| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/00992/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 404
Б.Болормаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01290 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Болормаа,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хандмаа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, өмгөөлөгч С.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Болормаагийн гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тоггоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 926 дугаар магадал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 778 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд /цаашид НШГА гэх/ албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр гарснаас хойш ажил олгогчийн буруу тушаал гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, ажил үүргээр хангахгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6350 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1480 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, НШГА-д албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.
Дээрх шүүхийн шийдвэрүүдийг зохих ёсоор биелүүлээгүй, надад Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажлыг хүлээлгэн өгөөгүй байж, дахин үндэслэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажилтан миний эрхийг хохироож байна. Иймд Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3116 дугаар шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Дээрх шүүхийн шийдвэрт заасан 2 759 266 төгрөгийг Б.Болормаад олгосон. Гэвч тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа В.Хоролгарав нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8285 дугаар захирамжаар В.Хоролгаравыг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийн биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Болормаа оролцсон болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8285 дугаар захирамжийг биелүүлж, Сүхбаатар дүүрийн 3 дугаар сургуулийн захирлын ажпыг Б.Болормаад хүлээлцүүлээгүй болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03753 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч В.Хоролгаравын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/111 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дүгээр захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргиин 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын Б/192 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар томилсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй тул Б.Болормаагийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа, өмгөөлөгч С.Болормаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны Б/54 дүгээр захирамжаар В.Хоролгарав миний бие Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар В.Хоролгарав намайг тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. В.Хоролгарав миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3753 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Уг хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Болормаа өөрөө оролцож шүүхэд тайлбар мэдүүлэг өгч байсан. Уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 1316 оны Б/191 дүгээр захирамжаар Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/111 дүгээр захирамжаар В.Хоролгарав намайг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлаар томилсон. Б.Болормааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг даргын Б/192 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар томилж ажлын байраар хангасан байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 642 дугаар тогтоолоор Б.Болормаад холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/191 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй тул Б.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж хууль бус байх тул нэхэмжлэгч Б.Болормааг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 681 517 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Болормаад олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас 121 854 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэгт авагдсан нотлох баримтад дүн шинжилгээ хийлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хэт нэг талыг барьсан, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.Нэхэмжлэгч Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдсэн. Энэ нь хүчин төгөлдөр байгаа талаарх нотлох баримтыг шүүх үнэлээгүй талаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох талаар нэхэмжлэгч Б.Болормаа болон тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа В.Хоролгарав нар өмнө нь тус тус шүүхэд хандсан ба улмаар аль алиныг нь эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэрүүдийн аль алинд нь шийдвэр гуйцэтгэлийн ажиллагаа явагдаж дууссан болно. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Болормааг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 926 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 778 дугаар тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд уг ажиллагааны явцад Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Ажилд томилох тухай” Б/192 дугаар захирамж гарган Б.Болормааг Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлаар 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн томилсон. Улмаар уг захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Болормаад хүлээлгэн өгсөн байдаг./хх 25/ Нийслэлийн Засаг даргаас Б.Болормааг ажилд томилсон тушаал, захирамж холбогдох баримтын дагуу НШГА-нд хүргүүлснээр НШГА-ны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 342 дугаар тогтоол гарч, уг ажиллагаа дуусгавар болсон. Энэ талаар 3/32305 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.Болормаад хүргүүлсэн байдаг.
Дээрх байдлаар Б.Болормааг 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр нь адил чанарын албан тушаал болох 127 дугаар сургуулийн захирлаар томилсноор биелэгдсэн, энэ талаар тэрээр гомдол гаргаагүй, түүнийг томилсон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Ажилд томилох тухай” Б/192 дугаар захирамж одоог хүртэл хүчинтэй байгаа атал шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Б.Болормааг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл анх Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн анх 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр чөлөөлсөн байдаг.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн “Журам батлах тухай” 2013 оны 60 дугаар тогтоол, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар төрийн өмчийн сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг томилох шаардлагын дагуу Нийслэлийн Боловсролын газраас 2013 оны 12 дугаар сард Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 болон холбогдох бусад хууль журмыг үндэслэн нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 15 захирлын, 17 цэцэрлэгийн эрхлэгчийн, нийт 32 ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд энэ хүрээнд 3 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд 6 хүн оролцсон бөгөөд гуравдагч этгээд В.Хоролгарав хамгийн өндөр оноо авсан бөгөөд нэхэмжлэгч Б.Болормаа нь сонгон шалгаруулалтад оролцсон боловч тэнцээгүй болно./хх78-80/ Тийм ч учраас тэрээр сонгон шалгаруулалтын дараа Нийслэлийн Боловсролын газрын даргатай уулзаж биеийн тамирын багшаар ажиллах хүсэлтийг гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тусгагдсан байна. /хх 5 дахь талын арын хуудасны дээрээсээ 3,4 дэх мөрөнд/ Үүнээс үзэхэд Б.Болормаа нь сонгон шалгаруулалтын дараа захирлаар биш биеийн тамирын багшаар ажиллах өөрийн хүсэл зоригийг илэрхийлж байсан ба Нийслэлийн Засаг даргаас түүнийг адил чанарын албан тушаал болох 127 дугаар сургуулийн захирлаар томилсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тиймээс шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн дээрх нөхцөл байдалд шүүх дүн шинжилгээ хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Б.Болормааг чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 дугээр захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнээгүй бөгөөд уг захирамж хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг баримталсныг шүүх уг заалт Б.Болормааг ажлаас халах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Итгэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар шүүх хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд ажлаас халснаас хойших буюу 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойшх цалинтай тэнцэх олговрыг гаргуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой атал нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хугацааны цалинтай тэнцэх олговор, тухайлбал 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ныг өдрийг дуусталх 7 cap, 11 хоногийн хугацаанд ногдох цалин хөлстэй тэнцэх олговорт 6 681 517 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/3223 дугаар албан тоотоор Нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Гантулга, тус газрын хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхтэйгээр итгэмжлэл олгсон /хх 35/ ба харин итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй.
Дээрх байдлаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй атал шүүх олгогдоогүй эрхийн хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойшх цалинг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.
Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б.Болормааг ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3116 дугаар шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга биелүүлж, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон ба ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг албан тушаалд ажиллаж байсан В.Хоролгаравыг мөн өдрөө Б/31 дүгээр захирамж гарган чөлөөлжээ.
В.Хоролгарав нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 03-ны дээрх Б/31 дүгээр захирамжийг эс зөвшөөрч марган, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3753 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, түүнийг 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.
В.Хоролгаравын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэснээс хойш Б/31 дүгээр захирамжийн биелэлтийг шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8285 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн тул түүнийг 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн 3753 дугаар шийдвэр гарах хүртэл ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байжээ.
В.Хоролгаравын нэхэмжлэлтэй дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Болормаа гуравдагч этгээдээр оролцсон ба шүүхийн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл давж заалдах гомдол гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-37-40/
Иймд Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр захирамжаар В.Хоролгаравыг 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Б.Болормаа нь шүүхийн 3753 дугаар шийдвэр гарсан 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилуулах талаар эрх бүхий этгээдэд санал гомдол гаргасан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/192 дугаар захирамжаар Б.Болормааг Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлын ажилд томилсон, уг захирамжийг үндэслэн гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар тогтоол гарсныг эсэргүүцэж, маргаагүй байна.
Хэргийн дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзвэл нэхэмжлэгч Б.Болормааг 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/33 дугаар захирамж, В.Хоролгаравыг захирлаас чөлөөлсөн мөн өдрийн Б/31 дүгээр захирамжтай холбоотой маргааныг шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3753 дугаар шийдвэрээр шийдвэрлэж дууссан, улмаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор уг үйл баримтаар хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар дахин маргах эрхгүй болсон ба Нийслэлийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 дүгээр захирамжаар 3 дугаар сургуулийн захирлаас чөлөөлснийг хууль бус гэж маргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх үндэслэлээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр уг шийдвэрээр “3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд хэн ажиллах” талаарх маргааны үйл баримт нэгэнт дүгнэгдсэн, улмаар Нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Болормааг мөн өдрийн Б/192 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн захирлын ажилд томилсон нь шийдвэртэй байхад Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/191 дүгээр захирамжаар Б.Болормааг 3 дугаар сургуулийн захирлаас чөлөөлсөн нь түүний эрхийг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх” журмыг зөрчсөн байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/01290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ