Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01194

 

Г А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 741 дүгээр магадлалтай,

Г А ХХК-ийн нэхэмжлэлтэй

М Т  ХХК болон Х Н ХХК-д тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 223.368.484 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 488.477.212 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргал, өмгөөлөгч Н.Наранбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Г А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани 2013 оны 7 сарын 16-ны өдөр Г074/13 дугаар барилгын зураг төслийн болон барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг М Т  ХХК-тай байгуулж гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь 2013 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл Төв аймгийн Архуст сум Ноёншанд нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолборыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 148.912.323 төгрөгийг төлөхийг хариуцагч М Т  ХХК болон Х Н ХХК нарын эрх бүхий удирдлагуудад удаа дараа тавьсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн М Т  ХХК болон Х Н ХХК-ийн удирдлагуудтай 2015 оны 4 сарын 02-ны өдөр Г074/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар харилцан тохиролцож хариуцагч тал 100.000.000 төгрөгийг 2015 оны 5 сарын 15-ны өдрийн дотор гурав хувааж төлөхөөр болж гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгааг үйлдсэн боловч мөн л нэг ч төгрөг төлөлгүйгээр өнөөдрийг хүрч байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 148.912.323 төгрөг, алданги 74.456.161 төгрөг, нийт 223.368.484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргалын шүүхэд гаргасан тайлбарт: Тус компани 2013 оны 7 сарын 26-ны өдөр Г074/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Төв аймгийн, Архуст сум дахь Нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолбор төсөл /Зүчээ, саалийн байр, ангар агуулах, нялх тугалын байр, өсвөр тугалын байрны барилгын суурь, төмөр хийц, инженерийн угсралтын ажил, цахилгаан, хүчит төхөөрөмж, сантехник, цэвэр бохир ус, агаар салхивч, автоматикийн угсралт/-ийн иж бүрэн ажлыг Г А ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээ ёсоор барилгын ажлыг талууд 2013 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн дотор гүйцэтгэж, улсын комиссоор хүлээлцсэн ажлын үр дүнг манай өмчлөлд актаар хүлээлгэж өгөх, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний үнийн дүнд 925.082.703 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч болох Г А ХХК нь барилгын зураг төслийн болон чанар ашиглалтын шаардлагын дагуу гүйцэтгээгүй. Х Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажил хүлээлцэх комисс томилогдож 2013 оны 12 сарын 12-нд гүйцэтгэгч Г А ХХК-ийн захирал М.Ундрахболд болон холбогдох инженер техникийн ажилчидтай хамт барилгыг хүлээн авах хоёр талын комисс уг барилга дээр ажиллан барилгын чанар, хийгдсэн ажлын байдалд 200 үнээний барилгыг хүлээн авах актыг үйлдэж, дүгнэлт гарган хоёр талаас гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн боловч гүйцэтгэгч тал уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд актад гарын үсэг зураагүй байдаг. Тус комиссын дүгнэлтэд Агаар салхивчийн ажил, холбоо, дохиоллын ажил, аянга зайлуулагчийн ажил, барилгын усны хаялга хийгдээгүй, шалны 20 мм зузаантай өнгөлгөөний бетоны ажил гэсэн. Аяган суурь болон төмөр багана хоорондын жийргэвч бетоны ажил, барилгын хаалга болон машин техник орж гарах хаалга маш их засвар орж гарах хаалга зай ихтэй, дотор заслын ажил хангалтгүй, амалгааны шавар хангалтгүй, барилгын хаяавч бетон болон пандусны бетон хөлдсөн зэрэг ажил шаардлага хангахгүй хийгдсэн нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 2015 оны 5 сарын 26-ны өдөр 200 үнээний байранд үзлэг шалгалт хийж барилгын ажлыг гүйцэтгэлээр нь хүлээн авч акт тогтоосон байдаг. Тус актад барилгын чанар байдалтай танилцан дутуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг тогтоон гүйцэтгэгч компанийн захирал М.Ундрахболд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн ажлын явцад цутгасан төмөр бетон хийцүүдэд гүйцэтгэгч компанийн хүсэлт, ШУТИС-ийн барилгын инженер, архитектурын сургуулийн реконстракшн төвөөр үнээний фермийн бетонон шалан дээр бат бэхийн тухай 2013 оны 12 сард дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд ... бетон шал цутгасан ажил чанарын шаардлага хангахгүй байсан бусад хийцүүд шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргасан. Иймд бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх алдаа дутагдал доголдлыг арилгах хүртэл манай компаниас гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг хойшлуулсан болно. Дээрх алдаа дутагдлыг засах, гэрээний үүргээ биелүүлэхийг гүйцэтгэгч талд удаа дараа албан бичгүүд хүргүүлж, шаардлага тавьсан. Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс тугалын хорогдол их гарсан бөгөөд эндсэн тугал нь бүгд уушигны өвчнөөр хорогдсон нь манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

Г А ХХК нь анх гэрээ байгуулах үед барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байсан төдийгүй гэрээний хэрэгжилтийн явцад тусгай зөвшөөрлийг авч тус барилгын ажлын иж бүрэн зургийг мэргэжлийн экспертизээр оруулж баталгаажуулах байсан. Мэргэжлийн экспертизээр хянагдаагүй зургаар баригдсан барилгыг улсын комисс хүлээж авдаггүй болно. Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж улсын комиссоор оруулж хүлээлцсэн ажлын үр дүнг манай компанийн өмчлөлд актаар хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгагдсан болно. Гүйцэтгэгч нь Барилгын тухай хууль болон хоёр талын байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл бидэнд барилгын зураг төслийг ирүүлээгүй, батлагдаагүй зургаар барилгын ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь дутуу болон огт хийгдээгүй, улсын комисс оруулсан ажлын үр дүнг актаар манай өмчлөлд хүлээлгэн өгөөгүй, доголдолтой, агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс тугалууд эндсэн, гэрээт ажлыг гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын гаргасан сөрөг нэхэмжлэлд: Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс бичил уур амьсгалын таагүй нөлөө, аммиакийн хий ихээр хуримтлагдаж, үнээ, тугалууд уушгины өвчнөөр үхсэн тул гүйцэтгэгч болох Г А ХХК-аас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 2014 онд 13 тооны тугал уушгины өвчнөөр эндсэний улмаас учирсан 7.750.000 төгрөгийн хохирол, 2015 онд 88 тооны тугал уушгины өвчнөөр эндсэний улмаас учирсан 75.250.000 төгрөгийн хохирол, 2016 онд 40 тооны үхэр уушгины өвчнөөр үхсэний улмаас учирсан 65.705.000 төгрөгийн хохирол, 2017 оны эхний 1-3 сарын байдлаар 43 тооны үхэр уушгины өвчнөөр үхсэний улмаас учирсан 81.460.000 төгрөгийн хохирол, нийт 184 тоо толгой үхэр үхсэний улмаас учирсан 230.165.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шаардаж байна. М Т  ХХК нь нүүдэлчин фермийн төслийг гүйцэтгүүлэхээр Г А ХХК-тай Г073/13 дугаартай барилгын зураг төслийн гэрээ байгуулсан. Дээрх төслийн хүрээнд хийгдэх нүүдэлчин фермийн барилгын зураг төсвийг Барилга, хот байгуулалтын Сайдын 2017 оны 2 сарын 08-ны өдрийн 30 дугаартай тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэмд зааснаар Хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж нь бага төвөгшилтэй барилга байгууламж ангилалд хамаардаг бөгөөд Барилгын тухай хуулийн 19.1.1-д энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасны дагуу зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэхээр хуульчилсан. Гэтэл уг компани гэрээ хийх үед тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь маргаан гарсны дараа Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Манай компани Г А ХХК-аар барилгын зураг төслийг хийж гүйцэтгүүлэхийн тулд уг компанид Г073/13 гэрээний дагуу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнчлэн тус гэрээний дагуу магадлал хийгдсэн барилгын зураг төслийг манайд хүлээлгэж өгөхөөр байсан боловч өнөөдрийг хүртэл барилгын зураг төслийг ирүүлээгүй болно. Гүйцэтгэгч нь манай хоёр компанид өнөөдрийг хүртэл магадлал хийгдсэн барилгын зураг төслийг ирүүлээгүй тул 2013 оны 7 сарын 26-ны өдрийн Г073/13 дугаартай барилгын зураг төслийн гэрээний дагуу урьдчилгаа болгон төлсөн 20.000.000 төгрөгийг гаргуулна. Иймд нийт 488.477.212 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Ажлын хөлсийг бүрэн олгоогүй, төсвийг нь бүрэн өгөөгүй байж гүйцэтгээгүй ажлын хөлс болон зардлыг гаргуулна гэсэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Үхэр үхсэн гэх асуудлын хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Мөн хариуцагч нар ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад барилгыг ашигласан байдаг. Тодорхой доголдол байгааг мэдсээр байж барилгыг ашигласан тул учирсан хохирлыг бид хариуцах үндэслэлгүй. Барилгын зургийн хувьд бид зургийг хийж хүлээлгэн өгсөн. Экспертизээр баталгаажаагүй зураг байна гэдгийг актад дурдсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч М Т  ХХК-аас 100.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 123.368.484 төгрөгийн шаардлага болон Х Н ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Г А ХХК-аас 20.000.000 төгрөгийг гаргуулан хариуцагч М Т  ХХК-д олгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 468.477.212 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г А ХХК-аас 2016 оны 3 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.274.800 төгрөгийн 1.274.792 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч М Т  ХХК-аас 657.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г А ХХК-д, хариуцагч нараас 2016 оны 12 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.984.711 төгрөг, 2017 оны 5 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.025.150 төгрөг, нийт 3.009.861 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г А ХХК-аас 257.950 төгрөгийг гаргуулан хариуцагч М Т  ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 741 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.000.336 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч М Т  ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгчийн барьж гүйцэтгэсэн фермийн барилгын ажлыг чанар, стандартын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар Уран Асар ХХК-ийг шинжээчээр томилсон боловч Уран Асар ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 11/16 тоот албан бичгээр барилгын зураг төсөл байхгүй учир дүгнэлт гаргах боломжгүй гэдэг хариуг ирүүлсэн. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн бөгөөд уг захирамжид хариуцагч гомдол гаргаагүй. Үүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч нарын төлөөлөгч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь барилгын зураг төсөл гаргуулахаас гадна ажил гүйцэтгэх гэрээний чанарын доголдолтой холбоотой шаардлага байх бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд барилгын ажлын чанар, гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодруулахаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй болно хэмээн дүгнэж хэргийг дахин хянуулахаар буцаасан нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй мэтээр дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэж үзэхээр байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г А ХХК нь М Т  ХХК, Х Н ХХК-д холбогдуулж  ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөөгүй ажлын хөлс 148.912.323 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 74.456.161 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь хийгдээгүй ажлын төлбөрт 100.790.261 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 137.521.951 төгрөг, учирсан хохирол 230.165.000 төгрөг, зураг төслийн ажлын хөлс 20.000.000 төгрөг, нийт 488.477.212 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг, зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй талаарх магадлалд дурдсан үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байна.

Хариуцагчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нотлох баримт гаргуулах, фермийн барилгын ажлыг Барилгын тухай хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтээс шүүх дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулжээ. /2-хх-123-р тал/

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэйгээ дахин илэрхийлснийг /3-хх-80-р тал/ шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд /3-хх-119-р тал/ шинжээч томилох нь талуудын маргаж буй барилгын цогцолборын чанарын байдалтай холбоотой бөгөөд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзалд ач холбогдолтой байж болохоор байна. Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бүрэн тодруулж, шаардлага гаргах эрхийн үндэслэлд хамаарах хуулийг оновчтой хэрэглээгүйг дурьдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 741 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 757.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ