| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 106/2017/0462/э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 95
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Оюунжаргал,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат,
Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох эрүүгийн 201626022925 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоотод Д.Жийг хутгалж, баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэн ... онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаантолгойт овогт Батчулууны Б.Бийг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бийг 12 /арван хоёр жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бийн цагдан хоригдсон 107 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн савхин куркта, шилний хагархай хэсэг, хар савхин бээлий, шаргал өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, хар саарал ноосон өмд, ногоон өнгийн хилэн өмд, бор эрээн өнгийн ноосон оймс, эрээн өнгийн хамрын алчуур, ногоон эрээн өнгийн гудас, шаргал өнгийн металл рамтай нүдний шил 1 ширхэг, бор өнгийн рамтай шил нь байхгүй рам 1 ширхэг, дэлгүүрийн билл 1 ширхэг, бор шаргал өнгийн өвлийн гутал 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэгийг тус тус устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Б.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч С.Нармандах хохирол, хор уршигтай холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Зүйлчлэлийн хувьд онц харгис хэрцгий аргаар гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Амь хохирогч миний эд хөрөнгөнд шунаж, хөөрөг зэргийг минь авахаар санаархан миний биед халдан довтолсон. Үүнийг нь таслан зогсоохын тулд би хариу үйлдэл хийсэн. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг талийгаач эхлээд авч над руу дайрсан. Хутга булаацалдан ноцолдож байх үед хэд хэдэн удаа хутганд хатгагдсан байх. Гэхдээ энэ нь онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь би өөрийнхөө гэрт талийгаачийг тодорхой хэмжээгээр дайлж, хонуулсан. Талийгаачийн эд зүйлийг авъя гэсэн ямар нэгэн шунахайн сэдэл болон бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байгаагүй. Надад талийгаачийг онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хороох санаа зорилго огтхон ч байгаагүй. Эхлээд би амь нас, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор тэмцэлдэж байсан. Эцэст нь тайвширч ухаан орсныхоо дараа бодит байдлыг зөвөөр үнэлж дүгнэн өөрөө цагдаа, эмнэлэг дуудсан. Хэдийгээр дараа нь нас барсан ч тухайн үед хохирогчийн амь насыг хамгаалах, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг иргэний үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Хэрэв онц харгис хэрцгий аргаар санаатай хүний амь насыг хөнөөсөн бол ийм арга хэмжээ авах хүн бараг байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Миний бие өөрийн гэм буруутай үйлдэлд чинь санаанаасаа гэмшиж, мөрдөн шалгах болон бусад ажиллагаанд ямар нэг саад учруулалгүй үнэн зөвөөр хэргээ хүлээн мэдүүлж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн. Энэ бүх байдлыг харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийг журамлан, шүүх эрх мэдлийнхээ хэмжээнд миний эдлэх ялаас зохих хэмжээгээр хасч хөнгөрүүлж өгнө үү. Би 68 настай. Энэ хэрэг гарах үед талийгаачид зодуулсны улмаас зүүн нүд сохорч, хараагүй болсон. Шүд мултарч унаж, зүүн чих сонсголгүй болсон. 2017 оны хавар 30 гаруй хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж, тархиндаа мэс засал хийлгэснээр одоо юмыг мартдаг өвчтэй болсон. Эдгээр байдлыг минь харгалзан үзэж, хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах язгуур эрхийг хүндэтгэн үзэж, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогч Д.Жийн амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрдөг төдийгүй уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэний буруутай үйлдлээс тухайн гэмт хэрэг гарсан нь хангалттай нотлох баримтаар тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т "... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэжээ. Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ уригдаж ирсэн амь хохирогч Д.Жийг такси дуудлагаар дуудаж явуулахаар болж, түүнийг таксины мөнгөгүй гэхэд нь өөрийн хөөрөгний даалинд хадгалж байсан тэтгэврийн мөнгө болох 360.000 орчим төгрөгөөс 20.000 төгрөгийг өгөөд мөнгөө цааш нь далд хийх мөчид амь хохирогч нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч Б.Бийн мөнгийг авахаар түүний биед халдсан ба шүүгдэгчийн хувьд нүүрэн тус газартаа 2 цохиулж хоолойгоо боолгосны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16008 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Бийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгчийн нүдний шил хагарч араам нь яажийсан байсныг хэрэгт фото зургаар бэхжүүлж авсан байдаг. Мөн хэрэг болсны дараа өөрөө цагдаад болсон үйл явдлыг хэлж дуудлага өгсөн. Дуудлагын бичлэгт хийсэн үзлэгээс сонсоход амь хохирогч Д.Ж нь шүүгдэгч Б.Б руу хутга барьж дайрсан талаар бичигдсэн байсан нь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг үгүйсгэхгүй юм. Шүүгдэгчийн хувьд түүний төрсөн эх болон төрсөн дүү нар нь сэтгэцийн олдмол өвчний улмаас нас барсан байдаг. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь өмнө нь авто ослын улмаас гэмтэл авч сэтгэл санааны байдал нь тогтворгүй болсоор эхнэр, хүүхдээсээ салж тусдаа амьдрах нөхцөл үүссэн байдаг. Гэтэл шүүх дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ..." гэж заасан. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 12 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бийн гэрт хохирогч, шүүгдэгч хоёр л байсан бөгөөд өөр хөндлөнгийн гэрч байгаагүй. Хохирогч Д.Жийг такси дуудаж, боодолтой мөнгөнөөсөө 20.000 төгрөг гаргах агшинд хохирогч Д.Ж нь Б.Бийн зүүн нүд рүү цохиж унаган, хоолойг боох үйлдэл хийж тэмцэлдэх явцад хохирогч хутганы гэмтэл авсан байхыг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгоогүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд Б.Бийн нүдний шил хагарсан, түүнийг эд мөрийн баримтаар хураан авч хэрэгт хавсаргасан тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16008 дугаартай дүгнэлтээр Б.Бийн биед зүүн нүдний зовхинд цус хурсан, хамар, баруун гарын сарвуунд зулгарсан гэмтэл учирсан нь тогтоогдсон баримт, хэргийн газрын үзлэгээр ширээн дээр байсан тавгийн идээ унаж асгарсан нөхцөл байдал зэрэг нотлох баримтууд нь Б.Бийн мэдүүлэгтэй тохирч буйг шүүх анхаарч үнэлээгүй болно. Дээрх нотлох баримтууд нь хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алах сэдэлт үүсч, Б.Б үйлдсэн гэдгийг үгүйсгэсэн байхад шүүх хохирогчийн биед учруулсан гэмтлүүдийн тоог үндэслэн хүндрүүлж зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Сэтгэл санаа цочирдон давчдаж гэмт үйлдэл хийсэн эсэх нь хууль зүйн ойлголт бөгөөд дан ганц сэтгэцийн шинжилгээгээр дээрх гэмт үйлдлийг шууд нотлох, үгүйсгэх үндэслэлгүй. Шүүх сэтгэцийн шинжилгээ хийгдээгүй ч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх хууль зүйн ойлголтын дагуу зүйлчилсэн практик олон байдаг. Өөрт нь хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа гэнэт цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Б.Б нь дээрх үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Б.Б нь өндөр насны тэтгэвэрт байдаг, гавал тархины гэмтлийн улмаас мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.
Прокурор Т.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг хүндрүүлэх нөхцөл нь онц харгис хэрцгий аргаар олон удаагийн үйлдэл, олон тооны шарх үүсгэж, хохирогч удаан хугацаагаар буюу хоёр хоног эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэв.
Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоотод Д.Жийг хутгалж, баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэн ... санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сэлэнгийн “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны 16 цагийн үед аавын найз Янжаа эгч над руу залгаад “аавын чинь бие маш муу байна. Цагдаагаас над руу утсаар ярьлаа” гэсэн. Би цагдаагийн ажилтны дугаарыг аваад залгахад “Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир. Аав чинь хүнд хутгалуулаад бие нь муу байна” гэсэн. ...Госпитал дээр 17 цаг өнгөрөөгөөд очиход аавыг дөнгөж сая хагалгаанд орчихлоо гэж эмч нь хэлсэн. Бие нь маш хүнд байна, зүрх нь зогссон, цус их алдсан, хиймэл амьсгаа хийсэн, даралт нь унасан гэж байсан. Тэгээд аав ямар ч ухаангүй эмчлэгдэж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 47 минутын орчим нас барсан. ...” /1 дүгээр хавтас, 127-129 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нармандахын “...Миний төрсөн охин Ж.Сэлэнгэ нь энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан боловч 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Солонгос улс руу 1 жилээр явахаар болоод намайг энэ хэрэгт хохирогчийг төлөөлөх итгэмжлэлийг албан ёсоор олгосон юм. Энэ хэргийн улмаас бид сэтгэл санаа, эд материалын хохирол амссан бөгөөд бидний зүгээс талийгаачийг эмнэлэгт 2 орчим хоног эмчлүүлэхэд гарсан зардал, оршуулгын зардалтай холбоотой, нийтдээ 14.429.592 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ...” /1 дүгээр хавтас, 135 дугаар хуудас/,
Гэрч Б.Цогтгэрэлийн “...Би тэр өдөр Тайшир 67 дэд хэсэг дээр ахлах ахлагч Хэнчбишийн хамт жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхад 11 цагийн үед Тайшир 10-аас хутгатай хүн намайг хутгалах гээд байна гэсэн дуудлагыг аваад 5 минутын дотор шуурхай Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7-3 дугаар байранд очиход лифтгүй шатаар дээш гараад 26 тоотод очиход гэрийн хаалга нь онгорхой байсан, дотогш ороход Б.Б гэх хүн ширээнийхээ хажууд сууж байсан. Хутгалуулсан гэх Д.Ж нь хивсэн дээр цусаа гоожуулсан байдалтай нэрийг нь асуухад хариулт хэлж чадахгүй, янцагласан авиа гаргаад байсан. Тэгэхээр нь Б.Бийг ширээн дээр байсан хутганаас холдуулаад хаалганы хажууд гавлаад суулгасан. Тэгээд Хэнчбишийн утаснаас 103-руу дуудлага өгчихөөд Тайшир 10-руу залгаж, жижүүрийн бүрэлдэхүүнийг явуул гэж хэлсэн. Хүний биеийн байдал хүнд байсан, тэгээд түргэний эмч 30 гаруй минутын дараа жижүүрийн бүрэлдэхүүний дараа ирээд нөгөө хутгалуулсан хүнийг үзээд анхны тусламж үзүүлээд гудсан дээр хэвтүүлж насиликтэнд биеийг нь дарж боогоод түргэний эмч Бум-Эрдэнэ, жолооч нарын хамт аваад гарсан. ...Хутгалсан гэх Б.Б нь согтуу, бид хоёр мөнгөнөөс болж маргалдаад намайг багалзуурдахаар нь би 3 удаа л дүрсэн гэж байсан. Яг хаашаа гэдгийг нь хэлэхгүй байсан. Яадаг юм, би ял аваад шоронд орно биз гэж байсан. Тэр хутгалуулсан хүн цусандаа хутгалдсан, өмд нь шувтарсан, бөгс нь гарчихсан, баруун бөгснөөс нь хутганы шархтай хөдлөх тоолонд нь цус их хэмжээгээр гарч байсан, гуталгүй оймстойгоо, дээгүүрээ хагас савхин куртиктэй, доошоогоо харсан байдалтай хэвтэж байсан, ороход ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, нэрийг нь асуух гэж дээш харуулахад юм хэлж чадахгүй янцаглаад байсан, тэгээд юу ч хэлээгүй. Тэр хэвтэж байсан хивс, паркетан шалан дээр гоожсон цус нь нилээн их харагдаж байсан юм. Хутгалсан Б.Б гэж хүн өөрөө би энэ хутгаар хутгалсан гэж заагаад хэлж байсан юм. ... Тэр хоёр хоорондоо нилээн ноцолдсон байдалтай эд зүйлс нь эмх цэгцгүй байсан. ...” /1 дүгээр хавтас, 138-139 дүгээр хуудас/,
Гэрч Б.Отгондалайн “...Тэр өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчээр ажиллаж байсан. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7-3 байрны гадаа очиход ахлах ахлагч Хэнчбиш бид нарыг тосон авч уулзаад хэргийн байдлын талаар хэлсэн. Би байрны ерөнхий байдлын зургийг аваад орцны хаалгаар дотогш ороод шатаар дээш гарах явцад шат, хана, бариул зэрэг нь ямар нэгэн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон байдал харагдаагүй, бусад ямар нэгэн өөрчлөлт үүсээгүй учир орцны байдлын зургийг бэхжүүлэлгүйгээр 6-н давхарт гарч, 26 тоотын үүдний хэсгийн ерөнхий байдлын зургийг бэхжүүлэн авч дотогш ороход дэслэгч Цогтгэрэл холбогдогч Б.Бийн гарыг нь ард нь гавалсан байдалтай байсан, хохирогч болох хүн ширээний хойд талд доошоогоо хараад хэвтчихсэн, өмдөө гуяа хүртэл доошлуулсан байдалтай хэвтэж байсан. ... Хутгалсан хүн нь согтуу ямар нэгэн зүйл ярихгүй байсан, мөрдөн байцаагч та энэ хүнийг таних уу, хэн гэдэг хүн бэ гэж асуухад би өмгөөлөгчтэй юм ярина, өмгөөлөгчгүйгээр юм ярихгүй гээд нилээн их согтуу байсан. ...” /1 дүгээр хавтас, 140-141 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Долгормаагийн “...Эдгээр бүх гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Баруун өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх нь хураагуур тараагуур судсыг гэмтээж, уг судаснаас цус алдаж нас барсан байна. ...Талийгаачийн биед учирсан гэмтлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авсан байх боломжтой. Өмнөх өдөр буюу 11 дүгээр сарын 21-ний орой уг гэмтлийг авсан байх боломжгүй. Учир нь талийгаачийн биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шархнуудаас их хэмжээний цус гарна. Мөн өгзөгний артер гэмтсэн тохиолдолд маш их хэмжээний цус олгойдож гарна. Иймээс цус алдсаны улмаас тухайн хүн цус алдалтын шоконд орж, өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх боломжгүй болж, хамгийн удаандаа 1 цагаас 2 цаг орчим хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж авахгүй бол шууд үхэлд хүрнэ. Талийгаач гэмтэл анх авснаас хойш хугацаа алдалгүй эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд тэр дороо нас барахгүй, 1-2 орчим хоног амьд байсан байж болно. ...Гэмтэл авсны улмаас эмнэлэгт тэр дороо хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн тохиолдолд цусанд нь спиртийн агууламж илрэхгүй байж болно. ...Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг тарчлаан зовоосон шинжтэйг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь биед үүссэн шарх гэмтлүүдээс үхэлд хүргэсэн буюу өгзөгний шарх гэмтлийг авснаас хойш талийгаач удаан амьд явах боломжгүй. ...” /1 дүгээр хавтас, 68-69 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Үзлэг хийх явцад Б.Бийн хүзүү хоолойд боолгосон болон багалзуурдуулснаас үүссэн байж болох ул мөр, үүнтэй холбоотой гэмтэл байгаагүй. ...Б.Бийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...” /1 дүгээр хавтас, 113 дугаар хуудас/,
Б.Бийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 21-ний үдээс хойш 15-16 цагийн орчимд би гэртээ ганцаараа байхдаа, өөрийн урьд танилцсан Д.Жоор гэрийнхээ цахилгааныг үзүүлэх санаатай түүний гар утас руу залгасан. Тэр үед Д.Ж манайд ирэхээр болоод харанхуй дөнгөж болж байхад манайд ирсэн. Тэр үед манайд талаас доогуурхан Алтан түрүү нэртэй 0,75 граммтай ойролцоогоор 200 орчим грамм үлдсэн архи байхаар нь бид хоёр хувааж уусан. Тэр үед би Д.Жийг “чамд буцаж гэр лүүгээ явах таксины мөнгө байгаа юу” гэхэд Д.Ж надад байгаа нь энэ байна гээд өөрийнхөө хэтэвчийг харуулсан. Тэр үед түүний хэтэвчинд 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, задгай ганц 2 ширхэг 100, 50 төгрөгийн дэвсгэрт харагдаж байсан. Тэгэхээр нь би түүнд гэр лүүгээ таксидаж хариарай гээд 20.000 төгрөг өгөөд түүний хэтэвчинд хийж өгсөн. Тэгээд би гэрийнхээ доод дэлгүүр лүү ороод 0,5 граммтай Тайга нэртэй архи 1 шил, Алтан түрүү нэртэй 0,75 граммын архи 1 шил, 3 ширхэг бэлэн гоймон, кола ундаа 2 ширхэг, 1 уут нарийн боов, 1 ширхэг талх зэргийг аваад гэр лүүгээ орсон. Тэр үед Д.Ж манай гэрийн цахилгааны массыг олох боломжгүй бололтой сууж байхаар нь Д.Жоор цахилгаанаа үзүүлэхээ болиод бид хоёр нэг савтай бэлэн гоймонг нь халаагаад хувааж идээд, архинуудаа задлаад хувааж ууж байгаад би буйдангийнхаа дээр даавуу дэвсээд хөнжлөө нөмрөөд унтсан. Д.Ж бас буйдан дээр миний эсрэг талд хэвтээд унтсан. Өглөө босоод такси дуудаад явуулах гээд дуудахад намайг нүдний шилтэй хамт нүүр лүү цохисон. Тэгээд хоолой боож, дээр гараад суусан, тэгэхээр нь доороос нь ноцолдож байж арай гэж мултраад зугтаасан. Би ойртоод хартал том өрөөний ширээний хөл орчим цус болчихсон хивс норсон байдалтай харлаж харагдсан. Тэгэхээр нь би Д.Жийг шээсэн юм болов уу гэж бодоод уг нойтон хивсэн дээр гараа хүргээд гараа үнэртэх гэтэл миний гар цус болчихсон байсан. Тэгэхээр нь би 102 луу “та нар хүрээд ирээч, шархтай хүн байна” гэж хэлсэн. ...Уулзаж архи ууж байхад маргаан болоогүй. Харин явуулах гэхэд уурлаж нүд рүү цохисон. ...Бид хоёр маргалдаж, энэ үед гэмтэл үүссэн байх. Гэхдээ хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. ...Би өөрийгөө хэзээ, хаана гэмтсэн гэдгээ мэдэхгүй байна. Цагдаа дээр ирээд өөрийнхөө зүүн нүдийг хөхөрсөн, хамрын нуруу халцарсан, гар шалбарсан гэдгээ мэдсэн. ...Хутга ширээн дээр байсан. Гэхдээ хутгыг талийгаач хэзээ авсныг би хараагүй. ...” /1 дүгээр хавтас, 177-179 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 11-19 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 41-45 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2166 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуянд шарх, цээж, зүүн чихний дэлбэн, баруун зүүн бугалга, зүүн тохойн хонхор, баруун зүүн шуу, зүүн алга, хэвлий, зүүн ташаа, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй боловч үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь баруун өгзөгний хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. ...” /1 дүгээр хавтас, 57-60 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 6985 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гудсанд 2 ширхэг, ногоон өмдөнд 2 ширхэг татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхай байна. Ногоон өмдөнд гарсан 2 ширхэг уранхай шинээр гарсан, ... байна. Хар савхин хүрмэнд 3 ширхэг, бор цамцанд 3 ширхэг, доторлогоонд 3 ширхэг, цэнхэр алчуурт 8 ширхэг, ногоон өмдөнд 2 ширхэг, дотуур өмдөнд 2 ширхэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай байна. ...” /1 дүгээр хавтас, 91-92 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...Б.Бийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...” /1 дүгээр хавтас, 112 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2166 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуянд шарх, цээж, зүүн чихний дэлбэн, баруун зүүн бугалга, зүүн тохойн хонхор, баруун зүүн шуу, зүүн алга, хэвлий, зүүн ташаа, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1 дүгээр хавтас, 57-60 дугаар хуудас/,
Б.Бийн сэжигтнээр өгсөн “...Уулзаж архи ууж байхад маргаан болоогүй. Харин явуулах гэхэд уурлаж нүд рүү цохисон. ...Бид хоёр маргалдаж, энэ үед гэмтэл үүссэн байх. Гэхдээ хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. ...Би өөрийгөө хэзээ, хаана гэмтсэн гэдгээ мэдэхгүй байна. Цагдаа дээр ирээд өөрийнхөө зүүн нүдийг хөхөрсөн, хамрын нуруу халцарсан, гар шалбарсан гэдгээ мэдсэн. ...” /1 дүгээр хавтас, 177-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.Б, амь хохирогч Д.Ж нар нь архи ууж, согтуурсан үедээ харилцан зодолдсон, улмаар шүүгдэгч Б.Б нь хутгаар амь хохирогч Д.Жийн биед баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэн санаатай алсан үйл баримт тогтоогдсон байна.
Амь хохирогч Д.Ж нь шүүгдэгч Б.Бийн хоолойг боосон байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б нь аргагүй хамгаалалтын улмаас Д.Жийн амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Шүүгдэгч Б.Бийн амь хохирогч Д.Жийн биед баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэн санаатай алсан үйлдэлд онцгойлон авч үзэх хэрцгий зан авир гаргасан, амь хохирогчийг тамлан зовоож, тарчлаасан шинж тогтоогдохгүй байна.
Иймд Б.Бийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын “... зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.