Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 234

 

 

А.Энхтайваны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Дамдин нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0288 дугаар магадлалтай, А.Энхтайваны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Энтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2001 онд Баянзүрх дүүргийн 11-р хорооны задгай гэж нэрлэгддэг байсан, одоогийнхоор бидний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 16-р хороо Данзангийн 1-11 тоот тухайн үедээ эзэмшигчгүй байсан газарт би нөхөртэйгээ хашаа хатгаж амьдарсан. Бид хороондоо 2001 онд бүртгүүлсэн. Өнөөдрийг хүртэл тус хороо хаягаар өрхийн бүртгэлтэй амьдарч ирсэн.

2010 оны 6 дугаар сард манай хашаанд зүүн талд нөхөр Д.Батхишигийн дүү Д.Батманлай гэр барьж буусан. 2011 онд нөхөр маань хүнд өвчний учир нас барсан. Гэтэл хадам ээж Мааний саяхнаас хүү Д.Батманлайгийн хамт хашаанаас маань хөөж эхлэхээр нь би гайхаж газраа шалгуулахад Б.Батманлай Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр захирамжаар манай хашааг бүхэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байна.

Тухайн газарт 15 жил амьдарсан. Эзэн нь байж байхад нууцаар газрыг нь луйвардан авсан үйл явдалд хороо, газрын байцаагч нар ч оролцсон байх боломжтой тэдний буруугаас миний хашаа газрыг Батманлай өмчилж авсан гэж үзэж байна. Газар эзэмших өмчлөхдөө бусдын эрхийг зөрчихгүй байх тухай хуулийн заалт бий. Иймд Батманлайгийн луйварыг таслан зогсоож бидний эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтад зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-10 тоотод Дамдины Батманлайд 521 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн байна.

Тухайн жилийн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4 дүгээр заалтад “Иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдийн эрхийг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх ажлыг үргэлжлүүлэх” гэж заасан заалтын дагуу газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй, хүсэлтээ ирүүлсэн иргэдэд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж гэрчилгээжүүлсэн байдаг.

Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2008 оны өргөдөл гомдлын дэвтэр үзэхэд нэхэмжлэгч Аюурзаны Энхтайван болон түүний нөхөр Дамдины Батхишиг нар газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй байна.

Иргэн А.Энхтайван газар эзэмших хүсэлтээ гаргасан бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар харьяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыг заавал хүлээн авч, ямар нэгэн байдлаар шийдвэрлэх байсан.

Гэтэл нэхэмжлэгч А.Энхтайван тухайн оршин суугаа газартаа эзэмших эрх авах хүсэл зориггүй байсан нь өнөөдрийг хүртэл газар эзэмших хүсэлтээ дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Засаг даргад гаргаагүй байгаа байдлаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-11 тоот 521 м.кв хашааны газрыг иргэн Д.Батманлайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн уг захирамжид үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжаар иргэн Д.Батманлайд уг газрыг нь өмчлүүлж шийдвэрлэсэн байна. Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт 18647311775365 нэгж талбарын дугаартай маргаан бүхий хашааны газар нь иргэн Дамдин овогтой Батманлайгийн нэр дээр байдаг бөгөөд ямар нэгэн давхцалгүй байна.

Иргэн Д.Батманлай нь Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг эзэмших, өмчлөх тухай гаргасан хүсэлтийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжаар өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу байгаа тул иргэн А.Энхтайваны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Батманлай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Одоогийн оршин суугаа газрыг анх 1996 онд эцэг Дамдин, Мааний нар авч хашаа барьсан. 2000 онд Батхишиг ах, Энхтайван, охин Зулзаяагийн хамт ирээд миний аав ээж бидэнтэй хамт өвөлжөөд дараа намар нь Шархадны айлын хашаанд буулгасан. Айлтайгаа таараагүй учир дараа нь Чулуунхүү эгчтэй нэг жил хамт амьдарч байгаад эгчтэй бас таараагүй. Эгч маань энэ хоёртой амьдарч чадахгүй гэсэн учир Энхтайван нутагруугаа явж байшингаа худалдаж гэр авчирч тэр хашаандаа суусан.

Би өөрөө Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдарч байсан Б.Энхзултай гэр бүл болж 2007 онд шинэ гэр авч тэр хашаанд буусан. Хороо захиргааны гудамжинд тодорхой нэр өгч хаягтай болсон учир би 2008 онд Баянзүрх дүүргийн газрын албанд хувийн өргөдөл бичээд очиход бид хашаа гудамжийн үзэж харж байж өргөдөл хүлээн авна гэсэн. Тэр гудамжгүй гал түргэний машин орох зайгүй тул гудамж гарга, чи хашаагаа дотогш нь 1м татаж хаалга хийж номероо хад гэсний дагуу бүгдийг хийж гүйцэтгээд дахин газрьн албаны байцаагчтай уулзахад хувийн өргөдөл хорооны тодорхойлолтоо авч ир гээд өргөдлийн хуудас өгсөн. Батхишиг ахыг “ дүү Батманлайд одоо сууж байгаа газрыг өмчлүүлнэ татгалзахгүй” гэснээр хорооны Засаг дарга тодорхойлолт хийж, гарын үсэг зурж, тамга дарж өгсөн.

Ингээд би газрын албанд 2008 онд өргөдлөө өгсөн. Газрын албаныхан газар дээр ирж албан ёсоор шалгаж үзээд газрын байршил кадастрын зураг авч шийдүүлээд газрын албанаас газар эзэмших гэрчилгээ өгсөн.

Түүнээс хойш 3 жилийн дараа 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар 000064189 тоот гэрчилгээг гардаж авсан. Энэ өдрөөс өнөөг хүртэл амьдарч байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 111 дүгээр захирамжын Д.Батманлайд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай А.Энхтайваны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0288 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 111 дүгээр захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг...” гэснийг “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаж буй БЗД-ын 16 дугаар хороо Данзангийн 1-ийн 11 тоот хашааны задгай газарт нөхөр Д.Батхишиг охин Б.Золзаяа нарын хамт 2001 онд монгол гэр барин бууж хэний ч эзэмшил өмчлөлгүй газарт амьдарсан байдаг. Чулуунхүү гэж настай хөгшин хүүгийн хамт амьдарч байгаад 2005 онд нас барахад хүү нь нүүж явснаас хойш Д.Батхишигийнх ганц гэрээрээ амьдардаг болсон. 2010 оны 6 сард Д.Батманлай тэдний хашаанд гэр барьж хамтран амьдрах болсон.

2011 онд А.Энхтайваны нөхөр Д.Батхишиг нас барсан. Тэгтэл талийгаач Д.Батхишигийн төрсөн дүү Д.Батманлай дундаа эзэмшин ашиглаж амьдарцгааж байсан хашааны газрыг бусад оршин суугч болох А.Энхтайван-гаас зөвшөөрөл авалгүй, түүнд мэдэгдэлгүйгээр БЗД-ийн Засаг даргын 2008 оны 111 дугаартай захирамж гаргуулж газар эзэмших эрх, 2011 онд Нийслэлийн Засаг даргын 278 дугаар захирамжаар газар өмчлөх эрх авсан байна.

Нэхэмжлэгч А.Энхтайван өнөөдрийг хүртэл уг хашаандаа 15 жил амьдран суусан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогддог, Улсын бүртгэлийн лавлагаагаар түүнийг 2005 оноос БЗД 16-р хороо Данзангийн 1-ийн 11 тоот хаягт улсын бүртгэлтэй болохыг иргэний бүртгэлийн байгууллага болон 16 дугаар хорооноос гаргаж өгсөн баримтаар нотлогдсон болно.

А.Энхтайваны талийгаач нөхөр Д.Батхишиг 1999 оноос дээрх маргаж буй хашаа, хаягт оршин сууж байсан гэдэг нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогддог.

Д.Батманлайгийн аав Ё.Дамдин тухайн газрыг эзэмшиж байсан мэтээр "Би хүүхдүүдийнхээ хэнд нь газар өгөх нь миний эрх гэсэн тайлбарыг шүүх хүлээн авч Ё.Дамдингийн газар гэдэг байдлаар хандаж, Д.Батманлайд газар эзэмшүүлсэн нь зөв гэж дүгнэж, хэрэгт хамааралгүй этгээдийн эрх ашгийг хамгаалж хууль зөрчсөн болно.

А.Энхтайванаас хойш 10 жилийн дараа уг газар дээр ирж гэр барьж амьдарсан Д.Батманлай-д газар эзэмших, өмчлөх эрх хууль бусаар олгогдсон талаар нэхэмжлэгч мэдүүлж, нотолж, гомдол гаргасан байтал шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангахгүй байгаа нь нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж Захиргааны хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 заалтыг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгэр давхцаагүй байна” гэж заасан. Газрын тухайн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 заалтад заасны дагуу Нийслэл, БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг хэргийн материалд нотлох баримтаар хавсарган ирүүлээгүй байгаа нь маргаж буй газар тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан эсэх нь эргэлзээтэй байгаа ба Газрын тухай хуулийн 33-р зүйлийн 33.4 заалтыг зөрчсөн байна.

Шүүх шийдвэрийн үндэслэлдээ Д.Батманлай-д хуулийн ямар заалтыг үндэслэн газар эзэмшүүлсэн, өмчлүүсэн тухай зааснаас биш нэхэмжлэгч А.Энхтайваны зөрчигдсөн эрхийг хуулийн дээрх заалтууд хамгаалах эсэх, дээрх заалтыг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн эсэх талаар шийдвэртээ тусгаагүй буюу А.Энхтайваны нэхэмжлэлийг хангахгүй орхих хуулийн үндэслэлийг гаргаж чадаагүй байна.

А.Энхтайван “газар эзэмшье” гэж өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр түүний эрхийг зөрчиж, ашиглаж амьдарч буй газрыг нь бусдад эзэмшүүлэх эрх хорооны засаг дарга, БЗД-ийн Газрын Алба, БЗ Дүүргийн болон Нийслэлийн засаг дарга нарт байхгүй.

Хэн түрүүлж өргөдөл хүсэлт гаргасанд нь бусдын амьдарч ашиглаж байгаа газрыг олгодог уралдаант шалгаруулт Газрын хуульд байхгүй. Энэ үүднээс газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэдэг заалт газрын тухай хуульд орсон, одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-11 тоотод 521 м.кв газрыг иргэн Д.Батманлайд эзэмшүүлж, өмчлүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 111, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль ёсны захиргааны акт байна.

Нэхэмжлэгч А.Энхтайван нь тухайн газарт амьдарч байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин хэн ч ашиглаж, эзэмшиж байгаагүй газарт анх амьдарч эхэлсэн гэх түүний тайлбар үндэслэлгүй, тухайн байршилд нэхэмжлэгчээс өмнө иргэн Чулуунхүү амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг шүүхийн шийдвэр, магадлалд дэлгэрэнгүй дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй, үүнийгээ өөрөө үгүйсгээгүй байх тул “... шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үл хэрэгсэж, хуулийг буруу тайлбарласан ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ” гэж заасныг нэхэмжлэгч А.Энхтайван зөрчсөн байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Д.Батманлайд эзэмшүүлж, өмчлүүлэхдээ маргаж буй газар нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан эсэх нь эргэлзээтэй, ... газар эзэмших, ашиглахад тэгш байдлыг хангаагүй, иргэнд газар эзэмшүүлэхдээ өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсны үндсэн дээр өмчлүүлнэ ... гэх зэргээр Газрын тухай хуулийн 33, 32, 22, 4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийг зөрчсөн ...”  гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Учир нь,  дээр дурдсанаар нэхэмжлэгч А.Энхтайван нь хууль ёсны эзэмшигч биш бөгөөд газрыг хууль ёсоор эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй, хууль ёсны эзэмшигч биш тул маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Газрын болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий захирамжийн огноог буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь зөв, иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2016/0288 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ