Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 378

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, Гэцэл овгийн Маньхүүгийн Баярмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 24-2-14 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, Пантаг овгийн Цэдэнсамбын Мөнгөннасан,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 18-218 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 38 настай, Боржигон овгийн Мишигдоржийн Нэргүй нарт холбогдох

7000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгаас ирж мал мах авч байгаа хүмүүс гэх Ц.Мөнгөннасан, түүний эхнэр М.Нэргүй нар ирсэн. Тухайн өдөр цаг орой болсон учраас маргааш нь ирж мал авахаар тохиролцож надад 1000000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Тэгээд маргааш нь ирж 15 тооны бүдүүн эр үхрийг нийтэд эь 10000000 төгрөгөөр, нэг үнээг 500000 төгрөгөөр өгсөн ба нийт үнэ нь 10500000 төгрөг болсон. Үүнээс 1000000 төгрөгийн урьдчилгаа өгч, сүүлд нь 2500000 төгрөгийг миний Хаан банкны 5242078226 тоот данс руу шилжүүлсэн. Ц.Мөнгөннасан нь эхнэр М.Нэргүй нараас мөнгөө нэхэхээр өгнө гэдэг боловч одоо хүртэл өгөхгүй, сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд Ц.Мөнгөннасангаас үхрийн үнэ болох 7000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Мөнгөннасан шүүхэд гаргасан тайлбартаа: М.Баярмаад 7000000 төгрөгийг өгөх нь үнэн. Уг мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны дотор төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М.Баярмаа нь Ц.Мөнгөннасан, М.Нэргүй нарт холбогдуулан 7000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.Баярмаа нь хариуцагч М.Нэргүйгээс 7000000 төгрөг гаргуулахаас татгалзсан хүсэлт гаргасан бөгөөд Ц.Мөнгөннасангаас нэхэмжлэлийн шаардлага болох 7000000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тул хариуцагч Ц.Мөнгөннасангийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ц.Мөнгөннасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 7000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлага болох 7000000 төгрөгийг хариуцагч Ц.Мөнгөннасан төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Мөнгөннасангаас 63475 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 63475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126950төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА