролцсон “Гамшгийн ажлыг зохион байгуулахаар байгуулагдсан штабын ажлын төлөвлөгөөг нийгмийн ажилтан хийгээгүй. Уг төлөвлөгөөг архив бичиг хэргийн ажилтан хийсэн учраас арга хэмжээ авсан” гэсэн тайлбараас үзэхэд архив бичиг хэргийн ажилтан Э.Түвшинтунгалагийн хийсэн төлөвлөгөө нь ажил олгогчийн 2017.10.19-ний өдөр А/20 дугаартай тушаалаар өгсөн “байгууллагын гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулах” үүрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. 

 

2. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00-11:30 цагийн хооронд “газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тухай” сургалт, дадлага явуулах ажлыг зохион байгуулаагүй, ажил тасалсан зөрчил гаргасан гэжээ. 

 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх сургалтыг нэхэмжлэгч буюу нийгмийн ажилтан М.М хариуцан явуулах үүрэгтэй байсан болох нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба гамшгаас хамгаалах ажил үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.Мт хариуцуулан гаргасан ажил олгогчийн 2017.10.19-ний өдрийн А/20 дугаартай тушаал болон 2017.10.30-ны өдрийн №265 тоот албан бичгээр өгөгдсөн үүрэг даалгавар нь дээрх цаг хугацаанаас хойно гарсан, мөн цагийн бүртгэлээс /хх-29/ үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11:20-19:00 хүртэл ажилласан талаар бүртгэгдсэн байх тул түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3. Дотуур байрны хүүхдүүдэд мэргэжил арга зүйн хувьд зөвлөгөө өгч ажиллаагүйгээс дотуур байрны сурагчид архи уух, тамхи татах, багш үйлчлэгчидтэй харьцах харьцаа хандлага зөрчилтэй, байрны дотоод журам биелүүлдэггүй зөрчлүүд тасрахгүй байгаа гэж ажил олгогч дээрх үйл баримтыг сахилгын зөрчилд тооцсон нь үндэслэлгүй юм. 

 

Учир нь ажил олгогчийн зүгээс сургуулийн дотуур байрны сурагчид дээрх зөрчлийг гаргасанд нийгмийн ажилтныг ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзсэн нь тодорхойгүй, ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалтыг үндэслэсэн байх боловч уг заалтад тусгасан 2.5-д заасныг удаа дараа зөрчсөн гэж зөрчлийг нэрлэн заагаагүй, улмаар энэхүү зөрчил нь гэрээний 2.5-д заасан ямар үүрэгт хамааралтай талаар тодорхойлоогүй ба сургуулийн дотуур байрны багш Д.Бортолгойгийн бичгээр гаргасан гэх тодорхойлолт /хх-33/, энэ талаарх бусад баримтууд /хх 30-32, 54-82/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүйн гадна ажилтныг сахилгын зөрчил гаргасан болохыг эдгээр баримтууд нотлохгүй юм. 

 

4. Нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүүхэд бүрт хавтас нээж, үйл явцын тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гарган мөрдөх гэж заасныг хэрэгжүүлээгүй, зорилтот бүлгийн сурагчдын судалгаа, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын судалгаа, гэмт хэрэг зөрчилд орсон сурагчдын судалгаа хийгээгүй, судалгааг зохих газарт хүргүүлээгүй зөрчил гаргасан гэжээ. 

 

Энэхүү үйл баримтыг нотлуулахаар хариуцагчийн төлөөлөгч нь тус сургуулийн архив бичиг хэргийн ажилтан Э.Түвшинтунгалагийг гэрчээр асуулгасан байх боловч тэрээр нийгмийн ажилтны ажил байдалд үнэлгээ хийх эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд нэхэмжлэгч буюу тус сургуулийн нийгмийн ажилтан ямар хугацаанд ямар судалгаа, тайлан мэдээг гаргаж, хаана хүргүүлэх ёстой болон хэрхэн хүргүүлсэн, хүргүүлээгүй, үүнээс гарсан үр дүн гэх мэт маргаанд хамааралтай үйл баримтыг нотлоогүй байна. 

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгч М.М-ыг хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2679 тоот албан бичигт /хх-44/ дурдсан “Зөв тусыг, Зөв цагт, Зөв хүнд” аяныг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны дотор зохион байгуулахаар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2679 тоот албан бичигт “М.М-т аяныг зохион байгуулж тайланг 11 сарын 02-нд өг” гэж цохолт хийсэн байгаа хэдий ч энэхүү ажлын гүйцэтгэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс уг үүрэг даалгаврыг хугацаанд хийсэн эсэх нь тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч М.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд нэгэнт ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэхдээ ажлаас халах шийтгэлийг сонгоогүй атлаа ажилтан буюу нэхэмжлэгч М.М-ыг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т нийцээгүй  гэж үзнэ. 

 

Түүнчлэн талууд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаартай тушаал /хх-28/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалын үндэслэлийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь энэхүү тушаалуудад гомдол гаргаагүй тул хэрэгт авагдсан 2017.04.18-ны өдрийн Захирлын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл /хх-62/, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-75/, мөн өдрийн М.-Мтай ярилцсан тэмдэглэл /хх-69/ зэрэг нотлох баримтыг үнэлээгүй ба ажилтныг сахилгын зөрчил гаргасан болохыг ажил олгогчийн тайлбар бүрэн нотлохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч С.Зоригт-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 136/ШШ2018/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.З-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын .... дүгээр сургууль нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                      Х.БАЙГАЛМАА