Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00017

 

Г.Сайннямын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Сайнням, Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ийн захирал Б.Мөнхсайхан нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 302  дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Сайннямын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Сайнням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл,  тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дулааны станц шинээр ашиглалтанд орж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны хүмүүс дотор миний бие орж ажилласан бөгөөд  бүх сургалтанд бүрэн хамрагдаж 3 сарын хугацаанд суралцаж хөдөлмөрийн гэрээгээр хугацаатайгаар 6 сар, цааш нь хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрлөж эхэлсэн.

...Аймгийн Аудитын газраас аудитын гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхдээ химийн мэргэжлийн инженерүүдтэй уулзаж диплом, мэргэжлийн үнэмлэх, ажлын туршлага, чадварыг шалгаагүйгээр хүний эрхийг зөрчиж, дүгнэлт гаргасантай санал нийлэхгүй байна гэдгээ байгууллагын захиргаанд хэлж байсан.

Гэтэл намайг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай захирлын тушаалаар үндсэн ажлаас чөлөөлж өөр ажилд түр томилсон бөгөөд энэ тухай шүүхэд хандахаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хүний нөөцийн менежер ажилтай Т.Хулганаагаас Б/01 дугаартай тушаалын эх хувийг болон хөдөлмөрийн гэрээг хуулбарлаж баталгаажуулж өгнө үү гэхэд өөр үндэслэл бүхий Б/01 дугаартай ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон тушаалын эх хувийг өгсөн. /Захирал нь гаргасан тушаалаа 2 хоногийн дараа өөрчилсөн байсан/. ... Дахин гаргасан тушаал дээр нь аудитын дүгнэлт, мэргэжлийн ур чадвар тогтоох комиссын дүгнэлтийг үндэслэсэн байсан. Манай байгууллагад мэргэжлийн ур чадвар тогтоох комисс гэж байдаггүй.

Мөн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байна өөр гэрээ байхгүй байна гэсэн. Би 2016 оны хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хуулбарлаж авъя гэхэд тийм гэрээ байхгүй гэсэн.

... Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халж өөр ажилд шилжүүлсэн тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ийн захирал Б.Мөнхсайхан тайлбартаа: Г.Сайннямын Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хэлсэн боловч гэрээ байгуулаагүй ба Г.Сайннямын тухай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Аудитын А/22 тоот тушаалын дүгнэлтээр мэргэжлийн бус гэсэн дүгнэлт гарч тухайн ажлын байранд мэргэжлийн хүн ажиллуулах зөвлөмж өгсөн. Манай байгууллага эрчим хүчний системийн онцгой байгууллага ба мэргэжлийн боловсон хүчин байхыг шаарддаг тул дээрх шалтгаанаар байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мэргэжил ур чадвар тогтоох комиссын 01 дүгнэлтийг үндэслэж Г.Сайннямыг цалин нөхцөл, ур чадварт тохирох ажилд шилжүүлсэн болно. Мэргэжлийн бус байгаа тухай 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртэй нь биечлэн уулзаж мэдэгдэж байсан билээ. Г.Сайннямын хувийн хэрэгт мэргэжлийн гэх баримт байхгүй байсан учраас өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус шийдвэр гэж үзэхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Сайннямыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний химийн лаборантын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл Дулаан станц төрийн өмчит компаниас улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл Дулаан станц ТӨХК-ийн захирал Б.Мөнхсайхан давж заалдах гомдолдоо: ...Ганхуяг овогтой Сайнням нь химийн лаборантын ажлын байранд ажиллах хөлөлмөрийн гэрээний хугацаа дууссан бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээ байгуул гэж удаа дараа шаардсан боловч гэрээ байгуулаагүй болно.

Г.Сайннямыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Аудитын А/22 тоот тушаалаар шалгаад мэргэжлийн бус гэсэн дүгнэлт, 2016 оны 12 дугаар оарын 27-ны өдрийн мэргэжил, ур чадвар тогтоох комиссын №01 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан юм.

Дупааны станцийн химийн лаборантын ажлын байр нь маш онцгой хариуцлагатай, мэргэжлийн боловсон хүчин ажиллах зайлшгүй шаардлагатай ажлын байр төдийгүй мэргэжлийн бус буюу ур чадвар тэнцэхгүй ажилчин ажиллавал хурц хордлогод өртөх болон бусад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажилплгааны олон талын эрсдэп өндөр юм.

Хэрэв ажилд нь эргүүлж тавиад ямар нэгэн хордлого буюу бусад хөдөлмөр хамгааллын зөрчил гарвал хэн хариуцах вэ?

...шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг шийдвэрийг буруу гаргасан гэж үзэж байна. Иймд хянан үзэж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж гаргасан шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” тухай  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Сайнням нь “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан  химийн лаборантын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч  “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хэлсэн боловч гэрээ байгуулаагүй, ...аудитын А/22 тоот тушаалын дүгнэлтээр мэргэжлийн бус гэсэн дүгнэлт гарч тухайн ажлын байранд мэргэжлийн хүн тавих зөвлөмж гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагыг эс зөвшөөрчээ.

“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компаний захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар химийн лаборант  Г.Сайннямыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 6-р дулаан дамжуулах төвийн насосны машинчаар мөн өдрөөс эхлэн түр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хувийг ажилтанд өгөх нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн үүргээс гадна   байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй  байгуулахаар мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан тул “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний хугацаа сунгаагүй”  гэх байдал нь  ажилтныг буруутгах үндэслэл  болохгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд Г.Сайннямыг ажлаас чөлөөлсөн үндэслэл хамаарахгүй байна. Мэргэжлийн бус байх нь тухайн иргэнийг мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах  үндэслэл болохгүй юм.

Ажилтан  мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажил, албан тушаалдаа тэнцэх  эсэхийг тухайн байгууллагын буюу салбарын комиссын  дүгнэлтээр  тогтооно. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон “аудитын А/22 тоот тушаалын дүгнэлт”, “байгууллагын ажилчдын мэргэжил, ур чадварын байдалд хийсэн комиссын дүгнэлт”-д “мэргэжлийн бус”  гэж дурдсаныг  нэхэмжлэгчийн мэргэжил,  ур чадварын түвшин тогтоосон баримт  гэж үзэх боломжгүй  байна. Учир нь ажилтны   мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь ажилтны мэдлэг, ур чадварыг тодорхой шалгуураар шалган тогтоосны дараа  тухайн ажил, албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах учиртай. Гэтэл дээр дурдсан дүгнэлтүүдэд  Г.Сайнням мэргэжил, ур чадварын хувьд эрхэлж буй ажил, албан тушаалдаа тэнцэх эсэх байдлыг шалгаж, тогтоосон  талаар  тусгаагүй  байна.

Түүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдсэн тухай  баримтыг хариуцагч  ирүүлээгүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 302  дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                           Т.ГАНБАТ