Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, /регистрийн дугаар 2668041/ “Хүрэнбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, /регистрийн дугаар 2031027/, “Их Ирээдүйн Наран” ХХК-нд холбогдох, 

“101.9 метр квадрат талбай чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундрхаа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хүрэнбулаг” ХК-ийг  анх иргэн Р.Мягмардорж миний бие 1999 онд 100 хувийн хувьцаагаар худалдан авч “Хүрэнбулаг” ХХК болгон үүсгэн байгуулж 100 хувийн хөрөнгө оруулалтаар ХК байх үед үйлчилгээний төвийн барилгыг худалдан авсан. Гэтэл тухайн үед тус компанийг захирч байсан хүмүүс хувьцаат компанийн хөрөнгөнөөс зарим хэсгийг нь дур мэдэн худалдсан байдаг. “Хүрэнбулаг” ХХК-ийн өмч болох үйлчилгээний төвийн барилгын зарим хэсэг тус компанийн өмчлөлд байгаа. Үүнд бусдад худалдаж, шилжүүлж болохгүй байнгын үйл ажиллагаатай обеъктууд байдаг. Үүний нэг болох үйлчилгээний төвийн барааны заалны агааржуулалтыг бүрэн ажиллуулж байдаг венткамерийн өрөө болох 101,9 метр квадрат бүхийг объектийг “Их Ирээдүй наран” ХХК нь өөрийн өмч мэтээр өөр бусдад худалдаж агааржуулалтын тоног төхөөрөмжийг эвдлэн сүйтгэж, барааны заалны 1224 метр квадрат талбайн агаарыг сэлгэх боломжгүй болгон үйлчлүүлэгчид, лангуу түрээслэгч нарыг эрүүл мэндээр хохироож байна. “Их Ирээдүй наран” ХХК-д худалдсан хамгийн сүүлийн баримтаар 1998 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 1450 метр квадрат талбайг худалдаж авсан гэдэг баримт байдаг боловч энэ талбайд манай эзэмшлийн 101,9 метр квадрат талбай ороогүй юм. Бид тухайн үед МХА-нд хүртэл албан тоот өгч байсан. Иймд манай компанийн хөрөнгө болох, “Их Ирээдүйн наран”  ХХК-ийн бусдад худалдсан 101,9 метр квадрат талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнө нь “Хүрэнбулаг” ХХК нь 2015 оны  10 дугаар сарын 29-нд А/49 тоотоор манайд хаяглаж ирүүлсэн мэдэгдлийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 30-нд А/29 тоотоор “Их Ирээдүй наран” ХХК-д хүргүүлсэн. “Их Ирээдүй наран” ХХК-д 1998 онд 90 сая төгрөгөөр нийт 1660 метр квадрат талбай бүхий объектыг худалдахаар “Хүрэнбулаг” ХХК-ийн ТУЗ, захирлуудын зөвлөгөөнөөр гаргасан шийдвэрийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг нотолж, анхлан Орхон аймгийн Шүүхэд өгсөн “Хүрэнбулаг” ХХК-ийн 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот нэхэмжлэлийн дагуу шат шатны шүүх хурлуудаар дамжин улсын хяналтын шатны шүүх хуралдаар эцэслэн шийдэгдсэн байдаг. Цахилгааны шит /12 метр квадрат/, дулааны узел /36 метр квадрат/ буюу нийт 48 метр квадрат хоёр өрөөг дундын өмчлөлд үлдээсэн байдаг ба анх худалдахдаа “Хүрэнбулаг” ХК уг объектыг хүнсний захын зориулалтаар ашиглахаар үйлдүүлсэн зураг төслийн хамт 1998 оны 06 дугаар сарын 25-ны байр худалдах гэрээний 3 дугаар заалтаар тодорхой тусгаж, манайд хүргүүлэн өгсөн. Зургийн дагуу вентикамерын өрөөг чөлөөлж, ханыг нь буулгах, ажлыг дутуу үлдээж, манайд түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөд камерууд нь тоногдож, ажилгүй болсон байсан. Сүүлд нь барааны заалны вентиляцийн шатсан моторыг сольж хэсэг ажиллуулж байснаа тэр нь эвдэрч, вентилятор, төмөр хоолойгоо өөрсдөө буулгаж сулласны дараах манайх зургийн дагуу ханыг буулгуулж, 2006 онд иргэн Д.Тунгалагт өмчийг шилжүүлж өгсөн. Д.Тунгалаг нь 2008 онд иргэн О.Гомбод худалдсан байдаг ба одоо уг объект иргэн О.Гомбын өмч юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Их-Ирээдүйн наран” ХХК нь тухайн үеийн “Хүрэнбулаг” ХК-ийн (одоогийн. Хүрэнбулаг ХХК биш) ТУЗ-ийн 1998.01.27-ны тогтоол, бүх гишүүдийн хурлын 1998.06.19-ний шийдвэр, “Хүрэнбулаг” ХК-ийн захирлуудын зөвлөлийн хурлын 1998.04.01-ний 01 тоот шийдвэр зэрэг материалтай танилцсаны үндсэн дээр тэдний санал болгосны дагуу хууль эрх зүйн хүрээнд эрсдэлгүй харилцаанд орж болох юм гэж үзээд үйлчилгээний төвийн барилгын подвалын хэсэгт барааны агуулах, гараашийн олон жил ашиглалтгүй байсан 1660 кв.м талбайг 90,0 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулан нотариатын байгууллагаар гэрчлүүлж, ҮХЭХ- ийн бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулсан байдаг. Тус хувьцаат компаний бүх гишүүдийн болон захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрүүд гүйцэтгэх захирлын 1998.06.26-ны а/45 тоот тушаал, барилга худалдсан 1998.09.01-ний зарлагын падаан зэргийг үндэслэн төлбөрийг бүрэн төлж барагдуулан “Хүрэнбулаг” ХК-с гэрээтэй хамт манайд хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу агуулах гараашийн зориулалтыг өөрчлөн хөрөнгө оруулалтаар худалдааны төв болгон засварлаж, Хөрөнгийн унэлгээний “Эрдэнэт төв” ХХК-иар үнэлүүлэн 1999.04.29-ний өдрийн 26 тоот гэрчилгээ авч баталгаажуулсан, “Их-Ирээдүйн наран” ХХК-ийн хууль ёсны өмч билээ. Гэтэл манай компаний худалдан авсан өмчийн салшгүй хэсэг болох Наран төвийн халуун агаар сэлгэлтийн /вентиустановок/ 123.6 кв.м талбай бүхий хэсгийн тоног төхөөрөмжийг 2011 онд “Хүрэнбулаг” ХХК өөрийн өмч мэтээр дур мэдэн эвдлэн буулгаж, үүдний хэсгийн халуун агаар сэлгэлтийг таслан зогсоож, заалны дулаан, агаар солилцоог алдагдуулснаар үүдний хэсэгт чийгшлийн улмаас мөөгөнцөр үүсч хэвийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учруулж, одоо уг заал ашиглалтгүй хаалттай гурван жил болж байна. Иймд манай компаний хөрөнгө болох 123.6 кв.м талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Их ирээдүй наран” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Хүрэнбулаг” ХК-ийг Эрдэнэт хотын өмч хувьчлалын комиссын 1992 оны 03-р сарын 23-ны өдрийн №26 тоот тогтоолоор нийт хувьчлагдах хөрөнгийн хэмжээг 102680 /нэг зуун хоёр мянга зургаан зуун ная/ ширхэг хувьцаанд оногдохоор тогтоож Монгол улсын Үнэт цаасны хорооны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэн нийтэд худалдахыг зөвшөөрч, үүсгэн байгуулсан “Хүрэнбулаг” ХК-ийн нэг хэсэг өмч болох Үйлчилгээний төвийн барилгын зарим хэсгийг тухайн үед удирдаж байсан хэсэг бүлэг хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болоод нийт хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр худалдсан, худалдан авсан гэх маргаанууд өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдсаар ирлээ. Учир нь тухайн үеийн олон хувьцаа эзэмшигчдийн “Хүрэнбулаг” ХК-ийн хөрөнгөөр баталгаажсан хувьцаа нь бүтнээрээ байгаад байдаг хөрөнгийн зарим хэсэг нь зальт хүмүүсийн гараар ороод алга болсон нь хууль бус гэдгийг нь удаа дараагийн мэргэжлийн байгууллага, Монгол улсын Үнэт цаасны хорооны тогтоол шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн газрын дүгнэлт, Дээд шүүхийн зарим нэг шийдвэр зэргээр нотлогдож байдаг. Уг нь хуулийн дагуу арилжаалагдсан бол зарагдсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа нь хасагдаж нийт хувьцаа эзэмшигчдэд тэнцүү хуваагдаж очих ёстой. Ийм зүйл огт болоогүй болно. Тухай үед “Их ирээдүй наран” ХХК 1660м2 талбайг 90 000 000 /ерэн сая/ төгрөгөөр авсан гэдэг боловч энэ нь ямарч баримтаар нотлогддоггүй. Үүнд: 1.       1660м2 талбай нь барилгын үндсэн обектын зургаар хэмжээ нь таардаггүй. 2.           Төлбөр төлсөн гэх 90 000 000 /ерэн сая/ төгрөг нь “Хүрэнбулаг “ ХК-ийн ямарч дансанд ороогүй төлбөр төлсөн гэх баримт байхгүй. 3.    1998 оны 06-р сарын 24-ны хэмжилт хийсэн протокол нь хуурамч, тухан үед ажиллаж байсан инженер техникийн ажилтан нарын зөвшөөрөл гарын үсэг байхгүй, баталгаагүй. Жишээ нь: эд нарын хурлын протоколоор:          а/. Агуулах аж ахуйн хэсэг 1347,45 м2 , б/. Гараашийн барилгын хэсэг 359,55 м2 , в/. 1347,45м2+359,55 м2=1707 м2 гарч байна.  Иймд 1707 м2-1660 м2=47 м2 зөрүүтэй байна.          4. Энэ компаний нэхэмжилж байгаа вентустоновк 123,62 м2 талбай байх ямарч үндэслэлгүи барилгын зургаар энэ хана нь үндсэн суурь хана учир буулгах ямарч боломжгүй барилга нурах аюултай. Энэ талбай Хүрэнбулаг”ХХК-ний өмчлөлийн талбайд байдаг.           5. “Хүрэнбулаг” ХХК нь “Их ирээдүй наран” ХХК-ийн худалдаж авсан гэх хөрөнгөнд нь халдаж бүхлээр нь авах талаар нэхэмжлэл гаргаагүй. Зөвхөн өөрийн эзэмшилд байгаа талбайгаа чөлөөлүүлэхээр хүсэлт гаргасан. Энэ нь 1998 оны 11-р сарын 03-ны өдрийн барилга байгууламж хүлээлцсэн актаар баталгаажиж байгаа юм. Урд өмнө нь яаж тохирсон, протокол хөтөлж байсан ч эцсийн актаар /1998 оны 11 дүгээр сарын 03/ 1450м2 талбайг өгсөн нь батлагдаж байдаг. Энэ нь 2016 оны 06 дугаар  сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байдаг. “Их ирээдүй наран” ХХК-ний тооцоогоор: Агуулах аж ахуйн хэсэг 1347,45 мкв + Гараашийн барилгын хэсэг 359,55 м2 + венткамер 101,9 м2 = Бүгд 1808,9 м2 болж асар их талбайн зөрүү гарч байгаа нь эдний нэхэмжилж байгаа талбай нь ор үндэслэлгүй зүйл гэдгийг баталж байна. Иймд сөрөг нэхэмжпэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК нь,  “Их ирээдүй наран” ХХК-д холбогдуулан  венткамерын өрөө бүхий 101.9 кв.м талбайг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

          Хүрэнбулаг ХХК нь, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Их ирээдүй наран” ХХК-тай “Байр худалдах  гэрээ” / хх32-33/ байгуулан, 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн а/45 дугаартай “Хүрэнбулаг” ХК-ийн захиралын /Барилгын хэсгийг худалдах тухай/ тушаалаар   үйлчилгээний төвийн барилгын зүүн, зүүн урд жигүүрт байрлалтай агуулахын аж ахуй, гаражийн барилгын 1660 м.кв талбай бүхий өөрийн эзэмшлийн хэсгийг “Их ирээдүй наран” ХХК-д 90.000.000 төгрөгөөр худалдсан тухай баримт /хэргийн 34 дүгээр хуудасд/, “Хүрэнбулаг” ХК-ийн 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай “захиралуудын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрт”: б/ БИД-ийн подволийн хэсэгт /зүүг тал/ байгаа агуулах, урд талын гаражийн хэсэг, нийт 1660 ам.метр талбай бүхий барилгын хэсгийг 90,0 сая төгрөгөөр худалдсан гэсэн байх ба /хэргийн 35 хуудас/, үйлчилгээний төвийн агуулахын хэсэг, гараашийн барилгын талбайд хэмжилт хийсэн протокол /хх118/, дээрх объектын план зураг /хх-ийн 119-121/  хэрэгт цугларсан бусад баримтуудад  “Их ирээдүй наран” ХХК-д худалдсан талбайн хэмжээг 1660 м.кв гэж дурьджээ.      

          1998.11.03-ны өдрийн  “барилга байгууламж хүлээлцсэн акт”-нд /хэргийн 47 хуудас/ цахилгааны шит /12кв.м/ дулааны узель /36 кв.м/ өрөөнүүдийг дундын өмчлөлд үдээхээр заасан байх ба венткамерийн өрөөг дундын өмчлөлд үлдээх талаар заагаагүй байна.  

          Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК нь 101.9 м.кв бүхий венткамерийн өрөөг дундын өмчлөл юм гэж маргаж байх боловч, үүнийг нотолсон баримт хэрэгт ирээгүй.

          “Байр худалдах гэрээ”-ний /хэргийн 33 хуудас/ 3-д “Объектийн зориулалтыг хүнсний зах болон өөрчлөхөөр үйлдүүлсэн зураг төслийн хамт хүлээлгэн өгнө” гэснээс үзэхэд “Хүрэнбулаг” ХК нь тухайн үед уг объектийн зориулалтыг хүнсний зах болон өөрчлөхөөр зураг төслийг гаргуулж байсан байх ба үүнийгээ ч мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “Хүрэнбулаг” ХК-ийн захиалгаар зураг төсөл хийсэн гэдгээ тайлбарласан.

          Мэргэжлийн хяналтын газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 84-86 хуудас/ “...венткамерийн өрөөг “Их наран ирээдүй” ХХК буулгаж өөрчилснийг шалгаж үзэхэд 1998-2000 оны үед “Хүрэнбулаг” ХК тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн дагуу өөрчлөлтийн зураг хийлгэн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуй хяналтын улсын байцаагч, Галын улсын байцаагчаас зохих зөвшөөрөл авч зөвшөөрөгдсөн зургийн дагуу гүйцэтгэсэн учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэжээ.

          Иймд “Их ирээдүй наран” ХХК нь “Байр худалдах гэрээ”-нд заасны дагуу уг объектийн зориулалтыг өөрчлөх зураг төслийн хамт “Хүрэнбулаг” ХК-с хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

          Нэхэмжлэгч, “Их наран ирээдүй” ХХК-ийн 1450 м.кв талбайд манай эзэмшлийн 101.9 м.кв ороогүй гэж мэтгэлцэж байх боловч, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “байр худалдах гэрээ”, 1998 оны 06 дугаар сарын 26-ны а/45 дугаартай “Хүрэнбулаг” ХК-ийн захиралын тушаал, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Хүрэнбулаг” ХК-ийн захиралуудын зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэр зэрэгт “Их наран ирээдүй” ХХК-ийн нийт талбайн хэмжээг 1660 ам.метр гэж тэмдэглэсэн байх ба, “Лэндс” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэнд гараж, агуулахын хэсгийн талбайг өрөөгөөр нь нарийвчлан задалж тооцоогүй нэгтгэж бүгд 1450 м.кв гэж хүлээлцсэн гэжээ.

          Тиймээс 101.9 м.кв талбай бүхий венткамерийн өрөө нь “Хүрэнбулаг” ХХК болон, дундын өмчлөлийн зүйл болох нь нотлогдохгүй байна.

          Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж заасан.

          “Хүрэнбулаг” ХК-ийн ерөнхий захирал Р.Мягмардорж 2008.10.23-нд а/97, 2008.11.20-нд а/98 дугаартай албан бичгүүдээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт маргаан бүхий агааржуулалтын системын /венткамерын/ талаар “ажиллагааг таслан зогсоох тухай”, “дүгнэлт гаргуулах” зэргээр хандаж байснаас үзэхэд дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Хүрэнбулаг” ХХК-ийн, “Их наран ирээдүй” ХХК-д холбогдуулан гаргасан 101.9 м.кв талбай бүхий венткамерийн өрөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

мөн “Их наран ирээдүй” ХХК-ийн 123.6 м.кв талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангуулж, хохиролгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх маргаан бүхий үйл баримтын талаар шүүх шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн болон хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд тус тус төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.    

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “Хүрэнбулаг” ХХК-ийн, “Их наран ирээдүй” ХХК-д холбогдуулан 101.9 м.кв талбай бүхий венткамерийн өрөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь,  “Их наран ирээдүй” ХХК-ийн 123.6 м.кв талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангуулж, хохиролгүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА