Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00077

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    “Хүрэнбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Их Ирээдүй Наран” ХХК-д холбогдох

“101.9 метр квадрат талбай чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК-ийн захирал Р.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Оюун, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүрэнбулаг ХК-ийг  нх иргэн Р.Мягмардорж миний бие 1999 онд 100 хувийн хувьцаагаар худалдан авч Хүрэнбулаг ХХК болгон үүсгэн байгуулж 100 хувийн хөрөнгө оруулалтаар ХК байх үед үйлчилгээний төвийн барилгыг худалдан авсан. Гэтэл тухайн үед тус компанийг захирч байсан хүмүүс хувьцаат компанийн хөрөнгөнөөс зарим хэсгийг нь дур мэдэн худалдсан байдаг. Хүрэнбулаг ХХК-ийн өмч болох үйлчилгээний төвийн барилгын зарим хэсэг тус компанийн өмчлөлд байгаа. Үүнд бусдад худалдаж, шилжүүлж болохгүй байнгын үйл ажиллагаатай обеъктууд байдаг. Үүний нэг болох үйлчилгээний төвийн барааны заалны агааржуулалтыг бүрэн ажиллуулж байдаг венткамерийн өрөө болох 101,9 метр квадрат бүхийг объектийг Их Ирээдүй наран ХХК нь өөрийн өмч мэтээр өөр бусдад худалдаж агааржуулалтын тоног төхөөрөмжийг эвдлэн сүйтгэж, барааны заалны 1224 метр квадрат талбайн агаарыг сэлгэх боломжгүй болгон үйлчлүүлэгчид, лангуу түрээслэгч нарыг эрүүл мэндээр хохироож байна. Их Ирээдүй наран ХХК-д худалдсан хамгийн сүүлийн баримтаар 1998 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 1450 метр квадрат талбайг худалдаж авсан гэдэг баримт байдаг боловч энэ талбайд манай эзэмшлийн 101,9 метр квадрат талбай ороогүй юм. Бид тухайн үед МХА-нд хүртэл албан тоот өгч байсан. Иймд манай компанийн хөрөнгө болох, Их Ирээдүйн наран  ХХК-ийн бусдад худалдсан 101,9 метр квадрат талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнө нь Хүрэнбулаг ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29-нд А/49 тоотоор манайд хаяглаж ирүүлсэн мэдэгдлийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 30-нд А/29 тоотоор Их Ирээдүй наран ХХК-д хүргүүлсэн. Их Ирээдүй наран ХХК-д 1998 онд 90 сая төгрөгөөр нийт 1660 метр квадрат талбай бүхий объектыг худалдахаар Хүрэнбулаг ХХК-ийн ТУЗ, захирлуудын зөвлөгөөнөөр гаргасан шийдвэрийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг нотолж, анхлан Орхон аймгийн Шүүхэд өгсөн Хүрэнбулаг ХХК-ийн 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот нэхэмжлэлийн дагуу шат шатны шүүх хурлуудаар дамжин улсын хяналтын шатны шүүх хуралдаар эцэслэн шийдэгдсэн байдаг гэжээ.

Хариуцагч Их Ирээдүй Наран ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Их-Ирээдүйн наран ХХК нь тухайн үеийн Хүрэнбулаг ХК-ийн (одоогийн Хүрэнбулаг ХХК биш) ТУЗ-ийн 1998.01.27-ны тогтоол, бүх гишүүдийн хурлын 1998.06.19-ний шийдвэр, Хүрэнбулаг ХК-ийн захирлуудын зөвлөлийн хурлын 1998.04.01-ний 01 тоот шийдвэр зэрэг материалтай танилцсаны үндсэн дээр тэдний санал болгосны дагуу хууль эрх зүйн хүрээнд эрсдэлгүй харилцаанд орж болох юм гэж үзээд үйлчилгээний төвийн барилгын подвалын хэсэгт барааны агуулах, гараашийн олон жил ашиглалтгүй байсан 1660 кв.м талбайг 90,0 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан нотариатын байгууллагаар гэрчлүүлж, ҮХЭХ- ийн бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулсан байдаг. Тус хувьцаат компаний бүх гишүүдийн болон захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрүүд гүйцэтгэх захирлын 1998.06.26-ны а/45 тоот тушаал, барилга худалдсан 1998.09.01-ний зарлагын падаан зэргийг үндэслэн төлбөрийг бүрэн төлж барагдуулан Хүрэнбулаг ХК-с гэрээтэй хамт манайд хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу агуулах гараашийн зориулалтыг өөрчлөн хөрөнгө оруулалтаар худалдааны төв болгон засварлаж, Хөрөнгийн унэлгээний Эрдэнэт төв ХХК-иар үнэлүүлэн 1999.04.29-ний өдрийн 26 тоот гэрчилгээ авч баталгаажуулсан, Их-Ирээдүйн наран ХХК-ийн хууль ёсны өмч билээ. Гэтэл манай компаний худалдан авсан өмчийн салшгүй хэсэг болох Наран төвийн халуун агаар сэлгэлтийн /вентиустановок/ 123.6 кв.м талбай бүхий хэсгийн тоног төхөөрөмжийг 2011 онд Хүрэнбулаг ХХК өөрийн өмч мэтээр дур мэдэн эвдлэн буулгаж, үүдний хэсгийн халуун агаар сэлгэлтийг таслан зогсоож, заалны дулаан, агаар солилцоог алдагдуулснаар үүдний хэсэгт чийгшлийн улмаас мөөгөнцөр үүсч хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж, одоо уг заал ашиглалтгүй хаалттай гурван жил болж байна. Иймд манай компаний хөрөнгө болох 123.6 кв.м талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хүрэнбулаг ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Хүрэнбулаг ХХК-ийн, Их наран ирээдүй ХХК-д холбогдуулан 101.9 м.кв талбай бүхий венткамерийн өрөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, Их наран ирээдүй ХХК-ийн 123.6 м.кв талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангуулж, хохиролгүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК-ийн захирал Р.Мягмардорж давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх, үндэслэх хэсэгтээ 1998 оны 11-р сарын 03-ны өдрийн “барилга байгууламж хүлээлцсэн акт”-нд /хэргийн 47 хуудас/ цахилгааны шит /12м.кв/, дулааны үзель /Збм.кв/ өрөөнүүдийг дундын өмчлөлд үлдээхээр заасан байх ба вент камерийн өрөөг дундын өмчлөлд үлдээх талаар заагаагүй байна.

 “Их ирээдүй наран” ХХК-тай “Хүрэнбулаг” ХК-ийн хуучин удирдлагууд хууль бусаар байгуулсан байр худалдах гэрээгээр 1660 м.кв талбайг худалдана гэж заасан байдаг боловч уг барилга байгууламж хүлээлцсэн актаар хүлээлцэхдээ 1450 м.кв талбайг хүлээлгэж өгсөн гэдгийг нотлох гол баримт нь 1998 он 11-р сарын 03-ны өдрийн уг акт өөрөө юм. Түүнчлэн “Лендс” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, гэрч С.Алтанцэцэгийн мэдүүлэгээр 1450 м.кв талбайг хүлээлгэн өгсөн гэдгийг нотолсоор байхад анхан шатны шүүх энэ талаар авч хэлэлцээгүй мөн Моголын үнэт цаасны хорооноос Орхон аймгийн Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газарт гаргасан тогтоол шийдвэр /хавтаст хэргийн 50- р хуудас/ Үл хөдлөх хөрөнгийн газрын дүгнэлт, даргын 2000 оны 09-р сарын 06-ны 109 тоот тушаал / хавтаст хэргийн 48-р хуудас/ зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ” мөн хуулийн 40-р зүйлын 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

"Их ирээдүй наран” ХХК нь хүнсний зах болгон өөрчлөх зураг хийлгээгүй бөгөөд “Хүрэнбулаг” ХК венткамерийн өрөөнөөс нааш хэсгийг буулгахаар төлөвлөн “Цомцог” зургийн газарт захиалж мөнгийг нь төлж хийгдсэн зураг юм. Энэ нь “Их ирээдүй наран” ХХК-д ямарч хамааралгүй зураг бөгөөд манай компани 1450 м.кв талбай хүлээлгэн өгөхдөө хамт хүлээлгэн өгөөгүй юм.

Мөн “Хүрэнбулаг” ХХК-ний 2011 оны 01-р сарын 28-ны өдрийн \/-2101001046 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр 7115 м.кв талбайтай уг талбайд манай нэхэмжилж байгаа талбай байсаар байхад 101,9 м.кв талбайг тусд нь салгаж дундын өмчлөл нь тогтоогдохгүй байна гэсэн нь бидний нэхэмжлэлд дурьдаагүй зүйлээр шийдвэр гаргаж байгааг үгүйсгэж байна. Үл хөдлөх хөрөнгийн газраас шүүхэд гаргаж өгсөн үл хөлдлөх хөрөнгийн гэрчилгээ авхад шаардлагатай баримтанд “Хүрэнбулаг” ХК-аас “Их ирээдүй наран”-д худалдсан гэх талаар нотлох баримт байдаггүй юм.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 21-ны өдрийн 252 дугаар бүхий шийдвэрийг хэргэсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 201-02-21-ний өдрийн 252 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн "Сөрөг нэхэмжлэл"-ийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

1998-04-01-ний өдрийн 01 дугаартай "Хүрэнбулаг" ХХК-ийн захирлуудын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийн 1-ын Б-д:"БИД-ийн подволын хэсэгт /зүүн талд байгаа агуулах урд талын гаражийн хэсэг нийт 1.660 м2 талбай бүхий барилгын хэсгийг 90.0 сая төгрөгөөр, 1998-04-01-ний өдрийн а/25 дугаартай "Барилгын үнэ тогтоож,худалдах тухай' Орхон аймгийн "Хүрэнбулаг" ХХК-ийн захирлын тушаалын 1.2-т:БИД-ийн подволын хэсэгт /зүүн тал/ байгаа агуулах.урд талын гаражийн барилга нийт 1.660 м2талбай бүхий барилгын хэсгийг "Их-Ирээдүй наран" ХХК-ийн захирал Н.Ивгээлд 90.0 сая төгрөгөөр, 1998-06-25-ны өдрийн Байр худалдах гэрээгээр 1.660 м2 талбайг хүнсний зах болгон өөрчлөх зураг төслийг хамтад нь хүлээлгэн өгөх, 1998-0626-ны өдрийн а/45 дугаартай Барилгын хэсгийг худалдах тухай "Хүрэнбулаг"ХК-ийн захирлын тушаалаар нийт 1.660 м2 талбай бүхий барилгын хэсэг, 1998-11-03-ны өдрийн Барилга байгууламж хүлээлцсэн акт, Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1999-04-29-ны өдрийн 1271 дугаартай гэрчилгээ, 2001-02-19-ны өдрийн 1120885 дугаартай гэрчилгээ болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн нотлох баримтуудаар, "Хүрэнбулаг" ХХК-ийн Орхон аймгийн шүүхэд 1999-02-08-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэл, МУИС-АУДИТ ХХК-ийн 1998-11-16-ны өдрийн 98/36 дугаартай дүгнэлтийн 2-ын Е-д Агуулахын аж ахуй.гараашийн 1.660 м2 талбай бүхий барилгын хэсгийг "Их-Ирээдүйн наран"ХХК-д 90.0 сая төгрөгөөр худалдсны "Далайван ван-Аудит" ХХК-ийн 1998-12-18-ны өдрийн 2-р хавсралтын 2 дахь хэсэгт заасан төлбөрийн жагсаалт, Мөн дүгнэлтийн 1-р хавсралтын 3-т талбайн хэмжээг, 0рхон аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нарын 2016-04-04-ний өдрийн дүгнэлтийн Б-д заасан хэсэг, Мөн шинжээчийн 2016-06-03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2-т заасан заалтуудыг тус тус үндэслээд дээрх сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Маргаан бүхий талбай нь Үйлчилгээний төвийн урд талын гаражийн хэсгийн агааржуулалтын халуун агаар сэлгэх 123.6 м2талбай бүхий ажпын байр хариуцагчийн өмч болох нь дээрх баримтуудаар давхар давхар нотлогдож байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

Иймд:Хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар шийдвэрийг

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн ... дүгээр зүйлийн .... зааснаар нэхэмжлэгч Р.Мягмардоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ