Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Гутал оффис 503 тоот хаягт байрлах Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-62, Юнион бюлдинг С блок, 13 давхар хаягт байрлах М ХХК

Хариуцагч: Төв аймаг, Архуст, 1 дүгээр баг, Ноён шанд хаягт байрлах Х ХХК нарт холбогдох

223 368 484 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, М ХХК болон Х ХХК нарын Г ХХК-д холбогдуулан гаргасан нийт 488,477,212 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч нарын төлөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2013 оны 7 сарын 16-ны өдөр Г074/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээг М ХХК-тай байгуулж гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь 2013 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл Төв аймгийн Архуст сум Ноёншанд нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолборыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 148,912,323 төгрөгийг төлөхийг хариуцагч М ХХК болон Х ХХК нарын эрх бүхий удирдлагуудад удаа дараа тавьсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн М ХХК болон Х ХХК-ийн удирдлагуудтай 2015 оны 4 сарын 2-ны өдөр Г074/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар харилцан тохиролцож хариуцагч тал 100,000,000 төгрөгийг 2015 оны 5 сарын 15-ны өдрийн дотор гурав хувааж төлөхөөр болж “Гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгаа”-г үйлдсэн боловч мөн л нэг ч төгрөг төлөлгүйгээр өнөөдрийг хүрч байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 148,912,323 төгрөг, алданги 74,456,161 төгрөг, нийт 223,368,484 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани 2013 оны 7 сарын 26-ны өдөр Г074/13 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Төв аймгийн, Архуст суман дахь Нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолбор төсөл /Зүчээ, саалийн байр, ангар агуулах, нялх тугалын байр, өсвөр тугалын байрны барилгын суурь, төмөр хийц, инженерийн угсралтын ажил, цахилгаан, хүчит төхөөрөмж, сантехник, цэвэр бохир ус, агаар салхивч, автоматикийн угсралт/-ийн иж бүрэн ажлыг Г ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээ ёсоор барилгын ажлыг талууд 2013 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн дотор гүйцэтгэж, улсын комиссоор хүлээлцсэн ажлын үр дүнг манай өмчлөлд актаар хүлээлгэж өгөх, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний үнийн дунд 925,082,703 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд манай талаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлж урьдчилгаа болон барилгын ажлын явцын санхүүжилтийг хийж ирсэн. Гүйцэтгэгч болох Г ХХК нь гэрээний 1.1-д заасан “Ажил гүйцэтгэх хуваарь, ажлын зураг төсөл, төсвийн дагуу, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нормд заасан бусад стандарт, нөхцлүүдэд нийцүүлэн хийж гүйцэтгэх..., 2.3-д заасан чанар “Гэрээт ажил нь Захиалагчийн шаардлагын дагуу зураг төсөлд тусгагдсан материалаар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэгдсэн байх ёстой бөгөөд холбогдох хууль тогтоомж, дотоодын болон олон улсын стандарт, норм, дүрэм журам болон Гэрээний заалтын дагуу хийгдэнэ” гэсний дагуу барилгын зураг төслийн болон чанар ашиглалтын шаардлагын дагуу гүйцэтгээгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1-рт: “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар ажил хүлээлцэх комисс томилогдож 2013 оны 12 сарын 12-нд гүйцэтгэгч “Глобал айдийз” ХХК-ийн Захирал М.Ундрахболд болон холбогдох инженер техникийн ажилчидтай хамт барилгыг хүлээн авах хоёр талын комисс уг барилга дээр ажиллан барилгын чанар, хийгдсэн ажлын байдалд “200 үнээний барилгыг хүлээн авах акт”-г үйлдэж, дүгнэлт гарган хоёр талаас гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн боловч Гүйцэтгэгч тал уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд актад гарын үсэг зураагүй байдаг. Тус комиссын дүгнэлтэд: Хийгдээгүй ажил: Агаар салхивчийн ажил, Холбоо, дохиоллын ажил, Аянга зайлуулагчийн ажил, Барилгын усны хаялга хийгдээгүй, Шалны 20 мм зузаантай өнгөлгөөний бетоны ажил гэсэн. Дутуу хийгдсэн ажил: Аяган суурь болон төмөр багана хоорондын жийргэвч бетоны ажил, Барилгын хаалга болон машин техник орж гарах хаалга маш их засвар орж гарах хаалга зай ихтэй, Дотор заслын ажил хангалтгүй, Амалгааны шавар хангалтгүй, Барилгын хаяавч бетон болон пандусны бетон хөлдсөн зэрэг ажил шаардлага хангахгүй хийгдсэн нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 2015 оны 5 сарын 26-ний өдөр 200 үнээний байранд үзлэг шалгалт хийж барилгын ажлыг гүйцэтгэлээр нь хүлээн авч акт тогтоосон байдаг. Тус актад барилгын чанар байдалтай танилцан дутуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг тогтоон Гүйцэтгэгч компанийн захирал М.Ундрахболд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. 2-рт: Мөн ажлын явцад цутгасан төмөр бетон хийцүүдэд Гүйцэтгэгч компанийн хүсэлт, ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Реконстракшн төвөөр Үнээний фермийн бетонон шалан дээр бат бэхийн тухай 2013 оны 12 сард дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд “...бетон шал цутгасан ажил чанарын шаардлага хангахгүй байсан бусад хийцүүд шаардлага хангасан” гэсэн дүгнэлт гаргасан. Иймд бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу “Ажлын гүйцэтгэл доголдолтой, Гүйцэтгэгч дахин өөрийн зардлаар гүйцэтгэх, засварлах тохиолдолд хуваарьт төлбөрийг Гүйцэтгэгч ажлыг засварлах, дахин хийж гүйцэтгээд, Захиалагч шаардлага хангасан үзэн хүлээж авах өдрийг хүртэл, эсхүл үе шатны тайланг Захиалагч нягтлан үзэх шаардлагатай ийнхүү шалгаж дуусах хүртэл хугацаанд хойшлуулна” гэсний дагуу төлбөрийг дээрх алдаа дутагдал доголдлыг арилгах хүртэл манай компаниас гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг хойшлуулсан болно. Манай талаас дээрх алдаа дутагдлыг засах, гэрээний үүргээ биелүүлэхийг Гүйцэтгэгч талд удаа дараа албан бичгүүд хүргүүлж, шаардлага тавьсан байдаг. Харамсалтай нь Гүйцэтгэгч болох Г ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, дээрх алдаа дутагдлуудыг засварлаагүй байна. 3-рт Барилгын төслийн ерөнхий инженер Л.Цэвэлсүрэнгийн Барилга угсралтын ажлын талаар “...уг барилгад зайлшгүй хийгдэх аянга зайлуулагч, газардуулга, холбоо дохиолол, борооны хаялга, галын гидрант болон нэн шаардлагатай байсан агааржуулалтын ажлыг орхигдуулсан шаардлага хангахгүй системийг угсарсан нь өвлийн улиралд барилгын дотор агаар сэлгэлт явагдахгүй их хэмжээний чийг хуримтлагдан үхэр өвчлөх боломжийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гарсан. Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс тугалын хорогдол их гарсан бөгөөд эндсэн тугал нь бүгд уушигны өвчнөөр хорогдсон нь манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар осолд дөхсөн тохиолдлын репортын эмчийн дүгнэлтэд “Уушигны ужиг үрэвслийн улмаас эндсэн. Энэ нь байр, орчны нөлөөллөөс үүдэлтэй архаг явцтай уушигны эмгэгийн улмаас эндсэн” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. 4-рт: Гэрээний 13.1-д заасан “Гүйцэтгэгч нь зөвхөн Захиалагчийн бичгээр олгосон зөвшөөрлөөр эсвэл Захиалагчийн санал болгосны дагуу Ажил гүйцэтгэхэд шаардлагатай туслан гүйцэтгэгчийг гэрээ байгуулах замаар оролцуулж болно", 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг авах, бусдыг томилох болон туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулахгүй байх. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу эрх үүргээ бүтнээр нь эсвэл хэсэгчлэн шилжүүлэх эсвэл Захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тус гэрээний аль нэг хэсгийг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахгүй” гэсэн гэрээний үүргийг зөрчиж гүйцэтгүүлэгч оруулсан. 5-рт: Г ХХК нь анх гэрээ байгуулах үед барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байсан төдийгүй гэрээний хэрэгжилтийн явцад тусгай зөвшөөрлийг авч тус барилгын ажлын иж бүрэн зургийг мэргэжлийн экспертизээр оруулж баталгаажуулах байсан. Мэргэжлийн экспертизээр хянагдаагүй зургаар баригдсан барилгыг улсын комисс хүлээж авдаггүй болно. Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж улсын комиссоор оруулж хүлээлцсэн ажлын үр дүнг манай компанийн өмчлөлд актаар хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгагдсан болно. Улсын комисс акт үйлдэн аваагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гардаггүй болно. Гүйцэтгэгч нь Барилгын тухай хууль болон хоёр талын байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл бидэнд барилгын зураг төслийг ирүүлээгүй, батлагдаагүй зургаар барилгын ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь дутуу болон огт хийгдээгүй, улсын комисс оруулсан ажлын үр дүнг актаар манай өмчлөлд хүлээлгэн өгөөгүй, доголдолтой, агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс тугалууд эндсэн, гэрээт ажлыг гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн хохирлыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. “Гэрээт ажлын төлбөр барагдуулах” тухай 2015 оны 4 сарын 2-ны өдрийн баталгааг тухайн үед манай компанийн зүгээс тус барилгын ажлын алдаа, дутагдлуудыг засварлуулах, хийгдээгүй ажлуудыг хийж гүйцэтгүүлэх үүднээс гаргаж өгсөн болно. Мөн барилгын ажлыг улсын комиссоор оруулж хүлээлцсэн ажлын үр дүнг манай компанийн өмчлөлд актаар хүлээлгэж өгөөгүй байж төлбөрийн үлдэгдэл болон алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.” гэв.

Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х ХХК болон М ХХК нар нь Нүүдэлчин групп ХХК-ийн 100 хувийн охин компаниуд юм. 2013 оны 8 сарын 12-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын захиалагчийн гэрээ”-гээр Г ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлыг М ХХК санхүүжилтийг гаргаж захиалагчаар ажиллах, Х ХХК нь захиалагчийн эрхийг хамтран хэрэгжүүлж, Нүүдэлчин фермийн барилгын ажлыг гүйцэтгэгчээс актаар хамтран хүлээн авч Нүүдэлчин фермийн аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхээр байсан. Гүйцэтгэгч болох Г ХХК-тай 2013 оны 7 сарын 26-ны өдөр Г073/13 дугаартай “Барилгын зураг төслийн гэрээ” болон Г074/13 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулан Нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолбор төслийг иж бүрэн зураг төсөл болон барилгын ажлыг Г ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон. Г ХХК-тай 2013 оны 7 сарын 26-ны өдөр байгуулсан Г074/13 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” ёсоор барилгын ажлыг талууд 2013 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн дотор гүйцэтгэж, улсын комиссоор хүлээлцсэн ажлын үр дүнг манай компанид актаар хүлээлгэж өгөх, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний үнийн дүнд 925,082,703 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаанд манай талаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлж урьдчилгаа болон барилгын ажлын явцын санхүүжилтийг хийж ирсэн. Хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажлын захиалагчийн гэрээний дагуу Х ХХК нь захиалагчийн эрхийг хамтран хэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд тус компанийн Гүйцэтгэх захирлын тушаалаар хэд хэдэн удаа фермийн байранд үзлэг шалгалт хийж, акт тогтоож, алдаа дутагдлыг засах, гэрээний үүргээ биелүүлэхийг гүйцэтгэгч талд удаа дараа албан бичгүүд  хүргүүлж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, алдаа дутагдлуудыг засварлаагүй болно. 1-рт: Гэрээний үүргийн биелэлт: Гэрээний 1.4-д заасан ажлуудаас дараах ажлуудыг огт хийгээгүй болно.Үүнд: (Агаар салхивчийн ажил, холбоо, дохиоллын ажил, аянга зайлуулагчийн ажил, барилгын усны хаялга хийгдээгүй, шалны 20 мм зузаантай өнгөлгөөний бетоны ажил). Огт хийгдээгүй ажлын хөлс болох 100,790,261 төгрөгийг Г ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна. Гэрээний 1.4-д заасан ажлуудаас дараах ажлуудыг Гэрээний 1.1 болон 2.3-д заасан барилгын зураг төслийн болон чанар ашиглалтын шаардлагын дагуу гүйцэтгээгүй дутуу доголдолтой гүйцэтгэсэн болно. Үүнд: (Аяган суурь болон төмөр багана хоорондын жийргэвч бетоны ажил, барилгын хаалга болон машин техник орж гарах хаалга маш их засвар орж гарах хаалга зай ихтэй, дотор заслын ажил хангалтгүй, амалгааны шавар хангалтгүй, барилгын хаяавч бетон болон пандусны бетон хөлдсөн). Дутуу хийгдсэн буюу доголдолтой ажил хийснээс 137,521,951 төгрөгийг Гүйцэтгэгч Г ХХК-с гаргуулах шаардлагыг гаргаж байна. 2-рт: Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол: Гүйцэтгэгч болох Г ХХК нь 2013 оны 7 сарын 26-ны өдрийн Г074/13 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.4-д заасан хийгдэх ажил, 1.4.2.5 дахь хэсэгт заасан “Агааржуулалтын системийг угсрах” гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй. Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс бичил уур амьсгалын таагүй нөлөө, аммиакийн хий ихээр хуримтлагдаж, үнээ, тугалууд уушгины өвчнөөр үхсэн тул Гүйцэтгэгч болох Г ХХК-аас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 2014 онд 13 тооны тугал уушгины өвчнөөр эндсэний улмаас учирсан 7,750,000 төгрөгийн хохирол, 2015 онд 88 тооны тугал уушгины өвчнөөр эндсэний улмаас учирсан 75,250,000 төгрөгийн хохирол, 2016 онд 40 тооны үхэр уушгины өвчнөөр үхсэний улмаас учирсан  65,705,000 төгрөгийн хохирол, 2017 оны эхний 1-3 сарын байдлаар 43 тооны үхэр уушгины өвчнөөр үхсэний улмаас учирсан 81,460,000 төгрөгийн хохирол, нийт 184 тоо толгой үхэр үхсэний улмаас учирсан 230,165,000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шаардаж байна. 3-рт: М ХХК нь Нүүдэлчин фермийн төслийг гүйцэтгүүлэхээр Г ХХК-тай Г073/13 дугаартай Барилгын зураг төслийн гэрээ байгуулсан. Дээрх төслийн хүрээнд хийгдэх Нүүдэлчин фермийн барилгын зураг төсвийг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 30 дугаартай тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм”-д зааснаар “Хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж” нь бага төвөгшилтэй барилга байгууламж ангилалд хамаардаг бөгөөд Барилгын тухай хуулийн 19.1.1-д “энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах”-ыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасны дагуу зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэхээр хуульчилсан. Гэтэл уг компани гэрээ хийх үед тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь маргаан гарсны дараа Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Манай компани Г ХХК-аар барилгын зураг төслийг хийж гүйцэтгүүлэхийн тулд уг компанид Г073/13 гэрээний дагуу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнчлэн тус гэрээний дагуу магадлал хийгдсэн барилгын зураг төслийг манайд хүлээлгэж өгөхөөр байсан боловч өнөөдрийг хүртэл барилгын зураг төслийг ирүүлээгүй болно. Иймд Гүйцэтгэгч нь манай хоёр компанид өнөөдрийг хүртэл магадлал хийгдсэн барилгын зураг төслийг ирүүлээгүй тул 2013 оны 7 сарын 26-ны өдрийн Г073/13 дугаартай “Барилгын зураг төслийн гэрээ”-ний дагуу урьдчилгаа болгон төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Глоб айдийз ХХК-аас нийт 488,477,212 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлын хөлсийг бүрэн олгоогүй, төсвийг нь бүрэн өгөөгүй байж гүйцэтгээгүй ажлын хөлс болон зардлыг гаргуулна гэсэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.Үхэр үхсэн гэх асуудлын хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Мөн хариуцагч нар ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад барилгыг ашигласан байдаг.Тодорхой доголдол байгааг мэдсээр байж барилгыг ашигласан тул учирсан хохирлыг бид хариуцах үндэслэлгүй. Барилгын зургийн хувьд бид зургийг хийж хүлээлгэн өгсөн. Экспертизээр баталгаажаагүй зураг байна гэдгийг актад дурдсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч М ХХК,  Х ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт  148,912,323 төгрөг, алдангид 74,456,161 төгрөг, нийт 223,368,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэгч ажлын дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд дутуу хийгдсэн ажлын төлбөрт төлсөн 100,790,261 төгрөг, доголдолтой хийсэн ажлын доголдлыг арилгах зардал 137,521,951 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 230,165,000 төгрөг, барилгын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, нийт 488,477,212 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажлын хөлсийг бүрэн олгоогүй, төсвийг нь өгөөгүй байж зардал буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, гүйцэтгэсэн ажилд тодорхой доголдол байгааг мэдсээр байж ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тул хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй, барилгын зургийг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул урьдчилгаа төлбөр буцаан нэхэмжилж байгаа нь үнэдслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Г ХХК болон Мон дулаан трейд ХХК нарын хооронд 2013 оны 7 сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 5-9 тал/ байгуулагдаж, Г ХХК нь М ХХК-ийн захиалгаар Төв аймаг, Архуст сум, Ноёншандад Нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолбор төслийн зүчээ, саалийн байр, ангар агуулах, нялх тугалын байр, өсвөр тугалын байрны барилгын суурь, төмөр хийж, инженерийн угсралтын ажил, цахилгаан, хүчит төхөөрөмж, сантехник, цэвэр бохир ус, агаар салхивч, автоматикийн угсралтын иж бүрэн ажлыг гүйцэтгэх, М ХХК нь ажлын хөлсийг төлөхөөр, 2013 оны 7 сарын 26-ны өдөр “Барилгын зураг төслийн гэрээ” нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 21-34 тал/ байгуулагдаж Г ХХК нь Нүүдэлчин фермийн аж ахуйн төслийн хүрээнд Төв аймаг, Архуст сум, Ноёншанд дахь зучээ, саалийн байр, тугалын байрны архитектур концепц, урьдчилсан болон дэлгэрэнгүй зураг төсөл, барилгын бүтээцийн инженерийн зураг төсөл, техник, цахилгаан, сантехникийн зураг төслийн ажлыг М ХХК-ийн захиалгаар гүйцэтгэх, М ХХК нь ажлын хөлсийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Г ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, М ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг харилцан хүлээнэ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь 2013 оны 7 сарын 16-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-д заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэдэгт маргахгүй байх ба М ХХК, Х ХХК болон Г ХХК нарын хооронд 2015 оны 4 сарын 2-ны өдөр хийгдсэн “Гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгаа” /хэргийн 1 хавтас 10 тал/-ны дагуу талууд гэрээг дүгнэн 2013 оны 7 сарын 16-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс 148,912,323 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгааг харилцан хүлээн зөвшөөрч баримт үйлдсэн тул  148,912,323 төгрөгийг, уг төлбөрийг төлөөгүй тул 2013 оны 7 сарын 16-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад алдангийн талаар харилцан тохиролцсон тул алдангид 74,456,161 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан бөгөөд ажлын гүйцэтгэл дутуу гэдэгт талууд маргаагүй боловч Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан.

Г ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар талууд зөрүүтэй тайлбар гаргаж байх боловч 2013 оны 12 сарын 12-ны өдөр үйлдэгдсэн “Х ХХК-ийн Төв аймаг Архуст сум Ноён шандад баригдсан 200 үнээний барилгыг хүлээн авах акт” нэртэй баримт /хэргийн 1 хавтас 93 тал/-д тодорхой ажлууд хийгдээгүй болон тодорхой ажлууд дутуу хийгдсэн байгаа талаар дурдаж, барилга угсралтын ажлыг гүйцээн хийлгэхэд гарах зардлыг гүйцэтгэгч компанид олгох мөнгөнөөс суутган авч гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж хийлгэхээр шийдвэрлэсэн, 2015 оны 4 сарын 2-ны өдөр талууд “Гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгаа” нэртэй баримт үйлдэж Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн хэмжээний талаар харилцан тохиролцсон, барилгын ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлэн дуусгасан байгаа нөхцөл байдлаас М ХХК нь Г ХХК-тай байгуулсан талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан Мондулаан ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй байна.

Захиалагч болон гүйцэтгэгч талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэн, ажлын доголдолтой холбоотойгоор гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний харилцааг дуусгавар болгосноор 2 талын гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг дуусгавар болох бөгөөд үүргийн харилцаа нь өгсөн авснаа буцаах солилцооны харилцаагаар солигдоно.

Захиалагч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад заасны дагуу гэрээг цуцалсан тохиолдолд Иргэний хуулийн 225, 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журам хэрэгжих бөгөөд талууд 2015 оны 4 сарын 2-ны өдөр хийгдсэн “Гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгаа” нэртэй баримт үйлдэж ажлын гүйцэтгэл, түүнд тохирох хөлсний талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дахь заалтад заасан ямар нэгэн үр дүн гарахгүй нь талуудад илт болсон нөхцөл байдал үүссэн гэж үзэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх ба мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дахь заалтад “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч Мондулаан ХХК нь Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй  байна.

Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд тохирсон төлөгдөөгүй байгаа ажлын хөлсний хэмжээг талууд 2015 оны 4 сарын 2-ны өдөр хийгдсэн “Гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгаа” нэртэй баримтаар 100,000,000 төгрөг гэж харилцан тохиролцож тогтоосон байх тул хариуцагч Мондулаан ХХК-аас Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд тохирсон төлөгдөөгүй байгаа ажлын хөлсөнд 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь алдангид 74,456,161 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан, гэрээ цуцалсантай холбоотой талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэл хангах арга буюу анзыг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан Мондулаан ХХК-аас алдангид 74,456,161 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хамтран хариуцагчаар Х ХХК-ийг татсан байх боловч 2013 оны 7 сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” нь Г ХХК болон Мон дулаан трейд ХХК нарын хооронд байгуулагдсан тул гэрээний тал биш этгээд Х ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Мондулаантрейд ХХК болон Х ХХК нар нь нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан 2013 оны 7 сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэх ёстой байсан ажлаас огт хийгдээгүй ажлын хөлсөнд төлсөн 100,790,261 төгрөг, дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 137,521,951 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу нийт 184 тоо толгой үхсэн үхрийн үнэд 230,165,000 төгрөг, 2013 оны 7 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Барилгын зураг төслийн гэрээ”-ний дагуу барилгын зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, нийт 488,477,212 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2013 оны 7 сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэх ёстой байсан ажлаас огт хийгдээгүй ажлын хөлсөнд төлсөн 100,790,261 төгрөг, дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардалд 137,521,951 төгрөг, “Барилгын зураг төслийн гэрээ”-ний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, нийт 258,312,212 төгрөгийг М ХХК, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу нийт 184 тоо толгой үхсэн үхрийн үнэ болох 230,165,000 төгрөгийг М ХХК болон Х ХХК нар хамтран нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь заалтад “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд төлсөн төлбөр, дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад шаардагдах зардал, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол зэргийг шаардах эрхтэй байна.

М ХХК нь Г ХХК-д 2013 оны 7 сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэх ёстой байсан ажлаас огт хийгдээгүй ажлын хөлсөнд төлсөн 100,790,261 төгрөг, дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардал шаардагдах зардалд 137,521,951 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх боловч уг гэрээний дагуу нийт хэдэн төгрөгийг Г ХХК-д төлсөн болон болохоо баримтаар нотлоогүй, дээрх төлбөрийн тооцоог хэрхэн гаргасан нь тодорхой бус, хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Х ХХК-ийн Төв аймаг Ар хуст сум Ноён шандад баригдсан 200 үнээний барилгыг хүлээн авах акт” нэртэй баримт /хэргийн 1 хавтас 40 тал/-д хийгдээгүй ажил болон дутуу хийгдсэн ажлын жагсаалт болон барилга угсралтын ажилд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийлгэсэн ажлын үр дүнгийн талаар тусгаж, ажлыг гүйцээн хийлгэхэд гарах зардлыг гүйцэтгэгч компанид олгох мөнгөнөөс суутган авах, хийгдсэн ажлуудыг хүлээн авахаар хүлээн авах комиссын гишүүд шийдвэрлэсэн, улмаар 2015 оны 4 сарын 2-ны өдөр талуудын хооронд хийгдсэн “Гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгаа” нэртэй баримтад Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 148,912,323 төгрөг байгаа талаар дурдаж, талууд харилцан тохиролцож 100,000,000 төгрөгийг Г ХХК-д төлөхөөр тохиролцсон байгаа зэргээс үзэхэд М ХХК нь Г ХХК-д 2013 оны 7 сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэх ёстой байсан ажлаас огт хийгдээгүй ажлын хөлсөнд төлсөн 100,790,261 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх ба дутуу болон доголдолтой ажлыг гүйцээн хийхэд шаардагдах зардлыг Г ХХК-д төлөх ёстой гэж талуудын үзсэн 148,912,323 төгрөгөөс суутган 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд М ХХК-ийн гаргасан огт хийгдээгүй ажлын хөлсөнд төлсөн 100,790,261 төгрөг, дутуу буюу доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардал шаардагдах зардалд 137,521,951 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу нийт 184 тоо толгой үхсэн үхрийн үнэд 230,165,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд үхсэн гэх үхэр, тугалуудын эндсэн шалтгаан нь уушигны үрэвсэл, ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал, биеийн дархлааны сул байдал, ходоод гэдэсний үрэвсэл, элэгний эмгэг, цас бороо, цаг агаарын хэт хүйтрэлт, хүйсний үрэвсэл зэргээс шалтгаалсан, осол эндэгдэлд нөлөөлсөн хүчин зүйл нь байрны хэт чийглэг орчин, тугалын дархлаа сул байдал, хөдөлгөөний дутагдал, эхээ хөхөх рефлекс муу,  гал уураг сүүгээ хөхөж чадаагүй байдал зэрэг нөлөөлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ослын репорт нэртэй баримтуудаар тогтоогдсон, үхэр, тугал эндсэн шалтгааныг Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул М ХХК болон Х ХХК нарын гаргасан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу нийт 184 тоо толгой үхсэн үхрийн үнэд 230,165,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2013 оны 7 сарын 26-ны өдөр байгуулагдсан “Барилгын зураг төслийн гэрээ”-ний дагуу барилгын зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд М ХХК нь 2013 оны 7 сарын 26-ны өдөр Г ХХК-д урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны төлбөрийн даалгавар нэртэй баримт /хэргийн 1 хавтас 124 тал/-аар тогтоогдсон, Г ХХК-ийн төлөөлөгч нь барилгын зургийг хийж М ХХК-д хүлээлгэн өгсөн гэж маргаж байх боловч экспертизээр баталгаажсан зураг төсөл хүлээлгэн өгөөгүй гэдэгт маргаагүй, зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэх боловч Барилгын тухай хууль болон гэрээнд заасан шаардлага хангасан зураг төслийг хийж гүйцэтгэн М ХХК-д хүлээлгэн өгсөн болохоо шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Иймд М ХХК-ийн гаргасан Г ХХК-аас “Барилгын зураг төслийн гэрээ”-ний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч М ХХК-аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 123,368,484 төгрөгийн шаардлага болон Х ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Г ХХК-аас 20,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох  468,477,212 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас 2016 оны 3 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,274,800 төгрөгийн 1,274,792 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч М ХХК-аас 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д, хариуцагч нараас 2016 оны 12 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,984,711 төгрөг, 2017 оны 5 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,025,150 төгрөг, нийт 3,009,861 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г ХХК-аас 257,950 төгрөгийг гаргуулан хариуцагч М ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР