Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01213

 

М.Е-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00034 дүгээр магадлалтай,

М.Е-ын нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд холбогдох,

Цэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.Е-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилогдсон бөгөөд ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 52 дугаар тушаалаар дахин ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн ажлын байранд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус хөдөлмөрийн гэрээнд намайг дээд боловсролгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай ямар нэгэн заалт тусгагдаагүй байсан. Миний бие анх 2004 онд биеийн тамирын багшийн ажилд орсон ба анх ажилд ороход хуурамч диплом ашиглаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2017 оны 2 дугаар сарын үед шалгасан материалууд буюу Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоор батлагдаж байна. Тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч намайг хуурамч диплом ашиглаж биеийн тамирын багшийн ажилд орсон талаар гурван шатны прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан боловч гомдлыг хангахаас татгалзсан шийдвэр гарсан. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл буюу хуурамч дипломтой буюу дээд боловсролгүй гэх асуудалд гарсан аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг урьд нь надад танилцуулаагүй болно. Миний бие тамирын мэргэжлээр 13 дахь жил ажиллаж байгаа мэргэшсэн, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлын дадлага туршлагатай багш юм. Иймд Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Е- нь 2007 оноос 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тус сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Тэрээр Үндэсний биеийн тамирын Дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх D200212301 дугаартай хуурамч диплом ашиглан биеийн тамирын багшаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/55 дугаар тогтоол, УЕПГ-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/675 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдсон. Түүний D200212301 дугаар диплом нь Монгол Улсын БСШУСЯ-ны төгсөгчдийн мэдээллийн санд Лхагвадоржийн Чинзориг гэх хүний нэрд бүртгэлтэй, М.Е- нь Үндэсний биеийн тамирын дээд сургуульд суралцаагүй болох нь тус яамнаас ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдсон. Түүний энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ хэрхэн биелүүлж ирсэн нь тодорхой байна. Хуурамч бичиг баримт ашиглах нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-т заасан гэмт хэрэг бөгөөд М.Е-ын дээрх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээгээгүй ч хуурамч диплом ашигласан нь тогтоогдсон. Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д дээд боловсрол эзэмшүүлэх бакалаврын сургалт 120-оос доошгүй багц цагийг хангаж байж дээд боловсрол буюу бакалаврын зэрэг олгох талаар заасан. Гэтэл М.Е-ад бакалаврын зэрэг олгосон гэх D200212301 дугаар диплом өөрийнх нь биш мөн МХГ-ын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 04-09-046\74 дугаартай актаар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн гэх D200212301 дугаар дипломыг хүчингүй болгож, БСШУСЯамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институудаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1\399 дугаартай албан бичгээр М.Е- нь 2009 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн багшлах эрх авсан гэж үзэж С14211368 дугаартай багшлах эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцох болсноо мэдэгдсэн. Иймд Бага дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 21.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй болсон мөн Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд гарсан орон тоонд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Аймгийн боловсрол соёл урлагийн газрын даргын баталсан журмын дагуу сонгон шалгаруулалт явагдсаны дагуу миний бие нэгдүгээр байранд орсон. Улмаар сургуулийн захирал намайг уг албан тушаалд томилсон. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад уг албан тушаалаас намайг чөлөөлж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 тоот шүүхийн шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгч М.Е-ыг ажилд томилсон. М.Е- нь Бага дунд боловсролын тухай хуулийг зөрчиж байгаа учраас миний эрх бас зөрчигдөж байгаа. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан захирлын тушаалыг хүчингүй болгуулах М.Е-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 52 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00034 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00058 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Е-ын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар М.Е-ын анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх М.Е-ын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна. М.Е-ыг хуулийн хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот шийдвэрийг үндэслэн ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 30- ны өдрийн 32 тоот тушаалаар тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд томилон ажлын байранд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ажиллаж байсан. Захирал Ж.Алима нь ажилтан М.Е-ыг тус сургуульд биеийн тамирын багшаар томилох үед “Та урьд биеийн тамирын дээд сургуулийн 3 дугаар дамжааг төгссөн байна. 2017-2018 оны хичээлийн жилд 4 дүгээр дамжааг төгсөж диплом аваарай, Тиймээс тантай 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 2018 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байна" гэж хэлж байсан. Энэ нь М.Е- нь тус сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд багш, биеийн тамирын боловсрол мэргэжлээр 4-р дамжаанд суралцаж байгаа нь үнэн болно" гэсэн Аварга дээд сургуулийн салбарын албаны дарга Б.Эрдэнэчимэгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны едрийн 2\169 тоот албан бичгээр нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч М.Е- нь тус сургуульд 2004 оны 01 дүгээр сарын үед биеийн тамирын багшийн ажил томилогдсон ба анх багшийн ажилд ороход биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гэх хуурамч диплом ашиглаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2017 оны 01 дүгээр сарын үед тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч А.Асылбекээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан материал, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн байна. Ажил олгогч нь М.Е-ыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл буюу хуурамч дипломтой буюу дээд боловсролгүй гэх аймгийн Мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг ажилтан М.Е-ад урьд танилцуулаагүй. Нөгөө талаас М.Е-ын багшлах эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагаас одоо хүртэл хүчингүй болгоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. Ажил олгогч болон боловсролын салбарын байгууллагаас М.Е-ыг эрхэлсэн ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа тухай албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй юм. М.Е- нь биеийн тамирын мэргэжпээр 13 дахь жил ажиллаж байгаа мэргэжлийн багш ба үүрэгт ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, дадлага туршлагатай багш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах ёстой юм. Гэтэл ажил олгогч нь нэхэмжпэгч М.Е-ад хуульд заасан хугацаанд сахилгын арга хэмжээ тооцоогүй, хариуцагч хуульд заасан хугацааг өнгөрүүлсэн гэж үзэж байна. Учир нь М.Е-ад холбогдох хуурамч диплом ашигласан гэх зөрчил нь 2004 оны 01 дүгээр сард гарсан ба ажил олгогч нь М.Е-ын хуурамч дипломтай байсныг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 5\55 тоот тогтоол гарсан үед олж мэдсэн үйл баримт хэрэгт авагдсан юм. Энэхүү тогтоогдсон үйл баримтаас үзэхэд ажилтан М.Е- нь уг зөрчлийг 14 жилийн өмнө гаргасан, ажил олгогч энэхүү зөрчлийг 8 сарын өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын үед прокурорын байгууллагын туслалцаатайгаар илрүүлсэн байна. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн захирал Ж.Алима нь нэхэмжлэгч М.Е-ын хуурамч дипломтой байсныг урьд мэдсээр байж түүнтэй 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын байранд 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 2018 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Гэтэл ажил олгогч нь “Хөдөлмөрий гэрээ”-г шинэчлэн байгуулах нэрийдлээр 56 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь шинэчилэн байгуулсан гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөийн гэрэний 7.4-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой” зөрчил гэдэгт: ...16-д “хуурамч диплом, мэргэжлийн үнэмлэх ашиглан ажилд орсон нь тогтоогдсон, захиргааны арга хэмжээ авахуулж зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол” гэж нэмж оруулсан нь бодит байдалтай нийцээгүй тул нэхэмжлэгч М.Е- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Ажил олгогчийн ажилтан М.Е-тай байгуулсан гэх хөдөлмөрийн шинэчилсэн гэрээнд заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргалаа гэхэд энэ нь цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бодит байдлалд гаргасан ноцтой зөрчилд хамрагдах ёстой гэж үзэж байна. М.Е-ын хуурамч диплом ашигласан гэх зөрчил нь 14 жилийн урьд гарсан, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил олгогч уг зөрчлийг илрүүлсэн учраас энэ нь түүнтэй шинэчилэн гэх хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш гаргасан зөрчил гэж үзэхгүй нь ойлгомжтой байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 212\МА2018\00034 тоот магадлалыг хүчингүй тооцож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 13|\ШШ2018\00058 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           М.Е-, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 тоот тушаалыг хүчингүй болгож, биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн дээд сургууль төгссөн гэх диплом хуурамч болох нь тогтоогдсон, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас халсан нь хууль зөрчөөгүй” гэжээ.

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

           М.Е-ыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан нь хууль зөрчөөгүй талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

           Нэхэмжлэгч М.Е- 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар маргаагүй тул хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

           Хөдөлмөрийн гэрээний 7.4.16-д хуурамч диплом, мэргэжлийн үнэмлэх ашиглан ажилд орсон нь тогтоогдсныг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

           М.Е- тус сургуульд 13 жил биеийн тамирын багшаар ажилласан хэдий ч түүний Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 2002 онд төгссөн гэх D200212301 дугаар  диплом хуурамч, тэрээр уг дипломыг үндэслэн 2009 онд С14211368 дугаар багшлах эрхийн үнэмлэх олж авсныг эрх бүхий байгууллага шалган тогтоожээ.                                            

           Уг асуудалтай холбоотой гомдлыг шат, шатны байгууллага шалгаж шийдвэрлэн, М.Е-ын нэр дээрхи D200212301 дугаар дипломыг хүчингүй болгосон ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

           Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2018/00034 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ