Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0724/з |
Дугаар | 271 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 271
“Юумэд хайрхан” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ч.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0334 дүгээр магадлалтай, “Юумэд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Засгийн газраас зарласан талбайд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших "Дэлгэр-1" нэртэй 3096 гектар талбайд өргөдөл гарган ХА-017844-001-NE дугаарт бүртгүүлсэн. Уг өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
Манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гол үндэслэл бол уг талбай нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан газартай давхцалтай гэсэн шалтгаанаар орон нутгаас зөвшөөрөхгүй гэсэн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр татгалзсан байдаг.
Гэтэл уг талбай нь анх зарлагдах үедээ орон нутгийн болон улсын нөөцөд бүртгэгдээгүй, өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар “төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянахдаа анхан шатны шүүлт хийсний дараа уг талбай нь тусгай хэрэгцээний болон нөөцөд авсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгаж давхцаагүй нөхцөлд орон нутгаас санал авах”-аар явуулдаг.
Манай компанийн өргөдлийг Ашигт малтмалын газраас хүлээн авч шалгаад орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээнд авсан газартай ямар нэгэн давхцал байхгүй гэж үзэж орон нутгаас санал авахаар явуулсан хэрнээ давхцалтай гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компаниас гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-ийн захирал Ч.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уг талбайд “Геоталст" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг Ашигт малтмалын вэб сайтнаас олж мэдлээ. Манай компанийн өргөдөл өгсөн талбайд өөр компанид тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзэж байна.
Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн “Геоталст” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Юумэд хайрхан" ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-025104 дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт орших "Дэлгэр-1" нэртэй 3096.19 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.
Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/853 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
"Юумэд хайрхан" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-025104 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэсэн заалтын дагуу хуулийн хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын 12 дугаар албан бичигт “дэмжихгүй” саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын санал болон хавсралтаар ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Тонхил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 05 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, "Юумэд хайрхан" ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, тус компаниас гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг сэргээхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн "Геоталст" ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХҮ-018985 дугаарын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Геоталст” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт “Хүрэн” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр “Геоталст” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Тухайн талбай дээр “Юумэд хайрхан” ХХК нь өргөдөл гаргаж тус өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Санал өгөх эрх нь тухайн орон нутгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна. Төрийн захиргааны байгууллагаас санал өгөх эрхэд халдах эрх байхгүй. Аймгийн Засаг даргын дэмжсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга хүчингүй болгох эрх байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж байгаа боловч хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүй байна. Тэгэхлээр Кадастрын хэлтсийн даргыг хууль зөрчсөн гэж үзэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад заасныг баримтлан “Юумэд хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Юумэд хайрхан” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн “Геоталст” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Юумэд хайрхан” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0334 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээд “Геоталст” ХХК-ийн захирал Ж.Гомборагчаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Гео талст” ХХК-ийн захирал Ж.Гомборагчаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “ашигт малтмалын тухай хуулъ, тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харъяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсргэийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хуулъ тогтоомжид заасны дагуу хяналт тавих, ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөл аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Энэ эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж хуулиар эрх олгосон байна. Энэ эрхийнхээ хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг дарга “Дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт “Дэлгэр-1” нэртэй 3096 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Юумэд хайрхан” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй байна.
Ийнхүү манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлщан 19.3 дах хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар санал авахаар Говь-Алтай аймгийн засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн байна. Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15 өдрийн шийдвэрээр “Геоталст” ХХК-д Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХҮ-018985 дугаар тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд “Геоталст” ХХК нь холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн тусгай зөвшөөрөл авсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хуулиар олгосон эрх ашиг сонирхлыг маань ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26 өдрийн 334 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд аймгийн Засаг дарга нь Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахад тухайн сумын иргэд дэмжихгүй санал гаргасныг түүнд уламжилсан албан тоот, тогтоолыг ирүүлсэн байсан бөгөөд үүнийг үндэслэн аймгийн Засаг дарга дээрх 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт нэхэмжлэгчийн гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд “Юумэд хайрхан” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дэмжээгүй саналыг ирүүлсэн.
Засаг даргын энэ саналын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Юумэд хайрхан” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан дээрх 538 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна.
Аймгийн засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.
Энэ эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж хуулиар эрх олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байдаг бөгөөд тухайн талбайд эхэлж гаргасан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт “Дэлгэр-1” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Юумэд хайрхан” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэр гарсны дараа тухайн талбайд дахин өөр өргөдөл авахгүй байхыг хуулиар хязгаарлаагүй.
Иймээс Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх “Юумэд хайрхан” ХХК-ийн талбай болох Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт “Дэлгэр-1” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийн дугаарыг “Гөо талст” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авсан.
Кадастрын хэлтэс “Гео талст” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад Говь-Аптай аймгийн Засаг даргад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд санал ирүүлээгүй тул ашигт малтмалын хайгуулын 18985Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Гео талст” ХХК-д олгосон үндэслэлтэй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0334 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Юумэд хайрхан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 718 дугаар шийдвэрийн “Геоталст” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын ”дэмжихгүй” гэх саналыг үндэслэн тус аймгийн Дэлгэр сумын Дэлгэр-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 538 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасантай нийцээгүй, захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх талаарх хуульд заасан чиг үүргээ бүрэн, зөв хэрэгжүүлээгүй байна.
Төрийн захиргааны төв байгууллага нь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16-д заасан чиг үүргийнхээ дагуу өргөдлийг хянан шийдвэрлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын саналын үндэслэл, шалтгааныг нягталж, шалгасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.
Дээрх байдлаар Засаг даргын татгалзлын үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Геоталст” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 718 дугаар шийдвэрээр “Геоталст” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцээгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн өргөдлөө зохих журмын дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэх зохицуулалт нь энэ маргаанд хэрэглэгдэхээргүй, нэхэмжлэгч “Юумэд хайрхан” ХХК болон гуравдагч этгээд “Геоталст” ХХК-д хандсан захиргааны байгууллагын шийдвэрийг шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцүүлэн дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв болно.
Иймээс “... захиргааны байгууллага Засаг даргын саналын үндэслэлийг шалгах шаардлагагүй ..., түрүүлж өргөдөл гаргасан ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээд “Геоталст” ХХК-ийн захирал Ж.Гомборагчаа нарын гомдол үндэслэлгүй байна.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0334 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ