Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2017/03349/И |
Дугаар | 001/ХТ2018/01147 |
Огноо | 2018-09-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/01147
ХХБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2018/00727 дугаар магадлалтай,
ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
ЁСБ ХХК-д холбогдох,
Баталгааны гэрээний дагуу 26.828.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Д.Б- нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ХХБтай ЗГRSS20150702052 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ЁСБ ХХК нь баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 119.300.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 дүгээр байрны 193 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн улсын бүртгэлийн Ү-2201021927 тоот дугаарт Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Барилгачдын гудамж, 39 дүгээр байрны 19 тоот 58 м.кв талбайтай иргэн н.Одгэрэлийн өмчлөлийн 2 өрөө орон сууц зэргийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйгээс банк шүүхэд хандаж, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01977 тоот шийдвэрээр 129.119.476.54 төгрөгийг ХХБанд олгохоор шийдвэрлэснийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн. ХХБ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээг байгуулж, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө сууцнууд албадан дуудлага худалдаагаар борлогдож, нийт 103.000.000 төгрөгт зарагдаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01977 тоот шийдвэрээр зээлдэгчийн төлөх 129.119.476.54 төгрөгөөс 26.806.399.61 төгрөг төлөгдөхгүй үлдсэн. Иймээс баталгаа гаргагч ЁСБ ХХК-иас үндсэн төлбөр, зээлийн хүүгийн үлдэгдэл 26.806.399.61 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 22.500 төгрөг, нийт 26.828.899.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ЁСБ ХХК-ийн төлөөлөгч Д.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжилж буй 26.806.399.61 төгрөгийг төлөхгүй, 119.300.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зорилгоор аваагүй, гэрээ хууль бус гэрээ. Дээрх 450.000.000 төгрөгөөс 330.000.000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл төлбөрийг банк өөрөө барагдуулахаар болсон. Үлдэгдэл зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Баянгол дүүрэгт байрлах 2 өрөө 2 тусдаа байрны зах зээлийн ханш 250.000.000 төгрөгийн үнэтэй байхад банк 2 орон сууцыг 103.000.000 төгрөгөөр зарсан. ХХБнаас 250.000 ам.долларын зээл авч тухайн үеийн төгрөгийн ханшаар 350.000.000 төгрөг болсон. Өнөөдрийн байдлаар банкинд 705.000.000 төгрөг төлсөн. Иймээс хүү, нэмэгдүүлсэн хүү, ханшийн зөрүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03461 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЁСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэг 26.103.276 төгрөг, зардал 22.500 төгрөгийн хамт нийт 26.125.776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 703.123 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.095 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЁСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 288.578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБинд буцаан олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2018/00727 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03461 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ЁСБ ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЁСБ ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал анхан шатны шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгч ХХБ болон иргэн Д.Б- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой үйл баримт зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй” гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй. Учир нь уг гэрээтэй холбоотой хариуцагч Д.Б-гаас 119.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналгын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 895 дугаар тогтоолуудаар шийдвэрлэсэн иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар маргаагүй, мөн шүүхээс ч энэ талаар дүгнээгүй гэрээний дагуу төлбөр төлөх үндэслэлтэй, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар л зөвхөн шийдсэн байхад гэрээний хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэхэд дүгнэлт хийсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг буруу үнэлжээ. Хариуцагчийн хувьд бие даасан нэхэмжлэл эсхүл сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан болохыг анхаарч үзээгүй бөгөөд дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулсан баталгааны гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар хуульд заасныг буруу ойлгон хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4-т "Үндсэн үүрэг хучин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болно” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Шүүхийн шийдвэрээр Д.Б-гаас 119.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, энэ үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бөгөөд нэхэмжпэгчийн хувьд ч энэ хэмжээний зээлийг энэ хэмжээний барьцаа хөрөнгө тавьж болно гэж харилцан тохиролцож зээл олгосон хэрнээ барьцаа хөрөнгө нь үнэлгээнд нь хүрэхгүй болохоор батлан даагчаас нэхэмжилж байгааг анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс хуульд нийцнэ гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Учир нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлиин 458.1-т батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлээ төлж чадна, мөн барьцаа хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгэж чадна гэсэн баталгааг л гаргаж байгаа бөгөөд үүний дагуу хариуцагч Д.Б- нь үүргээ биелүүлж, барьцаа хөрөнгүүдээрээ зээлийн үүргээ биелүүлсэн бөгөөд Д.Б-тай холбоотой одоо ямар нэгэн маргаан байхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тул мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4-т заасны дагуу батлан даагч үүргээс чөлөөлөгдөх байтал шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн нэхэмжилж байгаа төлбөр нь ямар төрлийн төлбөр болохыг шүүхээс тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хийсвэрээр оролцогчдыг мэтгэлцүүлсэн, бодитоор мэтгэлцэх боломжийг олгоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 26.806.399 төгрөгийн хэд нь үндсэн өр, хэд нь хүү, хэд нь анз, шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа үнийн дүнгийн хэд нь өр, хэд нь хүү, хэд нь анз болохыг хариуцагч буюу батлан даагч одоо хүртэл мэдэхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хариуцагчийн тайлбар өгөх, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4-т заасныг тус тус баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчтэй энэ зүйлд заасан баталгааны гэрээ бус Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ байгуулсан болохыг зөв ялгаж салгаж шийдвэрлэж чадаагүй, хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ХХБ ХХК нь ЁСБ ХХК-д холбогдуулж, талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан баталгааны гэрээг үндэслэж, Д.Б-гийн тус банкнаас зээлсэн зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй гэж 26.828.899 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Б- шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн үүргээ барьцааны эд зүйлийн үнээс төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж маргасан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Д.Б-, ХХБ ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн ба барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, Д.Б-гаас 128.119.476.54 төгрөг гаргуулан, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, зээлийн барьцаанд байсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, дуудлага худалдааны орлого 103.000.000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч ХХБ ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Д.Б-г анх зээл авахад талууд барьцааны гэрээг зээлдэгчтэй, баталгааны гэрээг ЁСБ ХХК-тай байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргуудыг хэрэглэсэн байх бөгөөд барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнэ, шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрт хүрэлцээгүй, 26.828.899 төгрөгийн зөрүү гарсан болох нь тогтоогджээ.
ХХБ ХХК болон ЁСБ ХХК-ийн хооронд байгуулсан баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4-т зааснаар баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэжээ.
Иймээс зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Д.Б-, ХХБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг барьцааны зүйлийн борлуулсан үнээс хангагдсан тул баталгаа гаргагч үүргээс чөлөөлөгдөнө, гэрээний харилцааг шүүх буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэсэн агуулгатай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
ХХБ ХХК болон ЁСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээний шинжийг агуулаагүй байна. Шүүхийн шийдвэрт заасан зээлийн төлбөр барьцааны үнээр бүрэн төлөгдөөгүй тул нэхэмжлэгч нь зөрүү, үлдэгдэл үүргийг гаргуулахаар гуравдагч этгээдтэй байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох баталгааны гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй.
Түүнчлэн Д.Б-гийн төлөх төлбөрийн нийт хэмжээ буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж шүүхийн шийдвэрээр нийт гүйцэтгэвэл зохих үүргийн тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, уг шаардлагад зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тодорхойлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03461 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2018/00727 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 288.700 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ