Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б*******, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О*******

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд “Р” ХХК, “Х” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 681 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн өмгөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2019/0766/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан

1.1. “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар,

1.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Р” ХХК-иас “...Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “...Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 681 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Р” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийдвэрлэсэн хэсгийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тодруулбал, ... 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан байна ... Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т ... гэж заасныг зөрчиж маргаан бүхий актууд болох 2017 оны ... а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн гарсан ... 2017 оны 430 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг “Р” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн нь хууль бус болжээ” гэсэн байна. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсгийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

3.2. Учир нь маргаан бүхий “Р” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МҮ-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид шилжүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газры даргын а/95 дугаар шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг шалгаад мөн даргын 2015 оны 98 дугаар шийвэр нь хуулийн үндэслэл бүхий шаардлага хангаагүй байна гэсэн тайланг гаргасан.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны а/109 дугаар тушаалыг үндэслэл болгон Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, өмнө нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-014937 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Р” ХХК-ийн эзэмшилд буцаан бүртгэсэн тухай ойлголт юм.

3.4. Гэтэл шүүхээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийг “Р” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

4. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэлээ “... энэхүү маргаан бүхий актууд гарах үед MV-014937 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан байна ... Ашигт малтмалын тухай хуулийн 49 дугээр зүйлийн 49.10-д “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэсэн ганцхан үндэслэл заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэртэй л маргасан.

5.3. Харин энэхүү шийдвэр гарах үндэслэл болсон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор огт маргаагүй бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт нь энэхүү маргаанд нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд сөрөг нөлөө бүхий захиргааны акт мөн юм. Гуравдагч этгээдээс энэ талаар удаа дараа тайлбар гарган мэтгэлцсэн боловч шүүхээс энэ талаар нэг ч дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

5.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ч маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлтэй огт маргаагүй үйл баримтын хувьд л тайлбар гаргаж байсан ба шүүхээс маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж үзэлгүйгээр, ерөнхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан.

5.5. Маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн гарсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь бүрэн эрхэд хамаарах асуудлаар иргэнээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар доод шатны захиргааны байгууллагад үүрэг болгон шийдвэрлэсэн тул энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүйн дээр ямар нэгэн хууль бус байх үндэслэл тогтоогдохгүй юм.

6. Дараагийн маргаан бүхий акт болох Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 болон дээр дурдсан газрын даргын тушаалыг үндэслэн гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” нь Кадастрын хэлтсийн бүрэн эрх бөгөөд даргын тушаалын дагуу MV-014937 дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналтыг хэрэгжүүлээд нэхэмжлэгч “Монголиан тангстен корпорэйшн” ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг “Р” ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн.

6.1. Энэхүү шийдвэр нь аль ч үндэслэлээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д заасан нөхцөл байдлыг бий болгохгүй юм. Учир нь MV-014937 тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч нь “Р” ХХК бөгөөд хууль бусаар нэхэмжлэгчид шилжүүлсэн болохыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар захиргааны байгууллага өөрөө тогтоон нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон тул үүнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ ч утгаараа тусгай зөвшөөрөлтэй холбоотой анхны маргаан болох “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 869 дүгээр тогтоолд “... Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэг “тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг” хориглосон агуулгатай хэм хэмжээ бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас өмнө нь нэхэмжлэгч “Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “М” ХХК-д шилжүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон захиргааны акт гаргасан нь .... тусгай зөвшөөрлийг шилжүүлж ....” байгаа хэлбэр биш юм” гэж дүгнэсэн. Энэхүү тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар шийдвэрлэсэн асуудлаараа эцсийн шийдвэр бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр юм. Шүүхийн нэгэнт тогтоон шийдвэрлэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өөр үндэслэлээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

6.2. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

7. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:

7.1. Гуравдагч этгээдээс дараах хоёр бие даасан шаардлага гаргасан. Үүнд:

-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

-Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох

7.2. Гэтэл анхан шатны шүүхээс Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр орхигдуулсан ба шүүхийн шийдвэрт энэ талаарх үг, үсэг нэг ч тусгагдаагүй байна. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2991 дүгээр захирамжаар бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс хариу тайлбарыг авч, хэрэгт хавсаргасан байдаг. Мөн шүүх хуралдааны явцад ч энэ шаардлагатай холбоотойгоор мэтгэлцсэн ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

7.3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт өгөн шийдвэрлэх ёстой байтал нэг шаардлагыг бүхэлд нь орхигдуулсан байна. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үндэслэлийг бий болгохын зэрэгцээ гуравдагч этгээдийг илтэд үл тоомсорлосон болохыг илтгэж байна. Хэрэв гуравдагч этгээдийн энэхүү бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч боломжгүй юм.

7.4. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг шийдвэрлэхдээ мөн л ганцхан хууль зүйн үндэслэл зааж Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-д зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг барьцаалж, зээл авсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий шийдвэр нь үндэслэлтэй, “Р” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэжээ.

7.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийн бүртгэл үнэндээ “М” ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу “Р” ХК-ийн төлж барагдуулаагүй зээлийн төлбөрийг төлөхөөр 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу хийгдсэн барьцааны бүртгэл юм. Гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк одоо Худалдаа хөгжлийн банк нь “Р” ХХК нь зээлээ төлөхгүй байна гэж удаа дараа мэдэгдээд үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг шилжүүлж, зээлийн төлбөрийг барагдуулсан гэж тайлбарладаг. Гэтэл яг үнэндээ энэ тусгай зөвшөөрлийн бүртгэлийг шилжүүлсэн нь илтэд хуурч мэхэлсэн үйл ажиллагаа буюу харилцан хамааралтай этгээдүүд хоорондоо ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар шилжүүлэн авах үйл ажиллагаа болсон.

7.6. “М” ХХК, Улаанбаатар хотын банк харилцан хамааралтай этгээдүүд бөгөөд “Р” ХХК-ийн зээлийн төлбөрийг дахин нэхэмжлэгчид зээл олгох замаар төлүүлсэн нь банкны эрх зүйн байдлыг хэрхэн дээрдүүлээд банк хэрхэн зээлээ төлүүлж хохиролгүй болоод байгаа нь тун ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Одоогийн бодит нөхцөл байдалд “Р” ХХК-ийн төлөөгүй төлбөрийн “М” ХХК төлөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл тухайн төлбөр төлөгдөөгүй хэвээр л байна. Нэгэнт тухайн зээлийн төлбөр банкинд төлөгдөөгүй байхад тусгай зөвшөөрлийг яаран сандран шилжүүлэх авах зорилго нь юу вэ гэдэг нь туйлын тодорхой асуудал юм.

7.7. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахыг зорьсноос бус зээлийн төлбөр төлөгдөх эсэх нь одоо ч нэн тэргүүний зорилго биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогддог. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэж заасан.

7.8. Дээр дурдсанчлан тусгай зөвшөөрлийг зээлийн төлбөрийг төлж барагдуулах зорилгоор барьцаалсан ба үүнийг нь Кадастрын хэлтэс нь нягтлан шалгаж, нэгдсэн хяналт тавих үүргээ биелүүлэлгүйгээр бүртгэсэн нь илт хууль бус бөгөөд энэхүү бүртгэлийг хийх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан болохыг захиргааны байгууллага нь харгалзан үзээгүй, захиргааны шүүх нь ч энэ нөхцөл байдлыг үнэн бодитоор дүгнэж чадсангүй.

8. Түүнчлэн хавтаст хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэр л авагдсанаас гурадвагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой шүүхээс нотлох үүргээ ч биелүүлж, нотлох баримтуудыг ч цуглуулаагүй байдаг.

8.1. Эдгээр үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0681 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

2. “М” ХХК-иас “...Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг...” тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, улмаар маргаан бүхий 2017 оны 430 дугаар шийдвэрт дурьдсан “...Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй 506.30 гектар талбай бүхий МҮ-014937 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Р” ХХК-иас “М” ХХК-д шилжүүлсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг “Р” ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн...” гэж шийдвэрлэсэн, ингээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээд /Р ХХК/-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” 7490 дүгээр захирамжаар оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Р” ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "...Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус бие даасан шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авч, хэргийн оролцогч нарт гардуулжээ.

2.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “М” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Р” ХХК-иудын гаргасан

-“...Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/109 дүгээр тушаал, түүнийг үндэслэн гарсан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг...” тус тус хүчингүй болгуулах,

-“...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1103 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор гаргасан нэхэмжлэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч гуравдагч этгээд “Р” ХХК-ийн гаргасан

-“...Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-нй өдрийн 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад ямар нэгэн байдлаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өмнө гаргасан нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн шаардлагатай хэрхэн харилцан хамааралтай эсэх талаар ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

2.2. Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Р” ХХК-иас “...Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 08-нй өдрийн 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагаасаа татгалзаагүй, дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор мэтгэлцсэн байхад энэ нөхцөл байдлыг анхааралгүйгээр орхигдуулж, шүүхийн шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцсэнгүй.

3. Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээд “Р” ХХК-ийн “...2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хүлээн авч, хэргийн оролцогч нарт гардуулснаас хойш холбогдох нотлох баримтыг цуглуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй, зөвхөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлд хамааруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх бие даасан нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.3, 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасныг тус тус зөрчсөн, энэ талаарх гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

4. Нэгэнт анхан шатны шүүхээс гуравдагч этгээд “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүйгээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

4.1. Иймд шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн. 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 681 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Рэмет” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН