Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01165

 

Н.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00157 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 678 дугаар магадлалтай,

Н.Ц-ын нэхэмжлэлтэй

М Х ТХХК-д холбогдох,

Ажилласан хугацааны цалин 1.342.000 төгрөг гаргуулах үндсэн, байгууллагад учруулсан хохирол 352.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 5 дугаар сарын 18-аас 2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл М Х ТХХК-ийн Гүнж жуулчны баазад менежер болон зөөгчөөр 2 сар ажилласан. 1 сарын цалин 850.000 төгрөг сар бүр өгнө гэж тохирсон. Цалингаас хүн амын орлогын албан татвар, хоолны мөнгө хасдаг. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 18-наас хойш ажилласан 10 хоногийн цалинг 7 дугаар сарын 03-нд нэхсээр байж 368.000 төгрөг авсан. Тэрнээс хойш цалин тавиагүй. Би жирэмсэн болохоор хордлоготой, тонус өгөөд байсан учраас чөлөө авья гэхэд “ачаалал ихтэй, чөлөө өгөхгүй” гэсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 31-нд баарны орлого 352.000 төгрөгийг аваад ажлаа хаяад явсан. Одоо 2017 оны 6 дугаар сарын 01-ээс 2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэлх 2 сарын цалин 1.342.000 төгрөг гаргуулж, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Н.Ц- нь М Х ТХХК-ийн Гүнж жуулчны баазад хэдэн жил менежерээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэдэггүй, ажилчдыг ажил хаях хууль бус үйлдэлд уруу татах зэрэг дутагдал гаргаж байсан. Тэрээр 2017 оны 7-р сарын 31-нд өөрийн нөхөр, дүүгээ дагуулаад ажлаа хаяад явсан. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4-т шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлын байрыг хаяж явсан тохиолдолд цалинг 100 хувь олгохгүй байхаар тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй. Ажилчдын өөрсдийнх саналаар цалинг бэлнээр, дансаар, бөөнөөр өгдөг байсан. Ийм байдлаас 5 сарын цалинг 7 сард олгосон юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйгээр ажиллана гэж тохиролцоод ажилласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Н.Ц- нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгууллагад мэдэгдэлгүйгээр, нууцаар ажлаа хаяж явсан. Ингэж явахдаа байгууллагын орлого 352.000 төгрөгийг хувьдаа завшиж авч явсан. Иймд байгууллагын орлого болох 352.000 төгрөгийг Н.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ц-ын шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Миний 2 сарын цалин 1.700.000 төгрөг байсан, би өөрөө энэ мөнгийг авч явсан учраас цалингаасаа хасаад 1.342.000 төгрөг нэхэмжилсэн. Цалингаа өгөхгүй болохоор нь авч явсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00157 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 135-р зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан М Х ТХХК-иас 1.342.000 төгрөг гаргуулж Н.Ц-д, Н.Ц-аас  352.000 төгрөг гаргуулж М Х ТХХК-д тус тус олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Ц-д олгох олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг М Х ТХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.452 төгрөг, хариуцагчаас төлсөн 11.210 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж,  хариуцагчаас 36.452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 11.210 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 678 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4  дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 36.422 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад бүрэн дүгнэлт өгөөгүй, нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримтаар гаргаснаар тушаалтай танилцсан, нэхэмжлэгч нь энэ тохиолдолд цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зуйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ажилласан хугацааны цалин гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалт нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэнтэй холбоотой ажил олгогчийн шийдвэрт хамааралтай хугацааг зохицуулсан заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаатай хамааруулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг зохицуулсан бөгөөд 126 дугаар зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан маргааны төрөлд хамааралгүй бөгөөд тус хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65.1.3-65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Ц-, М Х ТХХК-д холбогдуулж, цалин 1.342.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь учирсан хохирол 352.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг, зохигч талын хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1. Н.Ц-, М Х ТХХК-ийн “Гүнж” жуулчны баазад сарын 850.000 төгрөгийн цалин авч, менежерээр ажиллаж байгаад ажил олгогч чөлөө олгоогүй гэж 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлын байраа орхин явсныг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч ажиллаж байх үеийн буюу 6, 7 дугаар сарын цалин нэхэмжилснийг хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шалтгаанаар эс зөвшөөрчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэжээ.

2 сарын цалинг олгоогүй, цалинг хугацаандаа олгодоггүй байснаа, нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр компанийн удирдлагатай уулзаж цалингаа шаардсныг хариуцагч няцаагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” ба нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд ажилласан үеийн цалин гаргуулах маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэхээр байх боловч тухайн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй бол шүүх маргааныг хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч цалин гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх маргааны харъяалал, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам, хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч ажлын байраа орхин явахдаа байгууллагын орлогоос 352.000 төгрөг  авснаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр нэхэмжлэл гаргахдаа уг мөнгийг хасч тооцсныг шүүх анхаараагүй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боловч, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээв.

3. Анхан шатны шүүх Н.Ц-ын нэхэмжлэлийг хангахдаа шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

Шүүх ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлийг, ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн ...ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор олгох тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан хэм хэмжээг баримталсан нь оновчтой бус болсон тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 678 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “69 дүгээр зүйлийн 69.1” гэснийг “49 дугаар зүйлийн 49.1” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 36.422 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ