Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00088

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00088

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын 4 дүгээр багт оршин суух, “Элжгин” овогт Батжийн Цогзолмаа /РН-66012268/-ын

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын 4 дүгээр багийн нутаг Хөг гэх газар оршин суух, малчин, “Шарагчин” овогт Цогзолмаагийн Даваасүрэн /РН-86020365/

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цогзолмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Цогзолмаа миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал хугацаанд хоньчноор тасралтгүй ажиллаж, энэ хугацааны ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа, ажилласан жил тодорхойгүй байгаа тул Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Цогзолмаа нь миний ээж бөгөөд даралт харвасны улмаас хэвтэрт байдаг ба шүүхэд ирэх боломжгүй тул би өмнөөс нь итгэмжлэлээр оролцож байна. Ээж Б.Цогзолмаа нь Улаан-Уул сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд, хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1984 оноос 1989 оныг дуустал хугацаанд хоньчноор Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 4-р бригадад ажиллаж байсан юм билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм.

Иймд Батжийн Цогзолмаагийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 4 дүгээр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Цогзолмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Б.Цогзолмаагийн ажиллаж байсан үеийн баримтад түүний нэрийг Б.Цогзол нэрээр бүртгэсэн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Батжий овогтой Цогзолмаа /РН66012268/ нь Улаан Уул сумын 1966 оны төрсний бүртгэлд Цогзолмаа нэрээр бүртгэгдсэн байна. Батжий овогтой Цогзол нэрээр бүртгэсэн бүртгэл байхгүй болно” гэх бичилттэй 2/1502 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул Б.Цогзол нэрээр бичигдсэн баримтыг Б.Цогзолмаад холбогдох баримт мөн гэж үзэн нотлох баримтад үнэлэв. 

Нэхэмжлэгч Б.Цогзолмаа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Цогзолмаагийн 1986 оны 5 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн “Соёо хэсэг: ...167. Овог нэр: Батжий Цогзол, нас: 25, хүйс: эм, нэгдэлд элссэн: 1986, нэгдэлд ажилласан жил: 7....” гэх бичилттэй архивын хуулбар,

Гэрч Х.Батжаргалын “....Б.Цогзолмаа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1981 оны 6 сараас туслах малчнаар ажиллаж байсан. 1990 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн насанд хүрээд хоньчин саальчнаар бие даан ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... 1981 онд 7-р анги хагас дутуу төгсөөд нэгдлийн гишүүн болж байсан санагдаж байна... 1984 онд Улаан Уул сумын архив шатсан юм... алдаг оног 1985 оноос цалин хөлс нь гарсан байх ёстой... 1991 онд 7 жил ажилласан гэвэл 1984 оноос ажилласан гэсэн үг юм... 1984 онд 18 насанд хүрэхээр нь нэгдлийн гишүүнээр бүртгэсэн байж болох юм... Би Жаргалант Амьдрал нэгдэлд 1986 оноос 1991 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. Намайг 1986 оны 6 сард ирж ажиллахад Б.Цогзолмаа нь тус нэгдэлд ажиллаж байсан... намайг бодход хэдэн жил ажилласан дадлага туршлагатай малчин байсан... тэр үед ээжтэйгээ хоёулаа ажилладаг байсан....” гэх мэдүүлэг

Гэрч Ч.Цэвээнсүрэнгийн “....Б.Цогзолмаа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд эх Батжийн туслах малчнаар 16 наснаас эхлэн ажиллаж байсан. 1982 оноос эхлэн 1990 он хүртэл ажилласан. Нэгдлийн хоньчноор ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... 1982 оноос ч өмнө ажилласан. Сургуулиас гараад ажилласан... ажиллаж байсан нь үнэн... нэгдлийн гишүүнээр 1986 онд бүртгүүлсэн юм байхдаа, түүнээс өмнө ажиллаж байсан юм... би Жаргалант Амьдрал нэгдэлд 1960 онд 10-р анги төгсөөд 1960 оны 5 сараас 1991 он хүртэл ажилласан. Хоньчноор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Иймд Б.Цогзолмаагийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Б.Цогзолмаагийн ажиллаж байсан 1984 оноос 1986 оны үеийн цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал тус тус байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “....Жич: 1981-1985 оны цалингийн лавлагааг санхүүгийн өрөөнд гал гарч архив шатсан тул гаргаж өгөх боломжгүй....” гэх бичилттэй 11/368 дугаартай тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “....тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Цогзолмаад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх бичилттэй 10/632 тоот тодорхойлолт,

 Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “....Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж Цагдаагийн газарт шилжүүлсэн болохыг тодорхойлов....” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Элжгин” овогт Батжийн Цогзолмаа /РН-66012268/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 4 дүгээр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ