Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0082

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

Нэхэмжлэгч Г.Ц, Г.У, Ц.Ө, Д.Д, Б.Д,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд “М” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 786 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, өмгөөлөгч Ш.Алтангадас

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2020/0771/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 786 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн “М” ХХК-нд холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “М” ХХК-д газар олгохдоо нэхэмжлэгч нарын оршин суух байрны орц, гарцыг нээх зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжуудын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үйл баримтуудыг буюу нийслэлийн Засаг дарга “М” ХХК-д газар эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж олгосон ба Газрын тухай хуулийн 32.5-д зааснаар “...хүсэлтийг хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэсний дагуу “М” ХХК-ийн хүсэлтийг бүртгэлээс хасах, мөн Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 5.2.2-д “тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах” 6.2.2-д “бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тогтоох” ажиллагааг хийгээгүй нь тогтоогдсон буюу нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц, гарцыг хаасан болохыг хэрэгт цугларсан болон үзлэгээр тогтоогдсон гэжээ.

3.2. Улмаар шүүхээс маргаан бүхий актыг гаргах үндэслэл байгаагүй болохыг тогтоосон бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-д тус тус зааснаар шийдвэрлэх учиртай байсан.

3.3. Гэтэл “106.3.11”-д зааснаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх 4 сарын хугацаагаар маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна. Учир нь нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хууль болон тусгайлан журмаар гүйцэтгэх ажлаа хийгээгүй ба тухайн нөхцөлд давхцал байгаа эсэх, тухайн орчинд амьдарч буй иргэдийн орц гарцыг хаасан эсэхийг шалгах хээрийн судалгааг хийж, улмаар давхардалтай байгааг нь тухайн үед тогтоосон бол уг акт гарах ёсгүй байсан талаар л маргаж шүүх ч энэ нөхцөл байдлуудыг тогтоосон. Иймээс нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт байсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинжлэн судлахад төвөгтэй шинжлэх ухааны нарийн тооцолол, хэмжилтийн зөрүүтэй байдал, түүнийг дахин тодруулж эцэслэх буюу хуулийн “106.3.11”-д зааснаар нөхцөл бүрдээгүй байсан.

4. Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч нарын гаргасан хоёр дахь шаардлага болох 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжуудын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар үндэслэл бас дурьдаагүй байгааг анхаарах шаардлагатай байна.

4.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/533 дугаар албан бичгээр ирүүлсэн агаар сансарын зургаар гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр олгосон газар нь нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц, гарцыг хаасан болох нь тогтоодож байна” хэмээн дурьджээ. Гэвч нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд нэгж талбарын 159/0078 дугаар бүхий 623 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц, гарцыг хаагаагүй ба ийнхүү нэхэмжлэгч нарын орц гарцыг хаагаагүй болох нь “М” ХХК-д эзэмшүүлэн газрын кадастрын зургаар нотлогддог.

5.2. “М” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх үед нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байр нь урдаасаа, хойноосоо, зүүн хойноос гэсэн 3 талдаа орц гарцтай байсан ба эдгээр орц гарцуудаас “М” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа 2 орц гарц нь хаагдсан болох нь хэрэгт авагдсан фото зураг болон Ч.Б-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамж, кадастрын зургаар тус тус нотлогддог бөгөөд урд талаасаа тээврийн хэрэгсэл нэвтрэх орц гарц нь одоог хүртэл нээлттэй юм.

5.3. Тухайлбал, хойт талын орц гарцыг хойд талд нь байрлах 2 орон сууцны цахилгааны эх үүсвэрийг хангахын тулд цахилгаан дэд станц барьснаар тус орц гарц нь хаагдсан /М ХХК-д газар эзэмшүүлснээс хойш/ ба улмаар хойд талаас орж гардаг гудамжийг бусад айлууд хашаалсан авсан байдаг.

5.4. Мөн зүүн хойд талын орц гарц буюу 31 дүгээр байрны зүүн хойд булангаар нэвтрэх орц гарцыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар иргэн Ч.Б-д Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000, 31 дүгээр байрны ард 2599 м.кв газрыг эзэмшүүлэх /Мон-Эрдэнэ ХХК-д газар эзэмшүүлснээс хойш/-дээ хаасан болох нь иргэн Ч.Б-гийн газрын кадастрын зураг, хэрэгт авагдсан фото зураг зэргээр тогтоогддог.

5.5. Нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байр нь урд талаараа явган хүн болон тээврийн хэрэгсэл нэвтрэх орц гарц нь одоо хүртэл нээлттэй байгаа болох нь шүүхээс хийсэн үзлэгийн фото зургаар тогтоогддог бөгөөд “М” ХХК-д газар эзэмшүүлэх 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамж гарах үед нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрны хойд болон зүүн хойд талын орц гарц нээлттэй байсан.

5.6. Харин 31 дүгээр байрны хойд талын орц гарцыг цахилгааны дэд станц барих, зүүн хойд талын гарцыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/349 дүгээр захирамжаар иргэн Ч.Б-д 2599 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тус тус хаасан болох нь Ч.Б-гийн газрын хувийн хэргээр тус тус тогтоогддог. Нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц гарц нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/359 дүгээр захирамжаар хаагдсан байх тул нэхэмжлэгч нь тус захирамжид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

5.7. Гэтэл анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан дээрх тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй орхигдуулж, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамжаар “М” ХХК-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын амьдарч буй 31 дүгээр байрны орц, гарцыг хаасан мэтээр дүгнэн шидйвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.8. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамжаар “М” ХХк-д 623 м.кв газрыг эзэмшүүлэх буюу олгохдоо 31 дүгээр байрны орц, гарцыг хаасан эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийх ёстой атал 8 жилийн дараа буюу одоо орц гарц нь хаагдсан байна хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй юм.

6. Анхан шатны шүүх “...шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц, гарцыг хаасан” хэмээн дүгнэсэн боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд орц, гарц хаасан талаарх мэдээлэл тусгагдаагүй, үзлэгийн тэмдэглэлээр орц гарц хаасан болох нь тогтоогдоогүй. Мөн анхан шатны шүүх орц гарц хаагдсан гэж үзэх тохиолдолд хаана байх, ямар орц гарцыг ямар хэмжээгээр хаасан болохыг тогтоосны үндсэн дээр орц, гарц хаасан гэх дүгнэлтийг хийх ёстой атал ямар ч баримтгүйгээр орц гарц хаасан хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй болсон юм.

6.1. Мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно” гэж заасны дагуу “М” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг ямар нэгэн байдлаар хашаалах, барилгажуулах зэргээр 31 дүгээр байранд амьдарч буй нэхэмжлэгч нарын орц гарцыг хаасан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг үндэслэсэн байдаг бөгөөд тус журмын зохицуулалт нь нийслэлийн Засаг даргаас иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ, хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон зохицуулалт биш юм. Шүүх дээрх журмын зохицуулалт, агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, тус журмыг зөрчсөн гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг үгүйсгэн шийдвэрлэж буй нь үндэслэлгүй.

7.1. Мөн тус журмын 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасан зохицуулалт нь хөршүүд болон шилжүүлэн авч буй этгээдүүдийн хоорондын харилцааг зохицуулахад баримтлахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу газар эзэмшигч бус этгээд тул уг журамд заасан хөршийн ойлголт нь уг маргаанд хамаарахгүй, нийтийн байранд хөршийн эрх яригдахгүй ба гуравдагч этгээд нь газар шилжүүлэн авч буй этгээд биш юм.

8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн “өөрчилсөн шаардлага”-д нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар бусдын ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангах” ёстой байсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, уг тайлбараа үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Гэвч нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу “газар ашиглах”, мөн хуулийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасны дагуу “газар эзэмших” эрх бүхий этгээдүүд биш тул энэ хуулийн 31.3-т заасныг үндэслэл болгон маргаан бүхий актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгч нарт үүсэхгүй юм.

8.1. Нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь хэсгийг маргаан бүхий захиргааны акт гаргахдаа зөрчсөн мэтээр дурьдсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”-ыг хориглоно гэж заасан ба маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа хуулийн дээрх шаардлагыг зөрчиж гаргаагүй, сөрөг нөлөө бүхий үйл ажиллагааг тус тус явуулаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн фото зургаар нотлогддог.

8.2. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан. Гэвч маргаан бүхий захиргааны акт нь энэ хуульд хамаарахааргүй, мөн тус хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгч нараас гаргаж буй дээрх шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхгүй юм.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...” гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарна гэж тус тус заасан.

9.1. Өөрөөр хэлбэл, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой бөгөөд ийнхүү зөрчигдсөний улмаас хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамжийн, 2018 оны А/1159 дүгээр захирамжийн “М” ХХК-д тус тус холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм.

9.2. Тухайлбал, нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газар ашиглагч, эзэмшигч, өмчлөгч этгээдүүд биш тул нэхэмжлэгчид нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлага гаргах эрхгүй этгээдүүд юм.

10. Нэхэмжлэгч нар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамжийн, 2018 оны А/1159 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбодгох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрчлөхдөө “нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэг л шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан.

10.1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дээрх өөрчилсөн шаардлагыг хэргийн оролцогчдод гардуулсан атлаа өөрчилсөн шаардлагад байхгүй буюу нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1159 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

10.2. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1159 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсэгт хамааруулах шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой юм.

10.3. Нэхэмжлэгч нарын зүгээс “М” ХХК-ийн эзэмшиж буй 624 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай гомдлыг төрийн захиргааны байгууллагад хандаж гаргасан байх ба нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/2446 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Улмаар нэхэмжлэгч нарын зүгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хандан гомдол, хүсэлт гаргасан болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар тус тус тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгч нар нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/976 дугаар захирамж, 2018 оны А/1159 дүгээр захирамжуудын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандан гаргасан байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байна. Мөн 2013 оны А/976 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг 7 жилийн дараа, 2018 оны А/1159 дүгээр захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг 22 сарын дараа тус тус шүүхэд хандан гаргасан байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг нотолж байгаа ба шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

11. Нэхэмжлэгч нар нь газар эзэмшигч этгээдүүд биш бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч этгээдүүд тул өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмшихтэй холбогдон үүсэх маргаан нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.7-д заасанчлан хувийн эрх зүйн маргаан юм. Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд болохын хувьд өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглахтай холбоотой гомдлын шаардлагаа захиргааны шүүх бус, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм. Гэвч шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

11.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/976 дугаар захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 19, 08 дугаар сарын 09, 29, 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 14 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, түүний хавсралтын 13 дахь хэсгээр гуравдагч этгээд “М” ХХК-д Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “аж ахуйн” зориулалтаар 624 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/1159 дүгээр захирамжаар нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 57 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхий гэрчилгээний хугацааг сунгаж, хавсралтын 55 дахь хэсэгт “М” ХХК-ийн аж ахуйн зориулалтаар эзэмшдэг 624 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч нар нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, /Дэнжийн-1000/ 31 дүгээр байранд оршин суудаг болох нь тэдгээрийн нэхэмжлэлд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргадаггүй, анхан шатны шүүхээс “...хариуцагч нь хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ... маргаан бүхий газарт хээрийн судалгааг хийгээгүй, газрын давхцал, орц, гарцыг тодруулаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зарчимд нийцээгүйн дээр маргаан үүсэх нөхцөл болжээ..., гэж мөн нэхэмжлэгч нараас хөрш зэргэлдээ орших Ч.Б-гийн газар эзэмших эрхтэй тухайлан маргаагүй, одоо тус байранд оршин суудгийн хувьд өмчлөх эрх хэзээ үүссэнээс үл хамаарч амьдрах нөхцөл, тэр дундаа тухайн байрны орц, гарцын талаар маргах эрхийг хязгаарлахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын оршин суух байрны орц, гарцыг нээсэн байдлаар дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/976 дугаар захирамжийг “илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэл гаргах хугацааны зохицуулалт хамаарахгүй, харин нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/1159 дүгээр захирамжийг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлинй 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасныг анхан шатны шүүхээс тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нараас өөрийн амьдарч буй “31” дүгээр байрны орох, гарах, хөдөлгөөнийг хязгаарласан гэх үндэслэлээр 2018 оны А/1159 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

3.2. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/1159 дүгээр захирамж гарсанаас хойш буюу гуравдагч этгээд “М” ХХК-ийн 624 м.кв эзэмшлийн газар нь нэхэмжлэгч нарын “31” дүгээр байрны орц, гарц, хөдөлгөөнийг хязгаарласныг хэзээ мэдсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэзээнээс зөрчигдөхөд хүргэсэн, хэрвээ зөрчигдсөн бол уг зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс А/1159 дүгээр захирамжийг гарсанаас хойш 22 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ талаар гуравдагч этгээдийн зүгээс мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад шүүх нэхэмжлэгч нарын “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх” хугацаатай холбоотой нотлох баримт цуглуулах, энэ талаар тодруулалгүйгээр “нэхэмжлэгч нарын оршин суух байрны орц, гарцыг нээх байдлаар” 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д нийцээгүй байна.

3.3. Түүнчлэн нэхэмжлэгч нарын маргаж буй “31” дүгээр байрны орц, гарц, хөдөлгөөнийг хаасан гэх газар нь хэдэн м.кв талбай хэмжээтэй эсэх, тэр газар нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжаас улбаатай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар эзэмшсэн гуравдагч этгээд “М” ХХК-ийн эзэмшлийн 624 м.кв газартай харилцан хамааралтай эсэхийг тодруулж, тухайн “31” дүгээр байрны орц, гарцыг хэн, хэний эзэмшлийн газраас шалтгаалж нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн эсэх талаарх тайлбар, нотлох баримт цуглуулах ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нотлох зарчмыг хэрэгжүүлж хэргийг шийдвэрлэхээр байна.

3.4. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг...үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан зарчмыг шүүхээс бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой бөгөөд нэхэмжлэгч нарын амьдарч буй “31” дүгээр байрны орц, гарц, хөдөлгөөнийг гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа 624 м.кв газар нь бүхэлдээ эсхүл зарим хэсгээрээ хааж байгаа эсэхийг, “хүчингүй болгуулах” нэхэмжлэлд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан эсэхийг, мөн нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн, үүний хэмжээ хязгаарыг тодруулж байж хэргийг шийдвэрлэхээр байна.

4. Дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийг хангуулах тухай”, гуравдагч этгээдийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” тухай давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

4.1. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН