Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 0075

 

                                    Ө.Золбаярын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00193 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө.Золбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Золбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Золбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.Золбаяр нь 2001 оноос тус компанийн Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх хэсэгт цахилгааны засварчин, 2003 оноос Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цехэд электроникийн инженер, 2008 оноос Ерөнхий захиргааны Цалин хөлс урамшууллын хэлтэс болон Хүний нөөцийн хэлтэст социологич, 2015 оноос тус хэлтэст хүний нөөцийн тэргүүлэх менежерээр тус тус ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхий захирлын эзгүйд түүний Б/1276 дугаартай тушаалаар ажлаас хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан билээ.

Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тоггоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлстэй түүнтэй адилтгах хэмжээний олговор гаргуулан надад олгож, Нийгмийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст тэргүүлэх мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх явцдаа албаны эрх мэдлээ хэтрүүлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн албан ажлын баримт мэдээлэлүүдийг буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өмчийг хувийн зорилгодоо ашиглаж, эдгээр баримт мэдээлэлүүдэд тулгуурлан “Хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар” гэх бичмэл бүтээл туурвисан гэж зохиогчийн эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болон эхнэр Д.Нанжид Эрдэнэт үйлдвэр ХХК-д мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь Ө.Золбаяртай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1312 тоот хөдөлмөрийн гэрээний 4.1.10, 8.9.6, 8.9.7 дүгээр заалтууд бусад холбогдох журмуудыг ноцтой зөрчсөн учир Ө.Золбаяртай байгуулан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль, журам зөрчөөгүй үндэслэл бүхий болно. Иймд Ө.Золбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00193 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Өлзийсайханы Золбаярыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдлөмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5,732,899 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч Ө.Золбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагчаас 176,876 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо: Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид ИХШХШТХууль гэх/ 116 дугаар зүйлийн 116.2-т: “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т: “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтыг Шүүх дараах байдлаар зөрчсөн.

Шүүх хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн байдал, оршин байгаа газар, Гүйцэтгэх удирдлагыг буюу Ажил олгогчийг тодорхойлсон, томилсон нотлох баримтууд, Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулж хэрэгт авалгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгчийн Ө.Золбаярын овог нэр, оршин суугаа хаягыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулийн шаардлага хангасан хуулбар баримтыг хэрэгт авалгүйгээр хэргийн харъяалалыг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хуулийн 22, 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.10, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 16 дугаар зүйл болон ИХШХШТХуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/1276 дугаартай тушаалд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Ө.Золбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерээр ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/1276 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, үйлдвэрийн дотоод журмын 4.1.10, 8.9.6, 8.9.7 дахь заалтууд, Компанийн оюуны өмчийн бодлогын 2.1 дэхь заалт, Хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 120/175 тоот албан бичиг зэргийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ ашиглан олж мэдсэн мэдээ мэдээллийг хувийн зорилгоор ашигласан нь батлагдсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/327 дугаар тушаалаар томилогдсон ба энэ ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа онолын судалгаа хийж, Пүрэвдагва, Нанжид нартай хамтран “хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар” нэртэй шинжлэх ухаан утга зохиолын бичмэл бүтээл туурвиж, уг бүтээлээ оюуны өмчийн газарт бүртгүүлэн тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/55 тоот тушаалаар 7871 дугаартай Оюуны өмчийн гэрчилгээ авсан байна.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь нэхэмжлэгч Ө.Золбаярыг энэхүү бүтээлийг туурвихдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1.10-д заасан ажилтан албан үүргээ гүйцэтгэх буюу ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлэх болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент ашигтай загвар нь Компанийн оюуны өмч бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг бүтээснээс хойш 6 сарын дотор гэрчилгээ авахаар оюун өмчийн газарт мэдүүлэг гаргах бөгөөд тухайн ажилтьны оюуны өмчийг бий болгоход оруулсан хувь нэмрийг харгалзан тухайн ажилтанг иновацийн бодлогын хүрээнд шагнаж урамшуулна гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр буруутган хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Золбаяр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойд зориулж тус үйлдвэрийн тамгын хэлтсээс 2015 оны 12 дугаар сард зарласан “Түүхээ бичье” сэдэвт уралдааны хүрээнд өөрийн ажилладаг хүний нөөцийн хэлтсийн түүхийг бичих үүрэг авсны дагуу архиваас 20 хавтас материал авч бусад менежерүүдийн хамтаар ашиглаж хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллага нь архивын 20 хавтас материалыг авч ашиглан өөрийн бүтээл туурвилаа бүтээж албаны эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгодоо ашигласан гэж үзсэн тушаалын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн иргэн Ө.Золбаяр, Х.Пүрэвдагва, Д.Намжид нар хамтран бүтээсэн “хүний нөөцийн төлөвлөлтийн комплекс загвар” бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлэн 7871 улсын бүртгэлийн дугаар бүхий зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан ба бүрдүүлж өгсөн материалыг хянахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтээлийг ашигласан талаар ямар нэгэн баримт, материал мэдээлэл байхгүй байна гэсэн мэргэжлийн байгууллагын албан бичгээр /хх-116/ нэхэмжлэгч Ө.Золбаярын бүтээл туурвилд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн архивын баримт материал ашиглагдаагүй болох нь тогтоогдсон байна. Иймд хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэгч Ө.Золбаярыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ө.Золбаярыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Захирлын тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд хуулинд заасан ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хангасан байх ёстой ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил тус бүр тогтоогдсон байх ёстой бөгөөд сахилгын шийтгэл хүлээлгэсэн байхыг шаардахгүй. Зөрчил тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийг хэрэглэх боломжтой.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/1276 дугаартай тушаал дээрх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.876 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ