Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

 

 2020        04         28                                    2020/ШЦТ/337

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Д.Ренчинхорол нарын бүрэлдэхүүнтэйгээр,

улсын яллагч Ц.Батбямба,

иргэдийн төлөөлөгч Г.Баттогтох,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч М.Ариунболд,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэ-Болор

шүүгдэгч С.Г.А, А.О, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Спиряков Григорий Александрович, 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М, 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 21.11 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М нарт холбогдох эрүүгийн 1711007800210 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх Ч.Цацрал, хойд аав Батжаргал нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум Бичигт баг 5-41 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын 44 дүгээр байрны 1 давхарын 129 тоот байрыг түрээслэн амьдардаг гэх боловч өөрөө оршин суудаггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

- Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр 04-ний өдрийн 165 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 07 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

- Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98/54 дугаартай ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 27 хоногийн хорих ялаас өршөөгдсөн ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М.Мөнхтөр /РД- ПИ97040311/

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 28-25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн Маршал таун 101-19 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Г.М /РД- УЗ95090530/

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, “Баянзүрх” захын хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 3, эхнэр, охины хамт, Увс аймгийн Улаангом 9 дүгээр баг 12-05 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1435 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.С /РД- ОЭ91020678/

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах эгч дүү нарын хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 60 дугаар гудамжны 994 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай А.О /РД- ТЕ94112054/

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, аав ээж дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 5 дугаар гудамж, 94 тоотод оршин суух хаягтай /1хх-ийн 204х/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т.Ц /РД- УК95083039/

6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гудамж 01 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.Б /РД- ИБ98060310/

7. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны  12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлэгийн 5-261 тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Э.М /РД- ИБ98060310/

8. Шүүгдэгч: Иргэний харъяалалгүй, 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, , эх, ах, эгч нарын хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд түрээсээр түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.Үүнд:Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. /Иргэний харъяаллыг тодорхойлох бичиг баримтгүй/, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай С.Г.А /РД--------------/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч М.Мд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

яллагдагч Г.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан,

яллагдагч Б.С 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан,

яллагдагч А.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан,

яллагдагч Т.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан,

яллагдагч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан,

яллагдагч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан,

яллагдагч С.Г.А 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “...Ганцаараа болон бусадтай бүлэглэн 38 удаагийн үйлдэлтэй гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнхтүвшин машины хойно сууж байсан болохоор ямар ч хэрэг хийгээгүй. Б.С бас буруугүй. Би энэ 38 удаагийн үйлдлээс хоёр зүйл ангийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн албан хаагчийн эсрэг үйлдэл гаргаагүй. Цагдаагийн албан хаагч өөрөө гүйж байгаад унаад шагайгаа мулталсан учраас биед нь халдсан зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: “...Би хамгийн анх мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Намайг бичиг үсэг мэдэхгүй байхад Бат-Эрдэнэ байцаагч намайг яллана гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүрэг дээр мэдүүлэг өгөхдөө бас өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Би 2-3 удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлийн мэдүүлгийг өмгөөлөгчтэй өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүүгдэгч Г.М, Б.С, Т.Ц, Б.Б, Э.М, С.Г.А. нар нь:  “мэдүүлэг өгөх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ, яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт: М.М, А.О, Т.Ц нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч В.Буянжаргалын эзэмшлийн “Буянт” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, нийт 1.988.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, мөн 2017 оны 9 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Ариунаагийн эзэмшлийн “Ган-Од” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж, нийт 1.911.600 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэж тус тус дурдсан атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт: түүнийг 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотолгоогоор Э.Мг бусадтай бүлэглэж, бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ямар хэлбэрээр хамтран оролцсон буюу ямар үйлдэл оролцоотой болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон ямар нотлох баримт байгаа нь ойлгомжгүй, прокурор хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед тус хэрэгт холбогдогч нараас авсан мэдүүлгээр хэрэг учрал болох үед хэн хэн хамт явж байсныг мэдүүлсэн мэдүүлгээр Э.Мг хулгайн гэмт хэрэгт холбогдуулсан байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр Э.Мг тухайн үед хамт явж байсан хулгайн гэмт хэрэгт оролцсон оролцоогүй, согтуу тасраад унасан гэж урьд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн болно. Өөрөөр хэлбэл Э.Мг хулгайн гэмт хэрэг бусадтай бүлэглэж үйлдсэн гэх бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд Э.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ, яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт: нийт 4 удаагийн хулгайн гэмт хэрэгт үйлдэл оролцоотой гэж дурдсан атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт 3 удаагийн үйлдэлд холбогдуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь хохирогч Г.Мишээл, Г.Амаржаргал нарын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт ямар үйлдэл оролцоотойгоор оролцож бусадтай бүлэглэж үйлдсэн болох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, улсын яллагч нь түүнийг холбогдуулсан яллах талын ямар нотолгоог үндэслэл болгосон нь яллах дүгнэлтэд тусгагдаагүй. Харин хохирогч Б.Идэрзориг, Б.Мөнхбаатар нарын эд зүйлийг бусадтай бүлэглэж хулгайлан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Бямбадоржийг нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд зүйл хулгайлсан гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүний 2 удаагийн үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.О ганцаараа болон бусадтай бүлэглэж 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь гэмт этгээд олон давтамжтайгаар хулгайн гэмт хэргийг үйлдэж олж авсан эд зүйлсээ худалдан борлуулан өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж, гэр бүлийн амжиргаагаа залгуулсан байхыг ойлгодог. Гэтэл А.О нь хулгайн гэмт хэрэг үйлдээд олсон эд зүйлээ бусдад худалдан борлуулан хэдий хэмжээний орлого олж өөрийн өдөр тутмын амжиргаа, гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрхэн яаж хэрэглэсэн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Мийг ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 38 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх хуралдааны гэм буруугийн шатанд улсын яллагчийн зүгээс М.Мийн холбогдсон 2017 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 29-774Б тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Мөнх-Эрдэнийн “Баялаг” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, үүрэн холбооны операторын нэгж, тамхи, бохь, хяналтын камерын бичлэг хураагч, чихэр, гар утас, шоколад, архи, бэлэн 60.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.331.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг, тухайн үед М.М нь цагдан хоригдож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, шүүгчдэгчийг тус үйлдэлд гэм буруугүй гэж үзэн яллахаас татгалзсан тул М.Мийн дээрх 1 удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

1. Шүүгдэгч М.М, А.Отгонбаяр, Т.Ц нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Сарангэрэлийн эзэмшлийн “Ургац” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж гар утасны нэгж, архи тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг 29 нэр төрлийн нийт 1.748.410 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед А.О яллагдагчаар өгсөн: “...Мөнхтөр бид хоёр тэр дэлгүүр лүү  орж эд зүйлс хулгайлсан. Харин Цолмон-Очир, Жадамбаа хоёр машинд унтаж байсан. Цолмон-Очир, Жадамбаа хоёр бид хоёрыг дэлгүүрээс хулгай хийгээд ирлээ гэдгийг мэдээгүй, бид хоёр ч хэлээгүй. Тэр хоёр тус үйлдэл ямар нэгэн байдлаар хамтран оролцоогүй. Мөнхтөр л намайг дагуулж хулгай хийгээд, хулгайлсан эд зүйлээ өөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /16хх-ийн 135-136х/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцэс дээр байрлах “Ургац” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд би ганцаараа дэлгүүртээ тооллогоо хийчихээд хаалгаа түгжээд явсан. Маргааш өглөө нь манай эгч Бямбацэцэг 08:55 минутын үед дэлгүүр дээр очиж дэлгүүрээ нээгээд хиамны хөргөгч нээлттэй тавиур дээр байсан шоколад алга болсон хойд талын модон хаалга онгорхой байхаар нь надаас асуухаар нь би эгчдээ хамаг юмаа хаагаад гарсан гэж хэлсэн. Тэгсэн эгч тэгвэл хулгай орсон байна гэж хэлээд намайг очиход эгч цагдаад хандсан байсан. Алдагдсан эд зүйлийн жагсаалтыг гаргаж өгсөн, үнэлгээний байгууллагаар хийлгүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 58х/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... дэлгүүрийн ар талд очиход саарал өнгийн төмөр явган хаалгатай модон хаашаа байна. Уг хаалгаар ороход дэлгүүрийн арын хэсэг байх ба ард байх 100х25 см хэмжээтэй модон цонхны дээд талын салхивчийг дотогш чихэж онгойлгосон цонхны хамгаалалтын төмрийг гадагш татаж эвдэлсэн.

... дэлгүүрийн заал руу ордог цагаан өнгийн модон хаалганы доод талын хавтсыг эвдэж онгойлгосон хаалга нь гадагш чиглэлтэй онгойсон байлаа. Хэргийн газраас ... 8 ш гарын мөр бэхжүүлсэн” гэжээ. /1хх-ийн 24-27х/,

-“Ургац” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-31х/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД-2-114 дугаартай үнэлгээний тайланд 29 нэр төрлийн эд зүйлийг нийт 1.748.410 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх-ийн 60-61х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4а, 4б, 5а, 5б, 6, 7, 8а, 8б дугаартай гарын мөр ... адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 7 дугаартай гарын мөр санд MN000310008204, MN005210009887 дугаараар Маньдарын Мөнхтөр нэрээр, MN004810001746 дугаараар Маньдарын Мөнхтөр нэрээр, MN0000ӨРШ02545 дугаараар Мандалын Мөнхтөр нэрээр нийт 4 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна” гэх 4951 тоот дүгнэлт /1хх-ийн 86х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

2. М.М, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 14-277 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Идэрзоригийн ажиллуулдаг ТҮЦ-ний вакум цонхны салхивчаар нэвтрэн орж оюутны хоол, алимны сок, чихэр шоколад зэрэг 582.490 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт  үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт М.М, Б.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Идэрзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед өөрийн эзэмшлийн ТҮЦ-г хаасан. Өглөө 08:30 минутын үед манай худалдагч Доржоо ирээд ТҮЦ-д хулгай орсон байна гэж хэлсэн. Манай ТҮЦ-ний цонхны хамгаалалт төмрийн завсраар багтаж ороод салхивчийг нь түлхэж онгойлгоод орсон байсан. ... Эд зүйлийн үнэлгээтэй танилцсан, өөрт учирсан хохирлоо гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 19х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 3х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 9-12х/

- Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нуурын 14 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрийн хэсэгт байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... уг камерын бичлэгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагаас эхлэн шүүж үзэхэд 01:20 цагт сэжиг бүхий хоёр этгээд Нуурын 14 дүгээр гудамжны зүүн талын гудамжнаас гарч Нуурын 14 дүгээр гудамж руу орж байгаа бичлэг байна. 02:30 цагт Нуурын 14 дүгээр гудамж руу орсон сэжиг бүхий 2 этгээд эд зүйл тэвэрсэн байдалтай гарч байгаа харагдав...” гэх тэмдэглэл /2хх-ийн 16х/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД2-246, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЧД2-315 дугаартай тайланд 18 нэр төрлийн эд зүйлийг нийт 582.490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-ийн 27х, 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

3. М.М, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 15-292 тоотод оршин суух хохирогч Б.Мөнхбаатарын гэрээс усан манан хөөрөг, хонины мах, ургамлын тос, аяга халбага, өмд гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 780.850 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад гэртээ ирсэн чинь нийтийн байранд байх манай өрөөнд хаалганы цоожийг онгойлгосон байдалтай зүүгээд орхичихсон байсан. Өрөө рүү ороод харсан чинь гэрт хамаг юм онгичоод хаячихсан байсан. Манай гэрт авдран дотор жижиг цүнхэн дотор байсан доод талын хэсэгт жижигхэн сэтэрхий шиг зүйлтэй, улаан хиймэл чулуун толгойтой, зэс нуухтай, зэсэн халбагатай усан манан хөөрөг 1 ширхэг, хөлдөөгчинд байсан хонины гулууз мах 1 ширхэг, бэлэн 200,000 төгрөг, их гарын мөнгөн аяганы хэмжээтэй зааны ясан аяга 1 ширхэг, төмөр халбага 10 ширхэг, эрэгтэй хүний жижиг савхин цүнх 2 ширхэг, 5 кг төмс, ургамлын тос 1 сав, 3 кг цагаан будаа, эхнэр бид 2-н хувцас зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 98-99х/,

- яллагдагч М.Мийн мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 35х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 83-85х/,

- шүүгдэгч Б.Б усан манан, улаан өнгийн хиймэл чулуун толгойтой, зэс халбага, зэс нуухтай, хөөрөгний доод талд жижиг сэтэрхийтэй 1 ширхэг хөөргийг хураан авч /2хх-ийн 93х/, хохирогч М.Мөнхбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 96х/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД-2-247 дугаартай үнэлгээний тайланд 15 нэр төрлийн эд зүйлийг нийт 780.850 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх-ийн 111х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч М.М нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 13 дугаар гудамжны 177 тоотод оршин суух хохирогч Г.Мишээлийн өвлийн байшингийн хаалганд түлхүүр тааруулан орж 40 инчийн самсунг лед маркийн зурагт, бугуйн цаг, хүзүүний зүүлт, орны даавуун бүтээлэг зэргийг  хулгайлж 870.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-177 тоотод аав, ээж, дүү нарын хамт оршин суудаг. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед манай дүү нар гэрээ цоожлоод хичээлдээ явсан. Би орой 18-19 цагийн үед ирэхэд гэрт хулгай орж том өрөөний зурагтны тавиур дээр байсан зурагт, зурагтны хажууд байсан цаг, толины хажууд хайрцган дотор байсан хүзүүний зүүлт, орны бүтээлэг алга болсон байсан. Гэрийн хаалга цоож эвдрэлгүй, цонх хаалттай байсан. Түлхүүрээ цонхон дор орхиж явдаг түлхүүр тааруулж орсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 235-236х/,

- шүүхийн хэлэлцүүлэгт М.М хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч Р.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчим аавтай уулзахаар яваад тэнд байж байхад манай охин Мишээл над руу залгаад манай гэр лүү хулгай орсон байна гэж хэлсэн. Би гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөнд байсан 40 инчийн лед самсунг маркийн зурагт алдагдсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 237-238х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 225-227х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 225-228х/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЧД2-18-709 дугаартай ... 40 инчийн Самсунг маркийн зурагт, бугуйн цаг, хүзүүний зүүлт, орны даавуун бүтээлэг нийт 870.600 төгрөг... гэх үнэлгээний тайлан / 7хх-ийн 02-03х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

5. М.М нь 2017 оны 8 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн баруун талд байрлах хохирогч Г.Амаржаргалын ажиллуулдаг ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж 819.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт М.Мийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Номин худалдааны төвийн баруун талд байрлах ТҮЦ-нээс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хаалгыг нь эвдэж хулгайч орж хүнсний эд зүйл болон нэгж, нэгжний мөнгийг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 139-140х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 129х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 129-131х/,

- хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-н 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18ЦХ-31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд нийт 25 нэр төрлийн эд зүйлийг нийт 719.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-ийн 144-147х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

6. Г.М, А.Г нар нь Т.О С.Т, Н.Т, М.Д  нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр  сарын 13-14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 9 дүгээр гудамжинд байрлах хохирогч Н.Тогтохсүрэнгийн “Удвал” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан 565.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт  үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.М өгсөн: “...баарнаас гарч ирээд тэр машинд нь бүгдээрээ суугаад Сансарын орчмоор хулгай хийх газар хайгаад олдоогүй. Тэгтэл Төгөлдөр бид нарт “Чингэлтэйд миний мэддэг нэг дэлгүүр байдаг юм. Тэр дэлгүүрийг ухъя” гээд шууд яваад 100 айлаар ороод 7 буудлаар дээш өгсөөд хэсэг явж байгаад зэрэгцээ хоёр дэлгүүрийн гадаа ирээд дээшээ өгсөөд гудамж руу ороод зогссон. Ингээд Гриша, Тэмүүжин, Төгөлдөр, Жижи дөрөв буугаад тэр дэлгүүр рүү хулгай хийх гээд явсан ба би жолоочтой нь хамт гудамжинд хүн хараад хүлээж байсан. Ингээд удалгүй 10 орчим минут болсны дараа тэр дөрөв буцаад ирсэн бөгөөд ирэхдээ 2-3 шил архи, 3-4 ширхэг том савтай ундаа болон тортой тамхинууд авчирсан. Мөн хоёр ширхэг Нокиа гар утас авчирсан. Тэгээд шууд тэндээсээ яваад би Чулуун овоонд эгчийндээ хүргүүлээд буусан. Би тэр хулгайлсан юмнуудаас аваагүй харин ундаанаас нь уусан...Би уг гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 29-30х/,

- хохирогч Н.Тогтохсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2016 оны 11 дугаар сарын 14-ний 08:20 цагийн үед ирээд дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийн урд вакум цонхыг түлхэж онгойлгоод хамгаалалтын решотка төмрийг нь сөхөж эвдээд, хулгайч орчихсон байсан тул цагдаагийн байгууллагад хандаад дуудлага өгсөн...Алпенголд шоколад 20 ширхэг /20x1600/, тэсэрдэг Алпенголд шоколад 5 ширхэг /5x3500/, 20 хайрцаг Эссе тамхи /20x2800/, асаагуур 50ш /50х350/, Алпенголд шоколад 60 боодол спеэрминт бохь /60x650/, миний өөрийн Нокиа маркийн утас /30000 төгрөг/, хүний барьцаанд тавьсан байсан Скайтел утас /50.000 төгрөг/ зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /11хх-ийн 171-172х/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 160х/

- гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 162-163х/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-411 дугаартай нийт 565.750 төгрөг гэх үнэлгээний тайлан /16хх-ийн 27-29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичигийн нотлох баримтуудаар,

 

7. Шүүгдэгч М.М, А.О, Т.Ц нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч В.Буянжаргалын “Буянт” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, цагаан шигтгээтэй хар өнгийн түрүүвч, Скай гэсэн бичигтэй гар утас, Юнителийн 20.000 төгрөгийн нэгж зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.988.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч В.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд манай дэлгүүрт хулгай орсон байсан. Дэлгүүрийн цонхны салхивч онгорхой, дэлгүүр доторх бараа бүтээгдэхүүнийг эмх замбараагүй болгосон байсан. Манай 8-н нэрийн хүнсний дэлгүүрээс архи, тамхи, утасны нэгж, мөнгө, эрэгтэй хүний хэтэвч, скай маркийн гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 95-96х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 68-69х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 70-72х/

- “Буянт” дэлгүүрийн хяналтын камерын 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 78-89х/,

- эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас 25 нэр төрлийн эд зүйлийг нийт 1,881,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-ийн 90-91х/,

- “Дамно” ХХК-ны 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19-174 дугаартай “... хэтэвч, үүрэн холбооны нэгж...” хөрөнгийн үнэлгээний 107.000 төгрөг гэх тайлан /16хх-ийн 215х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

8. Шүүгдэгч А.О нь Э.Э бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг С.Бурмаагийн эзэмшлийн “Идэр” авто угаалгын газрын вакум цонхыг хагалан орж, никель өнгөтэй хуванцар автомашины госл, портер машины кабины ачаа, аккумлятор, аккумлятор цэнэглэгч, машины хэрэглээний багаж түлхүүр зэргийг хулгайлж, 1.630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед А.О өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний өөрийн ажилласан байсан Идэр авто угаалгын цонхоор  орж  машины никель гоёлууд болон машины цахилгаан дрилл,  аккумлятор болон цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж аваад улмаар баригдаад тэр эд зүйл байгаа газрын хэлж өгч, эд зүйлийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 11х/,

- хохирогч С.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай дүү Пүрэвдаваа утсаар залгаж танай авто угаалгын газарт хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд авто угаалгын газраа иртэл вакум цонхыг нь хагалж дотогш хулгай орж манай угаалгын газраас машины никель өнгөтэй хуванцар гангараа 45 ширхэг нэг бүр нь 20,000-60,000 төгрөгний үнэтэй, бариул, толь, гэрэл, бороо усны хүрээ, шанааны хаалганы хормой, портер машины кабины ачаа гэх мэт зүйлс алдагдсан байсан. Эдгээр зүйлсээ тэр өдрөө буцааж гэрээс нь олж авснаас Зш 90а хуучин аккумлятор, аккумлятор цэнэглэгч 1ш, хайрцагтай машины хэрэглээний багаж түлхүүрүүд дутуу байсан ба уг эд зүйлсээ нэхэмжилж байна. Отгонбаяр нь манай угаалгын газарт 3 жил угаалга хийж танилцаж байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 243х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 231х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 236-240х/,

- “Тэнцвэр эстимэйт” хөрөнгийн үнэлгээний ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х355 дугаар 1.630.000 төгрөгөөр үнэлсэн гэх  үнэлгээний тайлан /15хх-ийн 240-242х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

9. Шүүгдэгч А.О нь Э.Э бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Т.Батнасангийн эзэмшлийн “888 Түмэн” авто угаалгын газраас гагнуурын аппарат, авто машины хар хайрцаг зэрэг эд хөрөнгө хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед А.О өгсөн: “...хоёр угаалгын газарт орж хулгай хийхэд Эрка буюу Эрдэнэтулга хамт оролцсон. Гагнуурын аппаратыг Эрка авч явж зарсан. Идэр авто угаалгаас авсан эд зүйлийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг  /16хх-ийн 136х/,

- хохирогч Т.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт байдаг “888 түмэн” авто угаалгын газартаа хоноод 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрч байхад сэрээд хартал авто угаалгын газарт хулгай орсон байна гэдгийг мэдсэн юм. Миний гагнуурын аппарат шалан дээр байсан нь алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Ингээд хартал угаалгын газрын хаалга хаагаад орхисон цонхоор орсон байсан. Камераа шүүж үзэхэд харагдахгүй байсан. Манай угаалгын газраас гагнуурын аппарат, Харьер маркийн машины урд талд байсан хар хайрцагийг нь хулгайлан авсан байсан. Энэ хар хайрцгийг би хувиараа 300.000 төгрөгөөр төлж өгсөн. Хулгай хийсэн  хүнийг би танихгүй, гэхдээ машин угаадаг хүмүүс анддаггүй юм байна лэй. Өндөр Баяраа гээд байсан. Миний хувьд таарч байгаагүй. Намайг угаалгын газрыг ажиллуулж эхлэхээс өмнө энэ Баяраа гэдэг залуу нь ажилладаг байсан гэж хүнээс сонссон...” гэх мэдүүлэг /5хх-ийн 206х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 194х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 195х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-346 дугаартай хөрөнгийн үнэлгээний 380.000 төгрөг гэх тайлан /16хх-ийн 66-68х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

10. Шүүгдэгч А.О, М.М, Т.Ц нар нь Э.Э, Д.Б нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 1-27 тоотод үйл ажиллагаа явуулдаг, хохирогч С.Ариунаагийн “Ган-Од” хүнсний дэлгүүрийн цонхны төмрийг эвдэн орж архи, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, нийт 1.911.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

-  мөрдөн шалгах ажиллагааны үед А.О өгсөн: “...Эрка, Мөнхтөр бид гурав цонхны хаалт төмөрийг эвдэж орсон юм. Эркагийн жинхэн нэрийг Эрдэнэтунгалаг гэдэг 1995 оны 7 дугаар сард төрсөн. Цолмон-Очтой дараа тааралдахад хулгай хийснийг мэдээгүй, өөрсдөө юм авч ирж байгаа юм шиг л байдаг байсан гэж хэлж байсан. Ер нь бол Цолмон-Очийн машинд архи ууж явж байгаад л Мөнхтөр заримыг нь авч яваад хулгай хийчихдэг байсан...” гэх мэдүүлэг /16 хх-ийн 135-136х/,

-  мөрдөн шалгах ажиллагааны Т.Цийн гэрчээр үед өгсөн: “...Баянхошууны эцсийн Жанцангийн буудал дээр байх Ган-Од хүнсний дэргүүрээс хулгай хийснийг мэдсэн. Мөнхтөр, Эрка,  Отгонбаяр гурав орсон. Фабриза бид хоёр машинд байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 5-6х/,

- мөрдөн шалгах ажиллагааны Т.Цийн үед өгсөн: “...Мөнхтөр нь Эрка гэх залуутай хамт бууж яваад нөгөө 2 охинтойгоо уулзаад ирье гэж хэлээд явсан. Бид нарыг юм яриад сууж бай гэж хэлсэн. Тэгээд 10 орчим минутын дараа Отгонбаярын утас дугарах шиг болоод машинаас буугаад явсан. Тэр хооронд Жадамбаа, Мөнхтүшиг бид гурав машинд хамт сууж байсан. Отгонбаяр буугаад явснаас хойш 30-40 минутын дараа Мөнхтүвшин дэлгүүрлүү орсон хүмүүсийн араас залгахад утсаа авахгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 42-43х/,

- хохирогч С.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ган-Од гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэр өдөр бид нар 00 цаг 45 минутанд дэлгүүрээ хаагаад явсан юм. Маргааш нь дэлгүүрээ онгойлгох гээд ирээд хойд хаалгаараа орох гэтэл цоожтой байсан. Урд хаалгаа нээж үзтэл нээлттэй, зүүн талын цонх онгорхой байсан. Дэлгүүрийн бараа алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 249-250х/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 240х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 240-242х/,

- эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас 31 нэр төрлийн эд зүйлийг нийт 1.911.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-ийн 247х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

 

11. М.М нь Б.Сэргэлэнбаатар, Б.Бэхбат нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлж 772.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн болох:

- хохирогч Л.Наранжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 02-ны орой би ажлаа 19 цагийн үед манай цэцэрлэгийн манаач Бат-Очир нь надруу утсаар залгаад “манай цэцэрлэгт хулгай орлоо, цонхоор хулгай ороод баригдсан, цагдаа дуудсан, тэд нарыг бариулчихлаа, та хүрээд ирэх үү гэсэн. Тэгэхэд нь би яваад очтол манай 17-р цэцэрлэгийн 1 давхарт байдаг бэлтгэл Б бүлгийн ангийн цонхоор хулгайч орсон байсан ба цагдаа нар ирэх хүртэл хүн оруулж болохгүй гээд би хүлээж байгаад өргөдлөө бичиж өгсөн. ... ЛСД зурагт 746.800 төгрөг, Тошиба маркийн зөөврийн компьютер нь 500.000 төгрөгийн үнэтэй байсан. ЛСД зурагтыг дөнгөж шинээр авчихсан байсан юм. Зөөврийн компьютер нь 2005 онд авсан байсан хуучин ашиглаж байсан, цэцэрлэгийн өмч хөрөнгүүд юм... Өөр алдагдсан зүйл байхгүй. Тэр хоёр эд зүйлийг хулгайлаад авч гарах гэж байгаад баригдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78х/,

- гэрч Б.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 02-ны орой ... манай цэцэрлэгийн Бэлтгэл Б бүлгийн ангид хулгай орж байх шиг байсан. Тэгээд гүйгээд анги руу ортол урдаас нэг хүн сүүмэлзэх шиг болохоор нь “хүүе” гээд орилоод түүнийг хөөтөл тэр залуу шууд цэцэрлэгийн цонхоор үсрээд гарсан. Тэгтэл цаанаас нь нэг цагдаа тэр залууг шууд бариад авсан. Тэгээд л би буцаж гүйгээд хаалгаа онгойлготол нэг цагдаа гадаа байсан. Тэгээд буцаж орж ирээд ангийн гэрлийг асаатал манай ангийн хананд байдаг ЛСД зурагт, зөөврийн компьютер зэргийг цонхны хажууд аваачаад тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 65х/,

- гэрч Б.Сундуйжанцангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдрийн орой 22 цагийн үед “17-р цэцэрлэгийн цонхоор хулгайч ороод байна, нэг хүн нь гадаа байна” гэх дуудлага хүлээн аваад шууд яваад очсон... 17-р цэцэрлэгийн хашааг даваад ортол 17-р цэцэрлэгийн баруун талд цонхны хажууд нэг залуу зогсож байсан. Тэгэхээр нь би очоод “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд тэр залуу “би баасан юм” гэж хэлсэн. Тэгээд би түүнийг шалгаад зогсож байгаад жолооч цагдаа Нэргүйг “чи дотогшоо ороод шалга, манаачтай нь уулз” гэж хэлтэл цагдаа Нэргүй цэцэрлэгийн хаалгыг тогшоод зогсож байтал манаач болох настай эрэгтэй хүн хашгираад “хөөш хөөш” гээд байсан. Тэгтэл цэцэрлэгийн онгорхой цонхоор нэг жижиг биетэй залуу үсрээд буугаад ирсэн. Тэгээд би шууд бариад авсан. Тэгээд л бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 66х/,

- гэрч М.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...17-р цэцэрлэгийн хашаанд Бэхбат гэдэг залуу ганцаараа байж байсан. Тэгээд “чи юу хийж байгаа юм бэ?” гэж хэлээд барьж авсан. Тэгээд би шууд цэцэрлэгийн хаалгыг тогшоод манаачийг дуудах гэж байхад гэнэт дотроос нь манаач яарсан байдалтай гараад ирсэн. Тэгснээ үсэрчихлээ гээд байхаар нь гайхаад яваад очтол дэслэгч Сундуйжанцан бас нэг залууг барьчихсан байсан. Тэгээд цэцэрлэг дотор ороод гэрлийг асаагаад хартал цэцэрлэгийн ангийн хананд байсан ЛСД зурагтыг хананаас нь салгаж аваад газарт тавьсан, хажууд нь зөөврийн компьютерийг буулгаад газарт тавьчихсан байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж үзлэг хийлгэсэн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 67х/,

- гэрч М.Пүрэвнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд манай цонхоор гадаа цэцэрлэгийн хашаанд “түг” гээд чанга дуу гарсан. Тэгээд жаахан байж байгаад 17-р цэцэрлэг рүү харахад уг цэцэрлэгийн баруун талын 1 давхрын цонхны доор 3 хүн зогсож байсан. Тэгээд тэд нар байж байгаад 2 нь цонхоор дотогшоо орсон. Тэгээд 1 нь гараашийн хажууд зогсож байсан. Тэгтэл цэцэрлэгийн цонхоор дотогш орсон хүмүүс цэцэрлэг дотор яваад байсан.... “түг” гээд их чанга чимээ гарахад нь харахад тэр хүмүүс хулгайч нар шиг байсан ба цонхыг онгойлгоод нэлээн удсаны дараа цэцэрлэг рүү орж байсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 68х/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-ийн 41-42х/, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 43-44х/,

- гэрч Ч.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бэхбат надад 2000 төгрөгийн нэгж өгсөн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 48х/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл /10хх-ийн 63х/, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 64-65х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-400 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний нийт 772.000 төгрөг гэх тайлан /15хх-ийн 243-246х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

 12. Шүүгдэгч М.М нь Б.Сэргэлэнбаатар, Б.Бэхбат нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нуурын 14-258 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Маньбадраагийн “Тариан булаг” 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, школад, шпорот, Сайра лаазалсан загасны мах, чихэр, ундаа,  угаалгын нунтаг Миф, бэлэн 6000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 319.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн  болох:

- мөрдөн шалгах ажиллагааны М.Мийн үед өгсөн: “...Сэргэлэнбаатар, Бэхбат бид 3 гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 14-р гудамжинд байрлах 6 нэрийн хүнсний дэлгүүрийн дээврээр дамжин, Сэргэлэнбаатар бид 2 таазыг нь цөмлөн орж, Юнител, Мобикомын утасны нэгж, идэж уух хүнсний зүйл аваад Сэргэлэнбаатар нэгэн дөрвөлжин хайрцаган дотроос түлхүүр аваад хаалгыг нь онгойлгож гарсан юм... Бид мөнгө олох гэж хулгай хийсэн, хулгай хийх санааг бид 3 ярилцаж байгаад хийсэн юм. ...Надад энэ хэргийн талаар гаргах санал хүсэлт байхгүй. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /10хх-ийн 115-116х/, 

- мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Сэргэлэнбаатарын сэжигтэнээр өгсөн: “... уг дэлгүүр дотроос тамхи, чихэр, шоколад, Мобиком, Юнителийн нэгж, боок саван зэрэг зүйлс аваад жижиг шургуулганд байсан түлхүүрээр онгойлгож гараад... мөнгөө хувааж авсан юм. Мөнгө олж, нийтийн байрны түрээсийн мөнгө төлөх гэж хулгай хийсэн юм...” гэх мэдүүлэг /10хх-ийн 118-119х/,

- хохирогч Н.Маньбадраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө дэлгүүрээ онгойлгох гээд хажуу талын хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь хашааны хаалгаар гараад дэлгүүрийн хойшоо гудамж руу харсан хаалга руу очиход онгорхой байсан. Тэр хаалгаар ороход манай дэлгүүрийн зүүн талын дээврийн цоорхойг төмрөөр тагласан байсныг хөшин онгойлгоод яндангийн нүхний хажуугаар дээвэр цөмлөн дотогш нь ороод, зүүн талын хаалгыг дотор талаас нь замгаа түгжээгээр түгжсэн байсан. Тэгээд манай дэлгүүрээс мобикомын 100.000 төгрөгийн, юнителийн 80.000 төгрөгийн нэгж аваад, Алпенголд шоколад 8ш, 8 төрлийг нэг нэгээр нь тавьсан байсан юм, нэг ширхэг нь 1800 төгрөгийн шпорот 5 лаазыг нэгийг нь 1500 төгрөгөөр авдаг юм. Сайра лаазалсан загасны мах 4ш, 1ш нь 4800 төгрөгний үнэтэй, 4кг задгай грамын чихэр, 1кг 1200 төгрөгийн үнэтэй Мульт ундаа 9ш, 1 ширхэгийг нь 1100 төгрөгөөр авдаг юм. Сникерс 5ш, 1ш 100 төгрөгний үнэтэй, Твикс 5ш, 1ш нь 1000 төгрөгний үнэтэй, шоколадны набор 4ш, Алпенголд, Мерси, Есферо гэсэн нэртэй, 1ш нь 5500 төгрөгийн үнэтэй, угаалгын нунтаг Миф 10ш, 1 нь 2300 төгрөгийн үнэтэй, Тайд 10ш, 1нь 2800 төгрөгийн үнэтэй, Танш 3ш, 1нь 1600 төгрөгний үнэтэй, мөн том Сникерс, Твикс 3ш, 1 нь 3400 төгрөгний үнэтэй зэрэг зүйлс алдагдсан болно. Бэлэн мөнгө 6000 орчим төгрөг байсан. Нийлээд 500.000 орчим төгрөгийн бараа алдагдсан... манайд шар өнгийн иштэй сүх байхгүй...” гэх мэдүүлэг /10хх-ийн 110-111х/, 

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-ийн 93-94х/, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 95-98х/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /10хх-ийн 107х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 401 тоот алдагдсан эд зүйл 133.800 төгрөгийн үнэлгээний тайлан /16хх-ийн 142-145х/ болон хаватс хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

13., Шүүгдэгч М.М нь Б.Сэргэлэнбаатар Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 6-1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ю.Тогмидын “Тамир” 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, цэвэр ус, ундаа, шоколад, Самсунг маркийн гар утас, үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 50.000 зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 295.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ю.Тогмидын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 15 минутад ирэхэд дэлгүүрийн хойд талын хананд байх цонхны гадна талын төмөр хаалтыг хугалан дээд талын жижиг онгойдог салхивчаар хулгай орж, Болор архи 2ш 35700 төгрөг, Соёмбо архи 2 ш 69700 төгрөг, Елок архи 1ш 27000 төгрөг, Сүүн Чингис архи 1ш 14600 төгрөг, Сархад архи 0.5л 3 ш 26700 төгрөг, бонокуа цэвэр ус 2ш 3700 төгрөг, Алпенголд шоколад 17 ш 25840 төгрөг, Түмний ундаа 2ш 3800 төгрөг, Самсунг маркийн гар утас, хэрэглэж байсан үнэлж мэдэхгүй, мөнгөний хайрцагт байсан бэлэн 50.000 зэрэг эд зүйл алдагдсан. Хяналтын камертай боловч дэлгэц байхгүй бичигдээгүй байна...” гэх мэдүүлэг /10хх-ийн 146х/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-ийн 131х/,

-  гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 132-135х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-402 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний нийт  245.800 төгрөг гэх үнэлгээний тайлан /15хх-ийн 248-250х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

14. М.М, Г.М нар Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бурмаагийн “Ганга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 2.035.000 төгрөг хулгайлан авч  хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч С.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Ганга дэлгүүрийн 2 давхарт унтаж байхад дэлгүүрийн доод талын цонх доргих шиг болсон. Тэгэхээр нь би босоод 2 давхрын шатан дээр сууж харанхуйд жоохон ажиглалт хийсэн. Тэгэхэд дэлгүүрийн хойд талын хоёр цонх зүгээр байсан. Харин хамгийн урд талын цонхыг ажиглаагүй. Тэгэхэд машины гэрэлд заалан дотор ямар ч хөдөлгөөн ажиглагдаагүй. Тэгээд минут хэрээтэй ажиглаж байгаад дээшээ гараад хэвтээд минут хэрээтэй байж байсан чинь хүнгүй юм шиг байна гээд хүн дуугараад цонх дугарсан. Тэгэхэд яг хүүхдийн дуу шиг сонсогдсон. Тэгэхээр нь би нөхрөө сэрээгээд доошоо буугаад гэрлээ асаахад цонхны порчик онгорхой, мөнгөний хайрцаг дэлгээтэй байсан. Тэгээд нөхөр гадна хаалгаа нээгээд гадагшаа гудамруу гарахад юу ч харагдаагүй гэсэн. ...Тухайн үед зөвхөн бэлэн мөнгө хулгайд алдагдсан. Архи тамхи хөдлөөгүй байсан. Бэлэн мөнгө нь 2 сая 35 мянган төгрөг алга болсон байсан... ” гэх мэдүүлэг /10хх-ийн 183х/, 

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-ийн 165х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 167-170х/,

- М.Мийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10хх-ийн 186х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

15. М.М, А.Григорий нар С.Тэмүүжинтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар багийн Хайгуулчны 2 дугаар эгнээд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ө.Гантулгын “Чандмань-Эрдэнэ” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, бэлэн мөнгө, гар утас 3 ширхэг, машины мп 3 тоглуулагч, батарей цэнэглэгч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.672.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ө.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө дэлгүүрээ онгойлгоод орсон чинь манай дэлгүүрийн хойд, урд талын хоёр цонх онгойсон байхаар нь дэлгүүр доторх ерөнхий байдлыг харахад мөнгөний сав онгойсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрийн хойд цонхны төмөр хаалтыг хоёр тийш нь татаж байгаад дотор вакум цонхыг жийж орсон байсан. Дэлгүүр дотроос лангуун дээр байсан Самсунг галакси трейд, 2 сим ордог Самсунг Питон, Жи мобайлын Е-бэлэн мөнгөний цаасан хайрцагт байсан тамхины орлого 1.130.000 төгрөг байхгүй байсан. Мөн касснаас задгай 150.000 төгрөг байсан нь байхгүй байсан. Мөн лангуун дээр байсан 2 ширхэг батарей цэнэглэгч, улаан өнгийн МФ-3 1ш алдагдсан байсан. Кассан дотор байсан Мобикомын 520.000 төгрөгний нэгж байхгүй байсан. Өөр эд зүйл алдаагүй. ...Самсунг Галакси трейд гар утсаа 3 жилийн өмнө 300.000 төгрөгөөр авсан. 200.000 төгрөгөөр үнэлж байна. 2 сим ордог Самсунг Питон гар утсаа 100.000 төгрөгөөр, Жи мобайлын Е-680 маркын гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Баттерэй цэнэглэгчээ 5000 төгрөгөөр үнэлж байна. МФ-3 23.000 төгрөгөөр үнэлж байна. Цонхны төмөр хаалтыг 50.000 төгрөгөөр үнэлж байна...Мөн “...манай дэлгүүрээс тухайн үед Мобикомын 1000 төгрөгийн цэнэглэгч карт 520 ширхэг байсан нь алдагдсан байсан. Мөн дээрхи зүйлсээс гадна орлогын бэлэн мөнгө 1.130.000 төгрөг, орлогын мөнгөнөөс гадна задгай 150.000 төгрөг буюу нийт 1.280.000 төгрөг байсан алдагдсан. Ингээд надад нийт эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 185.000, нэгжийн картын 520.000 төгрөг, бэлэн мөнгө 1.280.000 төгрөг буюу нийт 1.985.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс МП тоглуулагч буюу 15000 төгрөгийн хохирлыг буцаан хүлээж авсан байгаа, одоо тэгэхээр үлдэгдэл 1.970.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх дахин мэдүүлэг /10хх-ийн 224-225х/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх-ийн 202-203х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 204-206х/,

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх-ийн 209-210х/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн, авсан тухай тэмдэглэл /10хх-ийн 211х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-403 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний нийт 335.000 төгрөг гэх үнэлгээний тайлан /16 хх-ийн 04-06х/,

- “Дамно” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн НЦГ-19-221 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний ...цэнэглэгч 2 ширхэг 10200 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /17хх-ийн 13-14х/, 

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн х-403 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний ...гар утас, эмфи тоглуулагч,  гар утасны батарей, цонхны төмөр 335.000...” гэх үнэлгээний тайлан /16хх-ийн 5-6х/,  

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7/096 дугаартай “...Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн хойд талын цонхны бариул, цонхны дотор талын ирмэг, түрхүүрийн бариул, цонхны тавцангаас бэхжүүлж авсан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Саранцэцэгийн Тэмүүжингийн МИ003210005451 дугаартай мөрний баруун гарын эрхий, дунд, ядам хурууны мөрөөр дарагдсан байна...” гэх дүгнэлт /10хх-ийн 215-216х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

16. М.М нь Б.Сэргэлэнбаатар, Э.Эрдэнэтулга нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мэндбаярын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн орж кассын машин, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 427.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч О.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай цайны газрын цонхоор хулгайч орж Самсунг брэндийн кассын машин дотор нь 70-80 орчим мянган төгрөгтэй алдагдсан байсан. Халдлага болсныг би маргааш өглөө нь 08 цагт мэдсэн юм. Манай цайны газрын хяналтын камертай бичлэгэн дээр 18-25 орчим насны нэг залуу вакум цонхыг 3 удаа цохиод орж ирээд камерлуу харчихаад буцаж гарч яваад хэсэг хугацааны дараа нүүрээ далдлан алчуураар боогоод орж ирээд текэн дээр байсан кассын машиныг аваад гарчихсан байсан... 2013 онд шинээр аваад ашиглалгүй байж байгаад ашиглаад 1 жил болж байна. Анх шинээр 10-р хорооллын тэнд байдаг дэлгүүрээс 650.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Өөр алдсан зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /11хх-ийн 22-23х/, 

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 12х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 132-135х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-404 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний нийт 357.500 төгрөг гэх үнэлгээний тайлан /16хх-ийн 9-11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

17. М.М, Г.М нар Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Буянхишигийн “Хишиг” хүнсний мухлагын цонхыг эвдэн орж, гар утас, тамхи,  асаагуур, ундаа, набор, шоколад, бохь зэрэг эд хөрөнгийг хулгайлж 875.710 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 12 цаг 40 минутын үед хүнсний мухлагаа хааж, хаалга үүдээ цоожлоод явсан. Тэгээд өглөө 07 цаг 50 минутад ирэхэд хүнсний мухлагийн вакум хоёр поорчиг онгойсон байсан. Хаалга үүд, хэдийн цонхны хаалт төмрийг гадагш ярсан байсан. Тэгээд би хүнсний мухлагийн хаалга түлхүүрээр онгойлгож, дотогш орсон чинь бараа материал алдагдсан байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж үзүүлсэн. Тэгээд хүнсний мухлагаас I phone 5s маркийн цагаан өнгийн гар утас, гүйдэг нугастай, жижиг, скайтелын хар өнгийн утас, тэгээд Парламент, ЛД Эссе, Вест зэргийн тамхинууд, асаагуур, шоколаднууд болон бусад бараа материалууд алдагдсан байсан. Нийт 926.690 төгрөгний бараа алдсан байна...” гэх мэдүүлэг /11хх-ийн 80х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3748 дугаарт шинжээчийн ...Шинжилгээнд тэнцэж буй MN000110021666, MN005210009602 дугаараар бүртгэгдсэн Н.Төгөлдөрийн зүүн гарын алгаар, 2 дугаартай гарын мөр санд MN005210009887, MN000310008204 дугаараар Мандирын Мөнхтөр нэрээр, MN0000ӨРШ02545 дугаараар Мандалын Мөнхтөр нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хуруугаар, 8 дугаартай гарын мөр М.Мийн зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна... гэсэн дүгнэлт /11хх-ийн 69-70х/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 60-61х/

- гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 62-64х/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-406 дугаартай хөрөнгийн үнэлгээний 875.710 төгрөг гэх тайлан /16хх-ийн 13-15х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

18. М.М, Г.М, Б.С нар нь Б.Сэргэлэнбаатар, Н.Төгөлдөр, Т.Батням, С.Тэмүүжин, Д.Мөнхтөр нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Үзмээхүүгийн “Сайхнаа” хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж, архи ,тамхи, набор,  ундаа, бохь, шоколад, чихэр зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.957.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч О.Үзмээхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагаас өглөөний 08 цагийн хооронд миний ажиллуулдаг “Сайхнаа” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалт төмрийг хугалаад, жижиг цонхыг онгойлгоод хулгай орж эд зүйл алдагдсан. ...Манай дэлгүүрийн лангуун дээгүүр байсан нийт  72 нэр төрлийн 2.002.200 төгрөгний бараа бүтээгдэхүүн алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлийнхээ нэр, үнийг өргөдөл дээрээ тодорхой бичсэн байгаа...” гэх мэдүүлэг /11хх-ийн 94х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 89х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 90-91х/,

- эд зүйлийн үнэлгээ /11хх-ийн 99-103х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

19. М.М нь Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 31-ээс 2016 оны 8 дугаар саны 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кино театрын хажуу талд байрлах хохирогч Ч.Алтанчимэгийн ТҮЦ-нд нэвтрэн орж  үзэмтэй үрэл, товчин чихэр, сникерс, үрэл, үрлэн чихэр, жигнэмэг, бэлэн 86.000 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 296.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ч.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 01-ий өглөө 10 цагийн үед ТҮЦ-ээ онгойлгохоор онгойлгох гээд ТҮЦ-ны урд талын цонхны хаалтны төмрийг гонжсон байдалтай хоёр тийш ангайлгасан, цагаан өнгийн хүрээтэй вакум цонх онгорхой байхаар нь ТҮЦ-ээ онгойлгоод ортол цонхны хажуу талд байсан зайрмагны хөргөгч хөдөлсөн, тавиур дээр байсан хүнсний эд зүйлсээс зарим нэг нь алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм...Цагдаа ирсний дараа ТҮЦ-ндээ ороод хамгийн түрүүнд орлогын, үлдээсэн 86.000 төгрөгөө үзэхэд байхгүй болчихсон байсан. Ингээд цааш хүнсний эд зүйлсээ бүртгэж үзэхэд тавиур дээр байсан. Schoko үзэмтэй үрэл 6ш нэг бүр нь 3600 төгрөгөөр зарагддаг, нийт 21600 төгрөг, том товчин чихэр 5ш нэг бүр нь 3200 төгрөгөөр зарагддаг, нийт 16.000 төгрөг, жижиг товчин чихэр 4ш нэг бүр нь 1800 төгрөг, нийт 7200 төгрөг, том сникерс 6ш нэг бүр нь 1900 төгрөгөөр зарагддаг, нийт 11.400 төгрөг, жижиг сникерс 5ш нэг бүр нь 1200 төгрөгөөр зарагддаг, нийт 600 төгрөг, M and M үрэл 11ш нэг бүр нь 1100 төгрөгөөр зарагддаг, нийт 12100 төгрөг, NIPS үрлэн чихэр 6 ш нэг бүр нь 1500 төгрөгөөр зарагддаг, нийт 9000 төгрөг, Частели день гэдэг нэртэй пичень 11ш нэг бүр нь 1100 төгрөгөөр зарагддаг, нийт 15200 төгрөгөөр зарагддаг. Ингээд надад нийт учирсан хохирол нь 210.400 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /11хх-ийн 229х/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /11хх-ийн 218х/,

- гэрэл зургийн үзүүлэлт /11хх-ийн 219-220х/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-414 дугаартай хөрөнгийн үнэлгээний 210.400 төгрөг гэх тайлан /16хх-ийн 39-42х/,

- яллагдагч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /11хх-ийн 134-135х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

20. М.М нь Б.Сэргэлэнбаатартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.Батбаатарын “Боролдой” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, тамхи, шоколад, гар утас, хиам зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.978.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ч.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 205 дугаар байрны өөдөөс харсан байрлалтай “Боролдой” 8 нэрийн хүнсний дэлгүүрээ хааж хаалгыг түгжээд явсан. Маргааш нь өглөө 07 цагийн үед дэлгүүрийг нээхээр очсон хаалгыг эвдэж дэлгүүрээс велвет архи 0,75 литр 1 ширхэг, 35,000 төгрөг, экс архи 0,5 литр 1 ширхэг 13,500 төгрөг, 0,75 литр 17,500, Болор архи ногоон шилтэй, 2 ширхэг, 46,000 төгрөг, ягаан шилтэй 2 ширхэг, 46,000 төгрөг, Хар сувд 1 ширхэг 48,000 төгрөг, Соёмбо архи 1 ширхэг, 38,000, Улаан вест тамхи 120 ширхэг 264,000, Парламент тамхи 6 ширхэг 24,000 төгрөг, энгийн эссэ тамхи 26 ширхэг 78,000 төгрөг, Ченж эссэ 27 ширхэг 86,400 төгрөг, улаан шонхор тамхи 20 ширхэг 40,000 төгрөг саарал лд тамхи 8 ширхэг 17,6000 төгрөг, дабль эс тамхи 28 ширхэг 61,600 төгрөг, маралборо тамхи 12 ширхэг 48,000 төгрөг, сэнстэй вест 40 ширхэг 104,000 төгрөг, нарийн вест 24 штрхэг 57,600 төгрөг, саарал вест 13 ширхэг 26,400 төгрөг, майлд севен  тамхи 20 ширхэг 40,000 төгрөг, майлд севеннарийн тамхи 14 ширхэг 56,000 төгрөг, лд ягаан тамхи 15 ширхэг 33,000 төгрөг, лд цэнхэр тамхи 10 ширхэг 22,000 төгрөг, алпен голд шоколад 60 ширхэг 120,000, нокиа маркийн гар утас 2 ширхэг 50,000 төгрөг, самунг маркийн смарт гар утас 1 ширхэг 250,000 төгөрг, Бүргэд хаалга ашиглах боломжгүй эвдэрсэн 300,000 төгрөг, хиам 8 кг 56,000 төгрөгийн эд зүйлс алдагдсан байна. Хяналтын камерт 18-22 насны 3 залуу өртсөн байсан...” гэсэн мэдүүлэг / 11 хх 215-216 дугаар хуудас/, 

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 197-198 дугаар хуудас/,

- гэрэл зургийн үзүүлэлт / 11 хх 199-201 дүгээр хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ / 11хх 218-219 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

21. Шүүгдэгч Г.М нь Н.Тэмүүжин, Т.Отгондорж нартай бүлэглэн  2016 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” техникийн захын урд үйл ажиллагаа явуулдаг хохирогч М.Мөнгөнтуяагийн “Цэнгүү” хүнсний мухлагт  нэвтрэн орж бэлэн гоймон, ундаа,  чихэр, самар, шоколад, бохь, бээлий, тамхи, асаагуур, иор, гар утас, батарей цэнэглэгч, бэлэн 2800 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 286.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Мөнгөнтуяагийн “... 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 40 минутад хүнсний мухлагаа онгойлгох гээд ирсэн. Гадна талын хаалгыг түлхүүрээрээ онгойлгочихоод мухлагтаа орсон чинь эд зүйл, бараа гэх зүйлс нь эмх замбараагүй, нурсан, мухлагийн 2 ширхэг цонх онгорхой байсан... Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж байхад би мухлаг дотроосоо ороод бараагаа янзалж тоолох бололцоогүй байсан болохоор анхны тайлбартаа 130,000 төгрөгний бараа алдсан байна гэж мэдүүлсэн...надад 275,850 төгрөгний бодит хохирол учирсан...”гэсэн мэдүүлэг / 12 хх-3-4/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 12 хх-241-244/

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-413 дугаартай 258.000 төгрөг гэх үнэлгээний тайлан / 16 хх 33-36/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

22. Шүүгдэгч М.М, Г.М нар Б.Сэргэлэнбаатар, Н.Төгөлдөр нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 07- 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна авто зогсоол дээрх хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 00-52 УНК улсын дугаартай “Тоёота  марк-2” маркийн тээврийн хэрэгслээс хүүхдийн суудал, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж 445,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үедГ.Мийн сэжигтэнээр өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хамт хулгай хийдэг Сэргэлэнбаатар, Нүдэн, Төгөлдөр нартай цуг Баянбүрдийн тойргийн урд байх 30-р байрны урд байх цагаан өнгийн автомашинаас хүүхдийн суудал 2 ш, 1ш акумулятор хулгайлсан юм. Ингэхдээ марк дугаарыг нь мэдэхгүй танихгүй такситай явсан ба Төгөлдөр, Нүдээ хоёр бууж Сэргэлэнбаатар бид 2 нөгөө такситайгаа хажуухан талд нэг модны хажууд зогсож байсан... Маргааш нь уулзаж Нарантуул захын хойно байх Мангасын ам гэдэг газарт танихгүй хүмүүст зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /12 хх  178  дугаар хуудас/,

- хохирогч Ж.Батхүүгийн“...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 10 цагийн үед ажил дээрээ байж байхад нэг хүн над руу залгаад машины чинь цонх хагарсан байна гэхээр нь эхнэр рүү залгаад “машины цонх хагарсан байна гэнэ. Чи гараад харж бай. Би одоо очлоо. Цагдаад дуудлага өгөөрэй” гэж хэлсэн. ...Намайг очиход миний машины зүүн хойд талын хаалганы жижиг цонхыг хагалаад зүүн хойд хаалга онгойлгоод арын суудал дээр бйасан 2 хүүхдийн суудал болон акумулятор хулгайлсан байсан... Том хүүхдийн тод ягаан өнгөтэй Kid’s star брэндийн суудал, нярай хүүхдийн хар өнгөтэй, ногоон эмжээртэй Грако брэндийн суудал, акумулятор нь 45 ампертай Глобал үйлдвэрийнх байсан...” гэсэн мэдүүлэг/ 12 хх 37-38 дугаар хуудас/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /12 хх 26-29 дугаар хуудас/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах тэмдэглэл / 12 хх 33 дугаар хуудас /

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэрэл зургийн үзүүлэлт / 12 хх  34-35 дугаар хуудас/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Х-409 дугаартай хөрөнгийн үнэлгээний 445.00 төгрөг гэх тайлан /16 хх 23-25 дугаар хуулас/

 

23. М.М, Г.М нар нь Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар нартай бүлэглэн 2016 оны 07 сарын 17-18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар байрны гадна авто зогсоол дээрх хохирогч М.Ууганбаатарын эзэмшлийн 15-85 УНП улсын дугаартай “Тоёота  ланд 100” маркийн тээврийн хэрэгслээс аялалын хайрцаг, аяны хөнжил, хийлэг гудас, чийг нэвтэрдэггүй гудас, аяны майхан, аяны сандал, авто машины цахилгаан өргөгч, энгийн өргөгч, авто машины татлага, ачаа бэхлэгч резин, ком багаж, бэлэн 85.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед Г.Мийн сэжигтэнээр өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 18-ны шөнө хөдөлгөөн нилээн багассан үед 01 цагийн орчимд явж байгаад Ардын эрхээс гар өргөөд зогсож байсан саарал өнгийн Приус 20 маркийн автомашин зогссон. Тэгээд Нүдээ гэдэг хочтой хүүхэд таксинд тохироо хийх гээд орж ярилцаж сууж байгаад болчихлоо гээд дуудсан. Таксины жолооч нь настайвтар хар царайтай ах байсан юм. Тэгээд Нүдээ, Сэргэлэнбаатар, Төгөлдөр бид 4 явсан. Би урд талын суудалд нь сууж явсан ба Чингэлтэй дүүрэг 2-р хороо Пума 56-р байрны авто зогсоол дээр буюу Компьютер ландын хойно байх нэг автомашиныг ухъя гээд Төгөлдөр, Нүдэн хоёр буугаад явсан ба Сэргэлэнбаатар бид 2 хүн хараад машиндаа үлдсэн юм. Тэгээд байж байтал удалгүй Нүдээ, Төгөлдөр том майхан, аяны урт улаандуу өнгөтэй хайрцаг хийлдэг гудас гэх мэт эд зүйлс авчирсан ба аяны хайрцаг дотор дүүрэн эд зүйлс байсан юм...”гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

- хохирогч М.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны Фума 55 байрны гадна зогсоолд тавьчихаад зусланд байж байгаад 16-ны өдөр ирэхэд зүгээр байсан. Тэгээд буцаж яваад 18-нд ирэхэд миний 15-85 УНП улсын дугаартай Ланд-100 маркын машины хойд цонх хагарч, эд зүйл алдагдаад цагдаа нар шалгаж байсан...камерын бичлэг шүүж үзэхэд нэг Приус 20 маркын машинтай хэдэн залуучууд хулгай хийгээд машиндаа суугаад яваад өгсөн бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг / 12 хх-82 дугаар хуудас/,

- гэрч Э.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнө 02-03 цагийн хооронд 18-19 настай болотой хүүхдүүд орж ирээд ундаа аваад талх идэж зогсож байгаад лагрераас орж ирлээ эгчээ майхан, платика тавичихья 2 цагийн дараа ирээд авъя гэхээр нь үгүй гэсэн чинь эгчээ гэр цоожтой байна гээд гуйгаад байхаар нь тавиулсан. Тэгээд 5 цаг өнгөрч байхад буцаж ирээд юмаа аваад явцгаасан. Нэг нь нэлээн бүдүүн махлаг бор царайттай хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /12 хх 78-79 дүгээр хуудас/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 хх 70-74 с/

- эд зүйлийн үнэлгээ /12 хх 84-85 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

24. М.М нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55Б байрны урд талд байрлах хохирогч П.Алтантуяагийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 609,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч П.Алтантуяагийн “2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 07 цагт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байх 55 Б байрны хажуу талд байдаг манай хүнсний мухлагийн цонхоор хулгай орсон байна гэдгийг мэдээд 102-т дуудлага өгсөн. Манай дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдээд орж лангуун дээр байсан хүнсний бүтээгдэхүүн болон тамхи, утасны нэгж зэргийг хулгайлан авсан байсан” гэх мэдүүлэг /4хх-н 55-56/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-н 14-15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх-н 14-21/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-18-414 дугаартай  үнэлгээний тайланд 19 нэр төрлийн эд зүйлийг нийт 609,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-н 51/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “ шинжилгээнд ирүүлсэн1, 2, 3, 4, 5, 6, 7 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Папилан санд MN005210009887, MN004810001746, 000ӨРШ02545 дугаарт тус тус бүртгэгдсэн Маньдарын Мөнхтөрийн баруун гарын алгаар 3 гэж дугаарласан гарын мөр, баруун гарын долоовор хуруугаар 4 гэж дугаарласан гарын мөр зүүн гарын эрхий хуруугаар 7 гэж дугаарласан гарын мөр тус тус үүссэн байна” гэх 01/892 тоот дүгнэлт /4 хх-н 66/

- яллагдагч М.Мийн мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 хх-33-34/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

25. М.М нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 9 дүгээр байрны хойно байрлах хохирогч О.Оюундэлгэрийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж нийт 488,590 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч О.Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 9 дүгээр байрны хойд талд Амгалан Аз гэдэг нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө манай дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. 18 нэр төрлийн чихэр, 5 төрлийн шоклад, мөн бохь, печень, зэрэг 650,000 төгрөгний эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /4 хх-н 100-101/,

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн өгсөн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-шөнө Ботаникаас  цааш явж байгаад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн буудлыг урд байрлах ногоон байрнууд орчимулаан өнгийн тоосгон хүнсний дэлгүүрийн дээврийг нь эвдэж ороод . Улмаар дотроос нь лангуун дээр болон дороос төрөл бүрийн шозолад, иштэй чихэр ундаа зарим барааг нь сайн санахгүй байна.Дээрх эд зүйлийг шуудайтай ногоо байхаар нь шалан дээр асгаад шуудай дотор авсан зүйлээ хийж авч явсан...” гэх мэдүүлэг /4 хх- 147/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-н 92-93/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2018  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-18-413 дугаартай үнэлгээний тайланд 32 нэр төрлийн эд зүйлийг нийт 488,590 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх-н 108/,

- яллагдагч М.Мийн мэдүүлэг шалгасан ажиллагааны тэмдэглэл / 4 хх-91-93/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

26. М.М нь 2017 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах З.Хонгорзулын эзэмшлийн “Анд” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг хөшиж вакум цонхыг түлхэн нэвтэрч 2 ширхэг нокиа маркийн гар утас, 6 хайрцаг парламент нэртэй тамхи, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлж нийт 2,738,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны ойролцоогудамжны үзүүрт байх “Анд” нэртэй тоосгон хүнсний дэлгүүрийн гадна талын цонхны хаалт төмөрийг эвдэж цонхоор орж, дотроос нь каасны доор жижиг цаасан хайрцаг дотор байсан 2 сая төгрөг, мөн 3-4 хайрцаг тамхины хамт аваад гарч явсан...” гэх мэдүүлэг /4 хх-218/,

- хохирогч Э.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 00 цагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анд” нэртэй хүнсний дэлгүүрээ хаагаад 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өглөө 07 цаг 40 минутанд буцаж дэлгүүртээ ирэхэд дэлгүүрийн хаалга хэвийн, дотогш яваад ороход дэлгүүрийн эд хогшил болон бараанд ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй. 08 цагт дэлгүүрт хүн орж ирээд худалдаа хийгээд бүхэл мөнгө өгөхөөр нь задгай мөнгөнөөс авч өгөх гээд мөнгөний шургуулгаа татахад дотор нь бэлэн байсан 2.565.000 төгрөг алга болсон байхаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн 4 хайрцаг Парламент тамхи алдагдсан” гэх мэдүүлэг /4 хх-н 178/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх-н 160-161/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх-н 162-165/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2018  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-18-415 дугаартай үнэлгээний тайланд 6 нэр төрлийн эд зүйлийг нийт 173600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 хх-н 182/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

27. Шүүгдэгч М.М нь 2017 оны 9 дүгээр сарын 3-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  АОС-ны 4 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.Наранцэцэгийн “Дашлан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж тамхи хулгайлж 2,520,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь:

 - хохирогч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дашлин дэлгүүрт 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр цонхны хамгаалалт төмрийг эвдэж 3 сая орчим төгрөгийн үнэтэй тамхи хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг  /5 хх-н 78-79/,

- гэрч Н.Должинсүрэнгийн “2017 оны 09 сарын 3-ны орой 00 цагийн үед дэлгүүрээ хаагаад өглөө 08:20 минутын үед сэрээд хартал манай дэлгүүрийн жижиг цонхоор хулгай орж тамхи хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5 хх-н 91/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх-н 67-66/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 хх-н 67-71/,

- хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-н 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18ЦХ/32 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд нийт 20 нэр төрлийн тамхи нийт 2,520,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5 хх-н 82-85/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

           

28. Шүүгдэгч М.М нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 26-672 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ц.Баасандоржийн “Их-Уул хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, тамхи, үүрэн холбоон операторын нэгж, бэлэн 228.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.466.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ц.Баасандоржийн “Манай Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-672  тоотод “Их-Уул” дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан. Өглөө 08 цагийн үед дэлгүүр дээрээ иртэл цонх онгорхой байсан. Алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд  лангуун дээр өрөөтэй байсан 7 нэр төрлийн 185 ширхэг тамхи алдагдсан. Мөн 561.000 төгрөгний 4 үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 200.000 төгрөг алдагдсан” гэх мэдүүлэг /8 хх-111-112/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8 хх-105/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-106-108/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-356 дугаартай хөрөнгийн үнэлгээний 789.000 төгрөг гэх тайлан /16 хх 76-78 дугаар хуудас/ ,

- “Дамно” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн НЦУГ-19-250 дугаартай тамхины449.450 төгрөг гэх үнэлгээний тайлан /17 хх-61-63/

- яллагдагч М.Мийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /8 хх-116/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууддаар,

 

29. Шүүгдэгч М.М нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 14-633 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонбаяр гэрээс скай маркийн хар өнгийн гар утас, ямаха маркийн саарал өнгийн гар утас, Самсунг маркийн хар өнгийн гар утас, Кён маркийн хар өнгийн гар утас, Самсунг 352611549 маркийн хар өнгийн гар утас, Эл жи маркийн цагаан өнгийн гар утас, хар оосортой бугуйн цаг, бэлэн 20.000 төгрөг, хохирогч Ц.Цэцэгбаяр гэрээс Самсунг маркийн 49 инчийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 540,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

 - хохирогч Ц.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай гэрээс Ску маркийн хар өнгийн гар утас, Ямахаа саарал өнгийн гар утас нэг ширхэг, Самсунг маркийн гар утас нэг ширхэг,  ЛЖ маркийн гар утас  нэг ширхэг, хар өнгийн бугуйн цаг нэг ширхэг алдагдсан. Дээрх эд зүйлээ хүлээн авлаа...” гэх мэдүүлэг /2 хх-165-166/,

- гэрч Ж.Ялалтын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед Мөнхөө ганцаараа гараад явсан байсан. Тэгээд 1 цагийн дараа зурагт тэврээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг /2 хх-167-168/,

- гэрч М.Дамдиндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нүдэн гэх залуу толгойгоо угааж байсан тэр үед би, чи хайчих гэж байгаа юм бэ гэж асуухад гэртээ хариад ирье гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш цаг гаран болоод нэг зурагт тэврээд манай гэрт ороод ирсэн...” гэх мэдүүлэг /2 хх-169/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-н 148-153/,

- яллагдагч Б.Бямбадоржоос эд зүйл хураан авсан тэмдэглэл 2 хх-155/

- хохирогч Ц.Цэцэгбаяр, Ц.Отгонбаяр нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-н 156/,

- хохирогч Ц.Цэцэгбаярын “...Эд зүйлээ шалгахад 40 инчийн Самсунг маркийн зурагт байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг / 2 хх-19-20/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5518 дугаартай “...адилтгалын шинжилгээнд тэнцэж байгаа 4а дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд МИ000310008204, МИ0052100009887, МИ0048100001746, МИ0000ӨРШ02545 дугаараар Мантдарын Мөнхтөр нэрээр нийт 4 удаа бүртгэгдсэн байна гэх дүгнэлт ...” /2 хх-173/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-344 дугаартай хөрөнгийн үнэлгээний 520.000 төгрөг гэх тайлан /16 хх 70-72/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

30. Шүүгдэгч М.М нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 21-453 тоотод байх нийтийн байрны 3 тоотод байрлах хохирогч Б.Отгонжаргалын амьдрах өрөөнөөс монетон ээмэг, бөгж, гинж, цаа бугын арьсан гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 905.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт  үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “тухайн өдөр би 11 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожлоод гарсан. 11:40 минутын орчим гэртээ буцаж ирэхэд өрөөний цоожийг авчихсан өрөө онгорхой байсан. Гэртээ ороод юмаа бүртгэж үзэхэд миний цаа бугын гутал, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэх мэдүүлэг /3 хх-н 194-195/,

- гэрч Ж.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад коридорт байсан угаалгын машин дотроос юм авах гээд гарч ирсэн чинь манай хажуу талын айлын хаалганы цоожийг хар хөх өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн билүү хөх өнгийн билүү өнгийг нь сайн санахгүй байна малгайтай цамцтай 27 орчим насны 160 орчим өндөр цэвэрхэн бордуу царайтай шулуун өндөр хамартай нэг оосортой бараан өнгийн цүнх хажуудаа үүрсэн эрэгтэй хүн оролдоод зогсож байсан” гэх мэдүүлэг /3 хх-н 196/,

- гэрч Б.Бэхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “тэр өдөр Мөнхтөртэй Нарантуул-2 захын урд амьдарч байсан нийтийн байрнаас гараад доошоо алхаж явж байгаад замын хажууд байсан ногоон өнгийн 2 давхар нийтийн байр луу Мөнхтөр хүнтэй уулзаад гараад ирье чи түр хүлээж бай гэхээр нь гадаа үүдэн дээр хүлээгээд зогсож байсан чинь удалгүй цүнх үүрсэн гарч ирсэн. Тэгээд доошоо алхаж байгаад унаанд суугаад Бөмбөгөр дээр буугаад тэр хавиар явж байгаад алт мөнгөний дарханд монетон ээмэг, бөгж зүүлтийг 300,000-д төгрөгөөр зарсан санагдаж байна. Надад хэлэхдээ хулгайн эд зүйл биш гээд байсан” гэх мэдүүлэг /3 хх-н 205/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-н 182/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-н 183-184/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЧД2-219 дугаартай үнэлгээний тайланд цаа бугын гутал, монетон ээмэг бөгжийг нийт 690,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх-н 215/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн НЦГ19-173 дугаартай үнэлгээний тайланд гинж 214.200 төгрөг гэх үнэлгээний тайлан / 16 хх-н 217-218/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

  

31. Шүүгдэгч М.М нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Баярмаагийн “Ханбүргэд” хүнсний дэлгүүрийн цонхоор цонхоор орж тамхи, шоколад, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь :

 - мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Надад сансгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийг үйлдсэн нь үнэн” гэх мэдүүлэг /8 хх-56/,

- хохирогч О.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 17-ны өөр 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед дэлгүүрээ онгойлгосон чинь дэлгүүрийн хамгаалалтыг эвдээд Марал бороо10 ширхэг, Майд сэвэн 11 ширхэг, Сигар7 ширхэг, Парламент 24 ширхэг, нарийн Лд 21 ширхэг, бор Лд 11 ширхэг, клуб  Лдд 9 ширхэг, саарал ЛД 14 ширхэг, Эссэ 10 ширхэг, ченж эссэ 10 ширхэг сэнстэй вэст 10 ширхэг, кент 10 ширхэг, улаан ввэст 10 ширхэг, алпэн голд шоколад 40 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайд алдсан” гэх мэдүүлэг /8 хх-12-13/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8 хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8 хх-5-8/,

- “Тод” хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/157 дугаартай үнэлгээний тайланд “13 нэр төрлийн тамхи, шоколад нийт 610.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /8хх-н 16-17/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

32. Шүүгдэгч М.М нь 2016 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ү.Цэвэгжавын “Ачит” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж архи, вино, хиам, хуучин Нокиа маркийн гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.688.600  төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ү.Цэвэгжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 07 дугаар сарын 10-ны орой 00 цаг болж байхад би дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан юм. Маргааш өглөө нь 09 цаг 30 минутын үед миний таньдаг хүн миний гар утасруу залгаад "дэлгүүрийн чинь арын хаалгыг чинь онгойлгочихсон байна" гэхээр нь би гэрээсээ 5- 6 минутын дараа дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн арын бүргэд хаалгыг хөшиж доороос нь сөхөөд онгойлгосон байдалтай байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад алдагдсан эд зүйлийг бүртгэж үзэхэд олон тооны архи согтууруулах ундаа болон хүнсний бүтээгдэхүүн алга болсон байсан...мөн хоёр гар утас алдагдсан байсан. Нэг утас нь 99204198 дугаартай товчлууртай Нокио маркын гар утас, 89341412 гэсэн дугаартай Самсунг маркын товчлууртай гар утас байсан..." гэх мэдүүлэг /6 хх-н 202/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-н 176-178/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-н 176-182/,

- яллагдагч М.Мийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл /6 хх-н 196-198/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-350 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...архи, вино, хиам, гар утас 1.508.600 төгрөг...” гэх тайлан /16 хх 45-48 дугаар хуудас/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Х-407 дугаартай хөрөнгийн үнэлгээний 180.000 төгрөг гэх тайлан /16 хх 19-21 дүгээр хуудас/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-350 дугаартай хөрөнгийн үнэлгээний 1.508.600 төгрөг гэх тайлан /16 хх 19-21 дүгээр хуулас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

33. Шүүгдэгч М.М нь 2016 оны 07 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лабортарийн автобусны буудал орчим байралдаг хохирогч А.Ерканатын эзэмшлийн “Заяа” нэртэй ТҮЦ-нд нэвтрэн орж 50 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж, нийт 1.192.,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн сэжигтнээр өгсөн "...2016 оны 07-р сарын 15-16-ны орчим яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. 02 цагийн орчим СХД-н 29-р хороо ертөнцийн зүгээр зүүн талын Лаборторын автобусны буудал дээр байрлах цагаан өнгийн доод хэсгээрээ бор хүнсний мухлагын ертөнцийн зүгээр хойд тал руу харсан ханыг цаасны хутгаар цөмлөн орж дотроос нь бэлэн 600.000 орчим төгрөг бас чихэр печень шүдэнз зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг авсан. Тэгээд би хулгайлсан эд зүйлээ аваад тэр шөнөдөө явуулын 2, 3 хүнд хямдхан зарсан. Үнэ тохиролцоод хүмүүсийн хэлсэн үнэд нь өгчихсөн юмыг хэдэд зарсанаа сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /6 хх-н 235/,

- хохирогч А.Ерканатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 07 дугаар сарын 14-нд 00 цагийн орчим би СХД-н 29-р хороо Лаборторын Автобусны буудал дээр ажиллуулдаг Заяа нэртэй ТҮЦ-ээ хаагаад гэртээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчим ТҮЦ-ээ онгойлгоход ертөнцийн зүгээр баруун талын ханыг цөмлөн хулгайч орсон байхаар нь би оролгүйгээр шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Биет 600,000 төгрөг бэлнээр болон бараанууд алга болсон..." гэх мэдүүлэг /7 хх-н 9-11/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-н 223-224/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-н 223-226/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-351 дугаартай хөрөнгийн үнэлгээний 592.000 төгрөг гэх тайлан /16 хх59-62 дугаар хуудас/ ,

 

34. Шүүгдэгч М.М нь 2016 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лабортарийн автобусны буудал дээр Д.Алтанхундагийн эзэмшлийн “Баянзүрх” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 4 нэр төрлийн эд зүйл хулгайлан нийт 994,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн сэжигтнээр өгсөн: "...2016 оны 07 сарын сүүлээр 26-27 орчим санагдаж байна 02 цагийн орчим СХД 29-р хороо ертөнцийн зүгээр зүүн талын лабораторын автобусны буудал дээр байрлах миний урд нь ухсан хүнсний мухлагийн яг хажуу талын бор өнгийн хүнсний мухлагийн ертөнцийн зүгээр хойд баруун талруу харсан ханыг арын төмөр хашааны завсараар цаасны хутгаар цөмлөн орж дотроос нь Алпен голд шоколад Мерсигийн шоколад бас нэг жижиг набор 2 ширхэг нокиа гар утас бас Юнител скайтелийн 300-400 мянган төгрөгний нэгж байсныг нь аваад гарсан. Тэгээд хотын төврүү такси барьж яваад хөдөө аж ахуйн автобусны буудал дээр буугаад тэр хавьд төв зам дагуу зогсож байгаад нэг танихгүй ахад хулгайсан бүх зүйлээ 300.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд би буудал орж хоноод маргаашнаас мөнгөө үрээд дууссан..." гэх мэдүүлэг /7 хх-н 21-22/,

- хохирогч Д.Алтанхундагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2016 оны 07-р сарын 26-нд 23 цагийн орчим СХД-н 29-р хороо лаборторын автобусны буудал дээр байрлах өөрийн ажиллуулдаг ТҮЦ-ийг хаагаад хаалга үүдээ цоожлоод гэртээ харьсан. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн орчимд манай эхнэр Билгээ ТҮЦ-ээ онгойлгохоор очоод надруу залгаад ТҮЦ-нд хулгай орсон байна гэхээр нь би яваад очсон. Намайг очиход ТҮЦ-ний хойд ханыг цөмлөж орсон байдалтай байсан. Тэгээд би дотогш оролгүйгээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Алпен голд шоколад 54 ширхэг, тус бүр нь 1800 төгрөгний үнэтэй. Мерси набор 5 ширхэг тус бүр нь 9000 төгрөгний үнэтэй, Топпе набор 3 ширхэг тус бүр нь 4000 төгрөгний үнэтэй, Нокиа гар утас 2 ширхэг тус бүр нь 20,000 төгрөгний үнэтэй Скайтел Юнителийн 400,000 төгрөгийн нэгж алдагдсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй..." гэх мэдүүлэг /7 хх-н 17-18/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-н 241-242/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-н 241-244/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-348 дугаартай хөрөнгийн үнэлгээний 594.200 төгрөг гэх тайлан /16 хх 55-57 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

35. шүүгдэгч М.М нь 2016 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Номин-Эрдэнийн “Видан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтрэн орж бэлэн 500,000 төгрөг хулгайлж, хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн сэжигтнээр өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн оройн 22 цагийн үед Цагдан хорих 461 дүгээр хорих ангиас гарч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж мөрдөн байцаагч Мөнхжаргалд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, оргон зайлахгүй гэж нь баталгаа гаргаж өгсөн. Тэгээд оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс гараад такси барьж 25 дугаар эмийн сангийн орчим ирсэн. Тэгээд Орхон худалдааны төвийн хажуугаар гараад орон сууцны дундуур явж байхад байрны буланд шилэн цонхтой жимсний дэлгүүр байсан. Тэр дэлгүүрийн гаднах төмөр торон хашааны дээгүүр ороод цонхыг нь хагалж орсон. Тэр дэлгүүр дотор ороход жимсний дэлгүүр байсан. Тэгэхээр нь кассны машинд нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь кассны машиныг онгойлгоод дотор нь байсан бэлэн 500.000 төгрөгийг авсан ..." гэх мэдүүлэг /7 хх-н 61/,

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн яллагдагчаар өгсөн: “...Дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /7 хх-73/,

- хохирогч М.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед намайг ажил дээр байхад Видан дэлгүүрийн худалдагч Ананд надруу залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Видан дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн гаднах цонх хагарчихсан байсан. Дуудлагаар ирсэн цагдаа нарын хамт дэлгүүртэй орж алдагдсан эд зүйлээ шалгаж үзэхэд өмнө өдрийн дэлгүүрийн орлого болон бэлэн 500,000 төгрөг алдагдсан байсан. Өөр алдагдсан эд зүйл байгаагүй. Сүүлд Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд тооллого явуулахад 50,000 төгрөгний бараа дутсан байсан. Гэхдээ энэ дутсан барааг хулгайлан авч явсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манай дэлгүүрийн худалдагч дутаасан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манай дэлгүүрээс бэлэн 500.000 төгрөг алдагдсан байсан. Харин хагарсан цонхны үнийг нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг /7 хх-н 57-58/,

- гэрч Э.Анандын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2016 оны 10 сарын 25-ны орой 19 цагт дэлгүүрээ хаагаад 26-ны өглөө 10 цаг 40 минутанд ирэхэд зүүн тал цонхны салхивчны шилийг хагалсан, онгойсон байхаар нь хаалгаа онгойлгоод орж мөнгө хийсэн кассын доорхи шургуулгыг татаж үзэхэд мөнгө алдагдсан байсан тул цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /7 хх-н 47-48/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх-н 38-40/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх-н 38-45/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,      

 

36. Шүүгдэгч М.М нь 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч А.Батсайханы мужааны цехээс 2 ширхэг цахилгаан хөрөө хулгайлж нийт 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны үед М.Мийн гэрчээр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын сүүлээр би үүрээр 06 цагийн үед Цайз захын хажууд  байдаг манай найз Дөлгөөний ахынх нь мужааны цехийн дээврээр орж мужааны багажнууд авсан. Би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг / 3 хх-21-22/,

- хохирогч А.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2016 оны 09 сарын сүүлээр хөдөө ажилтай болоод Цайз зах дээр ажиллуулдаг мужааны цехээ дүү Дөлгөөнийг ажиллуулж байгаарай гээд орхиод явсан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орчим ирээд мужааны цехээ ажиллуулж байхад 2016 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа градустай хөрөөнүүд хэрэг болоод цехэд хайхад олдоогүй. Тэгээд цехийнхээ камерыг шүүж үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнийн 00:10 минутын орчим үл таних цагаан өнгийн хойд хэсэгтээ Адидас гэсэн бичиглэлтэй куртиктэй залуу миний градустай хөрөөг аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /3 хх-н 23/,

- гэрч Г.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Батсайхан ахын цехээс том градустай хөрөө алдагдсан гэж байсан. Намайг ажилладаг байхад Мөнхтөр болон Сэргэлэнбаатар нар миний ажилд тусалдаг байсан...” гэх мэдүүлэг  /3 хх-н 25/ мөн “камерын бичлэгт байгаа хүн Мөнхтөр мөн байна. 2009 оноос хойш 2, 3 жил гадуур тэнэдэг байхдаа таньдаг болж найзалж байгаа, нүүрний хэлбэр, нуруу нь бөгтөр, нүдний хонхороор нь таньж байна” гэх мэдүүлэг /3 хх-н 27/,

- Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз модны захын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “00:13 минутанд модны цехийн дотор талын камерыг дээш нь өргөх ба цагаан цамцтай 20 орчим насны халимаг үстэй залуу орж ирсэн. Цехийн зүүн хойд өнцөгт байрлах хэсэгт очиж 30 орчим секунт юм тэмтэрч үзээд зүүн тийш эргэж хөрөө байрласан газраас хөрөөг тэврэн авч цонхоор хөрөө гаргаж байна” гэх тэмдэглэл /хх-н 3 хх-н 19-20/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Х-345 дугаартай хөрөнгийн үнэлгээний 550.000 төгрөг гэх тайлан /16 хх 51-54 дүгээр хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

37.  Шүүгдэгч М.М, Б.С нар нь Н.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гангар инвест” ХХК-ны барилгын хашаанаас учрах саадыг арилгах зорилгоор 83-20 УБЦ улсын дугаартай “Хюндай Аксент” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 26 ширхэг сапуд төмөр хулгайлж 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь:

- хохирогч Н.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2016 оны 06-р сарын 12-ны шөнө хэсэг хүмүүс манай барилгын хашаанд хураасан байсан барилгын тулгуур төмөр /Сапуд/-ийг хулгайлж байгаад 1 нь үйлдэл дээрээ баригдсан. Хулгайч нар шар өнгийн Аксерт машинтай явсан бөгөөд багажиндаа сапуд ачиж байгаад баригдсан. Манай барилгын хашаанаас 26 ш сапудыг хулгайлж ачсан байсан. Би алдагдсан 26 ширхэг сапудыг бүрэн бүтэн буцааж хүлээж авсан байгаа. Нэг ширхэг сапуд нь 40.000 төгрөгний үнэтэй байдаг юмаа...” гэсэн мэдүүлэг /11 хх 46 дугаар хуудас/,

- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 35 дугаар хуудас/,

- гэрэл зургийн үзүүлэлт /11 хх 36-37 дугаар хуудас/,

- эд зүйл түр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /11 хх 40 дүгээр хуудас/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / 11 хх 41-43 дугаар хуудас/,

- эд зүйлийн үнэлгээ /11 хх 47 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

  38. Шүүгдэгч М.М нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамба 3 дугаар гудамжны задгайд оршин суух хохирогч О.Отгонбаатарын Монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “Самсунг” маркийн зурагт, 4 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлан 530.000 төгрөгийн учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч О.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, хамба 3 дугаар гудамжны байх гэрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс Самсунг маркын зурагт, мөнгөн бөгж 4 ширхэг алдагдсан....” гэх мэдүүлэг / хх- /,

- гэрч Зургаадайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ач охин  Б.Үүрийнтуяа орж ирээд дүүг харж байгаач би банк орж  карт захиалаад ирье гээд явсан. Тэгээд 15 цагийн үед буцаж ирээд эмээ гэрт хулгай орсон байна гэж надад хэлсэн....” гэх мэдүүлэг /18 хх-87/

- гэрч Б.Оюунзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 онд 42 инчийн Самсунг маркын ЛЕД зурагтыг худалдаж авч байсан. 700.000 төгрөгөөр үнэлж байна. Бөгжийг мөнгөнзавъяа дэлгүүрээс , хархорин захын лангуунаас худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг / 18 хх-89/,

- гэрч Б.Үүрийнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэртээ 11 сартай дүүгийнхээ хамт байж байгаад дүүгээ урд талын хашаанд байх өмөөгийнд үлдээгээд би банкны карт захиалах гээд явахдаа монгол гэрийн үүдний таамбары, цоожлоод доторх гэрийн хаалгыг түгжээгүй орхин явсан.15 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд таамбарын хаалга онгорхой байхаар нь гайхаад ортол зурагт байхгүй , гэрийн доторхийг онгичсон байдалтай байхаар ээжийгээ дуудсан...” гэх мэдүүлэг /18 хх-86/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /18 хх-77-85/,

- “Дамно” ХХК-ны  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн СХД-3-19-808 дугаартай үнэлгээний 5300.000 төгрөгөөр гэх үнэлгээний тайлан / 18 хх-106-18/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

 39. Шүүгдэгч М.М нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сонгохайрхан дүүрэг 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин  хотхоны 79 тоотод хохирогч П.Ган-Эрдэнийн өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 96.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-50, Самсунг Жи- маркийн гар утас, мөн тоотын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Тунгалагийн дэлгүүрээс касс, хэтэвчнээс 180.000 төгрөгийг  хулгайлж, нийт 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч П.Ган-Эрдэнэтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 79 тоотод 2 давхар байшинд амьдардаг ба 1 давхарт нь дэлгүүр ажиллуулж бусдад түрээсэлдэг. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө  03 цаг 50 минутын үед дэлгүүр түрээслэдэг Тунгалаг эгч орилохоор нь сэрээд шатаар доош буухад дэлгүүр  дотроос үл таних бараан хувцастай эрэгтэй хүн гараад гүйхээр нь хулгайч байна гэж бодоод араас нь хөөгөөд гүйцэлгүй алдсан, Тэгээд буцаж гэртээ ороход хүү Цэнгүүн сэрчихсэн жижиг өрөөнд байсан таны 2 гар утас байхгүй болсон байна гэхээр үзтэл цэнэглэгчээс нь салгаад аваад явсан байсан.  Самсунг А-50 Самсунг жи-3 маркын гар утаснууд байсан...” гэх мэдүүлэг / 18 хх-41-42 /,

- хохирогч Т.Тунгалагтуулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Тунгалагтуул Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 79 тоотод дэлгүүр түрээслэн ажиллуулангаа дэлгүүрийн хажуу талын буюу урд талын өрөөнд амьдраад 3 сар болж байна. 2019 оны 09 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө  03 цаг 50 минутын үед дэлгүүрийнхээ урд талын тасалгаанд унтаж байтал нэг хүн дэлгүүрийн хаалга онгойлгоод ороод ирэд шиг болохоор нь босоод цонхоор харах гээд дэлгүүр лүү ортол лангуун доогуур нэг үл таних хүн хэвтчихсэн гэрэл тусгаад юм авч байх шиг байсан. Тэгэхээр нь би айсандаа чанга орилсон. Гэтэл тэр залуу босоод гараад зугтаачихсан. Хайрцаган дотор орлого 130.000 төгрөг бэлнээр, хэтэвч дотор 50.000 төгрөг бэлнээр тус тус аваад явсан. Надаас нийт 180.000 төгрөг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /18 хх -50/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 18 хх-25-27 /

- “Дамно” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн СХД-3-19-788 дугаартай 2  ширхэг гар утасны үнэлгээ 96.000 төгрөг үнэлгээний тайлан / 18 хх-58-59/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

40. Шүүгдэгч М.М нь 2017 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Отгонжаргалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Цолмон бадрах” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлнээр 586.000 төгрөг, Юнителийн 99.000 төгрөгийн үнэ бүхий нэгж, хяналтын камерын ДВР төхөөрөмж зэргийг хулгайлан авч, 733.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч С.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 4 дүгээр гудамжинд “Цолмон бадрах” нэртэй дэлгүүр ажиллуулдаг. 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 23 цаг 20 минутын үед дэлгүүрээ хаагаад өнөөдөр өглөө 9 цагийн үед дэлгүүртээ ирээд онгойлгоод ороход дэлгүүрийн зүүн талын цонхны решотко төмрийг таслаад салхивчаар хулгай орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд лангуун дээр цаасан харцаганд байсан 350.000 төгрөг, мөн мөнгөний цүнхэнд байсан задгай , бүхэл нийлсэн 236.000 төгрөг, “Юнител”-ийн нийт 99.000 төгрөгийн нэгж зэрэг эд зүйлийг алга болсон байсан. Мөн хяналтын камерийн ДВР төхөөрөмжийг хулгайлсан байсан. Манай хойд талын 119 дүгээр байрны СӨХ-ийн дарга Баяраа гэх хүнтэй уулзахад “танай дэлгүүрийн зүүн талын гэр хороололд хашаандаа 3 гэртэй айл байдаг юм тэнд байдаг хүмүүс урьд  нь манай энэ хавиар хулгай хийж байсан” гэж хэлсэн гэсэн. Мөн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай худалдагч Сүхтогоогийн охин Хишигзаяа нь дэлгүүр дээр байж байхад нэг залуу орж ирээд зайрмаг авч задлачихаад “энэ чинь шалчийчихсан байна, танайх энэнээс илүү зарлага гаргана аа, гэж хэлж байсан гэсэн....” гэх мэдүүлэг /17 хх-232-233 /,

- яллагдагч М.Мийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 17 хх-236-237/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 17 хх-213-219/

- “Дамно” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын №Б31-18-1288 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан  /17 хх-239-240/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

41. Шүүгдэгч М.М нь Б.Азбилэгтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “ЖСКМ” ХХК-ны 2 дугаар давхарын цонхны хаалтыг эвдэн орж, төмөр сейф эвдэж дотор нь байсан алтан бугуйвч, алтан ээмэг, Нокиа маркийн гар утас, гадаадын иргэний 65 паспортыг тус тус хулгайлж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдыг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Маржангулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай компаны менежер Айнагул нь өнөөдөр утсаар яриад манай оффист хулгай орсон байна яах вэ гэхэд цагдаа дуудаж бай одоо очлоо гээд ажил дээрээ иртэл өрөөний хамаг эд зүйлийг онгичоод эвдээд орхисон байсан. Манай өрөөнд байсан 65 гадаадын иргэний пасспорт /Өмнөд Судан, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхжг, Пакистан, Бангладеш, Ирак/, мөн миний ширээний шургуулганд байсан 22 каратын алтны хослол /хүзүүний зүүлт бугуйвч, ээмэг, бөгж/ нийлээд 1000 орчим доллар байгаа байх, мөн тусдаа байсан цэцгэн хэлбэртэй бөгж 2 ширхэг, мөн унждаг алтан ээмэг зэрэг нь 700 орчим доллар, хайрцагтай “Нокиа” гэсэн бичигтэй хар өнгийн гар утас нэг ширхэг байсан ба үүний үнийг сайн мэдэхгүй байна. Эдгээр зүйлс алга болсон. Манай байгууллагад өмнө нь халдлага болж байгаагүй, надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Хяналтын камер нэг давхарт байгаа ба манай оффист байхгүй. Манай компани гадаад харилцаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Надад эд зүйлийн ямар нэг зураг байхгүй. Хослол нь толь шиг гялтгар, ямар нэг хээ, хуар байхгүй, толин, нэг бөгж нь бөөрөнхий дээр 3 даймонд шигтгээтэй, ээмэг нь унжгар бүдүүн сүлжмэл юм шиг харагддаг. Харин гар утас нь “Нокиа” хар өнгийн шинэ утас байгаа бөгөөд ашиглаагүй, миний харснаар сөхөж нээгддэг байсан байх, би гомдолтой байна” гэх мэдүүлэг /17 хх-109-110/,

- хохирогч Маржангул мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Манай компани 2005 онд байгуулагдаж гэрчилгээгээ авч 2010 оны үеэс аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гадаадаас ирээд долоо хоногийн дотор гадаадын иргэн, харьяатын газар бүртгүүлдэг юм. Тэгээд хөдөө явахдаа хаячихаж магадгүй гэж болгоомжлоод нотариатаар баталгаажуулаад хувийг нь аваад явдаг юм. Хурааж авсан зүйл байхгүй. Өөрсдөө паспортоо хадгалуулдаг юм. Тэнд байсан цэцгэн хэлбэртэй бөгжийг Мубарак гэх Арабын эхнэр надад бэлэглэсэн. Мөн тэнд байсан 4 ширхэг хосыг би өөрөө Дубайгаас 2018 онд худалдаж авч байсан ба үлдсэн нэг бөгжийг Сыр улсын иргэн Мишээл гэх хүн 2019 оны 8 сард ирэхдээ манай эхнэр өгч байна гэж хэлээд өгсөн. Одоо нутагруугаа буцсан байгаа. Дээрхи утасны хайрцаг сав нь имэй код байхгүй” гэх мэдүүлэг /  17 хх-112-113/,

- гэрч С.Айнагулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ажлын байрандаа буюу “ЖКСМ” ХХК-ын 2 давхарын албан тасалгааны өрөөнд 13 цаг 50 минутанд ирэх үед миний өрөөнд хамаг эд зүйлийг бусниулсан, өрөөний цонх онгорхой байсан. Тус өрөөнд би захирал Маржангүлтай хамт суудаг юм. Тэгээд үзтэл хулгай орсон байсан тул цагдаагийн байгууллага болон захирал Маржангүлыг дуудсан юм. Тус өрөөнд миний ямар нэгэн зүйлс байхгүй ба байгууллагын эд зүйлс л байдаг юм. Тус өрөөнд би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн орой нь ирээд өрөөндөө орчихоод гарсан. Надаас сүүлд хүн дахин ороогүй” гэх мэдүүлэг / 17 хх-114-115/,

- гэрч Ч.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай дүү Уянга машин хэрэглэхгүй үедээ надад машинаа өгч таксинд явуулдаг. Би таксинд явж олсон мөнгөө ах болон дүүдээ өгдөг. Би 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 06 цаг 50 минутын орчим ЧД-ын 2 дугаар хороо 12 дугаар байрнаас таксинд гарсан. Би байрны урдаас хөдлөөд Бөмбөгөр худалдааны төврүү эргэдэг нэг чигийн хөдөлгөөнтэй замын үзүүр дээрээс 2 банди суулгаад Баянбүрдийн тойрог өнгөрөөд Дэнжийн-1000 явах зам дээр буулгаад цааш явсан. Гаднаас нь харахад хоёулаа бор царайтай өмсөж явсан хувцас нь халтар, архи дарс уудаг, 27-30 орчим насны залуус байсан. Нэг залуу нь миний хажууд нөгөө залуу нь ард суудалд суусан. Хоорондоо юм ярьж байсан ба юу ярьж байсныг нь сайн санахгүй байна. Тэр хоёр миний машинд 3 орчим минут явсан байх. Надад 1000 төгрөг өгөөд буух газраа буусан. Би буулгасан газраа санаж байна, зааж өгч чадна” гэх мэдүүлэг /17 хх-16-17/,

- “Дамно” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЧД-1-19-135 дугаартай нийт үнэ 2.994.800 төгрөг гэх үнэлгээний тайлан / 17 хх-184-186 / болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

42. Шүүгдэгч М.М нь 2019 оны 10 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангийн орчим Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн 1911025351027 дугаар хэрэгт сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид хүргэж өгөх үед хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Баярболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ажилтай ба миний шалгаж байгаа эрүүгийн 1911025351027 дугаартай хэргийн сэжигтэн М.Мийг 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд жижүүрийн прокурорт танилцуулан 48 цагаар баривчилсан. Ингээд уг хүндээ үзлэг хийгээд тогтоолоо танилцуулаад тасгийн жолооч цагдаа Н.Аюуш, дадлагын оюутан Сарангэрэл болон Гэгээнтуяа нарын хамт цагдан хорих 461 дүгээр ангид хүргэж өгөхөөр явсан. Ингээд явсаар байгаад 0461 дүгээр ангийн гадаа машинтайгаа ирээд зогссон. Тухайн үед сэжигтэн М.Мийн гарын хойд талд нь гаргааж гавласан байсан ба машинаас буулгах үед жолооч Аюуш хаалга онгойлгож Мөнхтөрийг буулгасан, тэгээд машиныхаа хаалгыг хаах үед Мөнхтөр цаашаа харанхуй руу чиглээд 4 дүгээр цахилгаан станцын чиглэлд гүйсэн. Би гүйж байгааг хараад араас нь хөөж гүйсэн тэгтэл 20-30 метрийн зайд Мөнхтөр гүйж байгаад гартаа байсан гаваа тайлаад шидсэн. Би араас нь хөөсөн ингэж хөөцөлдөж байхад мөнхтөр 2 удаа бүдэрч унасан энэ үед нь би хөөж гүйцэж барьж авах үед Мөнхтөр газраас чулуу авч миний толгойруу шийдсэн боловч оноогүй, тэгээд надруу хараад зогсож байх үед нь жолооч Аюуш араас нь ирээд Мөнхтөрийн гарнаас бариад авсан. Тухайн үед Мөнхтөр эсэргүүцэж Аюушийг цохих гэхэд нь би түүний гараас барьж аваад доош нь өвдөгөөр тулуулж газар суулгасан. Тэгтэл Мөнхтөр үргэлжлүүлэн газраас дахин чулуу авч миний баруун гар луу 2 удаа цохисон. Тэгэхээр нь би гарыг барьж авах үед баруун зүүн гарын эрхий хуруу орчмоос хазсан. Тэгтэл Аюуш дундуур орж гарыг маань салгаж авах үед Мөнхтөр газраас дахин чулуу аваад өөрийнхөө духруу цохиж эхэлсэн. Тэгээд уг үйлдлийг зогсоох гээд гарыг нь бариад автал миний барьсан гарнаас өөрийнхөө гарыг салгаж аваад миний эрхтнээс базсан тэр гарыг хориглоод бариад авахад толгойгоороо цохиж мөргөх оролдлого хийсэн.Тэр үед дадлагын оюутан Гэгээнтуяа газар шидсэн байсан гавыг хайж олоод авчирж өгөөд уг гаваар гавлаж авч явсан...” гэх мэдүүлэг  / 18 хх-166-167/,

- гэрч Н.Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Хорих 461 дүгээр ангийн гадаа ирж зогсоод Баярболп буугаад би хаалга онгойлгож өгөөд хаалга хаагаад эргээд харахад саатуулагдах гэж байсан мөнхтөрийг буулгасан. Тэгээд машиныхаа хаалгыг хаах үед Мөнхтөр цаашаа 4 дүгээр цахилгаан станцын чиглэлд гүйсэн. Баярболд бид 2 ар араасаа цувраад хөөсөн тэр үед Мөнхтөрийн ар талд хоёр гарт нь зүүсэн гавыг тайлж шийдсэн. Тэгээд гүйж байхад харанхуйд Мөнхтөр унаад босоод гүйх гэхэд Баярболд гүйцэж очоод барих үед би бас очоод бариад авсан. Мөнхтөр эсэргүүцэж газраас чулуу авч шидсэн бас эсэргүүцээд газраас чулуу аваад шидэх цохих үйлдэл хийсэн. Би тэврээд ар нуруунаас нь бариад авахад өөрийнхөө гартаа байсан чулуугаараа өөрийнхөө толгой нүүрлүү хэд хэдэн удаа цохиод авсан Баярболд хажуунаас чулууг нь хаяулах гэж ноцолдсон....” гэх мэдүүлэг / хх-171-173/,

- гэрч Гэгээнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Жолооч эхэлж бууж ирээд хойд талын хаалгыг онгойлгоод Мөнхтөрийг   буулгахад Баярболд мөрдөгч машинаас буугаад ирэх хооронд Мөнхтөр ертөнцийн зүгээр хойш ТЭЦ-4 цахилгаан станцын чиглэлтэй зугтаасан. Араас нь Баярболд мөрдөгч, цагдаа Аюуш гүйсэн. Би араас нь хэсэг гүйж байгаад болиод араас нь алхсан. Гадаа тухайн үед үзэгдэх орчин харанхуй байсан. Биалхаад явж байхдаа газраас гав олоод гаваа тайлаад зугтаасан байна гэж ойлгосон. Овоолсон шорооны тэнд Мөнхтөр уначихлаар нь би баригдчихлаа гэж бодоод алхаад очиж байтал Баярболд хашгираад нэг тусламж дуудаад ир гавтай хүн дуудаарай гээж хэлэх шиг болсон. Би гав олчихлоо газраас гэхэд хүрээд ир гэсэн. Сарангэрэл харин 461 дүгээр анги руу хүн дуудахаар явсан. Намайг очиход овоолсон шорооны тэнд Мөнхтөр доошоо хараад хэвтчихсэн дээр нь Баярболд дараад нэг гарыг нь барьчихсан Мөнхтөр харин нөгөө гартаа алганы чинээтэй том саарал өнгийн чулуу барьчихсан гараараа хойш савчаад мөрдөгч Баярболдыг цохих гээд байсан. Баярболд харин оногдоогүй Аюуш цагдаа харин хөлийг нь дарчихсан байсан. Би чулууг авах гэхэд хүч хүрэхгүй тавихгүй байсан... гэх мэдүүлэг / 18 хх-175-176/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын шинжээчийн  2019 оны 10 дугаар сарын 30ны өдрийн 13140 дугаар “...Б.Баярболдын биед 2 хөлний алганд эдгэрч эхэлсэн соривнуудтай гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт / 18 хх-183-184/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

43. Шүүгдэгч М.М нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, харуул хамгаалалттай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байх үедээ 2018 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 06 цагаас өдрийн 14 цаг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- гэрч Д.Өлзийдалайгийн “...Мөнхтөр нь гадны биет залгисан асуудлаар Улсын төв нэгдүгээр эмнэлгийн шулуун, бүдүүн гэдэсний мэс заслын тасагт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орсон. Тэр өдрөөс Мөнхтөрийн мөрдөгч Бат-Эрдэний хамт 24 цагаар сахиж байсан. 2018 оны 02 сарын 12-ны өглөө 06 цаг 30 минутын орчим мөрдөгчийн бага хүүхдийнх нь бие өвдөж байна гээд гэр лүүгээ явсан хойгуур 6 цаг 50 минутын орчим үед орон дээр баруун гарыг нь ортой гавлаад 00-н өрөө ороод бие засах хойгуур гаран дахь гаваа мултлан оргон зайлсан байсан. Тэр даруй мөрдөгчид хэлээд эмнэлэг болон ойр орчмоор биечилсэн сурвалжлага хийж эрэн хайхад эмнэлгийн урд талын хаалгаар гараад зүүн тийш яваад зам хөндлөн гарч нэгдүгээр төрөх эмнэлгийн хашаагаар давж зугтаасан байсан. ... түүнийг эрэн сурвалжилж хайсаар Кино үйлдвэрийн арын автобусны буудлын интернэт тоглоомын газраас баривчилсан” гэх мэдүүлэг /1 хх-н 82/,

- яллагдагч М.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд /1 хх-н 100, 103, 108, 113, 118/

- Цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах зөвшөөрлийн хуудас /1 хх-н 53/,

- өвчтөний түүхийн хуулбар /6 хх-н 160-165/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч М.Мийг ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 37 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэргийг олон давтамжтайгаар байнга үйлдэж олсон эд зүйлээ өөрийнхөө амжиргаанд хэрэглэн амьдралын эх үүсвэрээ болгон бусдад хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн,

мөн шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон байхдаа эмнэлгийн тусламж авч эмнэлэгээс оргон зайлсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,

мөн цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэн хорих 461 дүгээр ангид хүргэж өгөх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.М нь бусадтай бүлэглэж нийт 7 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас хохирол учруулсан гэмт үйлдэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө хийсэн байх тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

шүүгдэгч Б.С нь бүлэглэж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт үйлдэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө хийсэн байх тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

шүүгдэгч А.Отгонбаярын ганцаараа болон бусадтай бүлэглэж 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлан авсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

шүүгдэгч Т.Ц нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бямбадоржийг бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль бусаар хулгайлах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

шүүгдэгч Спиряков Григорий Александрович нь бүлэглэж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас хохирол учруулсан гэмт үйлдэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө хийсэн байх тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад зарим хохирогч нарын эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн, шүүгдэгч Г.М, Б.С, Спиряков Григорий Александрович, Т.Ц нар нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд болон хэрэг шүүхэд хянагдаж байх явцад хохирлын мөнгийг тус шүүхийн Тамгын газрын хохирол хүлээн авах дансанд байршуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул Г.М, Б.С, Т.Ц, Спиряков Григорий Александрович нарын дээрх шүүхийн дансанд байршуулсан мөнгийг гаргуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан нэр бүхий хохирогч нарт олгуулж, дээрх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин М.Мөөс нийт 25.668.219 төгрөгийг, А.Отгонбаяраас нийт 2.614.015 төгрөгийг, Б.Бямбадоржоос нийт 681.670 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоолын хавсралт хүснэгт1-д заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан олон давтамжтай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад  үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн төрлийн гэмт үйлдэл хийсэн болох гэмт хэргийн нийгэмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж 3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь харгалзан үзэж түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд тохирох хорих ялыг оногдуулан, оногдуулсан хорих ял бүрийг нэмж нэгтгэн нийт 7 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.М, Б.С нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт үйлдлүүд байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулиар, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдэхдээ  хэдэн үйлдэл оролцоотой болох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргүүдийг нь тус тус харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг тохирох хэмжээгээр нь тус бүр ялгамжтай оногдуулсан болно.

Мөн оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Г.М, Б.С нарыг нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлаггүй гэж үзэн тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэн, хянан харгалзаж шүүх шийдвэрлэв.    

           

            Шүүгдэгч А.Отгонбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, биеийн эрүүл мэндийн байдал болох хувийн байдлыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Т.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролыг төлж барагдуулсан, анх удаа хүнд ангилалын гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, 2 удаагийн үйлдэл оролцоотой, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Спиряков Григорий Александровичийн үйлдсэн гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн гэмт үйлдлүүд байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулиар, мөн шүүгдэгдчийн эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхдээ  хэдэн үйлдэл оролцоотой болох гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргүүдийг нь тус тус харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэж болохоор хуульчилжээ.

Спиряков Григорий Александрович нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. Түүний дээрх үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь заалтад зааснаар хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдээд таван жил өнгөрөөгүй буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж шүүх үзэв.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-нд хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн тул  хэрэгт үйлдээж, хар иштэй сүх 1 ширхэгийг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан болох нь тогтоогдож байх тул  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шүүх шийдвэрлэв.

 

83-20УБЦ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн автомашин нь шүүгдэгч нарын хэн альны эзэмшлийнх биш болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Б 4 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2 удаагийн хулгайн гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.Мийг ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 38 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, нэг удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

5. Шүүгдэгч М.М нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 37 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.М нь бүлэглэж 7 удаагийн давтан үйлдлээр бусдын  эд хөрөнгийг, орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.С нь бүлэглэж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.О нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Ц нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Г.А нь бүлэглэж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

6. М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил,  6 /зургаа/ сар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /жил/ хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

 Г.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял,

Б.Сад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял,

А.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял,

Т.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2/ хоёр/ жил хорих ял,

С.Г.А 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4  дэх хэсгүүдэд заасныг журамлан Г.Мт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял, Б.Санданжамцад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тус хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдийг  журамлан М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 6  /зургаа/ сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

А.О, Т.Ц, Б.Б, С.Г.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Мийн цагдан хоригдсон нийт 1363 /мянга гурван зуун жаран гурав/ хоногийг, А.О цагдан хоригдсон нийт 712 /долоон зуун арван хоёр/ хоногийг, Б.Сын цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг, Б.Б цагдан хоригдсон нийт 155 /нэг зуун тавин тав/ хоногийг, С.Г.А  цагдан хоригдсон нийт 312 /гурван зуун арван хоёр/ хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг баримтлан М.Мөөс нийт 25.668.219 /хорин таван сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг, А.О нийт 2.614.015 /хоёр сая зургаан зуун арван дөрвөн мянга арван тав/ төгрөгийг, Б.Б нийт 681.670 /зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулж, тус шийтгэх тогтоолын хавсралт1 хүснэгтэд дурдагдсан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгосугай.

 

12. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Б.Ц 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байршуулсан нийт 901.400 төгрөгөөс хохирогч В.Буянжаргалд 519.080 төгрөгийг, хохирогч С.Ариунаад 382.320 төгрөгийг, С.Г.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 651.700 төгрөг байршуулснаас хохирогч Н.Тогтохсүрэнд 94.300 төгрөг, хохирогч Ө.Гантулгад 557.400 төгрөгийг, Б.С 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байршуулсан 245.000 төгрөгийг хохирогч О.Үзмээхүүд, Г.Мийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байршуулсан нийт 95.550 төгрөгийг хохирогч Н.Тогтохсүрэнд 94.300 төгрөг, хохирогч Ж.Батхүүд 11.250 төгрөгийг тус тус олгосугай.

 

13. Шүүгдэгч Т.Ц, Г.М нар цагдан хоригдсон хоноггүй, Б.С 14 /арван дөрөв/, Э.М 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, Т.Ц, С.Г.А, Г.М, Б.С нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

14. Т.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.М, А.О, Т.Ц, Б.Б, С.Г.А нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г тус хэрэгт үлдээж, хар иштэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

16. Энэ хэрэгт 83-20УБЦ улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

17. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

18. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.М, А.О, Т.Ц, Б.Б, С.Г.А нарт урьд авсан цагдан хорих, Б.С Г.М, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ

 

                                          ШҮҮГЧИД                               П.АРИУНБОЛД

 

                                                                                             Д.РЕНЧЕНХОРОЛ