Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0718/З |
Дугаар | 221/МА2022/0109 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0109
Б.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.А
Нэхэмжлэгч Б.А
Хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 814 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0718/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А-гаас Нийслэлийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан “...Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.А-г мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10,183,968 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах...”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 814 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “...Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.А-г мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10,183,968 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэ тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д зааснаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.3-д зааснаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга нь бүтэц, орон тоондоо байхгүй орон тоог үүсгэн, ажилд томилох тушаал гаргаж байгаа нь өөрөө эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл юм. Гэтэл анхан шатны шүүх үүнийг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тушаал гэж тогтоож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
3.3. Нийслэлийн Мал эмнэлгийн газар нь “Хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтэн” гэх орон тоо огт байхгүй байхад тус албан тушаал дээр ажилд томилох тухай хий тушаал гаргаж, Хяналтын шатны 2020 оны 09 дүгээр сарын 329 дүгээр тогтоолыг биелүүлсэн мэт дүр эсгэсэн буюу намайг ажиллах боломжоор хангаж байгаа юм шиг мөртлөө бодит байдал дээр ямар ч хэрэгжих боломжгүй тушаал гаргаж, миний ажилд орох хүсэлтүүдээс удаа дараа татгалзсан. Мөн ажилдаа оръё гэхэд хариуцагч дээр очихоор байж бай хэмээн өдийг хүртэл хойшлуулсан.
3.4. Үүгээр миний өмнө нь эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн орох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
4. Шүүхээс hhps://erp.ulaanbaatar.mn/, Е-mongolia.mn сайтуудад хийсэн үзлэгээр хариуцагч нь миний удаа дараагийн ажилд орох хүсэлтээс татгалзсан болохыг тогтоосон.
4.1. Нийслэлийн Мал эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилсон тушаалын дагуу өдөр тутамдаа яг ямар ажил үүрэг эрхлэх талаар мэдээлэл авч, ажлын байрны тодорхойлолттой танилцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч албан тушаалын тодорхойлолт одоогоор байхгүй, түр хүлээж бай гэж хойшлуулсаар байсан.
4.2. Мөн ажилд томилсон хүрч ирж танилц гэсаэн албан тоот шүүхэд хүргүүлдэг мөртлөө, мэдэгдэл илгээсэн болгоны дагуу яваад очихоор үргэлж хүлээж бай, байж бай гээд хойшлуулдаг нь шүүхэд бодит байдлаас өөр нотлох баримт гаргаж өгч байгаа хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
4.3. Үүнээс үүдэн ажлын байранд ирж ажиллахыг мэдэгдэх болгонд очдог байсныг нотлох гар утас дээрх дуу бичлэгийг нотлох баримтаар хэрэгт хавсаргах хүсэлтийг шүүх шүүх хүлээж авахаас татгалзсан үр дагавар гарсан тул миний нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчиж байна.
4.4. Тус гар утас дээрх дуу бичлэг болох нотлох баримтыг сүүлд шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн шалтгаан нь гэрч н.Номингэрэлээс асуулгах гээд хүлээж байсан ба түүнийг шүүх хуралдаанд маргаан бүхий хэргийн тухайн үеийн нөхцөл байдлын талаар үнэийг хэлж, намайг ажилдаа орох хүсаэлттэй байсныг нотолж чадна гэсаэн итгэл үнэмшилтэй байсан.
5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.А-с Нийслэлийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан шүүхэд “...Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.А-г мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны 10,183,968 төгрөгийн цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах...”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан нотлох баримтыг цуглуулж, холбогдох дүгнэлтийг өгч, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэх тухай...” давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх нэхэмжлэгч Б.А-г Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2015 оны Б/18 дугаар тушаалаар “Бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн”-ээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар ажиллуулж, улмаар Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Д жирэмсний амралт авах болсонтой холбогдуулан мөн 2017 оны А/06 дугаар тушаалаар түүний орон тоон дээр 2017 оны Б/11 дүгээр тушаалаар Б.А-г хүний нөөц, мэдээллийн технологийн ажилтнаар томилон ТҮ-7-2 ангиллаар цалинжуулан ажиллуулж, үүний дараагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны Б-174 дүгээр тушаалын дагуу тус газрын даргын 2018 оны А/35 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталж, 2018 оны Б/143 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөлвөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон, гэвч П.Д-ын хүүхдээ асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагчаас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Б.А-г үүрэг ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/105 дугаар тушаалаар П.Д-г Тайлант төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.
2.1.1. Нэхэмжлэгч Б.А-г үүрэгт ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 329 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэж “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан...” байна. Ингэхдээ нэхэмжлэгчийг “...2015 оноос хойш Нийслэлийн Мал эмнэлгийн газар ажиллаж байгаа, төрийн албанд бүтэн 4 жил “түр ажиллах” хууль зүйн ойлголт байхгүй, хэдийгээр төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхгүй ч Хөдөлмөрийн хуульд заасан эрхийг эдлэх учиртай..., нэхэмжлэгчийг өөр бусад ажил албан тушаалд томилолгүйгээр, ... төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус...” гэж дүгнэн 2019 оны Б/104 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Б.А-г мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн мэргэжилтнээр томилох тухай” Б/69 дүгээр тушаалыг гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
2.2. Учир нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174 дүгээр “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орон тоог 39, мөн сайдын 2021 оны А-13 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалаар өөрчлөлт оруулж 28 орон тоотой байхаар тус тус өөрчилж, тухайн тушаалаар маргаан бүхий Б/69 дүгээр тушаалд заасан “Хорио цээрийн хяналтын цэгт улсын байцаагч” ажиллуулахаар орон тоог тогтоосон, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж зааснаар маргаан бүхий Б/69 дүгээр тушаалыг гаргасан гэж үзэхээр байна.
2.2.1. Өөрөөр хэлбэл хариуцагчаас байгууллагын бүтэц, орон тооны хязгаар, боломжид нийцүүлэн өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалыг гаргаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг нээж өгсөн тул нэхэмжлэгчийн “...бүтэц, орон тоонд байхгүй орон тоог үүсгэн, ажилд томилох тушаал гаргаж байгаа нь ... эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
2.3. Түүнчлэн, анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...хариуцагчаас худлаа ярьсныг нь харуулах гэж өөрийн утас дээрх хийсэн ярианы бичлэгүүдийг нотлох баримтаар гаргуулж өгмөөр байна ..., Нийслэлийн Мал эмнэлгийн газар одоо ажиллаж байгаа ажилтангуудын тушаалууд хэрэгт хэрэгтэй гэж бодсон, ... хорио цээрийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг хариуцагчаас гаргуулах..”-аар хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргахаа шүүх хуралдаанд илэрхийлээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүхээс хуралдааныг шүүхээс үргэлжлүүлснийг шууд буруутгах боломжгүй.
2.3.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, тус тушаалд заасан үндэслэл болон “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл”, “хариуцагчийн татгалзлын үндэслэл” зэрэгт тулгуурлан анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулиар зөшөөрөгдсөн, хуульд заасан арга журмаар олж авсан нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, түүнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
2.3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “...хариуцагчийн худлаа ярьсныг харуулах үүднээс өөрийн утас дээрх хийсэн ярианы бичлэг, ... одоо ажиллаж байгаа ажилтнуудын тушаал...” зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, захиргааны хэргийн нотолгооны зүйл буюу нотлогдвол зохих зүйлд хамаарахааргүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхүйц “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил” гаргасан гэж үзэхээргүй байна.
2.3.3. Нөгөө талаар нэхэмжлэгчээс өөрт байгаа нотлох баримтаа зарчмын хувьд шүүх хуралдаан товлохоос өмнө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, тиймээс нэхэмжлэгчийн “...миний нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчиж байна...” гэх давж заалдах гомдлыг мөн хүлээн авах боломжгүй юм.
3. Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН