Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2016/0288

 

А.Энхтайваны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч А.Энхтайван, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээд Д.Батманлайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Дамдин нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Энхтайваны нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тухайн жилийн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4 дүгээр заалтад иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдийн эрхийг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх ажлыг үргэлжлүүлэх гэж заасны дагуу газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй, хүсэлтээ ирүүлсэн иргэдэд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, гэрчилгээжүүлсэн байдаг. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-10 тоот 521 м.кв газрыг Д.Батманлайд 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2008 оны өргөдөл, гомдлын дэвтрээс үзвэл нэхэмжлэгч Аюурзаны Энхтайван, түүний нөхөр Дамдины Батхишиг нар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Д.Батманлайгийн Газрын тухай хуульд заасны дагуу гаргасан уг газрыг эзэмших, өмчлөх тухай хүсэлтийг үндэслэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжаар өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу байх тул иргэн А.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Батманлай шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Одоогийн оршин суугаа газрыг 1996 онд эцэг Ё.Дамдин, Г.Мааний нар...талхан заводын задгай хашаагүй олон жил амьдарсан 7-8 өрх айлуудын хажууд жаахан газар зайтай байх тул хашаа хатгаж авна гэж ярьдаг байсан. Ингээд ээжийн ээж н.Гарамжавын дүү н.Чулуунхүүг тухайн газар буулгаж, гэр барьсан. Ээж, аав бид гурав хашаа барьж өгсөн.

2000 онд Д.Батхишиг ах, А.Энхтайван, охин Б.Золзаяагийн хамт н.Чулуунхүү эгчтэй 1 жил хамт амьдарсан боловч эгчтэй таараагүй учир А.Энхтайван нутаг руугаа явж байшингаа худалдан гэр авчирч, уг хашаандаа суусан.

Би 2007 онд шинэ гэр авч, тэр хашаанд буусан. Паспортын хаягийн хөдөлгөөн дээр бичилттэй байгаа. Хороо захиргааны гудамжинд тодорхой нэр өгч хаягтай болсон учир би 2008 онд ... Газрын албанд өргөдлөө өгсөн. Газрын албаныхан газар дээр ирж, албан ёсоор шалгаж үзсэнээр газар эзэмших гэрчилгээ өгсөн.

Түүнээс хойш 3 жилийн дараа 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн улсын бүртгэлийн 000064189 тоот гэрчилгээг гардаж авсан. Энэ өдрөөс өнөөг хүртэл амьдарч байна. А.Энхтайван нь Газрын албаныхан газрын байршлыг шалгаж, гудамж талбай гаргуулах үед мэдэж, харж байсан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 111 дүгээр захирамжын Д.Батманлайд холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 278 дугаар захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай А.Энхтайваны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Иргэн А.Энхтайван маргаж буй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Данзангийн 1-ийн 11 тоот хашааны задгайд нөхөр Д.Батхишиг, охин Б.Золзаяа нарын хамт 2001 онд монгол гэр барин бууж, хэний ч эзэмшил, өмчлөлгүй газарт амьдарсан. Нөхөр Д.Батхишиг нь хашаа хатгаж барьсан. н.Чулуунхүү гэж настай хөгшин хүүгийн хамт амьдарчбайгаад 2005 онд нас барсан ба хүү нь нүүж явснаас хойш Д.Батхишигийнх ганц гэрээрээ амьдардаг болсон. 2010 оны 6 дугаар сард Д.Батманлай тэдний хашаанд гэр барьж, хамтран амьдрах болсон.

2011 оны 02 дугаар сарын 14-нд Анхтайваны нөхөр Д.Батхишиг нас барсан. Гэтэл Д.Батхишигийн төрсөн дүү Д.Батманлай дундаа эзэмшин амьдарч байсан хашааны газрыг А.Энхтайванаас зөвшөөрөл авалгүй, түүнд мэдэгдэлгүйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар газар эзэмших эрх, нийслэлийн Засаг даргын 2011 оны 27 дугаар захирамжаар газарөмчлөх эрх авсан байна.

Нэхэмжлэгч А.Энхтайван 1993 онд Д.Батхишигтэй гэрлэж, 1994 онд охин Б.Золзаяа төрсөн. А.Энхтайван 2000 оноос уг хашаанд 15 жил амьдарсан болох нь хариуцагчийн тайлбар болон лавлагаагаар,улсын бүртгэлд 2005 оноос Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Данзангийн 1-ийн 11 тоот хаягтай болох ньиргэний бүртгэлийн байгууллага болон 16 дугаар хорооноос гаргаж өгсөн баримтаар нотлогдсон байдаг.

А.Энхтайваны нөхөр Д.Батхишиг 1999 оноос маргаж буй хашаа хаягт оршин сууж байсан гэдэг нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, холбогдох байгууллагын лавлагаагаар тогтоогддог.

Гэтэл шүүх Ё.Дамдингийн тухайн газрыг эзэмшиж байсан мэт би хүүхдүүдийнхээ хэнд газраа өгөх нь миний эрх гэж мэдүүлснийг хүлээн авч, Ё.Дамдингийн газар гэдэг байдлаар хандаж, Д.Батманлайд газар эзэмшүүлсэн нь зөв гэж дүгнэж, хэрэгт хамааралгүй этгээдийн эрх ашгийг хамгаалж хууль зөрчсөн.

Д.Батхишигийг амьд байхад түүний өмнөөс 16 дугаар хорооны Засаг дарга Ч.Балжинням Д.Батхишигийгэнэ хаягт газар эзэмших, авах хүсэлгүй байгаа мэтээр санаанаасаа зохиож, түүний зөвшөөрөлгүй, өөрт нь мэдэгдэхгүй ам бүлийн тодорхойлолтод цохолт хийж, албан тушаалаа урвуулж, бусдын эрх, эрх чөлөө, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө олж авах эрхэд хөндлөнгөөс шууд халдсан үйлдэл хийсэн болох нь тогтоогдожбаримт ньхэрэгт авагдсан. Гэтэл шүүх энэ зөрчлийг тоохгүй, үл хэрэгсэж байгаа нь шударга биш, хуулийг гажуудуулж байгаа санаатай үйлдэл юм.

16 дугаар хорооны Засаг дарга Ч.Балжиннямын үйлдэл нь эцсийн үр дагавартай, шууд шалтгаант холбоотой байна. Д.Батманлайд газар эзэмшүүлснээр бусад газар ашиглагч болох Д.Батхишиг, А.Энхтайваннар хашаандаа газаргүй үлдэж хохирсон байгаа нь бодит баримтаар илэрч байгааг анхаарах ёстой.

Гэтэл А.Энхтайванаас хойш 10 жилийн дараа уг газарт гэр барьж амьдарсан Д.Батманлайд газар эзэмших, өмчлөх эрх хууль бусаар олгогдсон талаар нэхэмжлэгч мэдүүлж, нотолж гомдол гаргасан байтал шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг зөрчсөн. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаар илэрч байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумынгазрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна, 22 дугаар зүйлийн 22.2-т баг, хорооныЗасаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 22.2.1 Газрын тухай хууль тогтоомж газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах талаарх нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах,61.1-д Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ тухайн хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль есны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийгхүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т Баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрхтэй, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2-т Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, 20.3.4-д Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг (Хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ байршил, заагийн тойм зураг) тусгана, 23 дүгаар зүйлийн 23.2.11-д газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг тухайн шатны Засаг даргад шийдвэрлүүлэх, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангахзэрэг олон хуулийн заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Шүүх шийдвэрийн үндэслэлдээ Д.Батманлайд хуулийн ямар заалтыг үндэслэн газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн тухай зааснаас биш нэхэмжлэгч А.Энхтайваны зөрчигдсөн эрхийг хуулийн дээрх заалтууд хамгаалах эсэх, дээрх заалтыг төрийн байгууллага, албан тушаалтан зөрчсөн эсэх талаар тусгаагүй. А.Энхтайваны нэхэмжлэлийг хангахгүй орхих хуулийн үндэслэлийг гаргаж чадаагүй. Учир нь хуульднэхэмжлэлийг хангахгүй орхих хуулийн үндэслэл байхгүй.

Шүүх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэж Д.Батманлайд газрыг өмчлүүлсэн нь хуульд нийцсэн гэжээ.

Гэтэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан байтал Д.Батманлайг нотлоогүй, Д.Батманлайгийнөргөдөлд Д.Батхишигийн өмнөөс 16-р хорооны Засаг дарга Ч.Балжинням тодорхойлолт гаргаж Дамдингийн Батхишиг татгалзахгүй гэж бичиж, цохолт хийсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь Хөдлөх, үл хөдлөххөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө. Мөн хуулийн 12-т Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" гэсэн заалтыг илтэд зөрчсөн баримтыг газрын албаны ажилтнууд яагаад хүлээн авч байгаа, яагаад Д.Батхишиг түүний гэр бүл А.Энхтайвантай биечлэн уулзахгүй байгаа, нэг хашаанд хамтран амьдарч байгаа иргэдийн амьдрал байдлыг нүдээр үзэж санал хүсэлтийг нь сонсож, хээрийн судалгаа гэж нэрлэгдсэн хуульд заасан ажил үүргээ зохих журмын дагуу явуулаагүй.

А.Энхтайван газар эзэмших өргөдөл гаргаагүй гэдэг үндэслэлээр түүний эрхийг зөрчиж, амьдарч буй газрыг нь булаан авах, бусдад эзэмшүүлэх эрх 16 дугаар хорооны Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын Алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт байхгүй.

Түрүүлж хүсэлт гаргасан хүнд бусдын амьдарч, ашиглаж байгаа газрыг олгодог уралдаант шалгаруулалт Газрын тухай хуульд байхгүй. Тийм учраас хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэдэг заалт Газрын тухай хуульд орсон, одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм,хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэххүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гуравдагч этгээд Д.Батманлайгийн газар эзэмших, өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-11 тоот 521 м.кв газрыг иргэн Д.Батманлайд 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар эзэмшил газраа өмчлөх хүсэлт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар түүнд өмчлүүлсэн байна.

Иргэн А.Энхтайван дээрх актуудыг хүчингүй болгуулах үндэслэлээ Би 2001 онд нөхрийнхөө хамт хэн ч эзэмшиж, ашиглаж байгаагүй газарт гэр барьж амьдарсан, гэтэл 2010 онд манай хашаанд ирж буусан нөхөр Д.Батхишигийн дүү Д.Батманлай бидэнд мэдэгдэлгүйгээр манай хашааг эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн хэний ч эзэмшил, ашиглалтгүй газар гэр барьж амьдарсан гэх тайлбарын тухайд хэдийгээр А.Энхтайван нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-11 тоот хаягт оршин суудаг боловч түүнийг ийнхүү амьдарч эхлэхээс өмнө тус газарт түүний нөхрийн хамаатан н.Чулуунхүү амьдарч байсан нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Ч.Балжиннямын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймд түүнийг хэний ч эзэмшил, ашиглалтгүй газар ирж амьдарсан гэж үзэхээргүй байна.

Харин нэхэмжлэгчийн нөхөр Д.Батхишигийн дүү Д.Батманлай нь тус хаягт 2008 онд бүртгэгдэж, оршин суудаг болсон нь 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, түүний 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тухайн хаягаар бүртгэгдсэн иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-11 тоот 521 м.кв маргаан бүхий газрыг иргэн Д.Батманлайгийн газар эзэмших тухай хүсэлт, газрын байршлын кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар захирамжууд хууль зөрчөөгүй байх бөгөөд гуравдагч этгээд Д.Батманлайд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсчээ.

Харин нэхэмжлэгч А.Энхтайван болон түүний нөхөр Д.Батхишиг нар нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ төрийн захиргааны эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч ийнхүү хүсэлт гаргаж байгаагүй болохоо үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны байгууллага Д.Батманлайд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн гэх гомдлын тухайдгуравдагч этгээдийг газар эзэмших хүсэлт гаргах үед нэхэмжлэгч болон түүний нөхөр маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаагүй байх тул хариуцагчийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй учраас тухайн газарт суурьшсантай холбоотой ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээд Д.Батманлайд газар эзэмших, өмчлөх эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын шийдвэрүүдтэй холбоотой гомдлыг шүүх хүлээн авч, маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэн, хүчингүй болгох үндэслэлгүй.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж зөвтгөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 111 дүгээр захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр захирамж, тус захирамжийг үндэслэн олгогдсон 0157782 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авагдсан, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлд маргаан бүхий актын огноог андуурч бичсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дүүргийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжид маргаан үүссэн гэж тайлбарлаж байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн огноог зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 111 дүгээр захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг... гэснийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 111 дүгээр захирамжийн Д.Батманлайд холбогдох хэсгийг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН