Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 901

 

 

Б.Нацагням, С.Бадарч нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Нацагням, С.Бадарч нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Батчулуунд холбогдох

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолын үнэ 23 000 000 төгрөгийг гаргуулах, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10 000 000 төгрөгөөр дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөгөө зориулалтаар нь ашиглаж чадаагүйн хохиролд 12 606 410 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Батчулуун, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Нацагням,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Нацагням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Батчулуунтай ярилцаж, түүнд 30 000 000 төгрөгийг бэлнээр өгч, хүнд даацын "норт бенз" маркийн автомашиныг чиргүүлийн хамт 15 000 000 төгрөгөөр тооцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах орон сууцыг тус байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед талууд тохиролцоод үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн боловч татварт 2 000 000 төгрөг төлөхөөс хариуцагч Д.Батчулуун татгалзсан тул бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцыг миний төрсөн ах Б.Нямдоржид бэлэглэж, улмаар миний аав С.Бадарчийн өмчлөлд шилжсэн юм. Одоо маргаж буй зүйл бол тус байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолыг авч чадаагүй болон байрны нэг цонхыг таглаж барилга барьсны улмаас хохирсонтой холбоотой юм. Биднийг орон сууц, автозогсоол худалдан авахаар ярилцаж байх үед подвальд байрлах автозогсоолуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Энэ талаар хариуцагч Д.Батчулуунаас асуухад "удахгүй гарна, чи санаа зоволтгүй" гээд надад 1 автозогсоолыг өгөхөд би 2009 оны 8 дугаар сараас эхлэн автомашинаа тавьж байсан. Анх орон сууцанд нүүж ороход 1 өрөөний цонхны доор хундаам байсан, тэгээд Д.Батчулуунаас энэ ямар хундаам бэ гэж асуухад "би тендерт ордог, бизнес хийдэг учраас агуулах, лаборатори хэрэгтэй байдаг, тендер авахаараа буулгачих юм, санаа зоволтгүй" гэсэн. Би үүнээс хойш Замын-Үүдийн гаальд ажиллаж байх үед хилс хэрэгт гүтгэгдэж, өвөлжин шалгагдаж байгаад өвөл гэртээ иртэл нөгөө лабораторийг цонхны талыг таглаж, дээврээ өндөрлөж барьсан байсан тул энэ тухай Д.Батчулуунаас яаж байгаа юм гэхэд тэр "намар болоод дээврээс ус гоожоод өндөрлөсөн, хавар буулгана, гараашийн гэрчилгээ гарсан, удахгүй өгнө" гэсэн. Миний бие Замын-Үүдийн гаальд ажилладаг бөгөөд дахин ажил руу буцаад 2-3 cap болоод иртэл нөгөө талыг нь хаасан байсан цонх бүтэн таглагдсан байсан тул хариуцагч Д.Батчулуунд уурлахад "намхан байхаар болохгүй болоод дээврийг нь өндөрсгөж налуулахгүй бол болохгүй байна, хавар дулаан ороход нураана" гэж худал хэлсэн. Ингээд хавар болоход нураагаагүй учраас би Баянзүрх дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газруудад хандаж, тус өргөтгөлийг буулгах талаар гомдол гаргасан. Ийнхүү цонх хааж барьсан өргөтгөлтэй орон сууцанд амьдарч, бие сэтгэл, эрүүл мэндээр хохирч, энэ хугацаанд ашиглаж чадаагүйн хохирлыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад 12 606 410 төгрөг буюу орон сууц маань өдрийн 6 000 төгрөгөөр үнэ цэнэ нь буурч, хохирч байна. Хөдөө явахдаа зогсоолоо хадгалж үлдэхийн тулд сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг н.Батбилэгийн автомашиныг тавиулдаг байсан. Ингээд Д.Батчулуун надад гэрээний дагуу автозогсоолыг өгөөгүйгээс хойш бусдын автозогсоолыг түрээслэж, үүнд 2 100 000 төгрөг төлсөн, энэ талаар бичгээр нотлох баримт байхгүй боловч надаас ийм хэмжээний зардал гарсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлох юм. Өнгөрсөн хугацаанд би хариуцагч Д.Батчулуунаас автозогсоолыг шаардсан боловч тэрээр энэ талаар гэрээ байгуулаагүй, зөвхөн орон сууц худалдахаар тохирсон гэж маргадаг. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тодорхой заасан бөгөөд би автозогсоолыг ашиглаж байсан. Хэд хэдэн удаагийн шүүхийн шийдвэрээр автозогсоолыг миний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоо хүртэл надад бодитоор хүлээлгэн өгөөгүй. Автозогсоолын үнийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 23 000 000 төгрөг гэж тогтоосон. Энэ үнэ бол 2013 онд хийсэн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба одоо гадуур дулаан гараашийг 23 000 000 төгрөгөөр авч чадахгүй. Иймд хариуцагч Д.Батчулуунаас автозогсоолын үнэ 23 000 000 төгрөг, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10 000 төгрөгөөр дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөг хааж барьснаас улбаалан зохих ёсоор ашиглаж чадаагүйн хохиролд 12 606 410 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч тал Б.Нацагнямыг Голомт банк ХХК-д өрөнд орж, байраа хураалгах гээд ирэхэд нь 60 000 000 төгрөгийн үнэтэй байрыг 40 000 000 төгрөгөөр бодож, 20 000 000 төгрөгийг бэлэг хэлбэрээр үнийг бууруулж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг бэлнээр авч, 10 000 000 төгрөгт нэхэмжлэгчийн ашиглаж байсан "Норт бенз" маркийн автомашин авсан. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэх гэтэл Б.Нацагням өөрөө Замын-Үүдийн гааль дээр эрүүгийн хэрэгт холбогдсон тул миний нэр дээр шилжүүлбэл хураагдах учраас манай ахын нэр дээр шилжүүлчих гэсний дагуу Б.Нямдоржийн нэр дээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Талуудын хооронд гарааш худалдаж авсан тухай хэлцэл хийгдээгүй гэж үзнэ, учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т ямар тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх вэ гэдгийг зохицуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн буюу улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцлийг тухайн бүртгэлийн газарт нотлох баримтаар ирсэн зүйлийг гэрчлүүлээгүй бол энэ хэлцлийг байгуулагдаагүй гэж үзнэ. Байр болон автозогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй, бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан ч энэ гэрээ бол хүчин төгөлдөр тул маргахгүй. Харин автозогсоолын хувьд байгуулагдаагүй гэрээний дагуу ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй тул шаардах эрх байхгүй.

Мөн гарааштай холбоотой хохирол үндэслэлгүй байна, нотариатаар гэрчлүүлэх гэрээг аль нэг талын ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талын хүсэлтээр хүчин төгөлдөрт тооцуулж болохоос бүртгэлд үндэслэн тооцох боломжгүй. Хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох шаардлага гаргаагүй байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзвэл энэ хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй, худалдах-худалдан авах эрх зүйн үр дагавар үүсгээгүй, өмч шилжээгүй. Гарааштай холбоотой шаардлага үндэслэлгүй ба нэгэнт энэ төрлийн гэрээ байгуулагдаж, автозогсоол өгөх үүргийг Д.Батчулуун хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн өөр газар автомашин байршуулж, түүний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй болно.

Орон сууцны цонхыг тагласан байрны асуудлын хувьд 1 өрөөг 5 жил ашиглаагүйн улмаас хохирол гээд “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар үнэлгээ гаргаж ирсэн байсан Гэвч хуульд үнэхээр цонх хааснаас болоод ашиглаж чадаагүй тохиолдолд хохирол гаргуулах талаар нарийвчлан заагаагүй, хохирлыг тооцсон аргачлал нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1 болон 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Батчулуунаас 35 606 410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бадарч, Б.Нацагням нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг албадан буулгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 82 232 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 406 182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Батчулуун, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ...Шүүх бичгээр хийх хэлцлийг хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хийгдсэн гэж үзэх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэлд заасан тохиолдолд нотариатаар гэрчлүүлээгүй, улмаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хийгдээгүй хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг, гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийг үүсгэхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар автомашины зогсоол болон түүний үнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй болно. Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан хэлцлийг хийгээгүй байна. Гэвч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болдог байна. Автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон эсэх талаар зохигчид маргаж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх автомашины зогсоолын худалдах-худалдах авах гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулахдаа дурдсан үнийн дүнгээс шийдвэрт бичигдсэн үнийн дүн өөр байх тул шүүх хуралдааны бичлэгийг хавсаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Нацагням, С.Бадарч нар нь хариуцагч Д.Батчулуунд холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолын үнэ 23 000 000 төгрөгийг гаргуулах, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10 000 000 төгрөгөөр дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөгөө зориулалтаар нь ашиглаж чадаагүйн хохиролд 12 606 410 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц болон автозогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй, автозогсоолын хувьд байгуулагдаагүй гэрээний дагуу ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй тул шаардах эрхгүй, автозогсоолтой холбоотой хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэргийн 43 дугаар талд 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б.Нацагням, Б.Энхтунгалаг, Д.Батчулуун нарын хооронд байгуулагдсан 01 тоот худалдах-худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 27 тоот, 2 өрөө орон сууц болон уг орон сууцны подвалд байрлах 22 автомашины зогсоолоос нэг автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Дээрх гэрээгээр худалдан авагч Б.Нацагням, Б.Энхтунгалаг нар нь орон сууц болон автозогсоолын үнэд 30 000 000 төгрөгийг бэлнээр, УБЕ4603 улсын дугаартай “Норд бенз” маркийн хүнд даацын автомашиныг 72-64 дугаартай чиргүүлийн хамт худалдагч Д.Батчулуунд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Хэргийн 83 дугаар талд 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Д.Батчулуун, Б.Нямдорж нарын хооронд орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр бэлэглэгч Д.Батчулуун нь бэлэг хүлээн авагч Б.Нямдоржид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 27 тоот, 62 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариу төлбөргүйгээр шилжүүлж, уг орон сууц нь С.Бадарчийн өмчлөлд шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй. 

                         /1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал, 83 дугаар тал/

 

Тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч талууд худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх ёстой орон сууцыг бэлэглэлийн гэрээний дагуу түүний ах Б.Нямдоржийн өмчлөлд шилжүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээг байгуулагдаагүй буюу уг гэрээний хувьд орон сууцыг шилжүүлэх үүрэг биелэгдээгүй гэж үзэх нөхцөл байдал болохгүй тул гэрээгээр тохиролцсон орон сууц болон автозогсоолыг шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх тул хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд орон сууц болон автозогсоол худалдах-худалдан авах талаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Батчулуун нь худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж автозогсоолыг нэхэмжлэгч Б.Нацагнямын өмчлөлд шилжүүлж өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ. Нэхэмжлэгч Б.Нацагнямын зүгээс автозогсоолыг өөрийнх нь өмчлөлд шилжүүлэх хангалттай хугацааг хариуцагч Д.Батчулуунд өгсөн боловч автозогсоолыг түүний өмчлөлд шилжүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Нацагням нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар автозогсоол худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж автозогсоолын үнэ 23 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн, хариуцагчийн барьсан барилга нь нэхэмжлэгчийн орон сууцны унтлагын өрөөний цонхыг тагласан буюу хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шүүхээс шинжээч томилж тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагаар хохирлын хэмжээг тогтоолгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт гэж үзнэ.

 

Уг шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагчийн барьсан барилга нь нэхэмжлэгчид өөрийн эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон буюу дээрх байдал нь түүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зэрэг түүний хууль ёсны ашиг сонирхолд харшилсан нөхцөл байдал бий болгосон гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа үйл баримт хэргийн баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт зааснаар хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцны унтлагын өрөөний цонхыг хааж барилга барихыг нэхэмжлэгч зөвшөөрч байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул зөвшөөрөлгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хууль зөрчиж барьсан барилгыг албадан буулгуулахаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн, хөрш зэргэлдээ байгаа этгээд нь өмчлөх эрхээ үүсгэхдээ зөвшөөрөлтэйгээр үүсгэсэн эсэх нь нөгөө талын хөршид хамаарах асуудал тул шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг өөрчлөх хүчин зүйл биш болохгүй.

 

Хариуцагч нь барилгын норм ба дүрмийн заалтыг зөрчиж газар эзэмших болон бусдын зөвшөөрөлгүйгээр барилга барьсан нь нэгэнт бодит байдалд баригдсан уг барилгыг хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан нөхцөл байдлыг үгүйсгэх, хөршийн эрхийн зохицуулалтад үл хамаарах үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хуульд зааснаар барилга байгууламж нь хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгч нарын ашиг сонирхолд харшилсан байж болох боловч илтэд харшилсан байхыг шууд зааж, шаардах эрхийн урьдчилсан нэг нөхцөл гэж тодорхойлжээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөгөө зориулалтаар нь ашиглаж чадаагүйн хохирол гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь давж заалдах гомдлоо хуулийн хугацаанд гаргасан байх тул хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэлэлцсэн болно.

 

Талуудын хооронд үүссэн маргаан нь бусдын хууль бусдын эзэмшилтэй холбоогүй хөрш залгаа баригдсан өргөтгөлийн барилга нь тухайн орон сууцны өмчлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эзэмшилтэй холбоогүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой саадыг арилгуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн заалт баримталсан нь буруу тул мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “106 дугаар зүйлийн 106.2” гэснийг “135 дугаар зүйлийн 135.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 182 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ