Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00047

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужирт 2б-ийн задгай 1-01 тоотод оршин суух, Чонос овогт Сүхбаатарын Золзаяа /РД:ГЮ88062103/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1976 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 2б-11-5 тоотод оршин суух, Боржигон овогт Дорлигсүрэнгийн Нандинхишигт /РД:ГЮ76032807/-д холбогдох

120000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00668/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Золзаяа, хариуцагч Д.Нандинхишигт, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Золзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Нандинхишигт эгч Б.Эрдэнэтуяатай хамт манай дэлгүүр болох Дэлгэрмөрөн хүнсний дэлгүүрт орж ирээд эгч нь чамтай нэг наймаа хийх гэсэн юм. Байгууллагадаа дэлгүүрээс чинь 120000 төгрөгийн хүнсний бараа аваад зөрүүлээд сайн ачсан түлээ буулгаж өгье гэсэн. Тухайн үед манайх модгүй, дээр нь цас орчихсон байсан учраас би тэгье та харин модоо яаралтай буулгаж өгөөрэй гэж тохиролцоод би Д.Нандинхишигтэд 120000 төгрөгийн нэр бүхий хүнсний барааг өгсөн. Тэгээд одоо болтол мод ч үгүй мөнгө ч үгүй бараа ч үгүй байна. Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр БНСУ руу 3 сараар явах болж эгч Б.Эрдэнэтуяад та хамт орж ирснээрээ авч өгөөрэй гэж хэлээд явсан. Намайг явсан хойно эгч Б.Эрдэнэтуяа нь шүүхэд өгсөн боловч Д.Нандинхишигт би чамаас аваагүй дүүгээс чинь авсан дүүд чинь өгнө гэж хэлсэн байсан. Тухайн үед падаан өгөөгүй, падаан бичиж өгөөрэй, падаангүй бол компаниас мод гаргах боломжгүй гэж хэлж байсан. Дараа нь надаас ирж падаан бичүүлж аваад явсан. Мөн надаас сормуусны будаг, Улаанбаатар нэртэй архи авсан. Энэ авсан барааны мөнгө 25000 төгрөгийг нэмж нэхнэ. Нийтдээ 145000 төгрөгийг Д.Нандинхишигтээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Нандинхишигт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Нандинхишигт нь С.Золзаяагаас 120000 төгрөгийн бараа аваагүй. Харин түүний нагац эгч Б.Эрдэнэтуяагийн С.Золзаяагаас зээлээр авсан барааны үнэ 60000 төгрөг дээр Эрдэнэтуяагийн охинд тус дэлгүүрээс 10000 төгрөгийн бараа зээлээр авч өгч нийт 70 000 төгрөг болсон. Эрдэнэтуяагийн өрнөөс төлөлцөх зорилгоор Золзаяатай ярилцаж тохироод 120000 төгрөгөнд 1 портер мод буулгаж өгье гээд Эрдэнэтуяагийн зээлсэн 70000 төгрөгийн бараан дээр 50000 төгрөгийн бараа нэмж зээлсэн. Архи, давс, перц гэх зэрэг 50 000 төгрөгийн бараа авсан. Падаан бичиж өгөөгүй, жижиг ягаан цаасан дээр энэ барааг бичиж өгөөд дараа ирээд падаан аваарай гэсэн. Эрдэнэтуяа бид нар дэлгүүрээс авсан архиа уугаад Б.Эрдэнэтуяа дахин пиво авч ирэхээр аймгийн төв орж яваад цагдааг баригдсан. Эрдэнэтуяа жолооны эрхээ хасуулж, 380 000 төгрөгөөр торгуулсан бөгөөд энэ торгуулийн төлбөрийг намайг төл гэхээр нь би чадахгүй гээд бид хоёр маргалдсан. Үүнээс хойш эвлэрээгүй. Дэлгүүрээс авсан 50 000 төгрөгийн бараа одоо 120 000 төгрөг болж хувирсан байна. Сормуусны будгийг нь би буцааж өгсөн. Улаанбаатар архи зээлээр аваагүй. Бараа авсан зарлагын падаанд би гарын үсэг зураагүй. 50000 төгрөгийн бараа зээлээр авсан тул үүнийг төлөхөд татгалзах зүйл алга байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Золзаяа нь хариуцагч Д.Нандинхишигтэд холбогдуулан зээлээр худалдсан барааны үнэ 120000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Нандинхишигт нь нэхэмжлэгч С.Золзаяагийн эзэмшлийн Дэлгэрмөрөн дэлгүүрээс бараа зээлдэн авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Д.Нандинхишигт нь 120 000 төгрөгийн бараа аваагүй, 50 000 төгрөгийн барааг авч тус дэлгүүрээс найз Б.Эрдэнэтуяагийн зээлдэн авсан байсан барааны үнэ 70 000 төгрөгийг нэмж 120 000 төгрөгөнд 1 портер машин түлээний мод өгөхөөр харилцан тохиролцсон, тухайн үед зарлагын падаан бичигдээгүй, хэрэгт ирүүлсэн зарлагын падаанд зурсан гарын үсэг минийх биш, өөрийн авсан барааны үнэ 50 000 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Хариуцагч нь дээрх байдлаар маргаж байгаа хэдий ч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, 120 000 төгрөгийн бараа аваагүй, бараа худалдан авсан гэх зарлагын падаанд /хх-ийн 18/ зурагдсан гарын үсэг хуурамч гэдгийг баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл талуудын хооронд бараа зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзлээ.

Иймд хариуцагч Д.Нандинхишигтээс зээлээр худалдсан барааны үнэ 120 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Золзаяад олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Золзаяа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад сормуусны будаг 15000 төгрөг, 0,5 граммын Улаанбаатар архи 10000 төгрөг бүгд 25000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэж тайлбар гаргаж байх боловчИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлээ гаргаагүй байх тул түүнийг нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бишрэлт заяа ХХК-ийн дүрэмд нэхэмжлэгч С.Золзаяа нь тус компанийн захирал болох нь тогтоогдож байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нандинхишигтээс 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Золзаяад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нандинхишигтээс 4550 /дөрвөн мянга таван зуун тавь төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Золзаяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН