Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01150

 

Р.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаар шийдвэртэй,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2017/00005 дугаар магадлалтай,

Р.Эгийн нэхэмжлэлтэй

“Ш Б ” ХХК, С.Н- нарт холбогдох,

 Ажлын хөлс 8.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Ш Б ” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн автосамсомол машинаар сарын 6.500.000 төгрөгөөр тохирч ажилласан.  Ингээд 8 дугаар сарын сүүлээс 9 дүгээр сарын эхэн үе хүртэл тус компанийн ажил зогсч 10 дугаар сарын 20 хүртэл нийт 5 cap 20 хоног ажилласан. Тухайн үед түрээсийн мөнгийг авч явсаар байгаад 8.800.000 төгрөг үлдсэн. “Ш Б ” ХХК-иас ажлын хөлсөнд 28.000.000 төгрөгийг авсан. “Ш Б ” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь энэ зогсолт чамаас шалтгаалаагүй учраас бид төлбөр тооцоогоо бүрэн өгнө гэж байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уурхай нь зогссон. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр миний данс руу 9.000.000 төгрөг шилжүүлэхэд нь ярьсан чинь үлдэгдэл мөнгийн шинэ жилийн үеэр өгнө гэсэн боловч өгөөгүй. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр уурхайд дээр очиж С.Н-тай уулзахад би дур мэдэж мөнгө төгрөг өгч чадахгүй, захирал О.Баярсайхан дээр оч гэсэн, гэтэл О.Баярсайхан бид хоёрын төлбөр тооцоо дууссан. Манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогссон гэж хэлж байсан. Тухайн үед уг компанийн уулын ажлын төлөвлөгөөний бичиг баримт дутуу байснаас болж ажил зогссон. Бид нарын тохиролцоонд тухайн компанийн буруугаас болж ажил зогссон бол ажиллаж байснаар төлбөр бодогдож, хэрэв миний зүгээс ажил зогсох шалтгаан гаргасан бол би тухайн өдрийнхөө ажлыг хасуулж тооцно гэсэн аман гэрээ байдаг. Ажил зогссон үед тухайн компанид хоёр түрээсийн машин байсан. Экскаваторыг ажил зогсоод удалгүй түрээсийг зогсоогоод явуулсан. Намайг ажил эхэлтэл байж бай гэсээр байгаад нэг cap болгосон. Ингээд нийт 40 гаран хоног ажилгүй зогссон. Иймд түрээсийн төлбөрт 8.800.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш Б ” ХХК-ийн захирал О.Баярсайханы шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани 2016 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл түрээсээр ажил  гүйцэтгэсэн ба энэ хугацаанд 7 сард 15 хоног экскаватор эвдэрч зогссон. Мөн 8 дугаар сарын 05-наас 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 60 хоног зогссон. Үүнийг экскаватор зогссон 15 хоногийн мөнгийг бүтэн өгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар бүх уул уурхайн компаниудыг зогсоосон нь төр засгийн шийдвэртэй 45 хоногийн тал буюу 50 хувийг өгөөд түрээсийн гэрээний давагдашгүй хүчин зүйлийн дагуу төлбөр тооцоог тооцсон. Бидний хооронд аман гэрээ байгаа болохоос албан ёсны бичгийн гэрээ байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч С.Н-гийн шүүхэд гаргасан тайлбарт:  Р.Э ганцхан 2016 онд манай уурхайд ажилласан юм биш. Өмнө нь 2015 онд түрээсээр ажиллаж байсан. Бид 2015 онд манай уурхай алдаг оног ажлаад л ямар ч байсан тооцоо мөнгөний зөрүүгүй ажлаас буусан. 2016 онд Р.Э манай уурхайд түрээсээр ажилласан. Бид аман гэрээ хийсэн. Ямар нэгэн бичгийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Р.Э өөрөө гэрээ хийх ямар нэгэн санаачилгыг гаргаагүй учраас ийм маргаантай зүйл болсон гэж үзэж байна. Бид сарын түрээсийг 6.500.000 төгрөгөөр тохирсон. Р.Эд бэлнээр өгсөн мөнгө бол хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн баримт дээр байгаа. Эхлээд 2.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, дараа нь 4.000.000 төгрөг, дараа нь 8.080.000 төгрөг нийт 15.080.000 төгрөг болсон. Ингээд 15.080.000 төгрөгөөс 2.080.000 төгрөгийг хасна. Энэ нь дугуй, нум, түлээ, мод, сэлбэг хэрэгсэл гээд хамаарахгүй мөнгө байгаа. Ингээд 13.000.000 төгрөг 5 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тооцоо байгаа. Үүнийг бид оройтож өгсөн нь үнэн. Ингээд 7 дугаар сарын бүтэн тооцоо гарч ирээгүй байгаа. Р.Э болохоор 8 сарын мөнгийг өгөөгүй, 9 сарын мөнгийг өгнө гэсэн гэж яриад байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр очоод 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 5 cap 20 хоног байгаа. Энэ 20 хоногийн мөнгө яагаад ч 9.000.000 төгрөг болохгүй. Үүнийг 9 дүгээр сарын 20-ны үеэр шилжүүлсэн. Р.Эд өгсөн мөнгөний тооцоо бол 28.000.000 төгрөг. Үүнд бол маргахгүй. О.Баярсайхан, Р.Пүрэвдорж хоёр харин энэ хүнд мөнгө өгсөн юм бол бид нар Р.Эд мөнгө өгөх нь битгий хэл харин ч илүү мөнгө өгсөн гэсэн тооцоо харагдаад байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш Б  ХХК-иас 8.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч С.Н-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч С.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш Б  ХХК-иас 155.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2017/00005 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж мөн тогтоолын заалтын дугаарыг 3 гэснийг 2 гэж, 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж тус тус өөрчилж, хариуцагч Ш Б  ХХК-ий захирал О.Баярсайхан, мөн компаний санхүү эрхэлсэн захирал С.Н- нарын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш Б  ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 155.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж тайлбарласан мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэсэнд нь тохирсон хөлсийг ажил олгогч төлөх ойлголт юм. Ажил гүйцэтгэгч Р.Э нь Ш Б  ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн автосамсомолоор шороо ачих, энэ ажлыг хийхдээ сард 6.500.000 төгрөгний хөлс авахаар тохиролцсон. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нийт 41 хоног аймгийн Засаг даргын албан бичгээр уурхайн ажил зогсоогдсон. Энэ хугацаанд нэгэнт ажил хийгдээгүй тул цалин хөлс олгох боломжгүй. Үүнийг тэд тайлбарлахдаа давагдашгүй хүчин зүйл гэж үзсэн. Ерөнхий агуулгаараа хийгээгүй ажилд хөлс төлөхгүй гэсэн ойлголтыг өөрсдөө буруу ойлгож, буруу тайлбарласан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т хийсэн ажилд нь тохирсон хөлс төлөх ойлголт байдаг. Р.Э 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5 сар 20 хоног уурхай дээр байсан. Үүнээс ажил үүрэг гүйцэтгээгүй 41 хоногийг хасаад яг ажилласан нь 4 сар 9 хоног, үүнийг 6.500.000 төгрөгөөр тооцоход 27.950.000 төгрөгийг Ш Б  ХХК Р.Эд олгох ёстой байна. Тэгвэл Р.Эд тус компани 28.000.000 төгрөг ажлын хөлсөнд олгосон. Талууд ажил зогссон байхад, ажил олгогч нь ажилтанг өөр газар ажил хийхээр явж болох байсан гэдэг. Нотлогдож байгаа нь 41 хоног огт ажиллаагүй байдаг. Үүн дээр талууд маргадаггүй. Магадлалд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар Ш Б  ХХК нь Р.Эг хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө зогссон хугацааны төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болох байсан гэж заасан. Энэ нь зөвхөн компанид хамааралтай заалт биш талуудын аль алиных нь үүрэг, тэд үүргээ адилхан зөрчсөн. Хөлсөөр ажиллахын онцлог нь, хийж гүйцэтгэсэн ажилд л хөлс төлөх үүрэг байдаг. Энэ утгаараа Иргэний хуулийн 360 дугаар зүйлд ажил гүйцэтгэлийн хөлсийг хэдийд ч төлж болохыг заасан. Нэхэмжлэгч ажилгүй байсан ч, ажил зогссон ч хөлсийг сараар тооцож хөлс авна гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 220.3-т зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд талууд зохицуулах арга хэмжээг адилхан авах үүрэгтэйг хуульчилж өгсөн. Талууд аль аль нь энэ үүргээ биелүүлээгүй. Иймд ажилласан хугацаанд биш хийж гүйцэтгэсэн ажилд хөлс төлөгдөх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Магадлалд Ш Б  ХХК нь Р.Эд 6.500.000 төгрөг өгсөн гэж үзэж байгаа бол иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж дурьдсан нь утгагүй. Учир нь Ш Б  ХХК захирал О.Баярсайхан нь Р.Эд ажлын хөлс гэж өгсөн нь энэ хэрэгтэй холбоотой. Ингэж өгсөн гэдгийг гэрч н.Пүрэвдорж гэрчилсээр байхад шүүх үнэлж үзээгүй.

Хариуцагч О.Баярсайхан С.Н- нар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаагүй. Тэнд гэрчээр оролцсон Пүрэвдоржийн мэдүүлгийг буруу бичсэн байна гэж гомддог. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2, 96.3-т заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх С.Н-г хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч засалгүйгээр С.Н- компанийг төлөөлөх эрхийг баталсан баримтгүй байхад хариуцагчаар шүүх хуралдаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүхийн “хамтран хариуцагч” татсан ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзэж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Р.Э, “Ш Б ” ХХК-с ажлын хөлс 8.800.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Р.Э, хариуцагч “Ш Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-тай харилцан тохиролцож, тус компанийн ажиллуулж байсан уурхайд өөрийн тээврийн хэрэгслээр шороо зөөх ажлыг гүйцэтгэж, сард 6.500.000 төгрөгийн хөлс авахаар болсон нь тогтоогджээ. Талуудын  хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан  ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээсэн хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Р.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарыг дуустал гэрээгээр тохирсон ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн, “Ш Б ” ХХК нь ажлын хөлсөнд нийт 28.000.000 төгрөг төлсөн, тухайн уурхайн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж зогсоосон ба энэ хугацаанд ажил гүйцэтгээгүй уурхай 41 хоног сул зогссон талаар зохигч маргаагүй байна.

Хариуцагч ажлын хөлсийг төлөхгүй гэж маргахдаа, ажил гүйцэтгээгүй сул зогссон,  нэхэмжлэгч Р.Э гэрээгээ цуцлах боломжтой байсан, түүнчлэн 6.500.000 төгрөг өгснийг тооцоонд оруулаагүй гэснийг, нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлнэ, хүлээж бай, ажлын хөлсийг төлнө гэж тохиролцсон гэж тайлбарлажээ.

Зохигч гэрээг амаар байгуулахдаа ажил гүйцэтгэж дуусах хугацааг тодорхой заагаагүй байх бөгөөд гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалж хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болохоор Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т заасан байна.

Гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх боломжгүй бодит нөхцөл үүссэн боловч талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгоогүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчийн сул зогсолтын үеийн хохирлыг ажлын хөлсний хэмжээгээр төлөхөөр тохиролцсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон талаархи хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймээс 8.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч “Ш Б ” ХХК нь нэхэмжлэгч “Р.Эд Р.Пүрэвдоржоор дамжуулж 6.500.000 төгрөг төлсөн нь тооцоонд ороогүй” гэх үндэслэлээ, нотлохоор гэрч асуулгасан боловч тухайн гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзээгүй шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч компанийн захирал О.Баярсайхан, тус компанийн санхүүгийн асуудал хариуцдаг байсан үндэслэлээр С.Н-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг хүсчээ.

Дээрх хүсэлтийг нэхэмжлэгч Р.Э хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд энэхүү байдлыг үндэслэж анхан шатны шүүх С.Н-г хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хүсэлтээ “хамтран хариуцагчаар татах” гэж илэрхийлсэн боловч энэ нь С.Н-г компанийн санхүүгийн асуудлыг хариуцаж байсны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах агуулгатай байснаас гадна нэхэмжлэгч Р.Э нь хуулийн этгээд “Ш Б ” ХХК болон С.Н- шаардаж буй мөнгийг хамтран хариуцах утгаар хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй буюу хамтран хариуцагчаар татах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.3-т заасан нөхцөл бүрдсэн эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

С.Н-г хамтран хариуцагчаар татсаны дараа нэхэмжлэгч Р.Э  С.Н-д холбогдуулсан нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээр шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч анхан шатны шүүхийн хамтран хариуцагч татсан ажиллагаа хуульд нийцээгүй болно. Энэ алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “...шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй шийдвэрийг бүхэлд нь хянан үзэх” тухай зохицуулалтад нийцжээ.

Харин магадлалд “...6.500.000 төгрөг төлсөн нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн атлаа “Ш Б ” ХХК уг мөнгөө Р.Эгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсныг залруулж дүгнэх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 204/МА2017/00005 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ