Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/00157

 

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/00157

Улаанбаатар хот

                                                                                        

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Н.Ц-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ М Х Т” ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин 1 342 000 төгрөг гаргуулахыг хүссэн, Н.Ц-д холбогдох байгууллагат учруулсан хохирол 352 000 төгрөг гаргуулахыг хүссэн М Х Т ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг  тус тус хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З /үнэмлэх 1979/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 18-аас 2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл М Х Т ХХК-ийн Гүнж жуулчны баазад менежер болон зөөгчөөр 2 сар ажилласан. 1 сарын цалин 850 000 төгрөг сар бүр  өгнө гэж тохирсон. Цалингаас хүн амын орлогын албан татвар, хоолны мөнгө хасдаг. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 18-наас хойш ажилласан 10 хоногийн цалинг 7 дугаар сарын 3-нд нэхсээр байж 368 000 төгрөг авсан. Тэрнээс хойш цалин тавиагүй. Би жирэмсэн болохоор хордлоготой, тонус өгөөд байсан учраас чөлөө авья гэхэд “ачаалал ихтэй, чөлөө өгөхгүй” гэсэн. Ингээд би 2017 оны 7 дугаар сарын 31-нд баарны орлого 352 000 төгрөгийг аваад ажлаа хаяад явсан. Одоо 2017 оны 6 дугаар сарын 1-ээс 2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэлх 2 сарын цалин 1 342 000 төгрөг гаргуулж, ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл  төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Н.Ц нь М Х Т ХХК-ийн Гүнж жуулчны баазад хэдэн жил менежерээр ажиллаж байсан. 2017 онд ажиллаж байгаад  7-р сарын 31-нд өөрийн нөхөр, дүүгээ дагуулаад ажлаа хаяад явсан. Тэр байтугай бусад ажиллагсдыг “ажил хаяж явъя” гэж уруу татсан байдаг. Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний 5.4 дэх хэсэгт шалтгаангүй, мэдэгдэлгүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан бол цалин олгохгүй гэж тохирсон. Ажилчдын өөрсдийнх саналаар цалинг бэлнээр, дансаар, бөөнөөр өгдөг байсан. Ийм байдлаас 5 сарын цалинг 7 сард олгосон юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг эхнээсээ өөрөө төлөхгүйгээр ажиллая гэж тохиролцоод ажилласан. Иймд зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгууллагат мэдэгдэлгүйгээр, нууцаар ажлаа хаяж явсан. Ингэж явахдаа байгууллагын орлого 352 000 төгрөгийг хувьдаа завшиж авч явсан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Ийм учраас байгууллагын орлого болох 352 000 төгрөгийг Н.Ц-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний 2 сарын цалин 1 700 000 төгрөг байсан, би өөрөө энэ мөнгийг авч явсан учраас цалингаасаа хасаад 1 342 000 төгрөг нэхэмжилсэн. Цалингаа өгөхгүй болохоор нь авч явсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Ц нь М Х Т ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин 1 342 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Н.Ц-д холбогдох байгууллагат учруулсан хохирол 352 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Н.Ц нь М Х Т ХХК-ний захирлын 2017 оны 05-р сарын 16-ны өдрийн 04 тоот тушаалаар Гүнж жуулчны баазын менежерээр томилогдон ажиллаж байгаад тус компаний захирлын 2017 оны 8-р сарын 03-ны өдрийн 3 тоот тушаалаар “ажил тасалсан, ажлаа хаяж явсан” үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  /хх 59, 60/ цуцалжээ.

 

Ажилтан Н.Ц нь “цалингаа өгөхгүй байна” гэх шалтгаанаар 2017 оны 07-р сарын 31-ний өдөр ажлаа орхиж явсан талаар талууд маргаагүй, ажил олгогч түүнийг ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь зөв байна. 

 

Харин ажил олгогч нь ажлаас халсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлох баримтаар гаргаснаар тушаалтай танилцсан, нэхэмжлэгч нь энэ тохиолдолд цалин хөлс гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

 Нэхэмжлэгч нь М Х Т ХХК-д ажил хөдөлмөр эрхлэхдээ сарын 850 000 төгрөгийн цалин хөлс авахаар хөдөлмөрийн гэрээгээр /хх 49, 57-58/ тохирсон, ажил олгогч 2017 оны 6, 7-р сарын цалинг олгоогүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул 1 342 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн  даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул түүнд олгох цалин хөлснөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийх нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн гэрээний 3-р зүйлийн 3.9 дэх хэсэгт зааснаар Н.Ц нь өөрийн буруугаас байгууллагат хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр тохирсон байх ба ажлаа орхиж явахдаа байгууллагын үйл ажиллагааны орлого 352 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Хэргийн 6-22, хийсэн ажлаа бүртгэж байсан дэвтэрийн талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 135-р зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан М Х Т ХХК-иас 1 342 000 /нэг сая гурван зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж Н.Ц-д, Н.Ц-аас  352 000 /гурван зуун тавин хоёр мянга / төгрөг гаргуулж М Х Т ХХК-д тус тус олгосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.Ц-д олгох олговороос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг М Х Т ХХК-д даалгасугай.

 

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 452 төгрөг, хариуцагчаас төлсөн 11 210 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж,  хариуцагчаас 36 452 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 11 210 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

  4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА