Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 064

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч К.К-ы нэхэмжлэлтэй;

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н.Д- улсын байцаагч нарт холбогдох;

            “Аймгийн Н.Д- улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17 тоот актыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний нөхөр болох Х.Оналхан нь 2009 онд нас барж, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн О.Айбануд тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс түүнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож, 025977334 дугаартай тэжээгээ алдсаны тэтгэврийн дэвтэр нээж өгсөн ба 2012 оны Засгийн газрын 80 дугаар тогтоолоор О.Айбанугийн тэтгэврийн хэмжээг нэмж өгсөн байсан юм.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд Н.Д- байцаагч нар О.Айбануд нэмсэн тэтгэврийг буруу байна гэж үзэж 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 17 тоот “Үндэслэлгүй авсан тэтгэврийг  нөхөн төлүүлэх тухай” акт бичиж надаар 2,238,471 төгрөг төлүүлж  авахаар охинд минь тогтоосон тэтгэврээс сар бүр 50%-ийг суутгаж авч байсныг би аймгийн Н.Д- дарга Т.Өсерханд 2018 оны 04 дүгээр сард гомдол гаргасан боловч Т.Өсерхан надад “байцаагчийн уг акт нь зөв байна” гэсэн үндэслэлгүй хариуг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 125 тоот албан бичгээр өгсөн тул би бага насны охин О.Айбанугийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулах үүднээс иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Иргэний хэргийн шүүх нь иргэний хэрэг үүсгэж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар авч хэлэлцээд уг 17 тоот актыг захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгуулсны дараа хохирлын асуудлыг хэлэлцүүлэх журамтай гэж үзэж миний нэхэмжлэлийг №130/ШЗ2018/01675 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон тул би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Н.Д- улсын байцаагчийн үндэслэлгүй тавьсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” гэх актыг хүчингүй болгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Би гэрээс гарч чадахгүй хүнд өвчний улмаас бусдын асрамжид байдаг хүн ба миний бага насны охин О.Айбану нь 11 настай юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 17 тоот актын нэг хувийг одоо хүртэл танилцуулж өгөөгүй, би даралтын улмаас цус харвасан болон бөөрний архаг дутагдлын улмаас тахир дутуу болсон учир хүмүүсийн ярьсан яриаг маш богино хугацаанд мартдаг ба ойлгохгүй байдалтай болсон хүн юм. Миний нэхэмжлэлийг иргэний шүүхэд бичиж өгсөн хүн маань Эрүүл мэнд, Н.Д- мэргэжилтэн утсаар залгаж “...таны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ажилтны буруугаас илүү олголт хийгдсэн байна, нэгэнт та аваад хэрэглэсэн болохоор та өөрөө төлөх болно, ажилтнаас сахилгын шийтгэл авагдах болно, тиймээс та нийт 2,700,000 төгрөгийн илүү олгогдсон тэтгэмжийг буцаан төлөх юм байна ...” гэж ташаа ойлгож бичсэн байна. Үнэн хэрэг дээрээ надад хэн нэгэн энэ талаар 2017 оны 04 дүгээр сард утсаар ярьсныг би мэдэхгүй байна. Тэр байтугай би 30 минутын өмнө болсон юмыг тогтоож чадахгүй мартдаг зэрэмдэг болсон хүн юм.Түүгээр ч барахгүй одоо ч гэсэн охинд маань хэдэн төгрөгийн тэтгэвэр өгч байгааг ч мэдэхгүй. Би 17 тоот акт тавьж охины минь тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож 50 хувийн суутгал хийж байгааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны үед мэдэнгүүт эрх бүхий дарга нь болох Т.Өсерханд гомдлоо гаргасан юм. Би Н.Д- улсын байцаагч нарын тавьсан энэхүү актыг мэдээд 7 хоногийн дотор зохих газарт нь шат шатаар нь зөрчигдсөн охины минь эрхийг хамгаалуулахаар гомдлоо гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж ойлгож байна.

Би хуурамч материал бүрдүүлж охин О.Айбанугийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэмэгдүүлээгүй, нэмэгдүүлсэн бол Засгийн газрын 80 дугаар тогтоолоор тус аймгийн Н.Д- эрх бүхий байцаагч нар л нэмсэн байх, хэдэн төгрөгөөс хэдэн төгрөг нэмэх ёстой эсэхийг би мэдэхгүй юм. Энд би болон миний бага насны охин маань буруутай биш гэдгийг хэн ч ойлгох байх. Бага насны охины тэтгэврээс сар бүр 50 хувь суутгах эрх Т.Өсерханд ч, өөр хэн нэгэнд ч баймааргүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “...нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг хэн буруутай албан тушаалтан хариуцна...” гэж тов тодорхой бичсэн байхад Т.Өсерханд миний охины тэжээгчээ алдсаны тэтгэврийг суутгах эрхийг хэн хэзээ өгсөн юм бэ.

Иймд миний энэхүү нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан үзэж, хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч К.Кы гаргасан нэхэмжлэл нь тодорхой байгаа. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын байцаагч нарын “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 17 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь  нэхэмжлэгч К.Кы нөхөр болох Оналхан гэдэг хүн  2009 онд нас барсан байна. Нас барахаас 2 жилийн өмнө буюу 2007 онд Айбану гэдэг хүүхдийг үрчлэн авчээ. Талийгаач нас барснаас хойш хоёр жилийн дараа Айбану гэдэг охинд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон байна. Оналхан нас барсны дараа 2014 онд Засгийн газрын 80 дугаар тогтоолоор тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх талаар журам гарсан. Үүнийг үндэслэн Айбануд олгох тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын байцаагч нар нэмсэн байна. Энэ талаар миний тэтгэвэр тэтгэмжийг нэмж өгнө үү гэж нэхэмжлэгч талаас ямар нэгэн өргөдөл, хүсэлт гараагүй болно.

Ингээд 2017 онд тэтгэмжийг үндэслэлгүй явсан гэсэн акт тогтоож, уг актад Айбанугийн тэтгэмж болон нэхэмжлэгч К.Кы тэтгэврээс суутгал хийх шийдвэр гаргасан. Харин тухайн үед К.К нь цус харваж, хүний асрамжид байж байсан ба  тэтгэврээс суутгал хийсэн асуудлыг мэдээгүй явж байхад  Н.Д- дарга Т.Өсерхан нь К.Кы охинтой ярьсан байна. Мөнгө суутгаж байгаа гэдгийг 2018 оны 04 дүгээр сард Оналханы охин дүү Д.Рая гэдэг хүнд ойлгуулж хэлсэн ба  нэхэмжлэгч  тийм байх ёсгүй гэж уурлаж Т.Өсерханд гомдол гаргажээ.

Тэгэхээр Т.Өсерхан нь манай байцаагч нарын тавьсан акт нь үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна. Хариу өгсний дараа миний охины хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байна, тэтгэврийг суутгаж болохгүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд ханджээ. Иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн албан ёсоор шүүх хуралдаан зарлаж, шүүх хуралдаанд оролцсон хариуцагч талын өмгөөлөгч энэ нь захиргааны хэрэг байна, та нар буруу хандсан байна гэсэн асуудал тавьсны үндсэн дээр иргэний хэргийн шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас захиргааны хэргийн шүүхэд актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Утга нь юу вэ гэвэл, ер нь байцаагч нар нь хүний авсан тэтгэврээс авах шаардлага байна уу, үгүй юу гэж үзээд маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Харин нэгэнт мөнгийг суутгаж дууссан юм шиг байна. Т.Өсерхан дарга тухайн үед 50 хувиар суутгаарай гэж үүрэг болгосны дагуу 50 хувиар тэтгэврийг суутгаад эхэлсэн. Шүүхийн шийдвэргүйгээр 50 хувь суутгах ямар нэгэн хууль, журам байхгүй учраас нөгөө тал нь эмзэг хүлээж авсан.

Нэхэмжлэгчээс “...би хуурамч материал үйлдээгүй, хүсэлт гаргаагүй, 50 хувиар суутгасан талаар надад ойлгуулж хэлээгүй, тухайн үед албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй...” гэсэн асуудал тавьсан. Миний хувьд нэхэмжлэгчээс итгэмжлэлээр өгсөн эрх, үүргийн дагуу маргааныг эвлэрүүлэх талаар арга хэмжээ авах гэсэн боловч хариуцагч талаас эвлэрүүлэхийг нөгөө талд ч гэсэн хэлээгүй, надад ч гэсэн хандаагүй, надад хандахгүй байж болно, гэхдээ нөгөө талын хэн нэг хүнд хэлээгүй, Т.Өсерхан дарга уржигдар Д.Раятай утсаар ярьж “...манай нэг ажилтан мөнгө төлөх гэж байна, та нар яах гэж байгаа вэ...” гэсэн байна. Тэгээд нэхэмжлэгч талаас Амангүл гэдэг хүн “...та нар манай эгчтэй болон түүний охинтой яриарай эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярьж асуудлыг зохицуулж болно...” гэдгээ хэлсэн. Гэтэл надад хэн нэгэн ямар нэгэн зүйл яриагүй учраас эвлэрээрэй гэж хэлж чадахгүй байна, нэхэмжлэлээсээ татгалзаж бас болохгүй байна. Мөнгөний асуудлыг ярьж болох байх, өнөөдрийн хувьд актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжиж байна. Тийм учраас 17 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Хариуцагч аймгийн Н.Д- улсын байцаагч нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

2017 оны тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд Өлгий сумын иргэн К.Кы тэтгэвэр 2012 оны Засгийн газрын 80 дугаар тогтоолоор санамсаргүй байдлаар илүү нэмэгдсэн зөрчил илэрсэн юм. Уг зөрчлийг улсын байцаагчийн акт тогтоон барагдуулж байна. Иргэн К.К нь тухайн үед өвчтэй байсан учир, энэ тухай хүүхэд нь Айланышд таны ээж 2012 оны 5 сараас, 2017 оны 03 дугаар сар хүртэл 2238471 төгрөгийг илүү авсан тухай ойлгуулсан болно. Тэтгэврийн нэмэгдлийг хувийн хэрэгт бичилт хийх үеэр бүх ажилчдыг дайчилж ажиллуулдаг юм. Энэ хүний хувийн хэргийг тухайн үеийн архивын ажилтан Х.Мейрамгүл бичилт хийхдээ тогтоолуудын дэс дарааллыг андуурч програмд оруулснаас энэ хүний тэтгэвэр буруу нэмэгдсэн байна.

Нэгэнт авах ёстой тэтгэврээс нь илүү авсан тэтгэврийг иргэн өөрөө төлөх ёстой. Учир нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т зааснаар “бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ”  гэж заасан байдаг. Тиймээс иргэн К.Кд улсын байцаагчийн 17 дугаар акт тогтоож тэтгэврээс илүү авсан тэтгэврийг сар бүр суутгаж байна. 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар дуустал 50 хувийг суутгаж, 2018 оны 05 дугаар сараас 30 хувийг суутган тооцоо хийсэн байна. Тэтгэвэр авагч нь сар бүр тэтгэврийг нэрийн дансаар авч байгаа тул Иргэний хуулиар илүү олгогдсон тэтгэврийг буцаан төлж ,тогтоогдсон тэтгэврээ авах ёстой болно.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдэх боломжгүй байсны улмаас захиргааны хэрэг үүсгэгдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэрэг үүсгэх, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн асуудал тогтоогдсон учраас шүүгчийн захирамжаар энэ захиргааны хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэж үзэж байна. Яагаад вэ гэвэл, нэгдүгээрт, суутгал хийх талаар тухайн үед нэхэмжлэгч, тэтгэвэр авагчид нийгмийн даатгалын байгууллагаас мэдэгдэж байсан. Өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй байсны улмаас тэтгэвэр авагчийн төрсөн охиныг нь нийгмийн даатгалын байгууллагад дуудан авч ирж тухайн актыг танилцуулаад тухайн актын суутгал хийх болсон гүйцэтгэлтэй холбогдуулан тохиролцоод тайлбар авсан байдаг юм. Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд заасны дагуу 50 хувь хүртэл суутгал хийх эрхтэй байдаг учраас нэгдүгээрт, бэлнээр төлөх боломжтой, суутгал хийх замаараа төлж өгөх боломжтой гэдгийг тэтгэвэр авагчийн охинд нь танилцуулсан асуудал байгаа.

Гэтэл эргэж холбоо бариагүй учраас илүү авсан тэтгэмжийг Айбанугийн тэтгэвэр болох 280,000 төгрөгөөс 50 хувийн суутгал аваад аль хэдийд дуусан байгаа. Эндээс юу харагдаж байгаа вэ гэвэл, К.Кы тухайн үед актын талаар сайн мэдсэн, өөрийг нь дуудахад охин нь очиж танилцаад ээжид хэлсэн. Ээж нь эм тарианы мөнгөнөөс гаргаж үлдэгдэл хэсгийг суутгаж авахыг зөвшөөрсөн үүднээс тайлбарласан байна. Ингэж явж байгаад дараа нь нэг асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, хуулийг өөр өөр тайлбарласнаас улбаалан шүүхэд хандах болсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан “...нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна...” гэсэн заалтыг буруу тайлбарласнаас болж тухайн хүмүүс шүүхэд хандах болсон байна. Энэ хуулийн заалтыг зөв ойлгох нь зүйтэй, буруутай албан тушаалтан хариуцна гэдэг хуулийн заалт бол тухайн байгууллагад учруулсан хохирлыг байгууллагын тэтгэврийг илүү олгосон албан тушаалтан хариуцаад би энэ хүнд илүү тэтгэвэр олгосон байна, үүний улмаас тэтгэврийн данснаас энэ хүн илүү тэтгэвэр авч байжээ гэж тогтоогоод уг асуудлыг хариуцан улсын байцаагч нарт танилцуулаад, дэлгэрэнгүй тайлбарлаж өгсний дагуу акт тогтоож суутгал хийсэн.

Өөрөөр хэлбэл, Х.Мейрамгүл гэдэг хүн бол өөрөө энэ асуудлыг гаргаж ирж хариуцаад эрх бүхий байгууллага, албан тушаалтанд танилцуулсны эцэст суутгал хийсэн байна. Гэхдээ хариуцна гэдэг асуудал бол төлж өгнө гэсэн асуудал биш юм. Энэ асуудлыг хариуцаад тэтгэврийн сангаа хохиролгүй болгож өгнө гэдэг асуудал болохоос биш хохирлыг барагдуулах асуудлыг тусгаагүй байна.

Гэхдээ илүү тэтгэвэр авсан гэдэгт хэн ч маргахгүй байгаа. Харин илүү олгосон тэтгэмжийг үндэслэлгүй олсон эд хөрөнгө гэж үзэх хуулийн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд энэхүү эд хөрөнгийг бид нар олж аваагүй, үүнийг бидэнд өгсөн учраас авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний үндсэн дээр болон өөр бусад хуульд заасан үндэслэлээр олж аваагүй эд хөрөнгө үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгөнд тооцогддог. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сантай байгуулсан гэрээний дагуу тэтгэвэр авч байгаа хүмүүс гэрээг зөрчиж илүү тэтгэвэр авсан асуудал бол үндэслэлгүй авсан тэтгэвэрт тооцогдох ёстой. Актын үндэслэл болгосон Иргэний хуулийн 493 дугаар зүйл бол хуульд нийцсэн, уг хуулийн агуулгыг байцаагч нар зөв ойлгож хэрэглэсэн асуудал байгаа. Үндэслэлгүй гэдгийг буруу хэрэглэж ашигласан зүйл байхгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал тогтоогдсон ба үүнд нэхэмжлэгч тал маргахгүй байгаа юм. Мөн тэтгэврийг илүү авсан гэдгийг өөрсдөө зөвшөөрч байгаа ба үүгээрээ үгүйсгэж байгаа. Нэхэмжлэгч нар маргаагүй гэж үзэж болно. Ингэж явж байгаад нэг жилийн дараа буруутай албан тушаалтан хариуцна гэдэг хуулийн заалтыг олж мэдсэний дагуу нэг жил нэг сарын дараа иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм.

Иргэний хэргийн шүүхэд хандаж маргах үед захиргааны акттай холбоотой асуудал учраас бид хариуцахгүй гэж хариуцагч байгууллагын зүгээс шүүхэд анх тайлбараа хүргүүлж байсан байна. Мөн тэдгээрийн тайлбарын дагуу иргэний хэргийн шүүхээс иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан байна. Шүүхэд хандсанаас хойш 2 сарын дараа шүүх хуралдаан болсон байдаг. Нэгэнт шүүхэд хандах ёстой гэдгийг мэдсэн ч гэсэн энэ хүмүүс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өмгөөлөгч авсан байдаг. Өмгөөлөгч хүн ямар шүүхэд яаж маргах эсэх асуудлыг сайн мэдэх ёстой. Гэтэл захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан боловч иргэний хэргийн шүүхэд хандаж, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн асуудал бол хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцогдохгүй юм.

Нэгэнт актад маргаж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан асуудал бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрүүлсэн асуудал гэж үзэхээр байна. Иргэний хэргийн шүүх тухай асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа захиргааны хэргийн шүүхэд хандсан явдал мөн хүндэтгэн үзэх нөхцөл байдалд тооцогдохгүй юм. Иргэний хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэл дээр бичсэн К.Кы тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл, түүнд холбогдуулан гаргасан хариуцагч нарын  тайлбар зэргээс энэ актыг тавьсан асуудлаар, акттай холбоотой суутгал хийж дууссан талаар эдгээр хүмүүс тухайн үед мэдэх бүрэн боломжтой байсан юм. Шүүхээс ч гэсэн дахин дахин нэхэмжлэгчийг эрх, үүрэгтэй нь танилцуулаад гарын үсгийг зуруулж байсан байна. Тухайн үед нэхэмжлэгч тал ийм акт гарсныг мэдээгүй гэж шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан юм.

Түүний дараа нэг сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрүүлээд захирамж гарч хэрэг хэрэгсэхгүй болсны дараа захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа асуудал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акт, шийдвэрийг мэдэх боломжтой байсан, мэдсэний дараа нэг сарын дотор дээд шатны байгууллагад хандаад, дээд шатны байгууллагын шийдвэрийг  эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Нэгэнт шүүхэд хандах эрхээ хэтрүүлсэн эрхээ алдсан учраас шүүгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Энд нэг зүйлийг нэмж хэлэх юм бол Т.Өсерхан гэдэг хүнээс жилийн дараа ч гэсэн гомдол гаргаад гомдлыг хариуг 05 дугаар сарын 02-ны өдөр авсан асуудлыг ч гэсэн өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байгаа юм. 05 дугаар сараас хойш ч гэсэн хуульд заасан хугацааг бас өнгөрөөсөн асуудал байгаа. Нэхэмжлэгчийг өвчтэй байгаа гэж үзэж байгаа асуудал бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа боловч үүнийг тогтоосон нотолсон ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгчийг би иргэний эрх зүйн чадамжтай хүн гэж үзэж байна. Яагаад гэвэл хүүхдээ төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хүн. Үнэхээр өвчтэй иргэний эрх зүйн чадамжгүй хүн байсан бол захиргааны хэргийн шүүхэд ч гэсэн хандах эрхгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч иргэний эрх зүйн чадамжтай учраас Т.Байгонах гэдэг хүнд итгэмжлэл олгож, тухайн хүний асуудлаар тавьсан шаардлагын дагуу шүүх хурал болж байгаа. Энэ хүнийг тухайн үед ухамсарлах бүрэн боломжтой гэж би үзэж байна. Шүүхээс К.Каас авсан тайлбарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагаас суутгал хийх болсон талаар мэдэгдсэн асуудал тогтоогдсон. Тэгээд яагаад шүүхэд хандсан бэ гэдэг шалтгааныг бид нар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар буруутай албан тушаалтнаар төлүүлэх ёстой юм байна гэж үзээд нэхэмжлэл гаргаж байгаа. Үнэхээр буруутай албан тушаалтнаар төлүүлэх гэж байгаа бол буруутай албан тушаалтан  нь Х.Мейрамгүл байсан байна. Тэгвэл хариуцагчийг буруу тодорхойлсон байна.

Х.Мейрамгүл гэдэг хүний буруугаас авсан тэтгэврийг өгмөөргүй байна, үүнийг буцааж авъя гэж үзэж байгаа бол иргэний хэргийн шүүхэд Х.Мейрамгүлийг хариуцагчаар татан нэхэмжлэлээ гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Эндээс тэтгэврийн сан, нийгмийн даатгалын байгууллага хохирох үндэслэл байхгүй юм. Акт тавьсан байцаагч нар хуулийн дагуу акт тавьсан байна. Хуульд зааснаар эдгээр байцаагч нарын акт хүчин төгөлдөр болсон байна. Тэгээд ч шударга ёсны зарчмын хувьд илүү авсан, үндэслэлгүйгээр авсан эд хөрөнгийг буцааж өгөх, эзэнд нь буцаах асуудал бол шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч К.К нь тус шүүхэд аймгийн Н.Д- байцаагч А.Т-, С.Н- нарт холбогдуулан улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг[1] хүчингүй болгуулахыг хүсэж 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд “нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг өнгөрүүлсэн, төлбөр төлөх актын талаар нэхэмжлэгчийн төрсөн охин О.Айланышт мэдэгдсэн, төлбөрийг нэхэмжлэгч 50 хувиар суутгахыг хүлээн зөвшөөрснөөр суутгал хийж дуусаж байгаа” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарласан.

  1. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага  захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.8-т “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй”  гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд захиргааны байгууллага буюу энэ хэргийн хариуцагчид нь маргаан бүхий актыг  хаяглагдсан этгээд болох К.Кулдараны өөрт нь гардуулах, хэрэв гардуулах боломжгүй тохиолдолд хуульд зааснаар бусад хэлбэрээр мэдэгдэх, үүнийг баримтжуулах, мөн мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй  атал энэ үүргээ биелүүлээгүй, хэзээ, хэрхэн мэдэгдсэнээ нотолж чадаагүй,  нэхэмжлэгчийн төрсөн охин О.Айланышт мэдэгдсэн гэх боловч захиргааны актыг мэдэгдэх эрхгүй  этгээдэд мэдэгдсэнийг хуульд заасан журмаар мэдэгдсэнд тооцох боломжгүй  тул нэхэмжлэгчийн “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 17 тоот актын нэг хувийг одоо хүртэл танилцуулж өгөөгүй” гэж маргасан үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт гарсны дараа буюу 2017 оны 05 дугаар сараас эхэлж нэхэмжлэгчид олгох тэжээгчээ алдсаны тэтгэврээс 50 хувиар суутгал хийсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тэжээгчээ алдсаны 0259777334 дугаартай тэтгэврийн дэвтрийн 2017, 2018 оны бичилтээс[2]  тогтоогдож байгаа, маргаан бүхий захиргааны актыг чиглэгдсэн этгээдэд хуульд заасан журмаар  мэдэгдэлгүйгээр,  гомдол гаргах эрхийг нь хангалгүйгээр  захиргааны байгууллага захиргааны акт гарангуут  маргаан бүхий захиргааны актыг биелүүлж, нэхэмжлэгчийн тэжээгчээ алдсаны тэтгэврээс  суутгал хийснийг нэхэмжлэгч захиргааны актыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх боломжгүй байна.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д  “нийгмийн даатгалын доод шатны байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх” гэж нийгмийн даатгалын байгууллагын эрхийг заасан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “маргаан бүхий захиргааны актын талаар 2018 оны 4 дүгээр сард мэдэж, аймгийн Н.Д- даргад гомдол гаргасан” гэж тусгасан байх ба энэ нь хэрэгт авагдсан  аймгийн Н.Д- даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 125 дугаар хариу хүргүүлсэн албан бичгээр[3] тогтоогдсон тул   үүгээр нэхэмжлэгч тал тэжээгчээ алдсаны тэтгэврээс суутгал хийсэн  тухай гомдлоо байгууллагын эрх баригч буюу дээд шатны захиргааны байгууллагад  гаргаж урьдчилан шийдвэрлэх журмыг  хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн илүү олголтын суутгалыг зогсоох тухай болон өмнө нь суутгасан 1,675,000 төгрөгийг  буцаан олгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан,  шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 130/ШЗ32018/01675 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь ийнхүү өөрийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор  тэжээгчээ алдсаны тэтгэврээс хууль бусаар суутгал хийсэн гэх гомдлоо дээд шатны захиргааны байгууллагад, нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд тус тус гаргаж, улмаар иргэний шүүхээс “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж  гарсны дараа тус захиргааны хэргийн шүүхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг  гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх үзлээ.

  1. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч К.К нь аймгийн Нийгмийн хэлтсийн даргад 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр Х.Оналхан нас барсны улмаас охин О.Айбануд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгох тухай өргөдөл[5] гаргаж, 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон[6] нь хэрэгт авагдсан өргөдөл, тэтгэвэр тогтоолтын хуудсаар тус тус батлагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 80 дугаар тогтоол, мөн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн илтгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн  нэмэгдлийг тогтоох үед тухайн байгууллагын бичиг хэрэг, архивын мэргэжилтэн Х.Мейрамгүл нь бичилт хийхдээ тогтоолын дэс дугаарыг андуурч бичсэнээс нэмэгдэл буруу тогтоогдсон нь хариуцагч нарын тайлбар[7], гэрч Х.Мейрамгүлийн мэдүүлэг[8] зэргээр тус тус тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид нь энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч тал Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т зааснаар нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан орлогоо хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол төлөх үүрэгтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх үндэслэлүүдийг тусгасан,  2 дах хэсэгт  “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буруутай албан тушаалтан хариуцна” гэж буруу  олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг хэн хариуцах талаар  илүү нарийвчлан зохицуулсан, хуулийн дээрх заалтаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны  албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан  илүү тогтоогдсон тэтгэврийг  тухайн албан тушаалтан хариуцах ёстой байна.

Гэтэл хариуцагч нар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан үндэслэл байхгүй байхад, тодруулбал, тэтгэвэр авагч хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болоогүй, энэ талаар шүүхийн шийдвэр  байхгүй байхад хуулийн дээрх заалтыг баримталж  маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх талаар шийдвэр гаргасан нь хууль бус,  энэхүү үйлдлээрээ хуулийн 29 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт заасан “Энэ зүйлд зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно” гэснийг болон хариуцагчид буюу нийгмийн даатгалын байцаагчид нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан  “...хууль дээдлэх ... “  зарчмыг тус тус зөрчсөн гэж үзлээ.

Иймд  маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчиж гарсан акт, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Кы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Н.Д- улсын байцаагч А.Т-, С.Н- нарын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 17 дугаар актыг хүчингүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан  улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       З.ГҮЛБАРША

 

 


[1] Хэргийн 25 дугаар хуудас

[2] хэргийн 3, 6 дугаар хуудас

[3] хэргийн 92 дугаар хуудас

[4] хэргийн 8, 61 дүгээр хуудас

[5] Хэрэгт авагдсан хувийн хэргийн 9 дүгээр хуудас

[6] Хэрэгт авагдсан хувийн хэргийн 4 дүгээр хуудас

[7] Хэргийн 24 дүгээр хуудас

[8] Хэргийн 43, 44 дүгээр худас