Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: *******, *******,*******,*******,*******,*******,*******,

 

  Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,-ийн гаргасан,

 

  Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,

 

  Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны подболд байрлах 25 машины зогсоолоос 1 /нэг/ ширхэг автозогсоолын үнэ 23,000,000.00 төгрөг гаргуулах, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10,000.00 төгрөгөөр дулаан гараж хөлсөлсний төлбөр 2,100,000.00 төгрөг,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, ийнхүү унтлагын өрөөг хааж барьснаас улбаалан зохих ёсоор ашиглаж чадаагүйн хохиролд 12,606,410.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд  нэхэмжлэгч , хариуцагч ы өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

            

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.                       

         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд  нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

    “Энэ хэрэг аль 2009 оны 08 дугааар сард иргэн аас байр, дулаан зогсоолын хамт худалдан авах яриа хэлэлцээрээс эхэлсэн.

 

    Би хариуцагч тай ярилцаж, түүнд 30,000,000.00 төгрөгийг бэлнээр өгч, хүнд даацын “норт бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт 15,000,000.00 төгрөгөөр тооцож, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах орон сууцыг тус байрны подбалд байрлах 25 машины зогсоолоос 1 /нэг/ ширхэг автозогсоолын хамт худалдан авахаар болсон юм.

 

   Тухайн үед талууд тохиролцоод Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн боловч татварт 2,000,000.00 төгрөг төлөх ёстой болоход хариуцагч төлөхөөс татгалзсан учраас бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцыг миний төрсөн ах ид бэлэглэж, улмаар миний аав ийн өмчлөлд шилжсэн юм.

 

   Одоо миний маргаж буй зүйл бол тус байрны подбалд байрлах 25 машины зогсоолоос 1 /нэг/ ширхэг автозогсоолыг авч чадаагүй болон байрны нэг цонхыг таглаж барьснаас улбаалан хохирсонтой холбоотой юм.

 

   Биднийг орон сууц, автозогсоол худалдан авахаар ярилцаж байх үед подбалд байрлах гаражуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан юм билээ, энэ талаар хариуцагч аас асуухад “удахгүй гарна, чи санаа зоволтгүй” гээд надад 1 зогсоолыг өгөхөд би 2009 оны 8 дугаар сараас эхлэн машинаа тавьж ирсэн.

 

   Анх орон сууцанд нүүж ороход 1 өрөөний цонх доор хундаам байсан юм, тэгээд аас энэ ямар хундаам бэ гэж асуухад “би тендерт ордог, бизнес хийдэг учраас агуулах, лабортори хэрэгтэй байдаг, тендер авахаараа буулгачих юм, санаа зоволтгүй” гэсэн.

 

   Би, үүнээс хойш Замын-Үүдийн гаальд ажиллаж байх үед хилс хэрэгт гүтгэгдэж, өвөлжин шалгагдсан юм. Гэтэл намайг өвөл гэртээ иртэл нөгөө лаборторийг цонхны талыг таглаж, дээврээ өндөрлөж барьсан байсан тул энэ тухай аас яаж байгаа юм гэхэд тэр “намар болоод дээврээс ус гоожоод өндөрлөсөн, хавар буулгана, гаражийн гэрчилгээ гарсан, удахгүй өгнө” гэсэн.

 

   Миний бие Замын-Үүдийн гаальд ажилладаг бөгөөд дахин ажил руу буцаад 2-3 сар болоод иртэл нөгөө талыг нь хаасан байсан цонх бүтэн таглагдсан байсан тул ер нь асуудал үүслээ гэдгийг мэдээд хариуцагч д уурлахад “намхан байхаар болохгүй болоод дээврийг нь өндөрсгөж налуулахгүй бол болохгүй байна, танай аав, ээж хоёр чинь хоёр хүүхэдтэй чинь хамт байгаа, эхнэр чинь салсан гэсэн биз дээ,  цөөхүүлээ юм чинь урд талын хоёр өрөөндөө л байна биз, хавар дулаан ороход л нураан” гэж худал хэлсэн.

 

   Ингээд хавар болоход нураагаагүй учраас би Баянзүрх дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газруудад хандаж, тус өргөтгөлийг буулгах талаар гомдол гаргасан.

 

   Мэргэжлийн хяналтийн газраас үзлэг хийх, дүгнэлт гаргах, хожим буулгах шаардлага тавьсан бөгөөд энэ ажиллагааг хийхэд ойролцоогоор жил гаруй хугацаа орсон юм.

 

   Харамсалтайн Мэргэжлийн хяналтын газарт өргөтгөлийн буулгах эрх хэмжээ байдаггүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан боловч гэрээ, хэлэлцээртэй тул шүүхэд өг гэсэн хариу өгсөн.

 

   Энэ хооронд нөгөө өргөтгөлөө Монгол Ардын намын ухуулгын байр болгож, өөрөө харин Ардчилсан намын ы туслахаар сонгуульд явсан бөгөөд аль ч нам гарсан би асуудалгүй, чи тайван байж байгаарай, сонгуулийн дараа барилгыг нураах мөнгөтэй болно, гаражийг чинь өгнө гэдгээ гэрчийн дэргэд хэлж байсан.

 

   Ингээд сонгууль өнгөрсөн боловч буулгаагүй учраас 2012 онд шүүхэд хандаж, 5 жилийн хугацаа өнгөрч байна. Миний аав, ээж маань настай хүмүүс байдаг бөгөөд 2010 оноос хойш цонх нь хаагдсан байранд амьдарч, цэвэр агаар, нар салхи үзэлгүй өдий хүрлээ, сүүлдээ би тэвчиж ядаад нэг өрөөнийхөө ханыг буулгаж, нарны тусгал оруулж байна, одоо ээж эмнэлэгт хэвтсэн, аав бие муу байгаа бөгөөд ээж, аавыгаа амьд байгаа үед нь шударга ёс гэж байдгийг үзүүлчих юмсан хэмээн бодож, цөхөрч явна.

 

    Энэхүү цонх хааж барьсан өргөтгөлтэй орон сууцанд амьдарч, бие сэтгэл, эрүүл мэндээр хохирч, энэ хугацаанд ашиглаж чадаагүйн хохирлыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад 12,606,410.00 төгрөг буюу орон сууц маань өдрийн 6,000.00 төгрөгөөр үнэ цэнэ нь буурч, хохирч байна.

 

   Автозогсоолын 2010 оны намраас маргалдаж эхэлсэн, би тус гаражид ямар асуудалгүй машинаа тавьж байсан боловч дараа жилээс эхлэн нийт талбайгаар нь гаражуудыг бусдад түрээслүүлсэн байсан.

 

   Намайг оройтоод очиход гаражид минь машин тавьсан үед би хажуу талын зогсоолд 5,000 төгрөг төлж, машинаа тавьдаг байсан учир би зогсоолын зөвшөөрөлтэй болох хэрэгтэй юм байна гээд тэр өвлөөс хойш шаргуу нэхэж эхэлсэн.

 

   Хөдөө явахдаа зогсоолоо хадгалж үлдэхийн тулд сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг ийн машиныг тавиулдаг байсан.

 

   Ингээд надад гэрээний дагуу автозогсоолыг өгөөгүйгээс хойш бусдын автозогсоолыг түрээслэж, үүнд 2,100,000.00 төгрөг төлсөн, энэ талаар бичгээр нотлох баримт байхгүй боловч надаас ийм хэмжээний зардал гарсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлох юм.

 

    Өнгөрсөн хугацаанд би хариуцагч аас автогаражийг шаардсан боловч тэрээр энэ талаар гэрээ байгуулаагүй, зөвхөн орон сууц худалдахаар тохирсон гэж маргадаг. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тодорхой заасан бөгөөд би автозогсоолыг ашиглаж байсан.

 

    Хэд хэдэн удаагийн шүүхийн шийдвэрээр автогаражийг миний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоо хүртэл надад бодитоор хүлээлгэн өгөөгүй.

 

    Иймд учраас би автозогсоолын үнийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 23,000,000.00 төгрөг гэж тогтоосон.

 

    Энэ үнэ бол 2013 онд хийсэн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба одоо гадуур дулаан автозогсоолыг 23,000,000.00 төгрөгөөр авч чадахгүй.

 

    Иймд, хариуцагч аас автозогсоолын үнэ 23,000,000.00 төгрөг, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10,000.00 төгрөгөөр дулаан гараж хөлсөлсний төлбөр 2,100,000.00 төгрөг, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөг хааж барьснаас улбаалан зохих ёсоор ашиглаж чадаагүйн хохиролд 12,606,410.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү, гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна” гэв.

 

   

    Хариуцагч ы өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

    “Энэ хэргийг шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэр, магадлал болон Улсын дээд шүүхийн тогтоолд маргаж буй өргөтгөлийг зохих ёсны зөвшөөрөлтэй байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн.

 

    Гэвч холбогдох газраас ирүүлсэн нотлох баримтаар зөвшөөрөл гарч ирсэнгүй тул буулгах эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

  

   Нэхэмжлэгч тал тухайн үед ямар хэлцэл хийсэн, хэлцлийг яагаад эхлээд худалдах, худалдан авах гэрээ гэж хийсэн атлаа хожим бэлэглэлийн гэрээ хийх болов зэрэг амаар тогтоох боломжгүй зүйлийн талаар тайлбар өгч байна.

 

    Хариуцагч тал ыг ХХК-нд өрөнд орж, байраа хураалгах гээд ирэхэд нь 60,000,000.00 төгрөгийн үнэтэй байрыг 40,000,000.00 төгрөгөөр бодож, 20,000,000.00 төгрөгийг бэлэг хэлбэрээр үнийг бууруулж, үлдэгдэл 30,000,000.00 төгрөгийг бэлнээр авч, 10,000,000.00 төгрөгт нэхэмжлэгчийн ашиглаж байсан “Норт бенз” маркийн машин авсан гэдэг.

 

   Талууд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэх гэтэл өөрөө Замын-Үүдийн гааль дээр эрүүгийн хэрэгт холбогдсон тул миний нэр дээр шилжүүлбэл хураагдах учраас манай ахын нэр дээр шилжүүлчих гэсний дагуу гэдэг хүний нэр дээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн байдаг.

 

   Хэрэгт авагдсан баримтаар худалдах, худалдан авах гэрээний дагуу өмч шилжсэн үү, энэ гэрээ хүчин төгөлдөр мөн үү гэдэг асуудал яригдана. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд заавал тусгай эрх бүхий этгээд буюу Улсын бүртгэлийн газраас зөвшөөрөлтэйгөөр шилждэг.

 

   Талуудын хооронд гараж худалдаж авсан тухай хэлцэл хийгдээгүй гэж үзнэ, учир нь, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д ямар тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх вэ гэдгийг зохицуулсан бөгөөд нотариатаар гэрлүүлсэн буюу улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцлийг тухайн бүртгэлийн газарт нотлох баримтаар ирсэн зүйлийг гэрчлүүлээгүй бол энэ хэлцлийг байгуулагдаагүй гэж үзнэ.

 

    Байр болон автогараж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй, бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан ч гэсэн энэ гэрээ бол хүчин төгөлдөр тул маргахгүй.

 

   Харин автогаражийн хувьд байгуулагдаагүй гэрээний дагуу ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй тул шаардах эрх байхгүй.

 

   Мөн гаражтай холбоотой хохирол үндэслэлгүй байна, нотариатаар гэрчлүүлэх гэрээг аль нэг талын ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талын хүсэлтээр хүчин төгөлдөрт тооцуулж болохоос бүртгэлд үндэслэн тооцох боломжгүй. Хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох шаардлага гаргаагүй байна.

 

    Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзвэл энэ хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй, худалдах, худалдан авах эрх зүйн үр дагавар үүсгээгүй, өмч шилжээгүй.

 

    Иймд, гаражтай холбоотой шаардлага үндэслэлгүй ба нэгэнт энэ төрлийн гэрээ байгуулагдаж, автогараж өгөх үүргийг хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн өөр газар машин байршуулж, түүний төлбөрийг шаардаж байгаа нь огт хамааралгүй болно.

 

   Орон сууцны цонх хааж тагласан байрны асуудлын хувьд 1 өрөөг 5 жил ашиглаагүйн улмаас хохирол гээд Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлгээ гаргаж ирсэн байсан.

 

   Гэвч хуульд үнэхээр цонх хааснаас болоод ашиглаж чадаагүй тохиолдолд хохирол гаргуулах талаар нарийвчлан заагаагүй, хохирлыг тооцсон аргачлал нь ойлгомжгүй байна.

 

   Иймд, нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , нараас хариуцагч д холбогдуулан автозогсоолын үнэ 23,000,000.00 төгрөг, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10,000.00 төгрөгөөр дулаан гараж хөлсөлсний төлбөр 2,100,000.00 төгрөг, Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөг хааж барьснаас улбаалан зохих ёсоор ашиглаж чадаагүйн хохиролд 12,606,410.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийн тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч , түүний эхнэр , хариуцагч нар 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж,*******,*******,*******,*******, 27 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг тус байрны доор байрлах 22 автомашины зогсоолоос 1 ширхэг машины зогсоолын хамт худалдах, худалдан авахаар тохирчээ /1-р х.х-ийн 17, 41-р хуудас/.

 

Энэхүү гэрээгээр худалдан авагч нь орон сууц болон автомашины зогсоолын үнэд бэлэн мөнгөөр 30,000,000.00 төгрөг, мөн тоот улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг дугаартай чиргүүлийн хамт худалдагч д өгөхөөр тохирч, зохигчид шилжүүлэн өгсөн болон хүлээн авсан үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрээний зүйл болсон 2 өрөө орон сууцыг худалдагчаас худалдан авагчтай харилцан тохиролцсоны дагуу түүний ах ид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар орон сууц нэхэмжлэгч ийн өмчлөлд шилжсэн байна /1-р х.х-ийн 48-р хуудас/.

 

Нэхэмжлэгч ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ худалдагч тал биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр үнийг буцаан нэхэмжилж байгаа бол хариуцагч ы хувьд гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр биш, үүрэг үүсээгүй хэмээн маргаж байна.

 

Хэдийгээр хариуцагч тал зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж мэтгэлцэж буй боловч маргааны зүйл болсон автозогсоол гэрээний зүйл байсан эсэхийг баримтаар үгүйсгээгүй, энэ талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан ба зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үзвэл талууд*******,*******,*******,*******ны доор байрлах 22 ширхэг автозогсоолоос 1 ширхэг автозогсоолыг худалдахаар харилцан тохирч, гэрээний зүйл болгосон байна.  

  

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан бөгөөд энэ нь, талууд гэрээ, хэлэлцээр байгуулахдаа гэрээний зүйл, түүний төрөл, шинж, үнэ цэнэ, үнийг тодорхойлох арга хэрэгсэл болон төлөх журмыг гэрээнд тусгасан байх ёстой гэсэн үг юм.

 

 

Иймд, зохигчид гэрээний гол нөхцөл болсон орон сууц болон автозогсоолыг худалдах, худалдан авах талаар гэрээнд тусгаж, тохиролцсон байх тул тэдгээрийг 2 өрөө орон сууцнаас гадна ийнхүү автозогсоолыг худалдахаар эрмэлзэж, хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  орон сууцыг автозогсоолын хамт нийт 30,000,000.00 төгрөг, тоот улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг дугаартай чиргүүлийг үнэд тооцож, худалдахаар тохирсон байна гэж үзэв. 

 

 Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээгээр худалдагч нь худалдан авагч д гэрээний зүйл болсон орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагчийн зүгээс үнийг төлөх үүрэг үүссэн байна.

 

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ” гэж мөн 145.2-т “Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан ба Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, орон сууц өмчлөх эрх үүсэхдээ хуульд заасан журмын дагуу үүсэхээс гадна хэлцлийн үндсэн дээр үүсч болох ба энэ тохиолдолд талууд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, байгуулсан гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, баталгаажих юм.

 

Хэдийгээр талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үүрэг үүссэн боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар улсын бүртгэл бүртгүүлж, гэрчилгээ аваагүй тохиолдолд өмчлөх эрх нь баталгаажихгүй юм.

 

Гэвч зохигчид гэрээний зүйл болсон Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан бөгөөд талуудын гэрээний зүйл болсон автозогсоол нь газартай салшгүй бэхлэгдсэн, хөдөлж үл болох эд зүйл тул үл хөдлөх эд хөрөнгө юм. 

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ............................ хавсаргана” гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байх тул зохигчид гэрээний зүйл болсон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байжээ.

 

Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй учраас үүрэг үүсээгүй тул автозогсоолыг худалдах үүрэг хүлээгээгүй хэмээн мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйл болон 56 дугаар зүйлийн 56.1.8-д тодорхой төрлийн хэлцлийг байгуулсан гэж үзэх болон байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр болоход тавигдах хэлбэрийн шаардлагын талаар зохицуулсан ба тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт хамаарах зохицуулалтуудыг хэлцлээр өмчлөх эрх үүсэх, эрхийг баталгаажуулахад тавих шаардлага гэж ойлгох тул хэлцэл, гэрээгээр үүрэг үүссэн эсэх, үүссэн үүрэг хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох хэлбэрийн шаардлага гэж үзэхгүй юм.

 

Талуудын хооронд илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, түүний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зорилго, агуулгад нийцэж байх тул худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтын дагуу гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний хэлбэр /Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгээс 261 дүгээр зүйлийн 261.1/-т тусгайлсан шаардлага тавиагүй.

 

Иймд, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар, “амаар хийх хэлцэл” гэж үзэх ба тухайн хэлбэрийн хэлцлийн хувьд хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлийг 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар “хэлцлийн гол нөхцлийн харилцан тохиролцсон үеэс” хэлцлийг хийсэн гэж үзэх тул талуудын хооронд худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн, хэлцлийн гол нөхцлийг /Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний хувьд, худалдагчийн хөрөнгө худалдах буюу шилжүүлэх үүрэг болон худалдан авагчийн үнэ төлөх үүрэг/ харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд  худалдагч хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний зүйл болсон автозогсоолыг худалдан авагч ын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд түүний гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас автозогсоолыг худалдах үүрэггүй хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

 

Гэрээний дагуу худалдан авагч үнэ төлөх үүргээ биелүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин автозогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас өмчлөх эрх үүсээгүй байгаа, нэхэмжлэгч тал худалдагчийг энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон үүргийг шаардах эрхийг тодорхойлсон 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.  

 

Иймд, хариуцагч ыг талуудын хооронд 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр зөрчсөн байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээний үүргээ гүйцэтгүүлэх болон учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй ба тэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага гаргаагүй болохыг дурьдаж, харин учирсан хохирлыг шаардаж буй нь тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д заасан аргад хамаарч, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрх үүссэн байна.   

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар зохицуулсан ба үүрэг гүйцэтгэгч тал үүргээс зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан автозогсоолыг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч чадаагүйгээс түүнд төлсөн үнийг зардалд тооцож, бусдын автозогсоолыг ашиглахад зардал гаргасан гэж тайлбарласан ба нэхэмжлэлд гэрээний зүйл болсон автозогсоолын үнийг хөндлөнгийн этгээдээр тодорхойлуулж, 23,000,000.00 төгрөг гэснийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй /1-р х.х-ийн 67-74-р хуудас/.   

 

Иймд, нэхэмжлэгч ын гаргасан автозогсоолын үнэд 23,000,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин нэхэмжлэгчийн бусдын автозогсоолыг энэ хугацаанд хөлсөлж,  2,100,000.00 төгрөгийн зардал гаргасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Нэхэмжлэгч , аас хариуцагч д холбогдуулан орон сууцны цонх хааж барьсан өргөтгөлийг буулгах, хохиролд 12,606,410.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07-208/506 тоот дүгнэлтээр хариуцагч ыг зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж, цонх хааснаас өмчлөгчийн амьдрах нөхцлийг алдагдуулсан гэж, 2012 оны 04 дүгээр 23-ны өдрийн 07-208/1250 тоот албан шаардлагаар хариуцагчид Барилгын тухай хуулийн дагуу холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтийг хангаж, 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор шалгуулах үүргийг өгч байжээ /1-р х.х-ийн 42-44-р хуудас/.

 

Гэвч хариуцагч нь дээр дурьдсан улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-89/272 тоот актаар тус өргөтгөлийг буулгахаар шийдвэрлэсэн байна /1-р х.х-ийн 43-р хуудас/.

 

Хэдийгээр хариуцагч 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албатай Газрын төлбөрийг тодорхойлох акт үйлдсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн 10/169 тоот албан бичгээс үзвэл тус Газрын төлбөрийг тодорхойлох акт нь газар эзэмших эрх олгосон баримт бичиг биш бөгөөд хариуцагч тал зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байсан ажээ /1-р х.х-ийн 95-р хуудас, 2-р х.х-ийн 103, 111-р хуудас, 3-р х.х-ийн 17-28-р хуудас/.

 

Түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 09/169 тоот дугаартай албан бичиг, *******ын Захирагчийн ажлын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 02/72 тоот албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүхийн тогтоол биелүүлсэн тухай албан бичгээс тус тус үзвэл хариуцагч нь маргааны зүйл болсон өргөтгөлийг зөвшөөрөлгүй барьсан, энэ талаар харъяа сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууц өмчлөгчтэй харилцан зөвшилцөөгүй байна /3-р х.х-ийн 17-28-р хуудас/.

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй” гэж мөн 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Гэвч хариуцагч ы барьсан өргөтгөл нь анхнаасаа холбогдох зөвшөөрөлгүйгээр баригдсанаас гадна Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхгүй этгээд тухайн газарт барилга байгууламж барьсан байх тул түүнийг хууль ёсны дагуу хөрш болсон буюу хуульд заасан үндэслэл, журмын дагуу өргөтгөл барьсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч ийн өмчлөх эрх хуульд зааснаар хөршийн эрхээр хязгаалагдсан гэж үзэхгүй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь*******,*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй юм /1-р х.х-ийн 48-р хуудас/.

 

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар орон сууц гэдэгт хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц болон гэрийг ойлгох бөгөөд түүнийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах гэдэг нь өмчлөгч этгээд орон сууц, түүний өрөө, тасалгааг зориулалтын дагуу өөрийн үзэмжээр ашиглах, арчлан хамгаалах, бусдын хууль бус нөлөөллөөс тусгаарлах, түүний энэхүү эрхийг хууль болон гэрээгээр хязгаарласнаас бусад тохиолдолд бусдын аливаа хууль бус үйлдлээс хамгаалах  зэрэг ойлголтуудыг агуулна.

 

 Гэтэл хариуцагч ы зүгээс ийнхүү өмчлөгч ийн орон сууцны цонхыг хааж, зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьснаар өмчлөгч этгээдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаарийн зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.

 

Дээр дурьдсаныг тус тус дүгнэвэл хариуцагчийн барьсан өргөтгөл нь нэхэмжлэгчийн орон сууцыг зориулалтын дагуу өмчлөхөд саад учруулж байх тул тэрээр тус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгуулахыг шаардаж, шүүхийн журмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй.

 

Иймд, нэхэмжлэгч ийн гаргасан хариуцагч д холбогдох*******,*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг юм.

 

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэгддэг.

 

Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд оролцогч эрх зүйн этгээд эрх тэгш байх, бусдын эрх, үүргийг хүндэтгэх, зөрчихгүй байх, тухайн этгээд эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдыг эрхийг зөрчсөн, гэм хор учруулсан тохиолдолд шүүх, арбитрт хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Тодруулбал, бусдын амь нас, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөс гадна иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгөтэй холбоотой эрхэд аливаа этгээд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан тохиолдолд тухайн этгээд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч зохих зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч ийн өмчлөлийн орон сууцны цонхыг хааж барьснаас шалтгаалан өмчлөгч орон сууцаа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй болсон, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах буюу нар, салхи үзэх эрх хязгаарлагдсан гэж үзэх үндэслэлтэйгээс гадна энэ хууль бус үйлдлийн улмаас тухайн орон сууцны үнэ цэнэ бусад орон сууцтай харьцуулвал хямд, худалдагдах чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт, “ Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зохицуулжээ.

 

Хариуцагч Д.Батчулаан нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон бусад эдийн бус хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх”-ийг хязгаарласан буюу өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах хуулиар олгогдсон эрх, боломжийг хязгаарласан гэм буруутай байх тул ийнхүү хязгаарласнаас үүдэн гарах гэм хорыг мөнгөөр нөхөн төлж сэргээх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан Иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргийг хэрэгжүүлэх хуулиар тогтоосон зарчимд нийцнэ гэж үзэв.    

 

Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагчийн үйлдлийн улмаас орон сууцны үнэ цэнийн бууралтыг тодорхойлуулсан ба өөрсдийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор ийнхүү нотлох баримт бүрдүүлсэнийг буруутгах боломжгүй /1-р х.х-ийн 67-74-р хуудас/.  

 

Иймд, хариуцагч аас бусдын өмчлөлийн орон сууцны цонхыг хааж барьснаас улбаалан өмчлөгч этгээдэд учирсан хохиролд 12,606,410.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас автозогсоолын үнэ 23,000,000.00 төгрөг, өрөөний цонх хааж барьснаас улбаалан зохих ёсоор ашиглаж чадаагүйн хохиролд 12,606,410.00 төгрөг, нийт 35,606,410.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг албадан буулгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл, 63 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, урьдчилан төлөх ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгчид 37,706,41.00 төгрөг гаргуулах шаардлагад 346,482.00 төгрөг төлөх ёстойгоос 334,450.00 төгрөг төлсөн, өргөтгөл албадан буулгуулах тухай шаардлагад 70,200.00 төгрөг төлөх ёстой атал төлөөгүй байх тул нэхэмжлэгчдээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 82,232.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэх зүйтэй байна.    

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1 болон 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч аас 35,606,410.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг албадан буулгасугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчдээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 82,232.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагчаас 406,182.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.МАНДАЛБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                            Г.АМАРЖАРГАЛАН

 

                                                                                      Д.ЦЭРЭНДОЛГОР