Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З ХХКомпанийн нэхэмжлэлээр

Хариуцагч: Р сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн,

Нэхэмжлэлийн шаардлага: Р сумын ын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, И.Б нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганжуур нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай З ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд Р сумын Чандмань уул нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын MV-015594 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Ийнхүү тус талбайд уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулахын тулд ажилчдын хотхон, уурхайн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн шугам хоолой зэргийг байгуулах зорилгоор тус талбайтай зэрэгцүүлэн газар олгож өгөхийг хүсэж, Р сумын Засаг даргад хүсэлт гаргасан.

            Ийнхүү Р сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай 4/08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус сумын Цагаан хад багийн нутагт 631.71 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар иргэн аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулахаар төлөвлөсөн байдаг.

Улмаар тус сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/90 дугаар захирамжаар Цагаан хад багийн нутагт 631,71 га газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссыг мөн сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/122 дугаар захирамжаар томилж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан.

Уг сонгон шалгаруулалтад нэхэмжлагч компани оролцож өөрсдийн төслийг санал болгосон ба комиссын 100 хувийн саналаар манай компанид 631,71 га газрыг эзэмшүүлэх тухай дүгнэлт гаргасан. Сумын Засаг дарга 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж дүгнэлтийг баталж, тус сумын Цагаан хад багийн нутагт 631,78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар олгосон байдаг.

Гэвч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/133 тоот захирамжаар манай компанид газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 тоот захирамжийг хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгосон үндэслэлээ ... газрын үнийг хуульд заасан хугацаанд төлөөгүй... гэсэн байх бөгөөд манай компанид захиргааны шүүхэд хандаж шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 221/МА2017/0654 тоот магадлал гарч хүчин төгөлдөр болсон байдаг.

Тус магадлалын хянавал хэсэгт шүүх: ... Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрыг нь хамруулан төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт зарласан бодит факт нь гэрээгээр төлбөр төлөхөөр заасан цаг хугацаатай давхцаж байхад нэхэмжлэгчийг төлбөрөөр хугацаанд нь төлсөнгүй гэж буруутгах нь зохимжгүй... гэж тайлбарлаж тус актын үйчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Ийнхүү бид тус магадлал хүчин төгөлдөр болмогц маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 267 тоот албан бичгээр ... төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон газрын гэрчилгээний үнэ гэх 606,508,800 төгрөгийг төлөх орон нутгийн дансны дугаарыг өгч бидний ажилд тусална уу... гэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтээ бид ийнхүү уг дансыг удаа дараа шаардаж байгаагаа дурьдаж өгсөн байдаг.

Гэвч тус төрийн захиргааны байгууллагаас огт хариу өгөлгүй хугацаа авсны дараа гэнэт газрын үнийг заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр манай газрыг их хэмжээгээр багасгах шийдвэр гаргасан 2018 оны 03 дугаар сарын 06-ны А/18 тоот захирамжийг гаргаж түүнийгээ манай компанид гүйцэтгэх захирал Т.Э-ийн хувийн мэйл рүү мэйлдсэн гэж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус сумын газар зохион байгуулагч И.Б гэх мэргэжилтэн өдрийн 12 цагийн алдад залгаснаар бид анх уг захирамж гарсныг мэдсэн болно.

Ийнхүү бид хэлсэн даруй тус хувийн мэйл хаягийг шалгаж үзтэл танигдахгүй хаягнаас Р сумын Засаг даргын захирамж хүргүүлэв гэсэн нэртэй мэйл /тус албан бичигт хавсаргав/ уншигдаагүй мэйл буюу Spam дотор 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирсэн байсныг олж мэдсэн.

            Бид ийнхүү тус захирамжтай 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр танилцсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нь хэд хэдэн үндэслэлээр тус захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль бус үндэслэлгүй захирамж гэж үзэж тус сумын Засаг дарга болон харьяалах дээд шатны аймгийн Засаг даргад тус тус гомдол гаргасан.

            Гэвч Дорноговь аймгийн Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай компанид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болно гэх хариуг бидэнд хүргүүлсэн тул бид ийнхүү захиргааны шүүхэд эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд: Аливаа уул уурхайн компанийн үндсэн үйл ажиллагаа нь түүнд туслах чиг үүрэгтэй үйл ажиллагаанд суурилж байдаг.

Үүнтэй холбоотойгоор манай компани нь өмнө эзэмшиж байсан газраа эргэж тэр хэмжээгээр нь эзэмших гээд байгаагийн гол шалтгаан нь уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах дэд бүтцийг барьж байгуулах зайлшгүй шаардлагатай, гэтэл А/18 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь дээрх шаардлагыг хангах ямар ч боломжгүй тул тухайн шийдвэрийг хууль бус гэж үзээд байгаа юм. Иймд уурхайн үйл ажиллагааг дэмжих зорилготой хийгдэх дэд бүтцүүд, түүнд шаардагдах хөрөнгө төсвийн талаар хийгдсэн зураг, төсөл, тооцоог шүүхэд сая гаргаж өгсөн нотлох баримт болон энэ талаар гаргасан тайлбартаа тодорхой бичсэн байгаа юм гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний өмгөөлж оролцож буй ЗХХКомпани нь Р сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын MV-015594 дугаартай тусгай зөвшөөрлөөр уурхайн үйл ажиллагаа явуулдаг.

Энэ үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах үүднээс уурхайн удирдлагын байр, уурхайн ажилчдын байр, уурхайн олборлолтоос гарсан шороог овоолж байршуулах талбай гэх мэт дэд бүтцийг бий болгох зайлшгүй шаардлагатайн улмаас компанийн зүгээс Р сумын Засаг даргад хандаж эдэлбэр газрын зориулалтаар газар эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу энэ асуудал нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, үүнийг үндэслэж сумын Засаг даргын зүгээс төсөл шалгаруулалт зарлаж, түүнд тус компани оролцож шалгарснаар 2014 оны А/138 тоот захирамжаар 631,78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар эзэмшихээр болсон.

Гэтэл Р сумын Засаг даргын 2016 оны А/133 тоот захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгосон ба хүчингүй болгосон үндэслэл нь А/138 тоот захирамжаар эзэмшүүлсэн газрын үнийг хуульд заасан хугацаанд төлөөгүй гэж үзсэн.

Энэ захирамжинд тус компани нэхэмжлэл гаргаж захиргааны шүүхэд хандснаар Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаж, улмаар тус шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 тоот магадлал гарч хүчин төгөлдөр болсон байдаг.

Тус магадлалын хянавал хэсэгт шүүх: ... Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрыг нь хамруулан төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалт зарласан бодит факт нь гэрээгээр төлбөр төлөхөөр заасан цаг хугацаатай давхцаж байхад нэхэмжлэгчийг төлбөрөө хугацаанд нь төлсөнгүй гэж буруутгах нь зохимжгүй... гэж тайлбарлаж тус актын үйлчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

            Ийнхүү бид шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болдогийн хувьд тус магадлал хүчин төгөлдөр болмогц маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 267 тоот албан бичгээр ... төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон газрын гэрчилгээний үнэ гэх 606,508,800 төгрөгийг төлөх орон нутгийн дансны дугаарыг өгч бидний ажилд тусална уу... гэх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ бид дансыг удаа дараа шаардаж байгаагаа дурдаж өгсөн байдаг.

Гэвч тус төрийн захиргааны байгууллагаас огт хариу өгөлгүй хугацаа дууссаны дараа гэнэт газрын үнийг заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрыг их хэмжээгээр багасгах шийдвэр гаргасан ба 2018 оны 03 дугаар сарын 06-ны А/18 тоот захирамжийг тус компанийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхааны хувийн мэйл рүү мэйлдсэн гэж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус сумын газар зохион байгуулагч И.Болортуяа гэх мэргэжилтэн өдрийн 12 цагийн алдад залгаснаар бид анх уг захирамж гарсныг мэдсэн.

Ийнхүү бид хэлсэн даруй тус хувийн мэйл хаягийг шалгаж үзтэл танигдахгүй үсэг бичигдсэн хаягнаас Р сумын Засаг даргын захирамж хүргүүлэв гэсэн нэртэй мэйл уншигдаагүй мэйл буюу Spam дотор 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ирсэн байсныг олж мэдсэн. Ингэж тус захирамжтай 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр танилцсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нь хэд хэдэн үндэслэлээр уг захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль бус үндэслэлгүй захирамж гэж үзэж Р сумын Засаг дарга болон харьяалах дээд шатны аймгийн Засаг даргад тус тус гомдол гаргасан.

Гэвч Дорноговь аймгийн Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч компанид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болно гэх хариуг хүргүүлсэн тул бид захиргааны шүүхэд эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаад байна.

            Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлавал А/18 тоот захирамжийн 1 дэх заалтад З ХХКомпани төсөлд шалгарсан өдрөөс хойш Засаг даргын төсөл шалгаруулалтын дагуу эзэшүүлсэн захирамж гарах хугацаанд болон газрын үнэ төлөх тооцоо нийлсэн актад заасан хугацаанд газрын үнийг төлөөгүй хэдий ч тус газрын зарим хэсэгт барилга байгууламж барьж үл хөдлөх хөрөнгө би болгосон тул А/138 дугаар захирамжид өөрчлөлт оруулж эзэмшүүлэх болон ашиглуулах газрын хэмжээ, байршлыг хавсралтаар баталсугай гэж заагаад 631.78 га газрыг 15.8 га газар болгоод багасгасан байдаг.

Төлбөр төлөх тооцоо нийлсэн актын дагуу бол тухайн үед төлбөр төлөх хугацаа болоогүй байсан. Төлбөр төлөх гэж байсан хугацаанд Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалт зарлаад эрх ашиг нь хөндөгдөж байсан учраас тухайн давхцаж байсан газар төлбөр төлөх нь эргэлзээтэй байсан учир хүндэтгэн үзэх шалтгаан байна гэдгийг магадлалд ч дурдсан.

Ингэхдээ тухайн газар нутаг дээр нэгэнт хүчинтэй байсан захирамжийн дагуу хийгдсэн аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө байна, газар дээр очоод үзэхэд нүдэнд үзэгдэхээр үнэлж болохуйц хөрөнгө байж байхад цуцалдаг нь хууль бус гэсэн агуулгаар дүгнэж, тийм болохоор хуульд нийцүүлэн дахин шинэ акт гарга гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн.

Одоо бидний маргаж буй захиргааны акт болох А/18 тоот захирамжийн үндэслэл дээр мөн хугацаанд нь газрын төлбөрөө төлөөгүй гэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Гэтэл үндсэн процесс нь юу вэ гэхээр 606.508.800 төгрөгийг төлье, дансаа өгөөч гэж албан бичгээр мэдэгдэл хүргүүлээд мөн сумын Засаг дарга, аймгийн газрын албаны мэргэжилтэн зэрэг хүмүүстэй уулзаад дансны дугаарыг авах гэхээр түр хүлээж бай, байж бай гэсээр байгаад хугацаа дуусгасан нэрийдлээр буюу төлбөр тооцооны актын хугацаа 12 дугаар сарын 15-нд дуусах байтал бид нар 12 дугаар сарын 13-нд очоод хугацаа чинь дууслаа шүү гэхэд хүлээж бай гэж байгаад 12 дугаар сарын 16-ны өдөр захирамжийг хүчингүй болгосон.

            Захиргааны байгууллага өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл хийчихээд тэрийгээ зөвтгөхдөө аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдийг өрөвдсөн маягаар шийдвэр гаргаад байгаа нь зохимжгүй.

            Нэхэмжлэгчээс одоо маргаад байгаагийн гол үндэслэл нь давж заалдах шатны шүүх магадлалаа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан, харин маргаан бүхий А/18 тоот захирамж нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гарсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн магадлалын тогтоох хэсэгт ... Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 тоот захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гараагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай... гэсэн шийдвэр гарсан байдаг.

Шүүхийн дээрх магадлал маань 2017 оны 09 дүгээр сарын 12-нд гарсан, тэгвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 108.4 дэх хэсэгт шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна гэж заасан байдаг.

            Эндээс хугацааг харахаар хариуцагчийн тайлбараар бол 2017 оны 12 дугаар сарын 26, 28-нд нэхэмжлэгч, хариуцагч нарт магадлалыг гардуулсан үеэс эхлээд хугацаа тоологдох ёстой гэж илэрхийлээд байна. Миний хувьд эсрэг саналтай байгаа, шүүхийн шийдвэр нэгэнтээ уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болдог ба шийдвэр болон магадлалыг гардаж авах үүрэг нь хэргийн оролцогч нарт өөрт нь байдаг.

Шүүх шийдвэрээ бичгийн хэлбэрээр гаргах хугацаа нь 14 хоног, үүн дээр хэргийн оролцогч нар мөн 14 хоногийн дотор гомдол гаргах журамтай, энэ дагуу магадлал гарснаас хойш 2017 оны 09 дүгээр сарын 12-ноос эхлээд 28 хоногийн хугацаа яригдаж байгаа ба үүнийг тооцож үзвэл 09 дүгээр сар 30 хоногтой гэж үзэхээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс магадлалд заасан 3 сарынхаа хугацааг тоолох ёстой. Мөн энэ хугацаанаас тооцож үзэхээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болж энэ өдрөөс А/133 тоот захирамж маань хүчин төгөлдөр бус болж байгаа.

            Бидний маргаж буй захиргааны акт нь өөрөө захирамжид өөрчлөлт оруулах тухай захиргааны акт байгаа. Захирамжид өөрчлөлт оруулах гэдэг утга агуулга нь хүчин төгөлдөр байгаа захирамжин дээр яригдах учиртай бөгөөд хүчингүй байгаа захирамжийг өөрчлөх асуудал биш юм. Би нэгэнтээ хүчингүй болсон захиргааны актыг өөрчлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүйг хэллээ.

            Хэрвээ Засаг дарга өөрөө А/133 тоот захирамжийг хүчингүй болгосон гэж үзээд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 631 га газрыг 15.8 га гэж бууруулж байгааг захирамжийг өөрчилж гэдгээр биш шинээр захиргааны акт гаргах байсан. Шинээр захиргааны акт гаргахдаа манайд олгосон А/138 тоот захирамжийг хүчингүй болгож, шинээр захирамж гаргах байсан. Тэр болтол А/138 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байх байсан. Энэ бол хуульд заасан шаардлага.

Иймд ерөөсөө хүчингүй болсон буюу А/133 тоот захирамжийг үндэслээд А/138 тоот захирамжид өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа. Шинээр гаргасан А/18 тоот захирамж нь талбайн хэмжээг багасгаж олгосон захирамж, ингэж талбайн хэмжээг багасгаж олгосныг захирамжийн хавсралтаар солбицлыг тогтоосон байдаг. Энэ солбицлыг шүүх өөрөө очиж газарт үзлэг, хэмжилт, тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байгаа.

Манай З ХХК-ийн зүгээс бас мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийлгэж шинээр олгосон 15.8 га газрын солбицлыг гаргуулж үзсэн. Ингэж гаргуулахад А/18 тоот захирамжид дурдсан солбицлууд бодит газар дээр байгаа З ХХК-ийн эзэмшилд байдаг объектууд, мөн шугамуудаас солбицлын хувьд зөрүүтэй, обьект байрлаж байгаа газраас өөр газарт гарсан байдаг энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд түрүүнд гаргаж өгсөн.

Мөн З ХХКомпанид шинээр А/18 тоот захирамж гаргаж газрын хэмжээг багасгаж олгох тухай шийдвэр гаргахдаа тус компаниас ямар нэгэн санал, тайлбар аваагүй, эрх ашиг нь зөрчигдөж байгаа эсэхийг тодруулаагүй. Урьд нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гээд маргаан яваад байхад дахиад захирамж гаргаж шийдэхдээ үүнийг мөн тодруулалгүй өмнө гаргасан алдаагаа давтаж гаргаад байгаа нь хачирхалтай байна.

Энэ бүх үндэслэл шаардлагын үүднээс маргаан бүхий захиргааны акт болох Рын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/18 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Тухайн захирамжийг хүчингүй болгосноор манай урьд нь эзэмшиж байсан хууль ёсны 631.78 га газрын эрх сэргээгдэх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

            Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч З ХХК нь Р сумын нутаг дэвсгэр Чандмань уул нэртэй газарт ашигт малтмал ашиглалтын MY-015594 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уурхайн талбай нь 571.03 га болно. Гэтэл тус компани уг талбайд уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд уурхайн ашиглалтын талбайгаас том хэмжээний газар буюу 631.78 га газрыг эдэлбэр газрын зориулалтар эзэмшихээр 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 174 тоот хүсэлт гаргасан байдаг.

            Тус компанийн хүсэлтийн дагуу 631.78 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлэхээр Р сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, улмаар Р сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/90 тоот захирамжаар Р сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэрт Чандмань уулын төмрийн хүдэр, зэсийн уурхайн 631.78 га эдэлбэр газар-ыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Ийнхүү төсөл сонгон шалгаруулалтаар уг газрыг эзэмшүүлэхдээ сонгон шалгаруулалтын урилгад Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын үнэ 606.508.800 төгрөг байна гэсэн нөхцлийг заасан. Төсөл сонгон шалгаруулалтад З ХХК дангаар оролцсон бөгөөд тус компанийн төслийг төсөл сонгон шалгаруулах комисс үнэлж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэхээр дүгнэлт гаргасан.

Гэтэл З ХХК газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад заасан гол нөхцөл болох газрын үнэ 606.508.800 төгрөгийг төлөхгүй байсаар сар гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээ гарахаар төлнө гэсэн хүсэлт тавьсан тул сумын Засаг дарга тус компанид газар эзэмшүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/138 дугаар захирамж гаргаж, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 000298137 тоот гэрчилгээ бичигдэн газрын үнийг төлөхөөр гэрчилгээний эх хувийг тус компанид олгохоор хадгалж байсан.

            Гэвч З ХХК газрын үнийг төлөхгүй элдэв шалтаг хэлсээр 2 жил гаруй хугацаа өнгөрсөн учир арга буюу сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон өмнөх захирамжаа хүчингүй болгосон. Дээрх 2 жил гаруй хугацаанд З ХХК-д газрын үнийг төлөх боломжит хугацаа олгох, хэсэгчлэн төлүүлэх зэргээр олон удаа боломж олгосон.

Тухайлбал сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/225 дугаартай албан тоотоор газрын үнэ 606.508.800 төгрөгийг гурав хуваан 2015 оны 4 дүгээр улиралд 202.169.600 төгрөг, 2016 оны 1 дүгээр улиралд 202.169.600 төгрөг, 2016 оны 2 дугаар улиралд 202.169.600 төгрөгийг Төрийн банкны 060000961 тоот дансанд төлүүлэхээр хуваарь тогтоож өгсөн. Уг хугацаа хуваарийн дагуу нэг төгрөг төлөөгүй тул 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус компанитай Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт дахин үйлдэн:

-           2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 56.508.800 төгрөг

-           2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг

-           2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг

-           2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50.000.000 төгрөг

-           2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг

-           2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг

-           2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг төлүүлэхээр тохиролцож байсан.

З ХХК-ийн зүгээс сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ингэхдээ уг газрын үнийг төлөхгүй мэтээр маргасан боловч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус компани шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа ч газрын үнийг төлөхгүй хэмээн маргасан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд З ХХК-ийн захирал Т.Эрдэнэбатхаан газрын үнийг төлөх хүсэлтэй байгаа мэтээр тайлбар хэлсэн байдаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлал гарч Р сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/113 дугаар захирамжийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2017 оны 12 дугаар сарын 26,28-ны өдрүүдэд хэргийн талуудад гардуулан өгсөн байх бөгөөд талууд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул магадлал хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү магадлал хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А/18 тоот захирамж гаргаж З ХХК-д 15.8 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлалыг хэрэгжүүлж тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжид өөрчлөлт оруулан тус компанийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар буюу 15.8 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг үндэслэл болгосон.

З ХХК төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газрын үнийг хуульд заасан боломжит хугацаанд болон тооцоо нийлсэн актад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хэвээр хадгалах, цааш үргэлжлүүлэх боломжгүй хэдий ч тус компани төслөөр олгохоор шийдвэрлэсэн газар тодорхой хэмжээний зардал гаргаж үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсныг харгалзан үзэж тухайн үл хөдлөх хөрөнгөд хамаарах газрыг эзэмшүүлсэн. Мөн тус компанийн уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшихээр маргаж буй газарт ашигт малтмал, газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтаар нэр бүхий хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан.

З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ газрын үнийг төлөх дансны дугаарыг авахаар хүсэлт гаргасан, дансаа өгөхийг удаа дараа шаардсан мэтээр дурьдсан байгаа боловч энэ талаар манай сумын засаг захиргаатай харьцаж байгаагүйн дээр газрын үнэ төлөх дансыг сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/225 дугаартай албан тоотоор хүргүүлж байсан болно. Тус компани уурхайн үйл ажиллагаанд зориулж олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн мэтээр маргаж байгаа хэрнээ газрын үнийг төлөхгүй байгаа нь анхнаасаа газрын үнийг төлөх хүсэлгүй байсныг илтгэн харуулдаг.

            Нэхэмжлэгч З ХХК оршин байгаа албан ёсны хаягаа сумын засаг захиргаанд үнэн зөв мэдээлдэггүй бөгөөд ..., .... гэх зэргээр олон янзаар мэдүүлдэг.

Тус компанийн хаяг нь ийнхүү тодорхойгүй байсан учраас сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот захирамжийг Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан журмын дагуу мэдэгдсэн болно.

            Эцэст нь хэлэхэд Р сумын Засаг дарга миний бие 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх хэсэгт заасан Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн үйлдэл хийгээгүй.

            Мөн уг захирамж нь 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн гэж үзэж байгаа. Иймд З ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Солбицол зөрүүтэй байна гэж байгаатай холбогдуулан нэмэлт тайлбар хэлэхэд нэхэмжлэгчээс шүүхээр өмнө нь шийдвэрлүүлж байсан захиргааны хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 31-нд нэхэмжлэгч талын өмгөөлөгч О-ын шүүхэд Чандмань уулын хэсэгт үзлэг хийж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу тухайн үед шүүхээс 06 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллагын газрын кадастрын мэргэжилтний хамт очиж газарт үзлэг хийсэн бөгөөд тухайн үед хийсэн газрын хэмжилтээр агаарын шугам болох цахилгааны шугам мөн холбооны шугамууд шулуун шугамаар зурагддаг тул эдгээр нь давхцсан байдлаар үзлэгийн зурагт хийгдэж хавтас хэрэгт авагдсан байдаг.

Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн магадлалыг үндэслэн нэхэмжлэгчид танайхаас магадлалд гомдол гаргаагүй тул манайхаас газарт хэмжилт хийж шийдвэрээ гаргамаар байна гэдгийг хэлсэн. Тэгээд хоёр удаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтан кадастрын мэргэжилтнийг дуудаж хэмжилт хийхэд шүүхээс өмнө нь хийж байсан үзлэгээр хийж байсан хэмжилттэй тохирч байсан.

Иймд тухайн газарт мөн адил хэмжилтийг хийхэд өмнөх хэмжилтүүдтэй давхцаж буюу тохирч байснаар адилхан байсан учир А/18 тоот захирамжид тухайн солбицлыг тавьсан. Шугам сүлжээнд тахиралдсан шугам байдаггүй шугам сүлжээ байнга шулуун шугамаар зурагддаг. Тахиралдсан шугамын цэгийг аваад уртын хэмжээг гаргасан. Холбооны шугам, 10 квт цахилгааны шугам, цэвэр усны шугам зэрэгт хамаарах газрыг эзэмшүүлсэн эзэмшүүлээгүй аль ч тохиолдолд ашиглах боломжтой байдаг. Иймд А/18 захирамжаар олгосон талбайд нэхэмжлэгч компани нь ажил үүргээ гүйцэтгэхэд боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч З ХХК нь Р сумын нутаг дэвсгэр Чандмань уул нэртэй газарт ашигт малтмал ашиглалтын MY-015594 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уурхайн талбай нь 571.03 га болно. Гэтэл тус компани уг талбайд уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд уурхайн ашиглалтын талбайгаас том хэмжээний газар буюу 631.78 га газрыг эдэлбэр газрын зориулалтаар эзэмшихээр 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 174 тоот хүсэлт гаргасан байдаг.

            Тус компанийн хүсэлтийн дагуу 631.78 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлэхээр Рын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж улмаар Р сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/90 тоот захирамжаар Р сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэрт Чандмань уулын төмрийн хүдэр, зэсийн уурхайн 631,78 га эдэлбэр газар-ыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Ийнхүү төсөл сонгон шалгаруулалтаар уг газрыг эзэмшүүлэхдээ сонгон шалгаруулалтын урилгад Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын үнэ 606.508.800 төгрөг байна гэсэн нөхцөлийг заасан. Төсөл сонгон шалгаруулалтад З ХХК дангаар оролцсон бөгөөд тус компанийн төслийг төсөл сонгон шалгаруулах комисс үнэлж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэхээр дүгнэлт гаргасан.

Гэтэл З ХХК газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад заасан гол нөхцөл болох газрын үнэ 606508,8 төгрөгийг төлөхгүй сар гаруй хугацаа өнгөрөөсөн бөгөөд газар эзэмшүүлэх захирамж, гэрчилгээ гарахаар төлнө гэсэн хүсэлт тавьсан тул сумын Засаг дарга тус компанид газар эзэмшүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А/138 дугаар захирамж гаргаж, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 000298137 тоот гэрчилгээ бичигдэн газрын үнийг төлөхөөр гэрчилгээний эх хувийг тус компанид олгохоор хадгалж байсан.

Гэвч З ХХК газрын үнийг төлөхгүй элдэв шалтаг хэлсээр 2 жил гаруй хугацаа өнгөрсөн учир арга буюу Р сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон өмнөх захирамжаа хүчингүй болгосон. Дээрх 2 жил гаруй хугацаанд З ХХК-д газрын үнийг төлөх боломжит хугацаа олгох, хэсэгчлэн төлүүлэх зэргээр олон удаа боломж олгосон. Тухайлбал сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/225 дугаартай албан тоотоор газрын үнэ 606.508.800 төгрөгийг гурав хуваан төлүүлэхээр хуваарь тогтоож өгсөн. Гэтэл үүний дагуу нэг ч төгрөг төлөөгүй тул 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин тус компанитай Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт үйлдэн, уг актаар мөн хэсэгчлэн төлөх хугацаа, хуваарийг тогтоон төлүүлэхээр тохиролцож байсан.

З ХХК-ийн зүгээс сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ингэхдээ уг газрын үнийг төлөхгүй мэтээр маргасан боловч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч компани нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа ч газрын үнийг төлөхгүй хэмээн маргасан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд З ХХК-ийн захирал Т.Эрдэнэбатхаан газрын үнийг төлөх хүсэлтэй байгаа мэтээр тайлбар хэлсэн байдаг.

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлал гарч Р сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/133 дугаар захирамжийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг магадлалыг 2017 оны 12 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд хэргийн талуудад гардуулан өгсөн байх бөгөөд талууд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул магадлал хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү магадлал хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А/18 тоот захирамж гаргаж З ХХК-д 15.8 га хэмжээтэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлалыг хэрэгжүүлж тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/138 дугаар захирамжид өөрчлөлт оруулан нэхэмжлэгч компанийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар буюу 15.8 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг үндэслэл болгосон.

З ХХК төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газрын үнийг хуульд заасан боломжит хугацаанд болон тооцоо нийлсэн актад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хэвээр хадгалж, цааш үргэлжлүүлэх боломжгүй хэдий ч тус компани нь газарт тодорхой хэмжээний зардал гаргаж үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсныг харгалзан үзэж тухайн үл хөдлөх хөрөнгөнд хамаарах газрыг эзэмшүүлсэн. Мөн нөгөө талаар тус компанийн уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшихээр маргаж буй газарт Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтаар нэр бүхий хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан зэрэг байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн.

З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ газрын үнийг төлөх дансны дугаарыг авахаар хүсэлт гаргасан, дансаа өгөхийг удаа дараа шаардсан мэтээр дурдсан байгаа боловч яг энэ талаар Р сумын засаг захиргаатай харьцаж байгаагүйн дээр харин газрын үнэ төлөх дансыг өмнө нь сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 1/225 дугаартай албан тоотоор хүргүүлж байсан болно.

Тус компани уурхайн үйл ажиллагаанд зориулж олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн мэтээр маргаад байгаа мөртлөө газрын үнийг төлөхгүй байгаа нь анхнаасаа газрын үнийг төлөх хүсэлгүй байсныг илтгэн харуулдаг. Нэхэмжлэгч З ХХКомпани нь оршин байгаа албан ёсны хаягаа сумын засаг захиргаанд үнэн зөв мэдээлдэггүй, олон янзаар мэдээлдэг байсан тул хаяг нь ийнхүү тодорхойгүй байсан учраас сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот захирамжийг Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасан журмын дагуу и-мэйл хаягаар нь явуулсан, мөн шийдвэр гаргах талаар утсаар холбогдож байсан.

Нэхэмжлэгчээс 631,78 га газрыг эзэмшүүлэх тухай үйл баримтуудыг голлон ярьж байх ба түүний хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой ярихгүй байна өөрөөр хэлбэл ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхой биш байна. А/18 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлдээ нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2 заасан үндэслэлийг заасан байх боловч энэ нь илт хууль бус захиргааны акт дээр яригдах асуудал бөгөөд мөн нэхэмжлэлд заасан дээрх хуулийн 48.2.4 дүгээр заалт нь огт хамааралгүй байгаагаар эдгээр заалтууд нь хариуцагчийн шийдвэрт хамаарах заалтууд биш юм.

Иймд З ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

            Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайдбарлахдаа: Манай компани Рын нутагт Баянтал нэртэй газарт орших 8269.78 гектар талбайг хамарсан XV-020865 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан ИХХК-иас тус хайгуулын зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 492 тоот шийдвэрээр хуулийн дагуу шилжүүлэн авсан. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 1 /нэг/ жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн 2017 онд л гэхэд хайгуулын ажил болоод бусад зардалд 1.200.000.000 төгрөг зарцуулсан. Үүн дээр 2018 оны хайгуулын ажлын тайлангийн зардлыг нэмж тооцвол дээрх зардал их хэмжээгээр нэмэгдэхээр байгаа юм. Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь манай компанийн хууль ёсоор эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөлд ямар нэг байдлаар хамааралгүйн дээр хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ВХХКомпани нь гадаад худалдаа ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оноос геологийн эрэл хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа. ВХХК-ийн хувьд Рын нутаг дахь Баянтал нэртэй газарт орших 8269.78 га талбайг хамарсан XV-020865 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан ИХХК-иас тус хайгуулын зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 492 тоот шийдвэрээр хуулийн дагуу шилжүүлэн авсан.

Тус хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш нэг жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн 2017 онд л гэхэд хайгуулын ажил болоод бусад зардалд 1.200.000.000 төгрөг зарцуулсан. Үүн дээр 2018 оны хайгуулын ажлын тайлангийн зардлыг нэмж тооцвол дээрх зардал их хэмжээгээр нэмэгдэхээр байгаа юм.

Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь манай компанийн хууль ёсоор эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөлд ямар нэг байдлаар хамааралгүйн дээр хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч ЗХХКомпанийн зүгээс өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж буй үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй захиргааны акт болох Рын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот захирамж гарах болсон үндэслэлийн талаарх үйл баримтыг хянаж үзвэл:

Нэхэмжлэгч ЗХХКомпани нь анх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь зүйлд заасныг үндэслэн Р сумын Засаг даргаас төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх /хх-ийн 160-р хуудас/-ээр шийдвэрлэсний дагуу зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцон шалгарснаар тус сумын Засаг дарга нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/138 тоот захирамжаар Р сумын нутаг дэвсгэрт 631,78 га хэмжээтэй газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх/хх-ийн 160, 201-р хуудас/-ээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл мөн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/133 дугаар захирамж гарч, нэхэмжлэгчид дээрх журмаар газар эзэмшүүлсэн шийдвэрийг төслийн баримт бичигт үнэлсэн газрын үнэ гэх 606508,8 мянган төгрөгийг төлөөгүй гэх үндэслэл /хх-ийн 159, 202-р хуудас/-ээр хүчингүй болгожээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ЗХХКомпани нь тухайн захиргааны акт болох А/133 дугаар захирамжаар тус компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, түүнийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тухайн үед Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх хянан шийдвэрлэж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаартай шийдвэр /хх-ийн 154-163-р хуудас/-ээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч З ХХКомпани нь давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж даалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлал /хх-ийн 164-170-р хуудас/-аар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Р сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/133 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон дээрх 3 сарын хугацаанд захиргааны байгууллага буюу хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий уг захиргааны акт нь хүчингүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс ийнхүү шийдвэрлэж гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн магадлалыг нэхэмжлэгч тал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, хариуцагч тал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус шүүх /хх-ийн 171-р хуудас/-ээс гардан авчээ.

Уг магадлалыг дээрх байдлаар хүлээн авснаас хойш хэргийн оролцогч нар магадлалд заасан хугацаанд хяналтын журмаар гомдол гаргаагүй болох нь шүүх хуралдаанд одоо гаргаж буй нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ талаар гаргаж буй тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэргийн оролцогч нар гардаж авсан өдрөөс хойш талууд магадлалд заасан 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаагүйгээр уг хугацаа дуусаж, магадлал хүчин төгөлдөр болсноор А/133 дугаар захирамжийн биелэлт түдгэлзэж, улмаар уг хугацаанд буюу магадлалд зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацааны дотор хариуцагч Р сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн анхны шийдвэр болох 2014 оны Газар эзэмшүүлэх тухай А/138 тоот захирамжинд өөрчлөлт оруулж, уг захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 631,78 га газрын хэмжээг багасгаж, 15,7141 га хэмжээтэй болгон өөрчилсөн захиргааны шинэ акт болох 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 дугаартай захирамж /хх-ийн 6-10-р хуудас/-ийг гаргажээ.

3. Дээрх байдлаар гарсан Р сумын Засаг даргын Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/18 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайг дараах байдлаар хянаж үзвэл:

Нэхэмжлэгч талаас тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй үндэслэлээ, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/0654 дугаартай магадлалд нэхэмжлэгч З ХХК-ийг тодорхой хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас газрын төлбөрийг төлөөгүй болохыг буруутгах үндэслэлгүй талаарх тодорхой дүгнэлтийг хийсэн байхад, нөгөө талаар уг төлбөр болох газрын үнийг төлөх дансны дугаарыг авахаар удаа дараа албан бичгээр шаардсаар байтал хариу өгөлгүй байсаар хугацаа авсаны дараа хариуцагч захиргааны байгууллага нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр газрын үнийг заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр 631,78 га газрын хэмжээг их хэмжээгээр багасгаж, үүнийгээ тодорхой хэмжээний зардал гаргаж үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсныг харгалзан үзсэн хэмээн тайлбарлаж, газрын хэмжээг тухайн үл хөдлөх эд хөрөнгө бүхий байгууламжуудын сууриар нь тооцож нийтдээ 15, 7141 га хэмжээтэй болгож өөрчилсөн сумын Засаг даргын А/18 дугаар захирамжийг гаргасан нь тус компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус шийдвэр гэсэн агуулгаар тухайн захиргааны актыг эс зөвшөөрч байх ба,

Харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ, нэхэмжлэгч нь анх төслийн баримт бичигт заасан газрын үнийг төлөхөө хүлээн зөвшөөрч уг сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан ба түүнээс хойш 2 жилийн хугацаанд газрын үнийг төлөөгүй учраас анхны эзэмшүүлсэн захирамж хүчингүй болсон.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэн шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн үедээ газрын үнийг төлөхгүй талаар маргаж байсан боловч давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх үед нэхэмжлэгч талаас газрын үнийг төлөх тухайгаа хэлж байсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь одоо газрын үнийг төлөх дансны дугаарыг авахаар удаа дараа шаардсан мэтээр тайлбарлаж байгаа боловч яг энэ талаар сумын засаг захиргаатай харьцаж байгаагүй бөгөөд харин нэхэмжлэгчид хариуцагчийн зүгээс тухайн үед газрын үнийг төлүүлэх тухай 2015 оны 1/225 тоот албан бичигт түүнийг төлөх дансны дугаарыг бичиж хүргүүлсэн байдаг, гэтэл уурхайн үйл ажиллагаандаа хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байх атлаа газрын үнийг төлөхгүй байгаа нь анхнаасаа төлөх хүсэлгүй байсныг илтгэж байна гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус гарган маргаж байна.

Талуудын гаргаж буй дээрх тайлбаруудын агуулга, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй захиргааны акт болох Р сумын Засаг даргын А/18 тоот захирамжийн үндэслэл зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч З ХХКомпани нь анх газар эзэмшихдээ тухайн газрыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт газрын үнэ гэж заасан 606508,8 мянган төгрөгийг төлөхгүй байгаа нь захиргааны байгууллагын хувьд шинэ захиргааны акт болох Р сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/18 тоот захирамжийг гаргах үндэслэл болж, улмаар дээрх шийдвэр нь нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэл тус тус болж байна.

Өөрөөр хэлбэл талуудаас Р сумын Засаг даргын А/18 дугаар захирамжинд маргаж буй гол үндэслэл нь төслийн баримт бичигт заасан газрын үнэ гэх 606508,8 мянган төгрөгийг төлөх, төлүүлэхтэй холбогдон үүссэн маргаан байх ба шүүхээс энэхүү маргаан бүхий үндэслэлийг талуудаас шүүх хуралдааны явцад тодруулахад тэдгээрээс хүлээн зөвшөөрсөн болно.

            4. Иймд дээрх захиргааны акт болох А/18 тоот захирамжинд холбогдох маргааны гол үндэслэл болох нэхэмжлэгч З ХХКомпанийн төлөөгүй байгаа, төсөл сонгон шалгаруулалтын үеийн төслийн баримт бичгээр газрын үнэ гэж тогтоосон 606508,8 мянган төгрөг бүхий газрын үнэлгээний эрх зүйн үндэслэлийг хянаж үзвэл:

            Тухайн үнэлгээний талаар хариуцагч талаас төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам-ыг баримталсан ба уг журмын 5-д заасан Эзэмшүүлэх тухайн газрын онцлог, шинж чанарт нийцүүлэн нэмэлт шаардлага тавьж болох...-оор заасныг үндэслэн төсөл сонгон шалгаруулалтын урилгад 606508,8 мянган төгрөг төлөх нэмэлт шаардлагыг тусгасан, ингэхдээ тухайн үнэлгээг Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд баримтлах газрын анхны үнийг үндэслэн газрын үнэ гэж тогтоосон гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /хх-ийн 118-р хуудас/ болон шүүх хуралдаанд гаргаж байх ба харин нэхэмжлэгч тал нь тухайн үнэлгээг газрын үнэ эсвэл газрын төлбөрийн аль нь болох нь тодорхойгүй болох тайлбарыг тус тус гаргаж байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримт болох Р сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах газрын төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг-ийн урилга гэсэн хэсэгт Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын үнэ 606508,8 мянган төгрөг /хх-ийн 58-р хуудас, ар тал/ гэж заасан бөгөөд үүнийгээ хариуцагч талаас нэмэлт шаардлагаар тогтоосон газрын үнэ хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох З ХХКомпанид хариуцагчаас хүргүүлж байсан Рын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 1/225 тоот албан бичиг /хх-ийн 86,87-р хуудас/-ийн 2 дугаар заалтад уурхайн суурьшлын бүсийн 631,78 га газрын төсөл сонгон шалгаруулалтын үнэ гэснээр 606508,8 мянган төгрөгийг хуваан төлөх хуваарь, 5, 6 дугаар заалтад төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшсэн 631,78 га газрын төлбөрт гэж байгаагаар түүнд ноогдох мөнгөн дүн гэж тус тус тогтоосон, мөн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Газрын үнэ төлөх тооцоо нийлсэн акт /хх-ийн 89-р хуудас/-ын 1 дүгээр заалтад 631,78 га газрын төлбөр /цаашид газрын төлбөр гэх/ гэж тодорхойлсон боловч 1-ийн а заалтад газрын үнэ болох нийт 606508,8 мянган төгрөгийг хувааж төлөхөөр хуваарь тогтоосон байгаа зэргээс үзэхэд захиргааны байгууллагын хувьд төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх газарт тогтоосон 606508,8 мянган төгрөг бүхий үнэлгээг хэрхэн үзэж тогтоосон нь ойлгомжгүй байна.

            Гэтэл хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаартай шийдвэр /хх-ийн 160-р хуудас/-ээр хариуцагч захиргааны байгууллага нь төсөл шалгаруулах зарчмаар нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагчаас энэ үйл ажиллагааг Газрын тухай хууль дахь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ... Засаг даргын нийтлэг бүрэн эрх-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.2.1-д нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах-аар заасан сумын Засаг даргын хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан ... аж ахуйн нэгж ... д газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг үндэслэн шийдвэрлэжээ.

            Хариуцагч талын тайлбарлаж байгаачлан хэдийгээр захиргааны байгууллага нь газрыг төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэхдээ уг үйл ажиллагаанд баримтлахаар эрх бүхий этгээдээс батлан гаргасан журамд заасны дагуу нэмэлт шаардлага-ыг тогтоон өгч болох боловч тэрхүү нэмэлт шаардлага нь мөн холбогдох хууль болон журмыг зөрчөөгүй, тэдгээрт нийцсэн байх шаардлагатай.

            Гэтэл хариуцагч Р сумын Засаг дарга нь нэхэмжлэгч З ХХКомпанид төсөл шалгаруулах зарчмаар газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атлаа түүнд газрын дуудлага худалдааны анхны үнийг үндэслэж тухайн газарт газрын үнэ гэсэн үнэлгээ тогтоосон байгаа нь ойлгомжгүй байх ба харин хариуцагчаас нэгэнт тухайн газрыг Газрын тухай хуульд заасны дагуу төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлсний хувьд Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд ...аж ахуйн нэгж, ... д төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах ...-аар заасны дагуу тухайн газрыг эзэмшүүлсний төлөө нэхэмжлэгчид зохих төлбөрийг ногдуулах эрхтэй байхаар, мөн дээрх хуулийн 3 дугаар зүйлд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж, ... газрын төлбөр төлөгч байна гэж зааснаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлөгч байхаар тус тус зохицуулагдсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч буюу захиргааны байгууллагын зүгээс Газрын төлбөрийн тухай хуулийн Газрын төлбөр ногдуулах тухайг зохицуулсан 9 дүгээр зүйлийн 1-д Газрын төлбөрийн асуудал хариуцсан байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу ... аж ахуйн нэгж, ... д ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, ... ийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу ... аж ахуйн нэгж, ... ын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна гэж тус тус заасан журамд үндэслэн газрын төлбөр ногдуулах эрхийг хэрэгжүүлэхээр байх бөгөөд мөн хуулийн дээрх заалтуудаас үзвэл төлбөр ногдуулах гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал ... аж ахуйн нэгж, ... тай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг үндэслэж байгуулсан Газар эзэмших гэрээ байх шаардлагатай байна.

Гэтэл хариуцагч болох захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг газрын үнэ төлөөгүй гэх шалтгаанаар түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаартай шийдвэр /хх-ийн 161-р хуудас/-ээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас ийнхүү нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулаагүй, улмаар газрын төлбөрийг гэрээнд тусгах замаар ногдуулаагүй үйл ажиллагаа нь дээр дурдснаар газар эзэмших шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах журмыг зохицуулсан Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зүйл болон газрын төлбөр ногдуулах журмыг зохицуулсан Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйл болон мөн хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлин 1 дэх зүйлд заасантай тус тус нийцэхгүй байна.

Мөн нөгөө талаар Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан ... газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно., 9 дүгээр зүйлийн 1-д Газрын төлбөрийн асуудал хариуцсан байгууллага /албан тушаалтан/ ... аж ахуйн нэгж, ... д ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, ... гэж тус тус заасан байгааг агуулгын хувьд авч үзвэл газрын төлбөрийн асуудал хариуцсан байгууллага /албан тушаалтан/ нь газрын төлбөрийн зохих хувь хэмжээг тогтоохдоо Засгийн газраас энэ талаар батлан гаргасан холбогдох эрх зүйн актад үндэслэн түүнд нийцүүлэн тогтоож байхаар хуульчлагдсан байна гэж үзэхээр байна.

Гэтэл газрын төлбөрийн хувь хэмжээг хаанаас, хэрхэн тогтоохыг хуулиар тодорхой зохицуулсан байхад хариуцагч нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам-ыг хэрэгжүүлэхдээ түүнд заасан нэмэлт шаардлага-ыг буруу тайлбарлан хэрэгжүүлж, улмаар төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хамааралгүй газрын дуудлага худалдааны арга, журмыг үндэслэн газрын үнэ гэх үнэлгээг төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгээр урьдчилан тогтоосон нь тухайн үйл ажиллагааг зохицуулсан дээр дурдсан хууль, журамд заасантай нийцэхгүй байна.

Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт газрын үнэ гэж тогтоосон 606508,8 мянган төгрөгийг төлөхийг тухайн үед зөвшөөрсөн байсан гэх боловч хариуцагч болох захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид газар эзэмшүүлсний төлөө түүнд төлбөр ногдуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байгааг зөвтгөн үзэх боломжгүй бөгөөд үүнтэй холбоотойгоор газрын үнэ гэх 606508,8 мянган төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс төлөөгүй байгааг мөн буруутгах боломжгүй байна.

Дээрхээс дүгнэхэд захиргаа анхнаасаа төлбөр ногдуулах эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй атлаа дахин шинэ захиргааны актыг гаргахдаа мөн нэхэмжлэгчийг газрын үнэ төлөөгүй гэх үндэслэлийг зааж, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгаж өөрчилсөн нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд мөн нийцэхгүй байгаагаар хариуцагч Р сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/18 тоот захирамж нь дээр дурдсан холбогдох хуулиуд болон нэхэмжлэгч З ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болж байх тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвшөөрөхгүй талаар гаргаж буй тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

5. Нэхэмжлэгчээс хариуцагч Р сумын Засаг дарга нь А/18 тоот захирамжийг гаргахаасаа өмнө шийдвэр гаргах үйл ажиллагаандаа нэхэмжлэгч З ХХК-ийг Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу оролцуулаагүй, гаргасан шийдвэрээ мөн хуульд заасны дагуу мэдэгдээгүй нь дээрх захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэл хэмээн маргажээ.

Уг байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хянаж үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох Р сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан А/18 тоот захирамжийг хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчид 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн захирал Т.Эрдэнэбатхааны цахим хаягаар явуулсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримт /хх-ийн 137,138-р хуудас/-ууд болох 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Захиргааны актын хяналтын дагалдах хуудас, Сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэгт тэмдэглэгдсэн байдал, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-ийн 2-р хуудас/ дэх ... А/18 тоот захирамжийг гаргаж түүнийгээ манай компанийн гүйцэтгэх захирал Т.Эрдэнэбатхааны хувийн мэйл руу мэйлдсэн болохыг 2018 оны 04 сарын 19-ний өдөр тус сумын газар зохион байгуулагч н.Болортуяа гэх мэргэжилтэн хэлсэн даруй мэйл хаягийг шалгаж үзтэл уншигдаагүй мэйл буюу Spam дотор 2018 оны 03 сарын 22-ны өдөр ирсэн байсныг олж мэдсэн ... гэж байгаа болон мөн энэ талаар шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос гаргаж буй тайлбар зэргээс үндэслэн дүгнэхэд дээрх захиргааны актыг Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, баримтжуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Р сумын ЗДТГ-ын Газрын даамлын захиргааны актын хяналтын хуудас, Сонсох ажиллагааны тэмдэглэл, Мэдэгдэл гэх баримт /хх-ийн 131-133-р хуудас/-ууд, мөн 2018 оны 03 сарын 10-ны өдрийн Р сумын ЗДТГ-ын Газрын даамлын захиргааны актын хяналтын хуудас, Сонсох ажиллагааны тэмдэглэл, Мэдэгдэл зэрэг баримт /хх-ийн 134-136-р хуудас/-уудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Р сумын газрын даамал И.Болортуяа нь 2018 оны 01 дүгээр сарын 18, мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэхэмжлэгч З ХХК-ийн ажилтан Б.Удаахбаяр, Б.Батцэнгэл нарт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжинд өөрчлөлт оруулах үндэслэлээр тус компанийн эзэмшиж буй газарт хэмжилт хийхийг болон хийсэн талаар мэдэгдэж дээрх баримтуудыг үйлджээ.

Гэтэл Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, ... г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэр гаргах үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг уг ажиллагаанд оролцуулахаар мэдэгдэх, улмаар түүнд тайлбар болон санал гаргах боломжийг урьдчилан хангаж өгөхөөр зохицуулагджээ.

Гэтэл хариуцагч болох захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах зорилготой хэдий ч дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч З ХХК-ийн эзэмшиж буй газарт хэмжилт хийхийг болон хийсэн талаарх асуудлыг тус компанийг хууль ёсоор төлөөлөх эрх олгогдоогүй этгээдэд буюу тухайн үед өөрсдийн хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан тус компанийн ажилтнуудад мэдэгдэж, баримтжуулсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан дээрх заалтуудад нийцэхгүй байгаагаар хариуцагч нь А/18 дугаар захирамжийг гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан сонсох ажиллагааг явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Улмаар энэ байдал нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимын 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах-аар заасан зарчимд нийцэхгүй байх тул хариуцагч Р сумын Засаг даргын А/18 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буюу нэхэмжлэгчийн захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгаагаар мөн хууль бус байна.

6. Иймд дээрх байдлуудаас үндэслэн нэхэмжлэгч З ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Р сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Захирамжид өөрчлөлт оруулах тухай А/18 тоот захирамж нь хууль болон нэхэмжлэгч З ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байна гэж үзэж тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

7. Шүүх хэргийг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дараахь нөхцөл байдлуудыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З ХХК-ийн эзэмшиж буй газарт хийсэн шүүхийн үзлэг /хх-ийн 95-103-р хуудас/-ээр хариуцагч Р сумын Засаг даргын өмнө гаргасан захирамж болох 2014 оны А/138 тоот захирамжаар нэхэмжлэгч З ХХК-д эзэмшүүлсэн 631,78 га газарт тогтоосон солбицлын цэгүүдэд үндэслэн хэмжилтийг хийхэд тухайн хэмжээ бүхий талбайд тохирч /хх-ийн 95,96-р хуудас/ байх ба түүнд өөрчлөлт оруулснаар мөн сумын Засаг даргын 2018 оны А/18 тоот захирамжаар эзэмшүүлсэн 15,7141 га газрыг тухайн обьект байрлаж буй газар тус бүрт тогтоосон солбицлыг үндэслэн хэмжилтийг хийхэд 15,7141 га хэмжээ бүхий нийт талбайтай тохирч /хх-ийн 97,98-р хуудас/ байгаагаар тухайн А/18 тоот захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газрын хэмжээ 616,06 га хэмжээгээр хасагдаж өөрчлөгдсөн байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас А/18 тоот захирамжаар олгосон газрын обьект тус бүрийн байршилд тогтоосон цэгүүдийн координат нь бодит байршилаас зөрүүтэй байгаа талаар тайлбарлаж, энэ тухай нотлох баримт /хх-ийн 223-226-р хуудас/-уудыг шүүх хуралдааны явцад гаргаж байх боловч нэхэмжлэгчээс маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь А/18 тоот захирамжаар газрыг координатын зөрүүтэй тогтоож эзэмшүүлсэн гэх үндэслэлээр бус харин өмнөх шийдвэрээр эзэмшүүлсэн 631,78 га хэмжээтэй газрыг дээрх А/18 тоот захирамжаар газрын үнэ төлөөгүй үндэслэлээр хэмжээг багасгаж өөрчилсөн нь хууль бус болох талаар маргаж байх тул координат зөрүүтэй талаар гаргаж буй нэхэмжлэгч талын тайлбарт шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Мөн дээрх үзлэгээр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас А/18 тоот захирамжийг гаргасан үндэслэлийн талаар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт ... А/138 дугаар захирамжид өөрчлөлт оруулан ... 15,8 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг үндэслэл болгосон. ... маргаж буй газарт Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтаар нэр бүхий хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байсан ... гэсэн /хх-ийн 29, 30, 31-р хуудас/ байгааг үндэслэн хийсэн газрын үзлэг /хх-ийн 99, 103-р хуудас/-ийн хэмжилтээр хариуцагчаас нэхэмжлэгчид өмнө эзэмшүүлж шийдвэрлэсэн 631,78 га хэмжээ бүхий газар нь Вгэх ХХКомпанийн XV-020865 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 8269,78 га талбайд багтаж байгаагаар давхцаж байсан тул шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн үйл баримтын улмаас ВХХКомпанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж тус хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

            Хэрэгт авагдсан нотлох баримт болох Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2017/0013 дугаартай шийдвэрээр ... сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч Засаг чандманьмайнз ХХК-д 631,78 га газрыг уурхайн суурьшлын бүсийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ ... гэж тогтоогдсон нөхцөл байдал /хх-ийн 160-р хуудас/,

            Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхийн шаардснаар ирүүлсэн тус газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/6004 тоот хариу албан бичигт ...Инфинити Спейс ХХК-д тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 20865X дугаартай тусгай зөвшөөрөл олгсон байна. Инфинити Спейс ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 20865X дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага хүлээн авч хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 8 дугаар сарын 16-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 20865X дугаартай тусгай зөвшөөрлийг ВХХК-д шилжүүлэн бүртгэжээ гэж байгаа /хх-ийн 116-р хуудас/,

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбарт ... Манай компани Рын нутагт Баянтал нэртэй газарт орших 8269,78 гектар талбайг хамарсан XV-020865 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан . Инфинити спейс ХХК-иас тус хайгуулын зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 492 тоот шийдвэрээр хуулийн дагуу шилжүүлэн авсан гэсэн байгаа /хх-ийн 177-р хуудас/ болон шүүхээс тухайн газарт явуулсан шүүхийн үзлэг /хх-ийн 99,103-р хуудас/- ээр тогтоогдож буй нөхцөл байдал зэргээс үзэхэд гуравдагч этгээд В ХХКомпани нь Р сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын XV-020865 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 8269,78 га хэмжээ бүхий газрыг эзэмшихээс өмнө нэхэмжлэгч З ХХКомпанид 631,78 га газар эзэмшүүлсэн Р сумын Засаг даргын шийдвэр гарсан байх бөгөөд улмаар тус сумын Засаг даргын өмнөх шийдвэрээ өөрчилж гаргасан шинэ захиргааны акт болох хариуцагчийн 2018 оны А/18 захирамж гарах үед гуравдагч этгээдийн одоо эзэмшиж буй 8269,78 га газар нь нэхэмжлэгчид өмнө эзэмшүүлсэн 631,78 га газрыг хамарч байсан байна.

Мөн шүүхээс эцэст нь дурьдахад хариуцагч болох захиргааны байгууллагын хувьд нэгэнт газрын төлбөр ногдуулах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул захиргааны байгууллагын зүгээс уг алдаатай шийдвэрээ зөвтгөх замаар нэхэмжлэгчээс төлөх газрын зохих төлбөрийг хуульд заасны дагуу ногдуулан шаардах нь зүйтэй болохыг мөн үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж байх тайлбараараа газартай холбогдох төлбөрийг төлөхөө зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг тус тус дурьдах нь зүйтэй байна.